• Өнөөдөр 2024-05-06

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Томуу төст өвчлөлийн үе идэвхжиж, ханиаж, халуурсан бага насны хүүхдүүдийн эмнэлгийн оочир тасрахгүй байна

2022-10-01,   913

  Бага насны хүүхдийн ханиад, томуу төст өвчлөлийн талаар газар дээрээс нь сурвалжиллаа. Сүүлийн үед "Ковид-19" цар тахлын халдварын тохиолдлоос илүү ханиад, томуу төст өвчин анхаарлын төвд ороод байгаа билээ.

     Пүрэв гарагийн найман цаг 20 минутад бид Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны III-р цэцэрлэгийн гадна ирлээ. Биднийг очиход хэдхэн долоо хоногийн өмнө хөл хөдөлгөөн тасрахгүй, бужигнаж байсан цэцэрлэгийн хөл хөдөлгөөн эрс татарсан харагдана. Цэцэрлэгт ирж байгаа эцэг эхчүүд болон хүүхдүүд ихэнх нь маск зүүжээ. Түүнчлэн, ханиаж, найтаасан, нүд нь улайж, нуухтсан, хоолой нь сөөнгөтсөн хүүхдүүд ч тэдний дунд цөөнгүй. Юун түрүүнд бид тус цэцэрлэгийн арга зүйч Б.Бадралмаатай уулзлаа. Тэрбээр “Манай цэцэрлэг нийт 407 хүүхэдтэй. Ахлах, бэлтгэл, дунд анги тус бүр дөрвөн бүлэгтэй. Бага анги гурван бүлэгтэй. Ахлах, бэлтгэл ангийнхны дунд ханиад, томуу төст өвчний өвчлөл харьцангуй бага. Харин бага, дунд бүлгийн хүүхдүүдийн ирц 50 хувьтай байна. Жилийн жилд энэ үед ханиад, томуу төст өвчний өвчлөл их байдаг ч энэ жил арай их байна. Халдварт өвчин болохоор ханиадны шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийг гэр рүү нь буцаахыг зөвлөж байгаа.  Гэхдээ гэрт нь  харах хүнгүй бол ханиадтай ч гэсэн хүлээж авахаас өөр аргагүй” гэв.

      Нөхцөл байдлыг илүү тодруулахаар багын б бүлэгт очиход 27 хүүхэд ирэх ёстойгоос 15 хүүхэд нь л иржээ. Гэвч цэцэрлэгт ирсэн хүүхдүүдийн дунд ч ханиалгаж, нүүр нь цонхийсон хүүхдүүд цөөнгүй харагдана. Тус бүлгийн анги удирдсан Б.Батбуян багшаас ханиадтай хүүхдүүдийн шинж тэмдгийн талаар асуухад: Нус нь гоожиж, бага зэргийн ханиах, зарим хүүхдийн гэдэс гүйлгэх зэрэг шинж тэмдэг ажиглагдаж байна. Жаахан удаан ханиадтай явсан бол цэрэндээ огих, бөөлжих ч тохиолдол бий. Маск зүүдэг байх үед ханиадны өвчлөл бага байсан. Одоо ковид багасчихлаа гээд хүүхдэдээ маск зүүлгэхгүй байгаа болохоор ханиад, амьсгалын замын өвчлөлүүд ихсэж байгаа гэж сонссон. Хоёр болон шинээр цэцэрлэгт орж байгаа гурван настай хүүхдүүд олон хүнтэй харьцаж, олны дунд байж үзээгүй болохоор цэцэрлэгт орж ирээд өвчлөх эрсдэл нэмэгддэг. Сэтгэл зүйн хувьд ч шинэ орчинд орж байгаа болохоор хямрах, дархлаа сулрах тохиолдол байна. Түүнчлэн, эцэг эхчүүд намрын сэрүү орж байгаа үед хүүхдийнхээ хувцсыг тохируулах шаардлагатай байгаа талаар хэллээ. Эцэг эхчүүд ханиад, томуу төст өвчний өвчлөл их байгаа ч ажилдаа явахаас өөр аргагүй байгаа тул хүүхдэдээ санаа зовнингуй байдалтай л цэцэрлэгт оруулж байгаа гэнэ. Зарим нь өвчлөлийн оргил үе намдтал хүүхдээ гэртээ харахаар болсон  аж. Тэдний нэг бол Э.Чимгээ. Тэрбээр, “Хүүхдээ цэцэрлэгт явуулж, нийгэмд дасан зохицоход нь туслахыг хүсэж байгаа ч айдастай байгаа. Манай бага хүүхдийн ангид 10 гаруй хүүхэд ханиадтай тул цэцэрлэгт нь явуулж чадахгүй, ханиад намжихыг хүлээж байна. Том хүүхэд маань дунд бүлгийнх болохоор давгүй” гэлээ.

