Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Туяа багийн Дэлгэрмөрөн голын мөсөн дээгүүр зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин мөс цөмөрчээ. Тодруулбал, тус дуудлага өчигдөр айгийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд жолоочийн хамт живж, нэг зорчигч нь эсэн мэнд гарсан байна.
Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдын очиход иргэн 37 настай Б-ийн Toyota Prius-20 загварын суудлын автомашин голын мөс цөмөрч, эргээс 13 метр зайд жолоочийн хамт живсэн байсныг олжээ. Мөн 12:05 цагт 45 настай иргэн М-ийн цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн бөгөөд голд живсэн автомашиныг 13:02 цагт гаргаж, иргэн Б-д хүлээлгэн өгсөн байна.
Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
АВТОМАШИН ГОЛЫН МӨС ЦӨМӨРСНИЙ УЛМААС НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ |
|