Жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдөр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиодог. Монгол Улс Олон Улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж байсан түүхтэй. Нийслэлийн Онцгой байдлын газраас Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг угтаж болон тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд мэдээлэл, сурталчилгааны ажлыг хэрэгжүүлж ажиллахаар болжээ.
Тухайлбал “Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр”-ийг тохиолдуулан Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн уриалгын хүрээнд:
-
“Хүүхдэд учирч болох бүх төрлийн эрсдэлийг бууруулах ойлголтыг олгох”
-
“Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоо” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна.
Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 59 жинхэнэ гишүүн, 16 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм. Жил бүрийн өдрийг гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр гуравдугаар сарын 1нд тохионо |
|