• Өнөөдөр 2024-05-12

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА НАРЫН ЦУГЛАРАЛТАД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЛЭЭ

2022-03-25,   342

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Дорнод аймагт ажиллалаа. Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 327 дугаар анги, 065 дугаар ангийн 085 дугаар тусгай салбарт ажилласны дараа тус аймагт явагдаж буй аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарын цугларалтад оролцож үг хэллээ.  

Тэрбээр батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар хэрэгжүүлж байгаа томоохон арга хэмжээний тухайд товч мэдээлэл өгөв. Тодруулбал, "Өнгөрсөн он та бидний хувьд олон түүхт ой тохиосон, хууль эрх зүйн шинэчлэлээ гүнзгийрүүлж, шинэ төрлийн цэргийн байгууллагуудын үйл ажиллагааг жигдрүүлэн, Зэвсэгт хүчний дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийг батлуулж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон жил байлаа. Түүнчлэн гадаад хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, энхийг дэмжих ажиллагаанд оролцох төрөл хэлбэрийг нэмэгдүүлэх эхний алхмуудаа амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ анх удаа дотооддоо цэргийн зориулалттай зарим төрлийн техник хэрэгслийг үйлдвэрлэлээ. Улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтын болон бусад ажилд манлайлан оролцсоныг хэлэх нь зүйтэй. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудаа жишиг хотхон, эко ногоон орчин болгох ажлын эхлэлийг амжилттай тавьсан зэрэг амжилт бүтээл арвин жил байсан" хэмээв.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг "Алсын хараа-2050"-д Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн, технологийн дэвшлийг нэвтрүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх том зорилгыг дэвшүүлсэн. Дээрх зорилтын хүрээнд Зэвсэгт хүчин улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтын ажилд оролцож, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэрийн 5 блок барилга, бусад байгууламжийг барих, улс орны хэмжээнд ургац хураалтын ажилд 2300 гаруй цэргийн алба хаагчийг оролцуулсан. 
Мөн "Тавантолгой түлш" ТӨҮГ-ын түүхий эдийг тээвэрлэх ажилд 190 орчим  цэргийн алба хаагч, 58 нэгж өөрөө буулгагч автомашиныг үүрэг гүйцэтгүүлж, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, тэнцвэржүүлэхэд дэмжлэг үзүүлсэн зэрэг нь улс орныхоо эдийн засгийн болон өнөөгийн хүнд хэцүү цаг үед Зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг илтгэсэн чухал арга хэмжээ болсныг Батлан хамгаалахын сайд онцоллоо.
Түүнчлэн Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Зүүнбаян-Ханги" чиглэлийн төмөр замын байгууламжийг байгуулах төслийн ажилд гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэрэг оролцож, замын чиг сэргээх, технологийн зам барих ухмалын ажлыг цаг алдалгүй эхлүүлээд байгаа гэв.
Үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цугларалтад  оролцогсдод хандан хэлсэн үгэндээ "Аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабын дарга нарыг хамгийн чухал хэсэг дээр ажиллаж байгаа гэж ойлгодог. Батлан хамгаалах яам, цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллага, анги байгууллагууд, салбаруудыг орон нутаг, иргэдтэй холбодог гол зохицуулагч нь та бүхэн. Тийм чиг үүрэгтэй. Батлан хамгаалах хууль тогтоомжийг бүрэн утгаар нь Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх аппарат нь гэсэн үг. Монгол Улсыг батлан хамгаалах үндсэн үүргүүдийн нэг нь бүх нийтийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт. Тэгэхээр шинэчлэн баталсан хуулийн дагуу тарьсан үрийг мод болгон ургуулах, цэцэг болгон дэлгэрүүлэх ажлыг Цэргийн штабын дарга нар хийнэ. Хавтсандаа байлгах биш, бодит ажил болгох нь чухал. Үүний тулд энэ цугларалтыг зохион байгуулж байна. Ер нь Цэргийн штабын дарга нар аймаг, орон нутгийн удирдлагуудтайгаа ойлголцох нь маш чухал. Та бүхний үүрэг оролцоо, идэвх санаачилга өндөр байх ёстой" хэмээгээд албан даалгавар, үүрэг чиглэл өгч, ажлын амжилт хүсэв.
Мөн 2021 онд ажил үйлсээрээ манлайлан тэргүүний цэргийн штабаар шалгарсан Дорнод, Өмнөговь, Өвөрхангай болон тусгай байрт шалгарсан Увс, Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарт шагнал гардууллаа. 
 
эх сурвалж "СОЁМБО" СОНИН

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА НАРЫН ЦУГЛАРАЛТАД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188