• Өнөөдөр 2025-05-06

Яармаг руу нийслэлийн захиргааны 400 ажилтан нүүжээ

2021-12-31,   438

  Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба, агентлагуудыг энэ ондоо багтан Яармагт баригдсан Нийслэлийн төр, захиргааны шинэ байр руу нүүх үүргийг өгсөн. Энэ дагуу нийслэлийн харьяа алба агентлагийнхан нүүж эхэлсэн бөгөөд о оогийн байдлаар нийслэлийн нутгийн захиргааны зургаан байгууллагын 400 гаруй албан хаагч нүүн суурьшаад байгаа юм.
 
 Тэгвэл өнөөдөр Засгийн газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний удирдлагын баг хамт олон, Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд  Яармаг дахь Нийслэлийн төр, захиргааны II байранд биечлэн очиж, үүрэг даалгаврын биелэлтээ шалгасан байна.
 
  Яармаг орчмын замын түгжрэлийн шалтгаан хийгээд түгжрэлийг бууруулах ажлын талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн мэдээлэл өглөө. 
 
  Тэрбээр "Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүрэгт ажлын байр хамгийн олноор төвлөрсөн байдаг. Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ажлын байрны тоо дээрх дүүргүүдээс хоёр дахин бага байдаг. Тиймээс хотын захиргаа Яармагт шилжиж ирснээр шинэ хотын төвийг хөгжүүлэх үндэс суурь болох юм. Яармагийн замын хөдөлгөөнд Өлзийт, Биокомбинатын иргэдээс гадна Өмнөговь, Дундговь аймгаас ирж буй иргэдийн “Нарантуул” зах руу чиглэсэн хөдөлгөөн нэмэр болдог нь судалгаанаас харагддаг. “Нарантуул” зах амардаг мягмар гарагт Яармаг орчмын замын хөдөлгөөн 10 орчим хувиар буурдаг. Мөн сургууль, цэцэрлэгийн хомсдолтой ч холбоотой. Нисэх, Яармагт аж төрж буй иргэд хүүхдүүдээ хотын төв руу зөөж сургаж байна. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд Яармагийн замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд Туул гол дээгүүр 400 метр гүүр, Энхтайваны өргөн чөлөө орчимд 240 метр гүүр, Дунд гол дээгүүр 90 метр гүүр барина. Улаанбаатар хотын хамгийн урт гүүрэн байгууламжтай 4.3 км авто замыг барьж байгуулах юм. Энэ зам баригдсанаар Яармаг орчмын түгжрэл 15-20 хувиар буурна. Түүнчлэн Мишээл орчим, Тэмээтэй хөшөө, Гэгээнтэн орчмын уулзварт дахин инженерчлэл хийж, нэвтрүүлэх чадварыг сайжруулна. Зайсангийн гүүрийг дөрвөн эгнээ болгох гэхчлэн бүтээн байгуулалтыг хийнэ" гэв.

Яармаг руу нийслэлийн захиргааны 400 ажилтан нүүжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188