• Өнөөдөр 2025-05-05

Цэргийн цагдаагийн бүрэлдэхүүний сургалт болж байна

2022-02-21,   321

   ЗХЖШ-ын даргын тушаалаар Цэргийн хүрээ, хотхоны Цэргийн цагдаагийн нэгжийн бие бүрэлдэхүүнтэй явуулах сургалтыг энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсийн бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн удирдлага, тус ангийн Цэргийн цагдаагийн рот, салааны захирагч нар, зарим бүрэлдэхүүн болон Улаанбаатар цэргийн хотхоны Цэргийн цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүн оролцож байна.
 
  Мөн цахимаар орон нутгийн цэргийн хүрээний Цэргийн цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүн оролцож байгаа нь энэ удаагийн сургалтын нэг онцлог ажээ. Сургалтыг нээж ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба үг хэлсэн бөгөөд тэрбээр хэлсэн үгэндээ ЗХЖШ-ын даргын 2021 оны А/669 дүгээр тушаалын дагуу шинээр томилогдсон Цэргийн цагдаагийн рот, цэргийн хүрээ, хотхоны Цэргийн цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүн Та бүхэн Зэвсэгт хүчний хэмжээнд дэвшүүлж буй зорилго, зорилтуудыг ханган биелүүлэх, нэн ялангуяа цэргийн хүрээ, хотхонд "Цэргийн цагдаагийн ажиллагааны журам"-ын хэрэгжилтийг сайтар зохион байгуулж, сахилга, дэг журмыг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Цэргийн албаны хэлтэс, Цэргийн цагдаагийн рот, тасаг нь эрх зүйн хүрээнд, бодлогын түвшинд шинээр байгуулагдаж, богино хугацаанд үйл ажиллагаагаа явуулж буй хэдий ч харьцангуй идэвх зүтгэл, бүтээлч санаачилгатай ажиллаж байгаа хэмээн бид үнэлж байгаа. Та бүхэн албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой бүхий л хууль тогтоомж, удирдлагын баримт бичгүүдийг сайтар судлан мэргэжлийн ур чадвар, хэлний мэдлэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байж, цаг ямагт бусдыгаа манлайлж явах ёстой. Түүний зэрэгцээ Та бүхэн албан үүргээ гүйцэтгэж байхдаа аливаа эрсдэлийг урьдчилан тооцож, аюулгүй байдлыг сайтар хангаж, хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг чанд сахиж ажиллах, цаашид өөрсдийгөө байнга хөгжүүлж, дараагийн албан тушаалд дадлагажиж байх хэрэгтэй. ЗХЖШ-ын удирдлагаас Та бүхний өмнө тулгамдаж буй зарим асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллах болно, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа" гэдийг онцоллоо.
 
   Энэхүү сургалтын явцад "Цэргийн цагдаагийн үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага", "ОХУ, БНТУ, ХБНГУ-ын Цэргийн цагдаагийн чиг үүрэг, зэвсэг, техник, бүтэц, зохион байгуулалт", "Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа", "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хойшлуулшгүй ажиллагаа" зэрэг сэдвүүдийг хөндөж, харилцан санал солилцоно. Мөн "ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсээс дэвшүүлж буй зорилго, зорилтууд, тэдгээрийг хангах нь", ЗХЖШ-ын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх зөвлөл"-өөс 2022 онд дэвшүүлсэн зорилго, зорилтууд, түүнийг хангахад Цэргийн цагдаагийн нэгжүүдийн үүрэг", "Нэгтгэл, анги, байгууллагын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх салбар зөвлөл-ийн ажлыг Цэргийн цагдаагийн үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах, зохион байгуулах" зэрэг асуудлыг хөндөхөөр төлөвлөөд байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Цэргийн цагдаагийн бүрэлдэхүүний сургалт болж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188