Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Тангадын Галсан гуайн 90 насны ой энэ жил тохиож байна. Тэрбээр 1932 оны хаврын тэргүүн сарын шинийн есөнд Цэцэрлэг Мандал аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбатад хэмээх газар малчин Тангадын гэрт мэндэлжээ.
Тэрбээр Монголын ноёдын нууцаар чуулдаг байсан Биндэръяа хөх нуурын хөвөөнд хурга, тугал хариулж, Чингис хаан наймантай тулалдаж дийлсэн Заг-Байдрагийн Хүрэн бэлчирт хурдан морь унаж, анхны болзоонд давхиж өссөнөөрөө бахархдаг. Бидүгүн буюу өнөөгийн халх эхийн сүү, Өөлд эцгийн тууль хөхөж өссөн түүнд “Сайн хувьт” гэсэн утгатай Галсан хэмээх нэрийг эцэг, эх нь хайрлаж эдүгээ түүний нэрийг Монгол даяараа төдийгүй, ертөнц дахинаараа мэддэг болжээ. Их зохиолчийн 90 насны ойд зориулж Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан өнөөдөр нийт хонгорчуудынхаа нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлж, дурсгал гардууллаа.
Т.Галсан зохиолчийн 90 насны ойд зориулан хүндэтгэл үзүүлжээ |
|