ЭМЧ Ж.АЯЖАН: Антибиотикийг дур мэдэн хэрэглэснээр хүүхдийн антибиотик мэдрэх чанар буурч, эмчилгээ үр дүнгүй болох магадлалтай

     Есөн цаг 10 минутад Баянзүрх дүүргийн “Энх Энэрэл”  өрхийн эрүүл мэндийн төвөөр очиход ханиад, томуу төст өвчин ихсэж байгаа гэдэг цуурхал төдий бус гэдгийг чангахан сануулах шиг боллоо. Цэцэрлэг эзгүйрч байхад ханиад, томууны оргил үе эхлээгүй ч өрхийн эмнэлгийн хөл хөдөлгөөн бужигнаж байна. Өрхийн эмнэлгийн үүдээр үйлчилгээ авахаар ирсэн иргэдийн хөдөлгөөн өглөөнөөс үдшийн бүрий хүртэл тасрахаа больсон гэж тус эмнэлгийн сувилагч онцолсон юм. Хүүхдийн эмчийн үзлэгийн өрөөний гадна дөнгөж төрсөн, нярайгаас эхлээд бага насны хүүхдүүд л голдуу ээж, аавын хамт хүлээж байв. Дийлэнхдээ л өвдөж ядарсан шинжтэй, зовуурьтай харагдана. Санаа зовниж, харахаас өөрийг хийж чадахгүй байгаа эцэг эхчүүд “Болдог сон бол би оронд нь өвдчих юм сан” гэсэн царайтай үрээ эвийлнэ. “Эмчид үзүүлчих юм сан” гэсэн итгэл тээж, эмнэлгийн коридороор цуван зогсох хүмүүс дунд нэг хүүхдээ хөтлөөд нөгөө хүүхдээ тэврэн зогсож буй нэгэн эмэгтэй ярилцлаа. Э.Намуунаагийн том охин цэцэрлэгт явдаг гэнэ. Хэд хоногийн өмнөөс охиных нь нүд нуухтаж, цэртэй ханиалгах болсон. Харин бага хүүхэд маань эгчээсээ халдвар авчих шиг боллоо. Өчигдөр өглөөнөөс хоолой нь өвдөж, бага зэрэг бүлээрч, эгчтэйгээ ижилхэн шинж тэмдэг илэрч эхэлсэн. Хоёр хүүхэд маань зэрэг өвдөөд ёстой баларч байна даа. Ядаж байхад эмнэлгийн оочир ч их гэж жигтэйхэн байна гээд цухалдангуй хэлсэн.

