• Өнөөдөр 2024-05-06

УРЛАГИЙН СЭТГЭЛ ЗАСАЛЧ С.САРАНТУЯА: Стресс тайлах хамгийн сайн арга бол зурах юм

2022-10-08,   1084

   Улирал солигдох үеийн сэтгэл зүйн асуудал болон стресс, түүнээс хэрхэн ангижрах талаар урлагийн сэтгэл засалч С.Сарантуяатай ярилцлаа. Тэрбээр арт терапи буюу хүний далд ухамсарт байгаа мэдээллийг бүтээлээр нь дамжуулан ил гаргадаг билээ.

-Улирал солигдох үед ялангуяа намрын улиралд хүний сэтгэл зүй өөрчлөгдөж, хямардаг гэдэг шүү дээ. Та урлагийн сэтгэл зүйчийн хувьд үүнтэй санал нийлэх үү?

    -Тийм ээ, улирал солигдох үед сэтгэл зүйн таагүй байдал нэмэгддэг. Улирал солигдох үед "Seasonal Affective Disorder"/SAD/ гэх буюу хүмүүс улирлын өөрчлөлтийн эмгэгтэй болох магадлалтай. Улирлын чанартай сэтгэл гутралын шинж тэмдэг намар, өвөл хамгийн их илэрдэг. Яагаад гэвэл, нарны гэрэл тусгал бага учир хүмүүс гуниглах, гутрах, ганцаарддаг. Харин хавар, зуны улиралд хүн эрч хүчтэй болж, сэтгэл санаа сэргэдэг шүү дээ. Тиймээс хаврыг хайрын улирал гэж нэрлэдэг байх.

-Улирал солигдож байгаа энэ үед бид юунд анхаарах хэрэгтэй вэ?

     -Зуны турш амарч, ачаалал бага, өөртөө цаг гаргах боломжтой байдаг бол намрын улиралд ажлын ачаалал, цаг агаарын өөрчлөлт амьдралын хэв маяг гээд бүх зүйл өөрчлөгддөг. Иймээс цагийн менежмент буюу төлөвлөгөө боловсруулж ажил амьдрал, амралтаа зөв зохицуулж сурах дадалтай болох хэрэгтэй. Үүнд хүн бүр анхаарах ёстой. Мөн улиралдаа тохируулан дархлаагаа дэмжих шаардлагатай. Биеийн дархлаанаас  сэтгэл зүйн дархлаа эхлэлтэй.

-Стресс бидний амьдралын салшгүй нэг хэсэг боллоо шүү дээ. Та стрессээс ангижрах ямар зөвлөгөө өгөх вэ?

   -Бид стресстэхгүй амьдрах боломжгүй. Бидний эргэн тойронд стресстэх мянган шалтгаан байгаа, байсаар байх болно. Хамгийн гол нь бид стресстэхгүй байх тухай бодох биш түүнд үзүүлж буй хариу үйлдлээ ажиглах хэрэгтэй. Хэрвээ танд бүх зүйл стресс болж мэдрэгдэж байгаа бол мэргэшсэн сэтгэл зүйчтэй уулзаад үзэхийг зөвлөе.

  -Урлаг бол биднийг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэдэг. Урлагаар дамжуулан стрессээ тайлах нь бусад стресс тайлах аргуудаас юугаараа ялгаатай вэ?

   -Урлаг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэхээс үндсэн үүрэг нь ямар нэгэн зүйлийг бүтээх юм. Урлаг өөрөө хүний бүтээлч зан чанар, сэтгэлгээг хөгжүүлдэг. Арт терапи буюу урлагийн сэтгэл заслаар дамжуулан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх анхан шатны засал хийх ажлыг би 2020 оноос эхлэн эхлүүлсэн.  Бодит үр дүн богино хугацаанд гарсан. Жишээлбэл, зураг, хөгжим, бүжиг, уран баримал, үлгэр зэргээр дамжуулан бүх насныхан стрессээс ангижрах бүрэн боломжтой. Бүтээлч зан чанар хөгжсөн нөхцөлд хүний амьдралын чанарт эерэг өөрчлөлтүүд мэдрэгдэж, тэр хэмжээгээрээ шийдвэр гаргахад оновчтой болдог.

-Урлагаар дамжуулан стресс тайлах хялбар аргуудаас дурдвал?

    -Хамгийн ойр магадгүй амар хялбар арга бол зурах юм. Хүн зураг, дүрс, өнгө будагтай харьцаж байхдаа одоо цагт илүү төвлөрч чаддаг. Алдарт зураач П.Пикассо "Хүүхэд бүхэн зурах авьяастай төрдөг. Харин зураач болох эсэх нь тэдний сонголтын асуудал" гэсэн байдаг. Тэгэхээр та муухай, гоё зурна гэж бодохоосоо өмнө өнгийн харандаагаар цаасан дээр зурж, өөрт төрсөн мэдрэмжээ ажиглаарай. Тэр мэдрэмжээ бусадтай харамгүй хуваалцаарай. Мөн бөмбөлөг буюу шааран дээр өөрийгөө аз жаргалтай дүр төрхөө, нөгөө талдаа таагүй үеийн дүр төрхөө пламастороор зураад мэдрэмжээ ажиглаж болно.

-Баярлалаа.


УРЛАГИЙН СЭТГЭЛ ЗАСАЛЧ С.САРАНТУЯА: Стресс тайлах хамгийн сайн арга бол зурах юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188