Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбат болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн цагдаагийн газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн эвсэл холбоо” ГҮТББ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, барьцааны хөрөнгийг үнэлэх зах зээлийн үнэлгээг хэрхэн тооцох, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн зөвшөөрлийг олгох хугацааг тогтоох, нэмэгдүүлсэн хүүг тооцох аргачлал зэрэг асуудлыг хөндөж, санал солилцсон байна.
Хуулийн төсөл нийт найман бүлэгтэй бөгөөд хуулийн үйлчлэх хүрээг банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцаа болон хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд үйлчлэхгүй, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тодорхой шаардлага тавьж, бүртгэл, хяналттай байхаар зохицуулжээ.
Уг хуулийн төсөл батлагдсанаар бичил санхүүгийн хэрэглэгч буюу зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн мөнгөний эргэлт нь тодорхой болж, улсын төсөвт төлөх татвар шударгаар төлөгдөх нөхцөл бүрдэх аж.
Мөн бүртгэлгүйгээр ашгийн төлөө, байнга зээл олгох үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, хуулийн этгээдэд хариуцлага тооцож, хүү авах эрхгүй болсноор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх салбар мэргэжлийн, хариуцлагатай болж, бүртгэлгүй иргэд татвар төлөхгүйгээр, дур зоргоороо хүү, алданги тогтоон ашиг олох үйл ажиллагаа хумигдах чухал ач холбогдолтой гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болжээ |
|