Үүлс нүүж алслаад, бороо зөөлөн шиврэх бүрхэг өдөр цаанаа л нэг жиндүү байлаа. Эл өдөр Дамбаржаагийн гэр хорооллын нарийн гудмаар явсаар гадна талдаа олон өнгийн цэцэг хүрээлсэн жижигхэн хашаанд оров. Хөл гишгэсэн газраас тал, тал тийшээ ганцхан алхмын зайд хүлэмж дүүрэн олон төрлийн ургамал ногоо, мод цэцэг угтах бөгөөд бараг алхах зайгүй. Нарийн жимээр байшингийн үүд рүү орно. Ж.Наранцэцэг гэх тариаланч эмэгтэй энд суух бөгөөд түүний тариаланчийн нэг өдөртэй танилцахаар ирсэн минь энэ.
60 гаруй настай тэрбээр дөрвөн хүүхэдтэй гэнэ. Хүүхдүүд нь өрх гэр тусгаарлаж, тус тусын ажил албатай болохоор ихэнхдээ ганцаараа байдаг аж. Зарим өдөр хүүхдүүд, ач зээ нар нь ирж тус болдог байна.
Бид яриагаа өрнүүлэхээр дотогш орлоо. Ширээний ард суухтай зэрэгцэн Ж.Наранцэцэг эмээ шинэ ногооны салат өрж тавьснаар бид түүний тариалан эрхлэх болсон үеэс яриагаа эхлэв. Тэрбээр “Би тариалангийн гараагаа 1998 онд Дэлхийн зөн олон улсын байгууллагаас санаачлан хэрэгжүүлсэн Дамбадаржаа ногоожуулах төсөлд хамрагдсаны үндсэн дээр эхлүүлсэн. Миний хувьд газар тариалангийн чиглэлээр боловсрол эзэмшээгүй. Харин анх эхэлсэн цагаас газар тариалангийн бүхий л мэдлэг боловсролыг нэрт агрономчид Занданхүү, Энхээ, Балжинням хэмээх багш нараасаа олж авсан. Тухайн үед олон нийтийн мэдээллийн сүлжээ байсангүй. Тийм учраас ургамал тариалангийн бүх номыг уншиж өөрт хэрэгтэй мэдээллээ олж авсан. Эдгээр хүмүүсд байнга талархаж явдаг" хэмээн ногоо тариалж эхэлсэн үеэ дурсан ярина. Үргэлжлүүлэн " Анх 10м квадрат газрыг үр тариа, бордоо зэрэг бүх хэрэгцээтэй нь надад хариуцуулж өгсөнөөс хойш гурван жил ногоо тариалсан юм. Тэр хугацаанд хамгийн том нэг кг 800гр манжинг ургуулж гурван жил дараалан аварга тариаланчийн болзол хангаж байлаа. Үүнээс урам авч цаашлаад 12 хүнтэй бүлгэмийг ахлан ногоо тариалж зургаан жил шилдэг бүлгэмийн ахлагчаар тодорсон юм. Энэ жил нийтдээ 22 мянган үрсэлгээг зах зээлд нийлүүлж, 13 аймагт төрөл бүрийн үрсэлгээ борлуулсан. Ингээд дурдвал 26 жилийг тариаланд өнгөрүүлэхэд олон ололт амжилт бий” хэмээн тариалалтын амжилтаасаа бахархалтайгаар ярьж байв. Тэгээд цөөнгүй жил хадгалж цуглуулсан зургийн цомог гаргаж дэлгэлээ. Эхний нүүрэнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга түүний ногооны үзэсгэлэнгээр зочилж баяр хүргэсэн агшин байх бөгөөд цаашлаад төрийн түшээдээс ихэнх нь түүнтэй уулзаж хөрөг татуулсан байв.


-Тарьж байгаа цэцэг навч бүртэй өдөр бүр мэндэлж, сайн сайхныг хэлэх болгонд илүү их ургадаг-
Ширээний ард хэсэг ярилцсаны дараа түүний хөдөлмөрийн үр шимтэй танилцахаар тариалангийн хүлэмж рүү яаран гарлаа. Хашаан дотор нийтдээ таван жижиг хүлэмж байх бөгөөд түүнийг тойрсон наран цэцэг, эрдэнэ шиш, чинжүү, жимсний мод гэх зэрэг бүхий л төрлийн хүнсний ногоо байв. Энэ бүхнийг өндөр настай эмэгтэй хүн ганцаараа хийнэ гэдэг бэрх санагдана. Хэрхэн, ургуулж, тариалдаг талаар түүнтэй ярилцлаа.
