Хотын дарга асан Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарласан талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай нар өнөөдөр мэдэгдэл хийсэн юм. Энэ үеэр түүний хүү Б.Чулуудайгийн хийсэн мэдэгдлийг тоймлон хүргэе.
-
"Аав минь гуравдугаар сарын 7-нд "В.Путины колоничлол эргэн сэргэх үү" гэх утгатай нийтлэл бичих гэж байхад нь хэвлэн нийтлэх эрхийг нь прокурорын байгууллага хаасан. Тиймээс надаар дамжуулж нийтлэлийнхээ санааг олон түмэнд хүргэхийг хүссэн юм.
-
Тус нийтлэлд "ОХУ болон Украины хооронд болж буй мөргөлдөөнд В.Путин өөрөөсөө бусад хэнийг ч, ямар ч улс орон байсан басамжилж өдөөн хатгаад зогсохгүй хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийж байна. Орос шиг том гүрэн Украин, Монгол шиг жижиг улс орнуудыг дээрэлхэж хавчиж болохгүй. Үүнийг зүгээр хараад суувал бид ч тэдний хувьд дарамталж болдог хулчгар ард түмэн гэж харагдах болно. Цаашид тэдэнд гутаан, доромжлуулах болно” гэсэн санааг дурдсан байсан.
-
Ардчилал, энх тайван,хүний эрхийн төлөө бид ямагт тэмцдэг байх ёстой. Тэгж байж эрх чөлөө, тусгаар улсын бодлогоо хэрэгжүүлж, үүнд бусад улс орнууд итгэл үнэмшилтэй хамтран ажиллах болно.
-
Бид эртнээс гурав дахь хөршийн бодлого баримталж ирсэн шалтгаан нь энэ юм. Дайн Монгол Улсын эдийн засгийг хүнд цохилт болж, хэдэн жилдээ эргэн сэргэхээргүй байдалд оруулах эрсдэлтэй.
-
Энхийг эрхэмлэх, хэлэлцээр хийхийг дэлхий нийтэд уриалах нь зөв. Монголын төр, ард түмэн энэхүү дайныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлэх ёстой. Аймшигт дайныг үтэр түргэн зогсоож энх тайван тогтоохыг уриалаарай. Бид хүмүүнлэг, ардчилсан нийгмийг 1990 онд сонгосон. Үүнийг залуучууд минь ойлгож өөрсдийнхөө ирээдүйн төлөө дуугарч, тэмц. Эр зориг хэзээд ялдаг гэж бичсэн байна" гэлээ.
Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн мэдэгдлээс онцлох таван ишлэл |
|