Улаанбаатар хотод 2-5 настай 102 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Харин цэцэрлэгийн гадна үлдэж байгаа 34 мянган хүүхэд байна. УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 34 мянган хүүхдийг энэ ондоо багтаан цэцэрлэгт хамруулах үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Нийслэлийн засаг дарга нарт өгсөн. 6 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх сар гаруйн хугацаанд нийслэлд 22 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах төлөвлөлт, зохицуулалтыг амжилттай хийгээд байна. Үлдэж байгаа 12 мянган хүүхдийг асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллав.
Баянзүрх дүүрэг 480 мянган хүн амтай. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 35 мянган хүүхэд амьдардгаас 26 мянга нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд үлдэж байгаа арав орчим мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар хуваарь хийгдэж байна. Тус дүүргийн тухайд Улаанбаатар хотын иргэн болж бүртгэл хийлгээгүй буюу хаяг нь тодорхойгүй айл өрх олон байдаг. Тиймээс бүртгэлийн маргаантай өрхийн хүүхдийг цэцэрлэгт хамруулахад бэрхшээл үүсэж байгаа юм. Эцэг эх, асран хамгаалагчид хариуцлагатай байж хаягийн бүртгэлээ хийлгэх шаардлагатай байна. Цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэгт хамруулах зарчим баримтална.
Хамтарсан ажлын хэсэг энэ хугацаанд цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 92 барилгатай газар дээр нь очиж танилцан 56 байрыг стандарт шаардлага хангаж байна гэж үзэн сонгосон байна. Түрээсийн 56 байрын 17 нь Баянзүрх дүүрэгт байрлаж байна. Тус түрээсийн байруудад 1277 хүүхдийг хамруулах тооцоо судалгааг гаргажээ.Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах 90 болон 75 хүүхдийг хамруулах хүчин чадалтай хоёр түрээсийн байртай өнөөдөр танилцлаа. Тус байруудад 256 дугаар цэцэрлэгийн салбар бүлгүүд хичээллэх юм.
Иргэн, аж ахуйн нэгжүүд цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх байрны мэдээллээ Боловсролын Ерөнхий газарт ирүүлэх боломж нээлттэй хэвээр байна гэж БШУЯ-аас мэдээллээ.
Баянзүрх дүүрэгт 17 байрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэхээр бэлтгэж байна |
|