• Өнөөдөр 2024-12-12

З.ЧИНГҮҮН буюу YAMAKASI: BTS ХАМТЛАГИЙНХНЫГ ДАГАЖ БҮЖИГЛЭДЭГ БАЙСАН ХҮҮХЭД СОЛОНГОСЫН ТАЙЗАН ДЭЭР ХАМТ БҮЖИГЛЭЖ БАЙГААГАА МЭДРЭХ ҮНЭХЭЭР САЙХАН БАЙСАН

2024-11-03,   594

БНСУ-ын шилдэг бүжигчдийг өрсөлдүүлсэн “Be Mbitious” нэвтрүүлэгт оролцож, эцсийн шатны үзүүлбэрт монгол цамцтай бүжиглэсэн залуу бол З.Чингүүн буюу Yamakasi. Шилдэг бүжигчидтэй өрсөлдсөн түүний дараагийн зогсоол нь дэлхийн алдарт BTS хамтлагтай хамтран ажиллах байлаа. BTS хамтлагийнхны цэрэгт татагдахаасаа өмнө бүрэн бүрэлдэхүүнээрээ хийсэн “Yet to come” тоглолтод тэр бүжиглэсэн юм. Үүгээр зогсохгүй Baekhyun, Taemin тэргүүтэй БНСУ-ын хамгийн алдартай дуучидтай хамт тайзан дээр бүжиглэж байгаа билээ. Ингээд Дархан хотын бүжигчин хүү хэрхэн дэлхийн алдартнуудтай нэг тайзан дээр бүжиглэдэг болсон талаарх ярилцлагыг танд хүргэж байна.


-“Be Mbitious” өрсөлдөөнт нэвтрүүлэгт оролцохоор шийдсэн үеэс нь яриагаа эхлэх үү?

-БНСУ-д анх очихдоо л хамгийн алдартай бүжигчин болох зорилготой байсан. Сурсан ч, ажилласан ч бүжиглэхээ огт зогсоогоогүй. Намайг баталж харуулах тайз гарч ирэхийг хүлээсэн. Өөрийнхөө чадварыг хичээн дээшлүүлж байсан ч эргэлт хийх цэг хэрэгтэй шүү дээ. “Be Mbitious” бол ганцаараа бүжиглэдэг залуусыг гаргаж ирэх зорилготой нэвтрүүлэг байсан л даа. Нэвтрүүлэгт оролцохын тулд танилцуулга, бүжгийн бичлэгээ явуулж, дараа нь ярилцлагад орсон. БНСУ-д манай улсын хүн амтай дүйцэхүйц хэмжээний бүжигчид бий. Алдартай бүжигчид оролцож байгаа тул надад боломж олдохгүй ч байж магадгүй гэдгийг ойлгосон. Гэхдээ долоо хоногийн дараа нэвтрүүлгийн ярилцлагад орох санал ирсэн. Нэрээс минь болоод намайг Япон хүн гэж бодсон гэсэн, Монгол хүн гэдгийг сонсоод их гайхсан. Миний бүжиглэхийн төлөө хичээж байгаа түүх, авьяас чадвар тэдэнд таалагдсан учраас тэнцэж, шоунд оролцсон доо.

-Тус нэвтрүүлгийн ганцаарчилсан үзүүлбэрийн үеэр монгол цамцтай бүжиглэсэн шүү дээ. Хүн бүрд монгол хүн гэдгээ гайхуулсан үзүүлбэр шиг санагдсан. Тус бүжгийнхээ талаар ярихгүй юу?

-Шилдэг 21 оролцогч тус бүр ганцаарчилсан үзүүлбэр үзүүлэхээр болсон. Тухайн үед бүгд мундаг бүжигчид гэдгийг ойлгож байсан учраас монгол хүн гэдгээрээ ялгарч, өөрийнхөө түүхийг өгүүлье гэж шийдсэн. Тэгээд "Chris Brown-Welcome to my life" дууг сонгож, бүжгээ дэглэсэн. Дууны утга нь “Нэг саад бэрхшээлийг давсан ч дахиад нэг бэрхшээлтэй тулгардаг. Би энэ саад бэрхшээлүүдийг давсаар байх болно” гэдгийг өгүүлсэн байсан. Би Дарханд бүжиглэж эхэлсэн учраас хотод очиж бүжиглэхийг хүссэн, дараа нь шилдэг бүжигчин болохын тулд БНСУ-ыг зорьсон, одоо би “Be Mbitious” нэвтрүүлгийн эцсийн шатны үзүүлбэрийг үзүүлж байна, надад дахиад ч туулах олон зам бий гэдгийг бүжгээрээ харуулсан. Монгол хувцастайгаа бүжиглэсэн чинь хийморь сэргэж байгаа юм шиг санагдсан.

