Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз, Европын коммисын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл, болон Европын холбооны Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд Монгол Улсын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих өөрчлөлт, шинэчлэлийг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн түнш гэдгийг онцлоод Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэхийг эрмэлзэж байгаагаа дурдсан байна.
Түүнчлэн нийслэлийн зүгээс НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэхэд онцгойлон анхаарч буйг дурдаад цаашид Улаанбаатар хотын ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлэх саналтай байгааг илэрхийлсэн аж.
Уулзалтын үеэр талууд ногоон хөгжлийн төслүүдийг Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлэхэд тус салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулах санал гаргаж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг судлахаар тохиролцсон гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Европын холбооны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын ногоон хөгжлийг эрчимжүүлэхээр болжээ |
|