• Өнөөдөр 2024-05-03

Б.ОЮУНГЭРЭЛ: Монголын минь эмэгтэйчүүд хайрлагдаж, эрхээ эдэлж чаддаг байгаасай

2022-03-08,   661

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохиож байна. Энэхүү баярын өдрөөр бид Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй уулзаж, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлын талаар ярилцсан юм. Ингээд уншигч танд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүргэе.

-Сайн байна уу, өөрийгөө товчхон танилцуулаач?
 
-Сайн байна уу, Намайг Б.Оюунгэрэл гэдэг. Эгэл жирийн амьдралтай айлын зургаа дахь хүүхэд нь болж төрсөн.Монголдоо боловсрол эзэмшсэн. Хуульч мэргэжилтэй. МЭХ-ны ерөнхийлөгч болоод гурван жил гаруй болжээ. Анх МЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдчихоод өөрийгөө чадах болов уу гэж эргэлзэж байсан. Учир нь үе, үеийн мундаг төлөөллүүдийн замналыг харвал эмэгтэйчүүдийн эрхийн төлөө бүхий л зүйлсийг хийж ирсэн нь гайхалтай санагдаж, өөрийгөө нэг дүгнэхэд хүргэж билээ.
 
-Таныг МЭХ-ны ерөнхийлөгч хүчирхэг эмэгтэй гэж хардаг. Энэ бүхний ард нөр их хөдөлмөр байдаг болов уу гэж бодож байна.
 
-Тиймээ. Ямар ч зүйлийг удирдаж, залж явна гэдэг өөрөө тухайн хүнийг хөгжих боломжоор хангадаг юм шиг санагдсан. Миний хувьд ажлаараа үнэхээр бахархаж ажилладаг, жирийн нэгэн эмэгтэй. Мэдээж хэрэг, хүн л болохоор ядрах, өвдөх гэх мэт тооцоолоогүй зүйлс тохиолддог. Тэглээ гээд хариуцсан ажлаасаа хойш суусан удаа ховор байх. Аль болох л өөрийнхөө байж болох хамгийн сайнаараа ажилладаг. Амралтын өдөр, ажлын бус цагуудыг хүртэл зориулж, хичээж ажиллах ч үе бий. Энэ бүхний минь үр шим нь намайг тодорхойлох байх гэж бодож байна.    /Инээв/
 
-Монголын эмэгтэйчүүдийн холбооны түүхэн замнал?
 
- МЭХ-г хүмүүс хуучин социализмийн үеэр нь төсөөлөөд байдаг. 1992 оноос өмнө Монголын эмэгтэйчүүдийн хороо гэх статустай байх үедээ улс төрийн маш том субъект байсан. Одоо үеийн яамтай зүйрлэж болохоор юм. Өнөөдөр бол Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь Төрийн бус байгууллагын статустай явдаг. Санхүүжилтийн хувьд, улс төрөөс ангид, олон улсын төсөл хөтөлбөрөөс төсөл хэрэгжүүлэх зарчмаар санхүүждэг хараат бус байгууллага. Байгуулагдаад 30 гаруй жил болж байна.
 
 
-Та бүхний ажиллах хүрээ зөвхөн эмэгтэйчүүдээр хязгаарлагдах уу?
 
-Манай ТББ нь эмэгтэйчүүдийн эрхийг хангах замаар, эрх нь зүй бусаар зөрчигдөж буй олон олон эмэгтэйчүүдийн дуу хоолойг илэрхийлж, иргэний нийгмийн орон зайд эмэгтэйчүүдийн төлөөлөл болж оршдог. Мөн бодлогын төвшинд асуудлыг ойлгуулж, таниулахын тулд ажилладаг. Одоогийн нийгэмд эрхээ эдлэж чадахгүй, зөрчүүлээд байгаа хэрнэ тэвчээд, хохироод байгаа эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажилладаг газар бол иргэний нийгмийн байгууллага шүү дээ. Тиймээс хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг.
 
-МЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа ямар ажлуудыг  зохион байгуулсан бэ?
 
