Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны, Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахмад Б.Энхболдтой холбогдож, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллын талаарх нөхцөл байдлыг тодрууллаа.
Тэрбээр “Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын 2022 оны хоёрдугаар сарын 9-ны өдрийн А38 тоот тушаалаар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зуун хувь танхимаар оруулах болсон. Уг шийдвэрээс үндэслэн хоёрдугаар сарын 14-18 ны өдрүүдэд, замын хөдөлгөөн 20 хувиар нэмэгдсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд өдөрт 300-400 мянган тээврийн хэрэгсэл оролцдог байсан бол одоо 500-600 мянга болж өссөн байна.
Түүнчлэн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсээс хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчмын бүсийн аюулгүй байдлыг хангах, сургуулийн хүүхдийн автобусны техникийн бүрэн байдал болон халдвар хамгааллын дэглэм баримталсан эсэхийг шалгаж ажилласан.
Цаашид эцэг эхчүүд болон жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой явах, хэрэв бага насны хүүхдээ зөөвөрлөж байгаа бол заавал зориулалтын суудалд суулгах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай” гэв.
Б.Энхболд: Хичээл эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар нэмэгдсэн |
|