-Таны хуримтлуулсан өөрийн арга барил, туршлага юун дээр төвлөрдөг вэ?
-Өглөө зургаан цагт босоод хүлэмжний зэрлэг өвсийг зулгааж дуусаад бусад үрсэлгээ гээд эхнээс нь дараалалтайгаар шаардлагатай ажлуудыг хийж эхэлнэ. Мэдээж асар их хөдөлмөр, сэтгэл зүрхээрээ хүнсээ тариалахын зэрэгцээ тэдэнтэй өдөр бүр мэндэлж, сайн сайхныг хэлдэг. Тэр ч утгаараа энэ хүртэлх амжилтын эзэн болсон байх л даа. Тариаланч гэх ажлын цаана эмч, найз, тогооч, манаач гээд байж болох бүх мэргэжлийг давхар гүйцэтгэнэ. Одоогийн манай амьдарч байгаа газар 0.7 га хүрэхгүй 380м квадрат жижиг газар учраас сөөм газарт ч болтугай ургац хураахыг эрмэлзсэн.
-Зай багатай газар олон төрлийн ногоо тарихад хүндрэлтэй төдийгүй давуу тал нь юу байдаг бол?
-Энэ хашаандаа 36 жил амьдарч байна даа. Жижиг, зай багатай ч гэлээ үр шимээ өгсөөр л байна. Аливаа ажлыг хийхдээ ашиг хонжоо огт бодохгүйгээр ойр дотныхондоо болон иргэддээ аль болох эрүүл хүнс бүтээгдэхүүн хэрэглүүлж, өргөн уудам газар нутагтай монголчуудын хувьд хаана ч хөдөлмөрлөсөн боломж үргэлж бий гэдгийг харуулах гэж хичээж байна. Энэ бол маш том давуу тал.
-Хүүхдүүд нь хэр тариаланч вэ. Та дагуулж, зааж, зөвлөдөг байх?
-Хүүхдүүд маань миний амжилт бүртэй холбоотой байсаар ирсэн. Амьдралын явцад дэргэд минь байснаар тариалангийн нарийн чадваруудыг эзэмшиж чадсан. Тийм ч учраас ажлынхаа амралтаар ирж тус болдог. Жишээ нь дөрвөн хүүхэд маань тус тусын үүрэгтэй бөгөөд том хүүхэд хөрс шорооны ажлыг, хоёр дахь хүү дуслын усалгааны систем, гурав дахь охин маань нөөцөлсөн бүтээгдэхүүнийг, бага хүү бол тарилтыг хийнэ гэх мэтээр ээжээсээ суралцсан чадвараараа тус дэм болсоор ирсэн. Ургуулсан бүтээгдэхүүнээ даршилж савлаад борлуулах ажлыг дунд охин ихэнхдээ гардаж хийдэг. Яагаад ч юм бага хүүгийн минь тарьсан төрөл бүрийн ургац хурдан хугацаанд, хамгийн сайн ургадаг.
-Залуу тариаланчдад та ямар зөвлөгөө өгдөг вэ. Өөрийн сургасан шавь, суралцагч бий болов уу?
-Тариалангийн аж ахуйд өөрийн гэсэн байр суурийг олсон цагаас хойш олон бүлгэм, хүнийг ахлаж ажиллаж байлаа. Тэдгээр дундаас өөрийн гэсэн өргөн хэмжээний худалдаа эрхэлдэг, өрхийн хэрэгцээгээ өөрсдөө хангадаг хэмжээний туршлагатай хүн ч цөөнгүй бий. Анхлан тариаланчдад болон дахин тариаланчдад үрсэлгээ буюу анхан шатны арчилгаа, өөрийн туршлага алдаанаас үндэслэн зөвлөгөө өгдөг дөө. Шавь нарын маань ихэнх нь намайг хүрээлээд энэ дүүрэгтээ хашаандаа аж ахуй эрхэлж байна. Хааяа өөрөөрөө бахархах, суралцагч нараараа ч мөн бахдах үе бий.
