Өнгөрсөн хэд хоногт монголчуудыг шатахуунаар хангаж байсан “Мон суль” компанийн менежертэй ярилцлаа.
-Монголчуудыг шатахуунаар таслахгүйн тулд өнгөрсөн хэд хоногийн хугацаанд хамаг чадлаараа ажиллах шиг боллоо. Нөхцөл байдал ямар байсан бэ?
-Нөхцөл байдал газар дээрээ хүнд байлаа. Машиных нь шар нь асчихсан, унтрах дөхсөн, унтарсан машинтай жолооч нар 2-10 километр дугаарлаж зогслоо. Ачаалал 10 дахин нэмэгдсэн өдрүүд байлаа. Түгээгч нар маань ядартлаа ажиллаж байна. Ер нь манай компани бүрэн бүрэлдэхүүнээрээ тултал ажиллалаа гэж хэлж болно. Эцсийн дүндээ бид хүнд цаг үед үйлчлүүлэгчдээ хурдан шуурхай, ялгаварлалгүй үйлчлэх ёстой учраас хэрэндээ л хичээлээ. Ачаалал өнөөдөр (өчигдөр)-өөс арай багасаж байна. Гэхдээ л өмнөх хуучин шигээ болоогүй.
-Үйлчлүүлэгчдээ шатахуунаа хязгаарлалтгүйгээр олгох шийдвэр гаргасан. “Мон суль” компанийн хувьд нөөц хэр хангалттай байсан бэ?
-Манайх том компаниудыг бодвол жижиг компани. Шатахууны эрэлт ихэссэн үед манайх хангалттай нөөцтэй байсан гэж хэлж болно. Харин өнгөрсөн дөрөв хоногт нөөцөө багастал шатахуунаа түгээсэн гэж хэлж болно. Манай нөөц одоогийн байдлаар хангалттай хэмжээнээс багасаж, дундарчихсан байна.
-Зарим иргэн зохиомол хомсдол үүссэн байж болзошгүй гэж хардаж байгаа. Энэ тухайд ямар тайлбар өгөх вэ?
-Манай улс шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас, таван хувийг нь БНХАУ-аас авдаг. Бусад компанийн нөөц ямар байсныг бид хэлж мэдэхгүй юм. ОХУ-ын Эрчим хүчний сайд нь “Дотоодын аялал жуулчлал ихэссэн учраас шатахууны эрэлт нэмэгдлээ. Дотоод хэрэгцээ хангаж байж бусад оронд экспортолно” хэмээн мэдэгдэж, экспортоо зогсоосон нь туйлын үнэн. Үүнийгээ өнгөрсөн тавдугаар сараас хойш л удаа дараа мэдэгдэж байсан. Ангарскийн нефтийн үйлдвэр манай улсад өгдөг гэрээнийхээ дагуу шатахуунаа олгоогүй нь үнэн шүү дээ. Манай компанийн нийлүүлэлт ч мөн ялгаагүй яг адилхан багассан. Харин манайх өмнөх саруудад татан авалт их хийсэн, нөөц сайтай байсан тулдаа энэ хэд хоногийг давлаа. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани бүр л өөр өөрийн шалтгаантай байсан байх. Бид өнгөрсөн тавдугаар сараас л хойш ОХУ-ын Эрчим хүчний сайдын шатахууны экспорт түр хугацаанд зогсоно гэсэн мэдэгдлийг сонсож, нөхцөл байдлыг гадарлаж байсан. Тийм ч учраас өнгөрсөн саруудад боломж бололцоогоороо нөөцөө ахиу татахыг хичээсэн. Бусад ч компаниуд ч мөн ялгаагүй гадарлаж байсан байх. Нөөцийн хомсдол үүссэн учраас эргэлзэх хэрэггүй гэж хэлмээр байна.
-ШТС-ууд алдагдалтай ажиллаж байгаагаа удаа дараа мэдэгдсэн. “Мон суль” компани алдагдал хүлээж байгаа юу?
