• Өнөөдөр 2025-08-08

Ш.МАЯА: Шинэ хуулиар ажилтнаас барьцаа баримт шаардахыг хориглоно

2022-01-03,   1144

-Шинээр эцэг болсон хүнд ажлын 10-аас доошгүй өдрийн цалинтай чөлөө олгоно-

       Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ сарын 1-нээс мөрдөж эхэлж байгаатай холбоотой ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн ахлах шинжээч Ш.Маяатай ярилцлаа.
 
      -Хөдөлмөрийн тухай хуульд Эрүү болон Зөрчлийн хуульд байдаггүй хэд хэдэн асуудлыг тусгасан байна. Энэ хуулийн онцлогийн  талаар мэдээлэл өгөхгүй юү?
 
      -Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн долдугаар сард УИХ хэлэлцэн, баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.Энэ хуулийн хамрах хүрээ өргөжиж албан болон албан бус ажил хийж байгаа бүх хүнд энэ хууль үйлчилнэ гэсэн үг. 1999 оны хууль нь зөвхөн хөдөлмөрийн гэрээ хийсэн хүнд үйлчилдэг байсан.
 
       Түүнчлэн энэ хуульд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх асуудлыг хурдан хугацаанд, бага зардлаар шийддэг болсон. Шүүхийн өмнөх шатанд аж ахуйн нэгж байгууллага дотроо шийдвэрлэдэг, эсвэл сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан эрхлэх гурван талт хороогоор асуудлыг шийдвэрлэдэг болсон. Мөн энэ хуулиар хөдөлмөрлөх эрхтэй холбоотой суурь эрхүүдийг нэлээд хангаж өгсөн. Жишээлбэл, ялгаварлан гадуурхал, ажлын байрны дарамт, эвлэлдэн нэгдэхийг хангах, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг хориглох, албан хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой заалтууд орсон. Үүнтэй зэрэгцээд нэг шинэ заалт орсон нь хөдөлмөрийн харилцаанд барьцаа хэрэглэхгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, ажилд орохдоо, ажил хийхэд нь бичиг баримт, эд зүйл, мөнгө хөрөнгө шаардахгүй.
 
      -Барьцаа шаардахгүй гэхээр иргэний үнэмлэх болон дипломыг нь эх хувилбараар нь авахгүй гэсэн үг үү. Ажил олгогч ийм зөрчил гаргавал яах вэ?
 
     -Тухайн ажилтан мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж болно. Мөн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад хандаж болно. Ер нь хүний хувийн бичиг баримт нь хүний хүний өмч гэж явдаг. Энэ нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгоход эрхэд нь халдаж байгаа учраас хуульчилж өгсөн. Харин ажил олгогч тухайн иргэний мэргэжлийг баталгаажуулах шаардлагатай бол эх хувийг нь хуулбарлан авч болно.
 
      -Энэ хуулийн долдугаар зүйлд ажлын байрны бэлгийн дарамтыг хуульчилж өгчээ. Ажлын байрны бэлгийн дарамт гэдэгт юу орох вэ?
 
      -Долдугаар зүйлд ажлын байрны бэлгийн дарамтаас гадна дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт гэж зүйлчилсэн. Дарамт гэдэгт зодож цохих, хэл амаар доромжлох, занал хийлэх, нэр төр алдар хүндэд нь халдах асуудлыг оруулсан. Харин бэлгийн дарамт гэдэг нь хүнийг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээр, биеэр, цахим хэлбэрээр хүчирхийлэхийг ажлын байрны бэлгийн дарамт гэж оруулсан. Зөвхөн ажлын байран дээр үйлдэгдсэн гэдгээр нь бус, байгууллагын томилолт, урлаг, спортын арга хэмжээ, зугаалга зэрэгт ажлын байрны бэлгийн дарамтад өртсөнийг тодорхойлж болно.
 
       -Гурав хүртэлх настай хүүхдээ хардаг эцэг, эхийг Хөдөлмөрийн тухай хуульд шинэ зүйл заалтаар зохицуулж байгаа юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
 
       -Шинээр эцэг болсон хүнд ажлын 10-аас доошгүй өдөр цалинтай чөлөө олгоно. Мөн гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхийн аль нь ч хүүхэд асрагч байж болно гэж байгаа.
 

Ш.МАЯА: Шинэ хуулиар ажилтнаас барьцаа баримт шаардахыг хориглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188