• Өнөөдөр 2024-05-03

Г.БАЛЖИННЯМ: Залуучууд бол ирж яваа цаг

2022-04-02,   194
             “Vision plan 2022”, “Зорилготой өдрүүд” номын зохиогч Ганбаатарын Балжиннямыг “Шинэ үе” буландаа онцоллоо. Тэрбээр эгэл малчин айлын ууган хүү нь болон төрж, хэрсүү нэгэн болж төлөвшжээ. Үеийн нөхдөөс үзэл бодол, үйл хөдлөл, үнэт зүйлсээрээ ялгардаг түүнийг тодотгох зүйл нь өөртөө итгэлтэй байдал, тууштай зан, төлөвлөгч чанар нь гэнэ. Ингээд уншигч таны өмнө түүнтэй хөөрөлдсөн хэсэгхэн хугацааны ярилцлагыг дэлгэе.
 
-Юун түрүүнд шинэхэн номнуудаа гаргасанд нь халуун баяр хүргэе. Залуу хүний хувьд дөнгөж эхлэл гэж бодож байна. Хоёулаа ярилцлагаа яагаад ном бичих болсон талаар яриа дэлгэж, эхэлье
                                      -Ганбаатарын Балжинням гэдэг хүн өнөөдрийг хүртэлх хугацаанд маш олон зүйлийг туулсан. Ном бичих анхны санаа гэвэл би айлын том хүү, доороо хоёр охин дүүтэй хүн л дээ. Арван жилд байхдаа ээжийгээ хараад нэг удаа, их өрөвдөж байсан учир нь “Үеийн хүүхдүүд онц авч ээжийгээ баярлуулж байхад  би гэдэг хүн болж бүтэхгүй зүйлд санааг нь зовоож байгаадаа санааг нь зовоож байсан”. Тухайн үед би “Яадаг ч байсан ээжийгээ баярлуулж, сайн яваагаа харуулж, бахархлын түрүүлнэ” гэж өөртөө амласан.  Тэр үеэс хойш хэд дахин илүү хичээсэн. Арван жилээ төгсөөд, их сургуульд орлоо. Үе тэнгийн олон залуустай үзэл бодлоо солилцож, манлайлах үедээ манлайлж, суралцах үедээ суралцаж хамтдаа хөгжсөн. “Зорилготой өдрүүд” гэдэг ном бол өнөөдрийг хүртэлх туулсан бүх зүйлийн минь эмхтгэл болгон ээж, аавдаа өгч буй багахан бэлэг гэж ойлгож болно. Мөн арван жилийн, их сургуулийн оюутан дүү нар маань энэхүү номыг уншсанаар миний туулсан сургамж, ололт тэр бүхнээс суралцах боломж бүрдэх байх гэж бодож байна.
 
-Бага насандаа ямар хүн болно гэж боддог байсан бэ?
                                         -Багадаа батлан хамгаалахын салбарын хүн болно гэж боддог байлаа. Хөдөө өссөн хүүхэд болохоор цэргийн хүн л надад ойр санагддаг байсан. Орой болоод унтах дөхөөд ирэхээр лааны гэрэлд аав минь олон зүйлийг ярьдаг байсан. “Аав нь цэрэгт явж байхдаа олон зүйлийг сурсан, миний хүү ч гэсэн сурах цаг нь болохоор сурна даа” гээд л эхэлнэ шүү дээ. Энэ ярианаас үүдэлтэй би яагаад ч юм цэргийн хүн  болно доо гэж боддог болсон. Гэтэл хувь хүний суурь чадвар нь цэрэг биш, нийгмийн салбарын  хүн гэдгийг ойлгуулсан. Тэгээд л эрх зүйч буюу ирээдүйн хуульч болно гэж шийдээд суралцаад төгссөндөө.
 
-Нийгмийн салбарт олон мэргэжил байдаг. Яагаад эрх зүйч гэх мэргэжлийг сонгосон юм бэ?
                                     -Мэргэжил сонголт хийхэд миний суурь чадварууд нөлөөлсөн. Олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулдаг, мэтгэлцдэг, бичих чадвар сайтай зэрэг ур чадварт үндэслэн эрх зүйч гэх мэргэжлийг сонгосон. Мөн энэ мэргэжлээр дамжуулж цаашид олон зүйлд хөрвөж ажиллах боломжтой, ажиллах цар хүрээ өргөн зэрэг олон зүйлс ажиглагдсан. Түүний хамгийн чухал нь ур чадвар, хүсэл сонирхлын нийлбэр нь гэж ойлгож болно.
 