-Манай байгууллага сургалт, зөвлөгөө, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд бид олон улсын байгууллагуудаас дөрвөн томоохон төслийг авсан. Туслах малчин эмэгтэйчүүдийн ажиллах хөдөлмөрийн нөхцөлийг судлах хүрээнд Европын холбоотой хамтран дөрвөн аймгийн 12 суманд төсөл хэрэгжүүлж байна. Мөн Хүний эрхийн үндэсний комисстой хамтран аймаг, сум, багийн эмэгтэйчүүдийн судалгааг хийж байгаа. Одоо хэрэгжүүлж байгаа нь Швейцарын хөгжлийн агентлаг, “U” флимтэй  хамтран хийсэн “Улаан цэцэг” уран сайхны кино юм. Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хүрээнд хоёр  удаагийн нөлөөллийн ажил зэргийг зохион байгуулжээ. Мөн Коронавирусын улмаас зарим орхигдсон ажлууд үргэлжлэн гэж бодож байна. Одоо хийж буй ажлуудын нэг нь Эрүүгийн гэмт хэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон.
 
 
-“Улаан цэцэг” уран сайхны киноны талаар тодруулбал?
 
- С.Удвал гэдэг аугаа эрэлхэг эмэгтэйн түүхээс сэдэвлэсэн кино юм. Энэхүү киногоор дамжуулж эмэгтэйчүүдийн эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, түүхэнд монголын эмэгтэйчүүдийн манлайллыг харуулах зорилготой. Мөн бид соёлоор дамжуулж хүний эрхийн ойлголтыг өгөхүйц сайн бүтээл болсон гэж бодож байгаа. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн, энэхүү киног хоёр гуравхан өгүүлбэрт багтааж хэлэх боломжгүй шүү дээ. Учир нь агуулж буй санааг би илэрхийлж, тайлбарлах бус  үзэгч өөрөө үзэж мэдрээсэй.
 
- Цаашид хийхээр төлөвлөж буй ажил?
 
- Хүний эрхийн олон зөрчил бидний эргэн тойронд гарсаар л байдаг. Бид байх ёстой юм шиг хүлээн зөвшөөрөөд л мартчихдаг нэг сул талтай. Энэ байдлаас болж хүний эрхийн зөрчил, жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, илүү боловсронгуй болгох тал дээр чиглэн ажиллахаар төлөвлөж байна. Зөвхөн хуулиа сайжруулаад орхих бус, хуулийн хэрэгжилт болон шат шатны зохион байгуулалт шаардсан ажлууд дээр МЭХ өөрсдийн дуу хоолойг илэрхийлэх болно.
 
 
-Өөрийг тань тодорхойлох зүйл юу вэ?
 
- Хүмүүс намайг ямар ч өнцгөөс хардаг байж болно. Харин миний хувьд өөрийгөө алдаа дутагдлаасаа суралцаж яваа, олон эмэгтэйчүүдийн төлөөлөл юм болов уу гэж бодож байна.
 
- Та эмэгтэй хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
 
-Эмэгтэйчүүд нэг нэгнээ дэмждэг, бусдын эрх зөрчигдсөн асуудал дээр дуугарч чаддаг байгаасай гэж боддог. Хэрвээ та ирээдүй болсон хүүхдэд багачуудыг эрүүл нийгэмд амьдруулахыг хүсдэг бол, хүчирхийллийг дотроо эсэргүүцдэг бус, асуудлыг шийдвэрлэх хүртэл дуу хоолойгоо хүргэж манлайлдаг байх нь маш чухал юм.
 
-Энэ нийтлэлийг уншиж буй эмэгтэйчүүдэд хандаж юу гэж хэлмээр байна вэ?
 
-Таны хамгийн эрх дураараа, хамгийн тухтай байх бүс бол гэр бүлийн орчин юм. Хэрэв тав тухтай бус хүчирхийлэлд өртдөг бол битгий бууж өгөөрэй. Эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө, ажилладаг байгууллагууд байдаг. Тэдний нэг нь бид. Мөн хүчирхийллийг тэвчдэггүй, хүний эрхийг ойлгодог хүн байгаарай гэж хэлмээр байна.
 
-Юун түрүүнд бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.
 
-Баярлалаа. Монголын минь бүх эмэгтэйчүүд хайрлагдаж, хүндлэгдэж эрхээ эдэлж байгаасай.
 
 
 
 
 
 
 
 
 
 

Б.ОЮУНГЭРЭЛ: Монголын минь эмэгтэйчүүд хайрлагдаж, эрхээ эдэлж чаддаг байгаасай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188