-Коронавирусийн халдвар гарснаас хойш алдагдалтай ажиллаж байгаа. Газрын тосны газраас шатахуун нийлүүлэгчтэй олон удаа уулзалт, зөвлөгөөн хийж байсан. Тэр үер байнга “Хүнд цаг үе учраас иргэдээ бод. Нийгмийн хариуцлагын хүрээнд хямд үнийн бодлогоо барьж ажилла” гэх шийдвэр гарч, үүрэг, чиглэл өгсөн шүү дээ. Шатахууны гадаад үнэ, орж ирж байгаа үнэ тодорхой байгаа учраас учир мэдэх алдагдалтай ажиллаж байгаа гэдгийг мэднэ. Алдагдалгүй ажилласан гэж худлаа ярихгүй. Газрын тосны газраас өгсөн чиглэлийн дагуу компаниуд эрсдэл үүрээд явж байгаа.
-Энэ төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд цаашид ийм алдагдалтай ажиллавал тэсэх юм уу. Цаашдын нөхцөл байдал ямар байх вэ?
-Нарийн яривал шатахууныг зах зээлийн үнээр нь л зарах хэрэгтэй. Гэхдээ зах зээлийн үнэ сар бүр хэлбэлзэж, хэд байх нь тодорхойгүй байгаа энэ үед хэцүү. Сар бүр үнэ өөрчилж, зах зээлд нийлүүлнэ гэдэг хэцүү. Тухайлбал, дэлхийн зах зээлийн үнээр энэ сард 2050 төгрөгөөр зарж, дараа сард 2200 төгрөг болгоно гэдэг асар их хүндрэлтэй. Тэрний дараа сард дэлхийн зах зээл буурч, 2000 төгрөг болохыг ч үгүйсгэхгүй. Сар бүр байнга үнэ өөрчилж зарна гэдэг хүндрэлтэй, бодлогод нийцэхгүй байгаа юм. Гэхдээ л алдагдалгүй ажиллая гэвэл зах зээлийн үнээр зарах хэрэг гараад байна. Цаашид үнэ өсөхийг бид мэдэхгүй. Гадаад үнээс бүх зүйл шалтгаална. Хүнд нөхцөл байдал цаашид сайжирна гэж итгэж байгаа. Одоогоор цаашид тэсэх, тэсэхгүйг хэлж мэдэхгүй байна.
-Өнгөрсөн дөрвөн хоногийн хугацаа нөөцөө дундартал ажилласан гэж хэллээ. Энэ хугацаанд алдагдлаа бага ч гэсэн нөхсөн үү?
-Хүнд цаг хугацаанд хэрэглэгчдээ ялгаварлан гадуурхахгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой учраас нөөцөө тултал өгье гэж шийдсэн. Бид өөрсдийгөө бодсон бол нөөцөө бага багаар гаргах байлаа. Энэ нь бидэнд ашигтай байсан шүү дээ.
Тав хоногийн хугацаанд нь нөөц маш бага болсон. Борлуулалт гэхээс илүү хэрэглэгчдээ л бодсон шийдвэр гаргасан. Нэг талаар хязгаарлалттай олгох гэхээр нэг машин өдөрт 2-3 удаа дугаарлаж, ачаалал үүсгэж байсан. Хязгаарлалтгүй олгохоор жолооч нар “Нэг машинд олгох 100 мянган төгрөгийн шатахуунаа таван машинд хуваагаад өгөөч” гэх хүсэлт хүргүүлж байсан.
Иргэдийн хүсэлтийн дагуу хэдхэн цагийн хугацаанд хязгаарлалттай олгосон нь үнэн. Хязгаарлалттай, хязгаарлалтгүй олгох шийдвэр аль аль нь амаргүй байлаа. Бид чинь онцгой үед ажиллаж байгаа байгууллагуудтай хамтарч, тэднийг шатахуунаар хангах үүрэг хүлээж байгаа.
-Хэрэглэгчид нь карттай юу?
-Тийм зүйл байхгүй. Бид хөнгөлөлтийг газар дээр нь олгодог юм. Анхнаасаа л бид хэрэглэгчдээ 2000 төгрөгөөр карт ав гэж хэлж байгаагүй. Хүн бүр л үйлчлүүлэх эрхтэй, нээлттэй шүү дээ.
-Нөөц нь багассан юм байна. Татан авалтаа хэзээ хийх вэ?
-Монголоос холбогдох албаныхан болон компанийн удирдлагууд Роснефть” компанийн төлөөлөлттэй очиж уулзсан.
