• Өнөөдөр 2026-01-21

М.АНУЖИН: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ МЯДАГИЙН ДОТООД ШАНАЛАЛ, ХАЙР, ТЭВЧЭЭРИЙГ ӨӨРИЙНХӨӨ СЭТГЭЛ ЗҮРХЭЭР ДАМЖУУЛЖ, ҮЗЭГЧДЭД ҮНЭН ХҮРГЭХ НЬ МИНИЙ ХАМГИЙН ТОМ ДААЛГАВАР БАЙЛАА

2026-01-21,   82

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Задлаагүй захиа” уран сайхны кино нээлтээ хийсэн цагаасаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч, сэтгэлд үлдэх уран бүтээлээр нэрлэгдээд байгаа билээ. Тэгвэл тус уран бүтээлийн гол дүр, хайртай залуугаа тэвчээр, хайраар хүлээж байгаа Мядаг бүсгүйн дүрд тоглосон СУИС-д жүжигчний мэргэжлээр төгсөх ангид сурдаг М.Анужинтай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Задлаагүй захиа” уран сайхны кино үзэгчдэд хүрч эхэлсэн шүү дээ. Гол дүрд нь тоглосон уран бүтээл учраас их догдолсон байхдаа?

                -Миний хувьд энэ бол дэлгэцийн анхны уран бүтээл. Ардын Уран Зохиолч, Яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн зохиолоор бүтсэн томоохон түүхэн уран бүтээлээс гараагаа эхэлж байгаадаа үнэхээр баяртай байна.

-Мядагийн дүрд тоглохоор болоход юу бодогдсон бэ. Хамгийн их эмээсэн зүйл нь юу байв?

                -Мядагийн дүрд сонгогдсоноо мэдээд хамгийн түрүүнд их баярласан, тэр хэмжээгээрээ айдас, хариуцлага ирж байгааг мэдэрсэн. Би өөрөө хөдөө өссөн болохоор киноны ахуй нөхцөл, мал ахуйтай харилцах тал дээр надад ойр, танил байлаа. Ахуй нь ойр ч гэлээ, Мядагийн туулж байгаа тэр хүнд сорилтууд, сэтгэлзүйн эгзэгтэй мөчүүдийг би өөрийн биеэр туулж үзээгүй болохоор тэр сэтгэлзүйн хувьд тэр бүрийг илэрхийлэхдээ хамгийн их эмээсэн. Тэр хүний дотоод шаналал, хайр, тэвчээр тэр гүнзгий мэдрэмжүүдийг өөрийнхөө сэтгэл зүрхээр дамжуулж, үзэгчдэд 'үнэн' хүргэх нь миний  хамгийн том даалгавар байлаа. Жүжигчин хүний хувьд дүрийнхээ сэтгэлзүйг үнэн мэдэрч гаргах нь  чухал байдаг учраас энэ тал дээр маш их хичээсэн дээ. Заримдаа мэргэжлийн туршлагаас илүүтэй тэр хүний амьдралын туршлага, үзэж туулсан зүйл нь дүрийг илүү амьд болгодог юм шиг санагдсан.

-Түүхэн сэдэвтэй уран бүтээлд тоглоход үг хэл, үйлдэл гээд олон зүйл дээр анхаарах шаардлагатай болсон байхдаа. Таныг хэр сорьсон дүр байв?

                -Б.Лхагвасүрэн зохиолчийн үг бүр нь жинтэй, уран яруу атлаа цаанаа асар их утга агуулдаг. Дүрийн текстээ зүгээр нэг цээжилсэн үг  биш, яг дүрийнхээ  өмнөөс гаргах гэж хичээсэн. Би анх зураг авалтын талбайд гараад камертаа ороод зогсож чадахгүй, гэрэлдээ ч сайн орж мэдэхгүй байсан үе бий. Гэхдээ найруулагч болон баг хамт олныхоо дэмжлэгээр тэр бүх техникийн зүйлсээс илүүтэй дүрийнхээ дотоод сэтгэлд төвлөрч сурсан. Хэрэв би өөрөө дүрдээ орж, дүрээрээ амьдарч чадвал үзэгчид ч бас түүний туулж байгаа тэр хүнд сэтгэлзүй, дотоод зөрчлийг нь хамт мэдэрч хүлээж авна гэж бодсон.

-Цэрэгт мордсон сэтгэлтэй залуугаа хүлээж байгаа эмэгтэйг дүрийг гаргахдаа юун дээр хамгийн их анхаарсан бэ?

                -Хүн хэчнээн хүнд нөхцөлд байсан ч, эргэн тойрныхон нь юу ч гэж хэлж байсан зүрх сэтгэл дэх тэр нандин хүлээлтээ хэрхэн авч үлддэгийг харуулах гэж хичээсэн. Мэдээж энэ дүрийн тухай илүү ихийг харж мэдэхийг хүсвэл “Задлаагүй захиа” киног үзээрэй.

-Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн уран бүтээл шүү дээ. Тиймээс илүү хариуцлагатай санагдаж байв уу?

                -Яг зохиолтойгоо танилцдаг өдөр найруулагч маань ирээд “За, манай гол дүрүүд цугларлаа, ширээний уншлагаа эхэлье” гэхэд л би “аан, би гол дүрд нь тоглох гэж байгаа юм байна” гэдгээ мэдээд, маш их сандарсан. Тэгээд зохиолоо уншиж байгаад өөрөө ч мэдэлгүй зохиолдоо орчихсон нэг мэдсэн нүдэнд нулимс дүүрчихсэн сууж байж билээ. Тэр үед л “Ямар сайхан зохиол вэ, ямар хүндтэй бөгөөд хариуцлагатай ажил вэ” гэдгээ ойлгосон.