-Нэвтрүүлгийн дараа BTS хамтлагийн тоглолтод бүжиглэх санал ирсэн үү. Тус санал магадгүй хамгийн гайхалтай дуудлага байсан байж магадгүй шүү дээ?

-Нэвтрүүлгийн дараа “SM” энтертайнментад ажиллаж байсан юм. Тэр үед л "Hybe" энтертайнментын бүжиг дэглээч, тайзны найруулагч намайг харсан юм билээ. Манай хамтлагийн ахлагчтай холбогдоод “Танайд  Yamakasi гээд бүжигчин байна. Бид BTS хамтлагийн энэ удаагийн тоглолтод хамгийн шилдэг бүжигчдийг авч ажиллуулах хүсэлтэй байна. Yamakasi бүжигчинтэй хамтрах боломжтой юу” гээд холбогдсон гэсэн. Ахлагч маань тус саналын талаар надаас асуухад нь “Та юу асууна вэ, мэдээж болно” гэсэн. Ингэж л "Hybe" энтертайнмент руу томилолтоор явж “BTS” хамтлагийн “Yet to come” тоглолтод оролцсон доо.

-БНСУ-ын хамгийн алдартай хамтлагийн тоглолтод бүжиглэх үеийн мэдрэмжийг эргэн дурсвал?

-Хүнд тийм том боломж ороод ирэхээр бодит байдлаа сайн мэдэрдэггүй юм билээ. Бид мэргэжлийн бүжигчид учраас сэтгэл хөдлөлөө төдийлөн гаргадаггүй юм. Сэтгэл хөдлөлөө барихыг хичээсэн ч чадаагүй үе нь тоглолтын өдөр байсан. Пусан хотын 52 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх дүүрчихсэн, гадаа нь төдийгүй шууд дамжуулалтаар 50 сая хүн үзэж байгаа тоглолтын тайзан дээр гарах мөч үнэхээр гайхалтай байсан. Яг тайз руу гарах гэж байхдаа сандраад бүжгийнхээ хөдөлгөөнийг мартчихсан. Гэхдээ би хэчнээн мартсан ч бие шууд бүжиглээд эхэлсэн. Миний зогсож байгаа байранд зогсож, бүжиглэхийг мөрөөддөг олон бүжигчин байгааг мэддэг учраас алдах эрхгүй гэдгийг мэдэж байсан. Тухайн үед үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрсөн. 2013, 2014 онд намайг Дарханд бүжиглэдэг байхад BTS хамтлаг бүжгийн бэлтгэлийн бичлэгээ youtube дээр их хуваалцдаг байсан юм. Тайзан дээр байхад тэр үе бодогдсон. Бичлэгийг нь тавиад дагаж бүжиглэдэг байсан хүүхэд хамтдаа тайзан дээр бүжиглэж байгаагаа мэдрэх үе үнэхээр сайхан байсан. “Амьдрах сайхан юм аа” гэж бодсон.

НАДААР ДАМЖУУЛЖ МОНГОЛЫН СОЁЛЫГ МЭДЭХ УЧРААС ХААНА Ч БАЙСАН ӨӨРИЙГӨӨ 100  ХУВЬ ДАЙЧЛАХЫГ ХИЧЭЭДЭГ

-“SM” энтертайнменттай байнгын хамтын ажиллагаатай байгаа юу. Baekhyun, Taemin тэргүүтэй уран бүтээлчидтэй хамтарсан шүү дээ?

-Анхны гараа бол “SM” энтертайнмент байсан. Гэхдээ гэрээ бол хийгээгүй ээ. EXO хамтлагийн гишүүн Baekhyun-ий эргэн эрэлт таарч хамтарсан. Төдийлөн сайн мэддэггүй байсан ч үнэхээр алдартай хамтлагийн гишүүн гэдгийг нь мэдэж байсан. Миний хувьд хамтарч ажилласан уран бүтээлчид дундаас хамгийн сэтгэл хангалуун ажилласан хүмүүсийн нэг нь Baekhyun байсан.

-К-поп салбарын уран бүтээлчид удаан хугацаанд бэлтгэгддэг, дуучин болсон ч хатуу бэлтгэлийн журам баримталдаг гэсэн ойлголтыг сонсогчдодоо өгдөг шүү дээ. Тэгвэл хамт ажилладаг хүний хувиар үүнтэй хэр санал нийлэх вэ?

-Хэрцгий л дээ. Тийм хатуу байдаг учраас ч салхилга баттай байдаг байх. Энэ нь зөвхөн дуучин, уран бүтээлчдэд хамаатай зүйл биш. Зураглаач, бүжигчин, найруулагч гээд бүгд алдах эрхгүй. Би Монголоос ирсэн гадаад хүн, очсон газар бүрдээ бараг ганц монгол хүн байдаг байсан. Надаар дамжуулж Монголын соёлыг мэдэх учраас хаана ч өөрийгөө 100  хувь дайчилж байхад уран бүтээлчид нь надаас ч илүү хөдөлмөрлөж байгаа юм. Уран бүтээлчид хажууд нь байгаа хүмүүс түүний төлөө хөдөлмөрлөж байгаа гэдгийг сайн мэддэг. Тиймээс ч илүү сайн байх ёстойгоо ойлгодог, хэдхэн цаг унтсан ч гомдолгүйгээр цааш үргэлжлүүлдэг. Тэгж хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн хажууд байхаар би ч сахилга баттай бүжигчин болдог юм билээ.