“Роснефть” компаниас аравдугаар сард 44 мянган тонн шатахуун нийлүүлэхээ мэдэгдсэн байна лээ. Өмнөх саруудад 35 мянга тонн нийлүүлдэг байсан бол ирэх сард 44 мянган тонн нийлүүлнэ гэсэн юм билээ.
Нэг үгээр бол бидэнд нийлүүлдэг шатахуунаа ирэх сард нэмж өгөхөөр болсон гэсэн үг. Нийлүүлэлт аравдугаар сарын эхний долоо хоногт хийгдэж, 10-наас жигдэрнэ гэж ойлгож болно. Ангарскийн нефтийн үйлдвэрээс ачигдсан бараа бидний гарт ирэхийн тулд долоо хоног шаардлагатай болдог.
-Аравдугаар сарын 10 хүртэл олгох нөөц бий юү?
-Нөөц дундарсан, хэцүү болж байна. Гэхдээ дуустал нь өгье л гэж бодож байна. Нэгэнт л өгнө гэж хэлсэн учраас дуустал нь өгөх нь зүйтэй болов уу. Өнөөдөр (өчигдөр)-өөс томоохон ШТС-ууд өгөөд эхэлсэн болохоор ачаалал багасаж байна. Учир нь олдох байх аа.
-Шатахуун хязгаарлалтгүй олгох шийдвэр иргэдэд сайхан санагдсан нь дамжиггүй. Хэрэглэгчдээс талархлын үг их ирж байна уу?
-Тийм ээ, “Мон суль” мандтугай” гэдэг үг хүртэл гарлаа. Бид үүнд маш их баярлаж байгаа. Хэрэглэгч нар маань ч баярлаж байгаа болов уу. Бид үйлчлүүлэгчдээ номер нэгт тавьсан учраас талархаж байгаа байх. Шатахуун хомсдохоос 10 хоногийн өмнө нь манай оффисын ажилтнууд халдвар авч, гурав нь эмнэлэгт хэвтсэн. Бид хүнд цаг үеийг туулаад, арай гэж ажил жигдрэх гэж байтал ийм нөхцөл байдал үүссэн. Хүнд цаг үеийг бид туулж, мэдэрсэн учраас чадлаараа ажилласан болов уу гэж бодож байгаа. Эмнэлэгт байгаа зарим ажилтан маань хүртэл иргэдэд утсаар мэдээлэл өгч байсан шүү дээ. Энэ хэд хоногт бид амрах ч завгүй байлаа.
-Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудаас болон бусад холбогдох газраас та бүхэнд дарамт үзүүлсэн үү. Тухайлбал, “Хязгаарлалттай олго” ч гэдэг юм уу?
-Тийм зүйл байхгүй. Цэвэр өрсөлдөөний талбар шүү дээ. Цаанаас нь нийлүүлэлт хийхгүй байсан учраас бусад ШТС-ууд хязгаарлалт хийхээс өөр сонголт байгаагүй байх.
-Хямд үнэтэй, дээрээс нь хязгаарлалтгүй шатахуун олгож эхлэхээр иргэд чанарын хувьд эргэлзэж байсан. Энэ тухайд?
-Манай компани 2003 онд үүсгэн байгуулагдаж, 2005 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Олон жил үйл ажиллагаа явуулж байгаа учраас эргэлзэх шаардлагагүй. Хямд үнээр худалдаалахаар хүмүүс муу, хулхи шатахуун гэж ойлгоод байх талтай. Бид “Роснефть” компанитай гэрээ байгуулж, чанартай шатахууныг хэрэглэгчдээ хямд үнээр худалдаж байгаа шүү. Яагаад хямд байна вэ гэхээр дотоод үйл ажиллагаа, бүтэц бусад компанийг бодвол ялгаатай гэсэн үг. Тийм учраас хямд үнийн бодлого баримталж ажилладаг. Чанарт бол эргэлзэх хэрэггүй.
"МОН СУЛЬ” ХХК-ийн менежер: Хэрэглэгчдээ бодож нөөцөө дуустал шатахуун олгох шийдвэр гаргасан |
|
2025-05-04 09:04:50
2025-05-04 08:42:32
2025-05-03 21:53:23
2025-05-03 21:44:02
2025-05-03 21:05:10
2025-05-03 20:55:31
2025-05-03 19:14:35
2025-05-03 19:03:08
2025-05-03 10:08:53
2025-05-03 09:16:53
2025-05-03 07:00:18
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |