• Өнөөдөр 2025-11-24

Э.ЭНХ-АМАР: ASIA PACIFIC CUP ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛСОН АНХНЫ МОНГОЛ БАГИЙН ТАМИРЧИН ГЭДГЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА

2025-11-24,   49

Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон өсвөрийн тамирчин Aldar Tg болон Улаанбаатар Гарди багийн тамирчин Э.Энх-Амартай  ярилцлаа.

-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Ази номхон далайн цомын Asia pacific cup тэмцээний аварга болсон багт нь баяр хүргэе. Цомоо гартаа атгах мөчид юу бодогдсон бэ?

           -Тэмцээний аварга болж, цом атгах мөчид нүүр дүүрэн инээмсэглэл тодорч, хамтдаа зүтгэсэн багийнхан дасгалжуулагчаараа үнэхээр их бахархсан. Дотроо өөртөө талархаж, “Ашгүй дээ” гэсэн бодол төрсөн. Сэтгэл хангалуун байж, өрсөлдөөнтэй тоглолтуудыг амжилттай давж, аварга болсноороо бахархаж байлаа.

-Олон тэмцээний шилдэг тамирчин болсон гэсэн. Багаараа болон хувиараа гаргасан онцлох амжилтуудаасаа хуваалцахгүй юу?

           -2025 онд Бээжин хотод зохиогдсон U17 насны есөн орны тоглогчид дундаас шилдгийн шилдэг тоглогч болж тухайн тэмцээний бэлгэдлийн гарааны таван тоглогчийн нэгээр нэрлэгдэж байсан. Этүгэн клубийн 2021 шилдэг тамирчин, 2024 оны нийслэлийн онцлох хүүхэд, 2025 оны U17 насны Олон улсын тэмцээн алт, аравдугаар сарын 22-27-ны хооронд Сингапурт зохиогдсон U18 насны тэмцээний түрүү, Монголд зохиогдож буй тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан. Надад хүрэл, алтан медаль хамгийн их байдаг. Үргэлж ялж байж авах медаль учраас хамгийн үнэ цэнтэй дурсамж, туршлагыг бий болгодог.

-Хэзээнээс сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бэ. Юу нь чиний сонирхлыг хамгийн их татсан юм бэ?

       -Тавдугаар ангиасаа сагсан бөмбөгийн спортыг сонирхож, тоглож эхэлсэн. Багаар ажиллах чадвар, цаг минут бүрийн үнэ цэн ямар их чухал гэдгийг ойлгож, түүнд зориулж буй хүч хөдөлмөрийнхөө үр шимийг амжилтаар баталгаажуулан баярлах нь гоё санагддаг.

-Тамирчдад багаасаа тоглолтыг үзэж, даган дуурайж ирсэн тамирчин байдаг. Таны хувьд хүндэлдэг тамирчин гэвэл хэнийг нэрлэх вэ?

           -NBA тоглогчдоос Кевин Дюрант, Монголоос  МУГТ Б.Билгүүн, Т. Санчир ах нарийг хүндэлж, үлгэр дуурайлал авдаг

-Ирээдүйд орохын хүсдэг сагсан бөмбөгийн баг бий юү, чамд аль нэг багаас санал ирсэн үү?

         -АНУ-ын коллежийн багт тоглож, улмаар Монгол Улсынхаа шигшээ багтаа тоглохыг зорин хичээж, хөдөлмөрлөж байгаа.  Одоогоор санал тавьсан баг байхгүй байна. 2025 оны нэгдүгээр сард Хятадын багаас ирж тоглох санал тавьж байсан. Тухайн үед ахлах сургуулиа төгсөөгүй байсан учраас түр саналыг нь хойшлуулсан. 

-Заал дүүрэн үзэгч, тамирчдын өмнө тоглоход сандрал, догдлол хэр байдаг вэ?

       -Хэт хөөрч, анхаарлаа сарьзнуулахгүй байхыг хичээдэг. Гэхдээ аваргын төлөө тоглох мөчид цаанаасаа л бага зэрэг догдолдог. Ер нь бол талбай дээр бие барих, сандрах юм бол тоглолт сайн болдоггүй юм шиг санагддаг. Хэрэв тийм байдалд орвол багийнхаа амжилтаас хойш татна гэсэн үг шүү дээ.

-Сагсан бөмбөг багийн спорт шүү дээ. Багийнхныхаа талаар ярихгүй?

         -Би Алдар спорт хороо U18 насны багт үеийн хүүхдүүдтэй нэг багт тоглож байгаа. Мөн Монголын сагсан бөмбөгийн холбооны М Хөгжлийн лигт Улаанбаатар Гарди багт ах нартайгаа нэг багт тус тус тоглож байна.

-Эх орноо төлөөлж олон улсын тэмцээнд явахад юу бодогддог вэ?

           -Зорин очиж буй улсын хэл соёл, зан заншил тэмцээнд өрсөлдөж буй тамирчид тухайн улс орны ард түмнийг хүндэлж, зөв биеэ авч явахыг хичээдэг. Баг хамт олон болон багш дасгалжуулагч нараа хүндэлж уралдаан тэмцээндээ амжилттай оролцож түрүүлэхийг нэн тэргүүнд  зорилго болдог. Монгол Улсынхаа нэрийг дуудуулж, төрийнхөө дууллыг эгшиглүүлэхийг хүсдэг.

-Сагсан бөмбөгийн спорт чиний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

             -Сагсан бөмбөг надад хүнийг хүндлэх, тэсвэр хатуужилтай байхыг заасан. Мөн аливаад хүлээцтэй хандах хэрэгтэйг ойлгуулж, амьдралд минь олон талаараа эергээр нөлөөлсөн.

-Оролцож байсан тэмцээнүүд  дундаас нь хамгийн сэтгэлд үлдсэн тэмцээн бий юү. Онцолж яривал?

             -Тавдугаар ангид байхдаа анхны тэмцээнд оролцож байсан мөч хамгийн гоё дурсамжтай. Мөн 2025 онд Бээжин хотод зохиогдсон U17 насны есөн орны толигчид дундаас шилдгийн шилдэг тоглогч болж тухайн тэмцээний бэлгэдлийн гарааны таван  тоглогчийн нэгээр дуудагдаж байсан мөч санаанд маш дот үлдсэн. Олон тэмцээнүүдэд амжилт гаргаж ялж, ялагдсан мөч бүр минь надад нэгийг ойлгуулсан, үнэ цэнтэй дурсамж болж үлддэг.

-Гэр бүлд нь спортоор хичээллэдэг хүн бий юү. Хүүгээ сагсан бөмбөгөөр хичээллэж, амжилттай дүүрэн байгааг гэр бүл нь хэрхэн хүлээж авдаг вэ?

             -Манай өвөө, аав сагс тоглодог байсан. Аав маань Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигт Лидерүүд багаас тоглож аварга авч байсан.

-Таны дараагийн мөрөөдөл, зорилго юу байгаа вэ?

                -Эзэмшсэн мэргэжлээрээ Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтуудыг бий болгож хөдөлмөрлөх нь миний зорилго. Гэхдээ АНУ-ын NCAA багт тоглох, Монгол Улсын шигшээ багийн тоглогч болох, гаднын лигүүдэд тоглохыг мөрөөддөг.

 


Э.ЭНХ-АМАР: ASIA PACIFIC CUP ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛСОН АНХНЫ МОНГОЛ БАГИЙН ТАМИРЧИН ГЭДГЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188