-Яагаад БНСУ-ыг сонгож суралцах болсон юм бэ?

-Улаанбаатарт оюутан болж ирснийхээ дараа гадаадад гарч бүжиглэх ёстойгоо ойлгосон. Оюутан учраас гэр бүлийнхнээсээ л санхүүгийн дэмжлэг авч байгаа шүү дээ. Тиймээс дураараа гадаад явахыг хүсэж байгаагаа хэлж зүрхлээгүй. 2016 онд БНСУ-ын бүжгийн тэмцээн зарлагдсан байсан, нэгдүгээр байрт шалгарвал тус улсад тэтгэлэгтэй суралцах байсан. Тухайн үед “Ингээд л гадаад явчих юм байна” гэсэн бодол төрсөн. Өөрийгөө дайчилж бүжгээ бэлдсэний үр дүнд нэгдүгээр байрт шалгарч, БНСУ-ыг зорьсон доо.

-БНСУ-д очоод шууд бүжгээрээ хичээллэж чадсан уу?

-Хийх ёстой бүх зүйлээ хийнэ гэсэн зорилготой байсан учраас ямар нэгэн байдлаар шантраагүй ээ. Гэхдээ “Хэл сайн мэдэхгүй би өөрийгөө хэрхэн ойлгуулж бүжигтэйгээ золгох вэ” гэсэн зовнил байсан. Сөүлээс хэдэн цагийн зайтай хотод очсоныхоо дараа санаандгүй байдлаар бүжгийн студи олоод шууд орсон. Хэл сайн мэдэхгүй ч учраа олоод бүртгүүлсэн. Ингээд долоо хоногийн дараа цалингаараа ойр зуурын хэрэгтэй зүйлсээ бэлдээд, үлдсэнийг нь бүжгийн студидээ зарцуулсан.

-Бүжиг сонирхох болсон шалтгаан нь юу байв?

-Хэзээнээс бүжиглэх дуртай болсноо мэдэхгүй юм. Гэхдээ багынхаа зургийг харахаар дандаа л бүжиглэж байхдаа даруулсан зураг байдаг. Бүжигтэй анх танилцуулсан хүн өвөө минь юм болов уу. Өвөө минь хөгжимд их дуртай, Майкл Жексоны тоглолтыг үзүүлдэг байлаа. Тэр үед түүн шиг дуулдаг болохыг биш, бүжиглэдэг болохыг л хүссэн.

-Гэр бүлийнхэн нь бүжигчин болно гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-“Бүжгээр хоол олж идэхгүй” гээд дэмждэггүй байсан. Гэхдээ бүжиглэх дуртай байсан учраас нэлээн зөрсөн. БНСУ-д очсоныхоо дараа хийж байгаа зүйлсийг минь хараад илүү ойлгосон байх. Ээж минь жүжигчин байсан, тиймдээ ч урлагийн салбар хэцүү гэдгийг нь мэддэг учраас эсэргүүцсэн байж ч магадгүй.

-Бүжгийн урлагийг сонирхож, хичээллэж эхэлсэн З.Чингүүн болон мөрөөдлийнхөө төлөө хичээсээр өнөөдрийг хүрсэн Yamakasi хоёрын хооронд ялгаатай зүйл олон байна уу?

-Анх бүжиглэж байхдаа мэдэрдэг байсан тэр мэдрэмж одоо ч миний дотор байгаа. Би бүжигчин ах нараасаа “Тэр мэдрэмж алга болчихсон учраас өөр зүйл хийж байгаа” гэхийг олон сонссон. Надад бол одоо ч энэ дүрэлзсэн мэдрэмж үргэлж байдагт баярладаг. Мэдрэмж, бүжгийг хардаг өнцөг минь яг л хэвээрээ. Ялгаатай зүйл нь ур чадварын хувьд гарсан дэвшил байх. Би одоо чадвараа илүү дээшлүүлж, АНУ-д очиж бүжиглэж үзэхийг хүсэж байна.

 


З.ЧИНГҮҮН буюу YAMAKASI: BTS ХАМТЛАГИЙНХНЫГ ДАГАЖ БҮЖИГЛЭДЭГ БАЙСАН ХҮҮХЭД СОЛОНГОСЫН ТАЙЗАН ДЭЭР ХАМТ БҮЖИГЛЭЖ БАЙГААГАА МЭДРЭХ ҮНЭХЭЭР САЙХАН БАЙСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188