-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхыг хүсдэг вэ?

                -Би хүмүүсийн сэтгэлд хүрсэн дүр бүтээхийг хүсдэг. Кино дуусаад гарахад үзэгчид миний тоглосон дүрийг мартахгүй, зүрхэндээ ямар нэг дулаахан мэдрэмжтэй үлдэж чадвал тэр л миний хамгийн том амжилт. Тийм учраас цаашид ямар ч дүр дээр ажилласан, тэр хүнийхээ дотоод ертөнцийг өөр шигээ хайрлаж, үзэгчидтэйгээ сэтгэлээрээ ярилцаж чаддаг уран бүтээлч болохын тулд хичээх болно.

ЭМЭЭТЭЙГЭЭ ХАМТ СУИС-ИЙН ХААЛГААР ХӨТЛӨЛЦӨӨД ОРЖ, ТЭНЦСЭНЭЭ МЭДЭЭД ТЭВРЭЛДЭЭД УЙЛЖ БАЙСАН МӨЧ МИНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН НАНДИН ДУРСАМЖ 

-Ажиллахыг хүсдэг дүр бий юү?

                -Залуу уран бүтээлчийн хувьд нэгэн хэвийн биш, үргэлж өөрийгөө сорьж, өөрчилж чаддаг жүжигчин байхыг хүсдэг. Тийм ч учраас магадгүй миний өмнө нь гаргаж байгаагүй огт өөр зан төрхтэй, өөрийгөө эвдсэн дүрийг эрэлхийлж байна. Жүжигчин хүний хамгийн сонирхолтой зүйл нь өөрөөсөө тэс өөр хүний амьдралаар амьдарч, өөрт байхгүй зан араншныг гаргах байдаг шүү дээ. Тиймээс дараа дараагийн уран бүтээлүүддээ хүмүүсийн намайг төсөөлж байгаагүй тэр өнцгийг харуулах сан гэсэн хүсэл бий. Жишээ нь, илүү хурц ширүүн эсвэл сэтгэлзүйн гүн зөрчилтэй дүрүүд дээр ажиллаж, “Би бас ийм дүр гаргаж чадах юм байна” гэдгээ өөртөө болон үзэгчдэд батлан харуулах нь бас нэгэн нууцхан хүсэл.

-Жүжигчин болох шийдвэрийг хэзээ гаргаж байв. Яагаад энэ салбарыг сонгосон юм бэ?

                -Би яг урлагийн хүн болно гэж боддог байгаагүй ээ,  ямар ч байсан багадаа загвар өмсөгч болно гэж мөрөөддөг байснаа санадаг. Би өвөө, эмээ дээрээ эрх дураараа, дуртай дугуйлан, бэлтгэлдээ хамрагдаж өссөн. Тавдугаар ангид байхад Хэнтий аймгаас 'Яргуй' наадамдаа бэлдэж  бүжиг дэглээч авчирсан юм, харамсалтай нь би тэнцээгүй. Тэр үедээ голдоо ортол гомдож, гэрийнхээ гадаа уйлж сууснаа л тод санадаг, шаралхаад тэгсэн байх. Тэрнээс хойш сургуулийнхаа хамтлаг бүжигт ороод, ер нь бага багаар урлаг руу ойртож эхэлсэн, бүх л арга хэмжээнд орж, шүлэг өгүүлэг уншиж, илтгэл тавьдаг болсон. Найзууд болон дунд ангийн багш маань “Чи яг жүжигчин болно” гэж  их хөөргөнөө. Тэгээд оюутан болох жилээ эмээдээ “Хаана сурахаа шийдэж чаддаггүй ээ би жүжигчин л болмоор байна” гээд гуйсан . Аав ээж маань чи өөрөө л мэд чиний сонголт гээд, Тэгээд бид хоёр хамтдаа СУИС-ийн босгыг алхаж байлаа. Тэнцсэн гэдгээ цахимаар мэдээд, эмээ бид хоёр бие биеэ тэвэрч, баярласандаа тэврэлдээд уйлж байсан тэр мөч миний амьдралын хамгийн нандин дурсамж. Эмээ маань надад 'Зорилгодоо үнэнч яваарай' гэж захисан. Одоо бодоход эмээ бид хоёрын тэр өдөр гаргасан шийдвэр зөв байсныг баталж байгаа юм шиг санагдаж байна. Энэ мэргэжлийг сонгосондоо би хэзээ ч харамсаж байгаагүй ээ.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

                -Миний ойрын хамгийн том зорилго бол төгсөх курсийн хоёр дахь дипломын ажил болох Д.Намдагийн 'Ээдрээ' жүжгээ амжилттай хамгаалах юм. Энэ бол манай утга зохиолын ноён оргил болсон маш хүнд, чансаатай бүтээл учраас оюутнуудын хувьд бүх хүч чадал, анхаарлаа зориулж байгаа. Харин алсдаа бол мэдээж мэргэжлээ дээшлүүлж сурахаар явах бодолтой байгаа. Жүжигчний мэргэжил бол насан туршийн суралцах үйл явц байдаг учраас энэ замдаа үнэнч байж, илүү өргөн цар хүрээнд өөрийгөө сорихыг хичээнэ дээ.


М.АНУЖИН: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ МЯДАГИЙН ДОТООД ШАНАЛАЛ, ХАЙР, ТЭВЧЭЭРИЙГ ӨӨРИЙНХӨӨ СЭТГЭЛ ЗҮРХЭЭР ДАМЖУУЛЖ, ҮЗЭГЧДЭД ҮНЭН ХҮРГЭХ НЬ МИНИЙ ХАМГИЙН ТОМ ДААЛГАВАР БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188