-Амжилтанд хамтын хөдөлмөр үргэлж нөлөөлж байдаг шүү дээ. Танд дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэн хүмүүсд хандаж үг хэлнэ үү?
-Тийм ээ, мэдээж олон улс оронд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн зөн олон улсын байгууллагын хамт олонд талархаж явдаг. Оновчтой үйл ажиллагаа, санаачлагын үр дүнд олон айл өрх амьжиргааны хэрэгцээгээ хангах бүрэн чадвартай болсон. Түүнчлэн надад агрономич хүнд байх ёстой мэдлэг боловсролыг хариу нэхэлгүй зааж сургасан нэрт агрономич багш нартаа туйлын ихээр баярладаг. Энэ ташрамд мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын хамт олон, Хүнс хөдөө аж ахуйн яамны нийт бие бүрэлдэхүүнд талархсан сэтгэгдлээ илэрхийлж байна.
Тэрбээр дараагийн хүлэмжинд зах зээлд байнгын борлуулалттай байдаг өргөст хэмхийг гурван төрлийн үрсэлгээгээр тарьсан байлаа.Түүнээс хамгийн томыг нь сорчилж амталгаа хийлгэв. Нидерланд “f1” буюу сайн үрийн өргөст хэмхийг иргэд ихэвчлэн худалдаж авдаг. Онцлон дурдах ёстой нэг зүйл байсан нь хашааны захаар тарьж арчилсан цэцэгсийг ургаж дууссаны дараа баглаа болгож худалдаалдаг байна. Тэмдэглэлт өдрүүдээр түүний амьд цэцгийн баглааг хүлээсэн хүмүүс дугаарлаж зогсдог талаар дурслаа.
-Тариалан ургац, намайг хүнд өвчнөөс салгасан-
Хашаа дүүрэн түүний олон жилийн хөдөлмөр, сэтгэл зүрх, ургацтай нь хамт өдөр бүр шинээр дэлгэрч, арвижиж байгаа нь мэдрэгдэнэ. Дан ганц тариалангийн аж ахуйн тэргүүний ажилтан ч биш, амьдралын их багш, үр хүүхдийнхээ сайн ээж байсаар ирсэн түүний хувьд өмнө нь Астма хэмээх өвчтэй байжээ. Тэрбээр хэлэхдээ “Би хэдхэн минут л илүү хөдөлгөөн хийж, хүчний ажил хийхээр амьсгаа боогдож, зүрх савалдаг байсан. Сард гурван удаа эмнэлэгийн орноос холддоггүй хэцүү цаг үед би амьдралаас шантарч, санаа сэтгэлээрээ бол сөхөрсөн байлаа. Гэхдээ эцэст нь газар тариалангийн үр шимийг хүртсэн цагаас эхлээд сэтгэлгээ, үзэл бодол өөрчлөгдөж, амьдралыг илүү сайхнаар төсөөлсөн. Одоо би хашаандаа хамгийн багадаа дөрвөн цаг тасралтгүй ажиллахад урьд өмнөх шиг амьсгал давчдах, зүрх савлах зэрэг зовиур огт үгүй болсон. Эргээд бодоход байгаль дэлхийн үр шим, цэцэг навч бүхэн надад эргэн сэхэж, урган төлжих урам хайрласан. Ач зээ нараа тойруулаад шинэ ногооны амтыг мэдрэх мэдрэмжийг цаг үргэлж амсаж байгаадаа талархаж байна. Хуруу хөдөлж байж, ам хөдөлдөг гэдэг үгийг тэдэндээ байнга захидаг даа. Манай ач нар хэзээ ч цэцэг ургамал дээгүүр гишгэж гардаггүй. Энэ бүхнээс хүмүүжил төлөвшилийг суулгаж байгаа. Амьдралын амтыг мэдрэхийн тулд хөдөлмөрлөх нь хамгийн чухал гэдгийг үр хойчдоо үргэлж сануулдаг” гэлээ.


О.АЛТАНГЭРЭЛ
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ДАМБАДАРЖААГИЙН ТАНСАГ ТАРИАЛАНЧ |
|