Хөвсгөлийн 18 суманд бяслагийн үйлдвэр байгуулах болжээ. Тодруулбал, тус үйлдвэнр байгуулах санаачилгыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гаргасан байна. Хөвсгөл аймаг улсдаа мал сүргээрээ тэргүүлдэг учраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой юм. Өнгөрсөн оны улсын төсөвт Галт, Жаргалант, Цагаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл зэрэг найман суманд бяслагийн үйлдвэр байгуулах дөрвөн тэрбум төгрөг тусгасан. Ажлын гүйцэтгэгчээр "Хан-Аттрибут" компани шалгарч энэ онд бяслагийн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Мөн энэ оны улсын төсөвт Алаг- Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Түнэл, Тариалан, Улаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган зэрэг 10 суманд бяслагийн үйлдвэр байгуулах таван тэрбум төгрөгийг тусгасан. Орон нутагт бяслагийн үйлдвэртэй болсноор малчид цагаан идээгээ боловсруулан дотоод болон гадаад зах зээлд борлуулж, орлого олох ач холбогдолтой гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяр мэдээллээ.
Хөвсгөл аймгийн арван найман суманд бяслагийн үйлдвэр байгуулахаар болжээ |
|