   Удалгүй тус өрхийн эмчтэй хэсэгхэн ярилцах боломж олдлоо. Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны өрхийн эмч Ж.Аяжан “Ханиад, томуу төст өвчин энэ сард ихсэж, цаашдаа ч ихсэх хандлагатай байна. Ханиад болон томуу төст өвчнөөр өвчлөгсөд нянгийн эсвэл вирусийн гаралтайгаас хамаарч эмийн жороо авч байгаа Ханиадны шинж тэмдэг нь бие дээр юм туурах, хамраас шингэн нус гоожих гээд янз бүр бөгөөд амархан хүндрэх хандлагатай ажиглагдлаа. Жишээ нь, ханиад хөнгөн байдлаар тусаад эмчид үзүүлчхээд, ахин үзлэгт ороход хүндэрсэн байдалтай ирсэн нь цөөнгүй. Манай эмнэлэг өдөрт 50 гаруй хүүхэд энэ өвчлөлийн шалтгаанаар үзүүлж, дүүргийн эмнэлэг рүү хэвтэн эмчлүүлэхээр өдөртөө ханиад, томуу  төст өвчин хүндэрсэн байдалтайгаар гурваас дөрвөн хүүхэд шилжүүлж байна. Өрхийн эмнэлэг маань халдварт өвчнөө бусад өвчнүүдээс тусад нь үзэж, эмчилж байгаа. Эмчийн заавраар эм тариа хэрэглээрэй гэж хүмүүст зөвлөмөөр байна. Антибиотикийг дур мэдэн хэрэглэснээр хүүхдийн антибиотик мэдрэх чанар буурдаг. Түүнээс болоод хүүхдийн ханиад амархан хүндрэх хандлагатай болоод зогсохгүй үр дүнгүй эмчилгээ болох магадлал бий” гэнэ.

     Баянзүрх дүүрэг нь нийслэлийн хамгийн том дүүрэг бөгөөд хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг билээ. Бид 12 цаг 15 минут болоход Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорин ирлээ. Энд өрхийн эмнэлгээс ч илүү ачаалалтай байв. Дүүргийн нэгдсэн эмнэлгийн хөл хөдөлгөөн үл тасарна. Эмч нар амрах завгүй, ирсэн өвчтөнүүдэд үзлэг хийнэ. Бүгд л нэг ч болтугай хүнийг үзчих сэн гэх сэтгэлээр хандана. Үйлчлүүлж буй хүмүүсийг анзааран харвал хэдхэн сартай нярай хүүхдээ цээжиндээ нааж, халууцан зогсох ээжүүд давамгайлна. Хүүхдийн эмчийн үзлэгийн өрөөний гадна байрлах сандал дээр хэсэгхэн хугацаанд суух сан гэсэн хүсэлтэй хүн цөөнгүй. Нэг хүн босов уу, үгүй юу дараагийн хүн хүүхдээ тэврэн ээлжлэн суух дүр зураг анзаарагдав. Харин зарим нь хана налан, түгшсэн янзтай шал руу ширтэн зогсоно. Хүүхдийн тасаг коридор, сувилагч, ажилтануудын өрөө гээд  суллаж эвхдэг ор тавих боломжтой газар бүрийг суллаж хүүхдүүдээ авч байгаа ч хангалтгүй байгаа ажиглагдана. Хүлээн авах тасагт “Сул ор гарсан болов” уу гэх хүлээлгийн жагсаалт үүсчээ.

Энд амьдралын өнгө эрээн мяраан. Халуурсан, бөөлжсөн, гүйлгэсэн, хатгаатай ирсэн хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд эмнэлгийн бараа харж нэг уужрах ч эмчлүүлээд гарах хүртлээ туулах замаа туулдаг аж. 

 Эм үнэтэй байгаа болохоор иргэд өдөр өдрийн эмчилгээгээр эмээ ширхэглэж авч байна

14 цаг 22 минут үйл явдлыг илүү том зураглалаар харахын тулд ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжийн дарга Б.Бурмаагаас тодрууллаа.

-Бид өглөө найман цагаас цэцэрлэг, хороо, дүүргийн эмнэлэгт очиж, бага насны хүүхдийн ханиад, томуу төст өвчин их байгааг мэдлээ. Ханиад, томуу төст өвчин улсын хэмжээнд хэчнээн хүүхдийг хамраад байна вэ?

