Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын зургаан байгууллага, аж ахуйн нэгж, 700 гаруй малчин болон мал бүхий өрх өнгөрсөн 2021 онд 121080 толгой мал тоолуулжээ.
Энэ нь өмнөх онтой харьцуулахад сумын малын тоо толгой 11.9 хувь, малчин болон мал бүхий өрхийн тоо 10.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Орон нутгийн малчдын санал бодлыг сонсох, тулгамдаж буй асуудлыг хамтын оролцоотой шийдвэрлэх, мал аж ахуйн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах зорилгоор Жаргалант сумын ЗДТГ, Хөдөө аж ахуйн тасаг, мэргэжлийн байгууллагууд хамтран “Малчдын зөвлөгөөн”-ийг энэ сарын 24-нд зохион байгууллаа. 50 гаруй малчин оролцсон энэхүү зөвлөгөөний хүрээнд малчны тэтгэвэр тогтооход баримтлах журам, малын тоо толгойн албан татвар, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам, бэлчээрийн зохицуулалтын талаар холбогдох мэргэжилтнүүд танилцуулж, санал солилцсон байна. Онцлоход, иргэдийн хариулгагүй мал нь хотын төв рүү орж ирж ногоон байгууламжийн ажлыг сүйтгэн, үрэн таран хийх тохиолдол нэлээд байгаа. Иймээс энэ онд Ховд хот дотор бэлчсэн малыг журамлах, ногоон байгууламж идэж сүйтгэсэн бол тухайн малын эзнийг торгох, захирамж шийдвэрийн дагуу тодорхой хугацаанд хотын төвөөс мал сүргийг гаргах гэх мэт олон ажлыг шат дараатай хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллана гэж албаныхан онцоллоо. Энэ удаагийн зөвлөгөөний төгсгөлд тэргүүний сайн малчдыг “Жаргалант сумын Засаг даргын нэрэмжит шагнал”-аар шагнаж, урамшуулсан байна.
Ховд аймгийн Жаргалант сумын малчид зөвлөлдлөө |
|