-Таны яриаг сонсоод байсан, хэрсүү нэгэн шиг санагдаж байна. Олон зүйлд үе тэнгийн залуусаа манлайлж яваа хүний хувьд юу гэж бодож байна вэ?
                                            -Ер нь бол хүний харизм гэдэг зүйл ажил, амьдрал дээр чухал гэж боддог. Миний хувьд бага байхын тэсвэр, тэвчээр суусан байх. Ялагдах, бууж өгөх гэсэн үгэнд дүргүй. Энэ нь бусдад ялагдах дургүй гэсэн үг биш, өөрөө өөртөө ялагдах дургүй гэсэн утгатай. Өөрийн хийж буй зүйлдээ эрчтэй байвал түүнээс урам зориг авч илүү их боломжийг бий болгож чаддаг гэж хардаг. Энэ бодол л миний хэрсүү зангийн суурь гэж бодож байна.
 
-Хүнд гэр бүлийнхэн хамгаас чухал байдаг шүү дээ. Та аав, ээжийнхээ тухай яриа дэлгээч?
                                           - Тэгэлгүй яахав. Өнөөдрийн намайг бүтээсэн хүмүүс бол миний гэр бүлийнхэн. Манай аав, ээж хоёр минь малчин. Ардын, уламжлалт арга ухаанаар хүүгээ өсгөсөн. Миний хэрсүү, хүссэнээ хийж байгаа энэ бүхнийг ээж,аав минь цогцлоосон гэж боддог.  Хэн болохыг гэр бүлийн хүмүүжил шийддэг байх гэж би боддог. Ээж минь намайг үргэлж, дэмжиж, бүх зүйлийг минь ярилцаж зөвлөдөг. Харин аавдаа ерөнхий гол зүйлээ хэлнэ үү гэхээс тэр бүр, илэн далангүй яриад байдаггүй. Гэсэн ч миний аав надад байгаа бүхнээ зориулж, хүн шиг хүн болгохын төлөө өнөөдрийг хүртэл хичээсээр ирсэн гайхалтай, сайхан хүн бий. Нэмээд хэлэхэд анхны номоо аав, ээж хоёртоо зориулсан.
 
-Гэр бүлийнхэнтэй нь холбоотой, санаанаас гардаггүй дурсамж бий юү?
                                        -Зөндөө сайхан дурсамжууд байдаг. Хамгийн тод үлдсэн дурсамж гэвэл “Намайг тавдугаар ангид байхад манайх 200 гаран цөөхөн малтай байсан. Нүүдэл хийх үед цөөн малтай гэдгээсээ их ичдэг байлаа. Аав, ээж минь цөөн малтай гэж зовохгүй, малаа маллахын хажуугаар ажил хийгээд аргалаад явдаг байсан”. Би жаахан байсан болохоор ойлгохгүй, их ичиж, санаа зовдог байсан л даа. “Одоо өөрөө амьдрал дээр гараад өөрийгөө хариуцаад явахаар яаж болгож байсан юм болоо гэж боддог. Хүнд юмтай үе байна, юмгүй ч үе байна тэр бол ичих зүйл огт биш гэдгийг ойлгож байсан даа. Мөн би айлын том хүүхэд учраас, хоёр дүүгээ сайн сургуульд сургаж, сайн хүү, сайн ах байх ёстой гэж боддог.
 
-Цаашид юуг зорьж байна вэ?
                                              -Мөрөөдлөө ярьдаг олон хүн байгаа. Харин миний хувьд хэрэгжүүлдэг хүн байхыг хүсдэг. Сурсан мэдсэн зүйлээ өөртөө хадгалаад явах бус бусдад түгээж, үр дүнд хүргэдэг эх орондоо хэрэгтэй хүн болохыг зорьдог. Яагаад ч юм би эх оронсог үзэлтэй. Үүний хүрээнд өөрийн түүхийг бүтээж, байгаль бидэнд ирсэн бүх зүйл амаргүй маш их үнэ цэнтэй зүйл гэдгийг ойлгуулах томоос том мөрөөдөлтэй. Үүнийгээ биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байдаг.
 