    -Бид долоо хоног бүр судалгаа хийдэг. Есдүгээр сарын 26-ны байдлаар нийслэлд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 64.4 хувь нь амьсгалын замын цочмог өвчлөлтэй гэж оношлогдон, эмчлүүлж байна. Аймаг, орон нутгийн дундаж 38 хувьтай байгаа. Томуу төст өвчнүүд идэвхжилийн түвшинд орж, өмнө долоо хоногуудтай харьцуулахад бага зэрэг нэмэгдэж байна. Нийт өвчилж байгаа хүүхдүүдийн 60 орчим хувь нь дөрөв орчим насны хүүхдүүд эзэлж байгаа.

-Томуу өвчин зонхилж байна уу. Ямар чиглэлийн вирус зонхилж байгаа вэ?

     -Одоогоор томуугийн вирус биш томуу томуу төст өвчлөл зонхилж байна. Тухайлбал, эронавирус буюу хамраас нус гарч, ханиалгах, бактерийн гаралтай бол цэртэй ханиалгах болон адинавирус буюу тууралт өгч, ханиалгах зэрэг байна.  Олон төрлийн вирусийн гаралтай ханиад бий. Бага зэргийн онцлох талуудтай боловч бүгд ижилхэн вирус.

-Эцэг эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

    - Нэг вирусийн гаралтай ханиад туссан хүн ахиж вирусийн ханиад тусахгүй гэсэн баталгаа байхгүй.  Эцэг эхчүүд ковидын нөхцөл байдлын үед баримталж байсан шиг арга хэмжээг авмаар байна. Аль болох хүүхдийнхээ дархлааг нь дэмжих шаардлагатай байна.

     Эцэг эхчүүд хэвтэн эмчлүүлэхээс илүү гэрээр эмчилгээ хийхийг эрмэлзэж байна. Учир нь эмнэлэгт илүү хүндэрсэн өвчлөлтэй хүүхдүүд олон байгаа болохоор "Эмчлэх гэсэн биш хүндрүүлчих вий" гэхээс эмээнэ. Иймээс гэрээр эмчлэхийн тулд эм, тариа зайлшгүй шаардлагатай тул бид 16 цагийн үед 24 цагийн эмийн сан орлоо. Гурваас таван хоногийн нэг хүүхдийн эм ханиад нь хөнгөн үед 25 мянгаас 30 гаруй мянган төгрөгөөр авч байна. Ханиад нь хүндэрвэл 32 мянгаас 100 гаруй мянган төгрөгөөр эм худалдаж авч байна. Антибиотик, ашигтай бактери, суулгалтын эсрэг эм, цэр ховхлох эм түлхүү авч байгаа. Антибиотик нь багадаа 21 мянган төгрөгөөс үнэ нь эхэлж байна. Шахмал эм нь харьцангуй хямд буюу 1800 төгрөгөөс үнэ нь эхэлж байгаа. Мөн дархлаа дэмжих ямар бүтээгдэхүүн авахаас хамаараад үнийн дүн нь өсөж байна. Эм үнэтэй байгаа тул ширхгээр авдаг. Ер нь бол өдөр өдрийн эмчилгээнийхээ эмийг л бага багаар худалдаж авч байгааг эмийн зүйч Б.Билгүүнгоо онцолсон.

 Ханиад томууны оргил үе эхлээгүй байгаа энэ цаг үед ч ханиад томуу ихсэж байгаа тул эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжиж, ковидын үед авч байсан шигээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг эмч нар зөвлөж байна. Энэхүү өвчлөлөөс хамгаалах хамгийн сайн арга бол урьдчилан сэргийлэх юм.


ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Томуу төст өвчлөлийн үе идэвхжиж, ханиаж, халуурсан бага насны хүүхдүүдийн эмнэлгийн оочир тасрахгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188