- Та цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлдэг вэ?
                                         -Сурагч, оюутан байхаасаа их завгүй өөрөө шахдаг байсан. Тэгж байж илүү үр дүнтэй байдаг. Мөн би цаг төлөвлөлтийг маш нарийн хийдэг. Миний зохиосон цаг төлөвлөлтийн дэвтэр бол миний өнгөрсөн жилүүдэд суралцсан, үр дүнтэй санагдсан төлөвлөлтийн цогц нийлбэр юм. Олон  хүнтэй уулзаж байсан. Ихэнхдээ юу анзаарагддаг вэ гэвэл огт хэрэггүй зүйлд цаг хугацаагаа зарцуулсан байдаг. Тэгэхээр үнэхээр үр дүнтэй цагаа төлөвлөе гэвэл зөв сонголт хийхээс эхэлнэ. Яагаад гэвэл дасгалд явж, хэл сурмаар байсан гэж ярьдаг олон хүн байдаг. Бодит байдал дээр боломж нь бүрдсэн ч өөрөө хичээдэггүй залхуурах тохиолдол цөөнгүй. Тиймээс сонголт маш чухал. Мөн хүн бүрийг байж болох 0 цэгтээ очоод үзээсэй гэж боддог. Яагаад гэвэл өөрийгөө сул дорой, юу ч чадахгүй, хэн ч биш гэдэг тэр мэдрэмжээс цаашдаа би юу хийж, яаж амьдрах вэ гэдэг бодол төрж, улмаар урагшлах хөшүүрэг болдог. Би ч бас тэр мэдрэмжийг авч байсан. Хумсаа мэрээд ч хамаагүй, бууж өгөлгүйгээр тэмцэж, өөрийгөө ялахыг өдөр бүр хичээж явна даа.
 
-Шантрах, урам хугарах үе хүн бүрд байдаг. Танд тийм үе байсан уу?
                                     -Нүүр бардам хэлнэ, зөндөө байдаг. Өнөөдөр намайг сайн, сайхнаар хардаг олон хүн байдаг байж магадгүй. Гэхдээ өнөөдрийг хүртэлх хугацаанд шантрах, урам хугарах зүйл цөөнгүй байсан. Даван гарсан туршлага гэвэл би маш их тэмдэглэл хөтөлдөг. Манай гэрт дууссан тэмдэглэлийн дэвтрүүд олон бий. Шантарсан үедээ өөрийгөө яаж тэмцэж, ирсэн бичвэрээ харахаар бууж өгч болохгүй тууштай байх ёстой гэсэн бодол төрдөг.
 
-“Шинэ үе” гэдгийг өөрийнхөө бодлоор тайлбарлавал?
                                         -Бүх цаг үед залуус нийгмийн хамгийн гол түүчээ байсаар ирсэн. Шинэ үе гэдэг бол нас хоорондын зааг бус сэтгэлгээний ялгарал гэж би хэлмээр санагдаж байна. Тэгэхээр юм бүхнийг өвөрмөц, өөрийн гэсэн өнцгөөс хардаг хүн шинэ үе юм. Үүнд заавал олны танил, мундаг хүн байх шаардлагагүй дотоод харизм, үнэт зүйлээ мэддэг залуус бол яахын аргагүй шинэ үе гэсэн тодорхойлолтод багтах байх. Эцэст нь хэлэхэд залуучууд бол ирж яваа цаг юм аа.
 
-Ярилцлагыг уншиж буй залууст хандаж хэлэх зүйл байна уу?
                                          -Би “Зорилготой өдрүүд” номоо бичих гэж сүүлийн нэг жилийн гаруй хугацаанд маш олон ном уншиж, судалсан. Судлаад явж байхад нэг гоё өгүүлбэрийг уншсан юм. “ Хүмүүс яг ижилхэн цаг хугацаанд амьдардаг атлаа зарим нь түүхийг бүтээж, үлдсэн нь тэдгээрийг харж амьдардаг. Бидний амьдрал бол ганцхан амьдрахад бус түүхийг бүтээхэд зориулагдах ёстой” гэсэн энэ үгийг хараад маш их урам зориг авсан. Үүнтэй адил бид амьдар ч буй цаг хугацаагаа үнэ цэнтэй, зөв хүн байгаасай хүсэж байна. Нийгмийн эд, эс болж буй залуучууд маш гоё эерэг, хүнлэг, хүлээцтэй байх нь бидний ялгарах зүйл юм шүү. Хамтдаа сайхан ирээдүй рүү, аз жаргалтайгаар урагшилъя гэж хэлмээр байна.
 
 
 
           
 
 
 
 
 
 

Г.БАЛЖИННЯМ: Залуучууд бол ирж яваа цаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188