• Өнөөдөр 2024-05-06

Т.УЯНГА: Замаас хол шидчихсэн архины шил түүх надад амаргүй байлаа

2022-07-13,   560

   Хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр бага насны гурван охин аавынхаа хамтаар сумын төв орох зам дагуух шилэн хаягдлыг түүж хогийн цэг дээр буулгасан тухай цацагдсан. Тэгвэл “Эргэлт.мн” мэдээллийн сайтаас  Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн зургаадугаар ангийн сурагч Төрбатын Уянгатай холбогдож ярилцлаа. 

-Гэр бүлээрээ хийсэн сайхан үйл хэрэг нь олон нийтийн сүлжээнд олон эерэг сэтгэгдэл авчээ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? 
 
         -Намайг Төрбатын Уянга гэдэг. Би Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын сургуулийн зургаадугаар ангид сурдаг. Аав, ээж болон ах, хоёр дүүгийн хамт Улиаст багт мал маллан амьдарч байна. Анх багийн дарга энэ ажлыг санаачлан бидэнд санал тавьсан. Ээж, аав маань уриалгахан хүлээж авч, бид шил түүх ажилдаа орсон.  Манай гэрээс сум хүртэлх авто зам дагуу хүмүүсийн хаясан бүх шилийг аав болон хоёр дүүгийн хамт түүж дуусгасан. 
 
 
-Чи өөрөө зургаадугаар анги, дүү нар чинь бага насны хүүхдүүд гэхээр шил түүх ажил хэцүү байсан уу? 
 
     -Аав маань “За миний хүүхдүүд ажил хийвэл дуустал гэдэг юм шүү. Зам дагуу шилүүдийг алдахгүй сайн олж хараарай. Бүгдийг нь авах ёстой шүү” гэж хэлсэн. Замаас хол шидчихсэн архины шилийг түүх л надад амаргүй байлаа. Дүү нар маань ч гэсэн ядарсан байх аа. 
 
-Хол явах нь амаргүй байсан гэлээ. Тэгвэл энэ ажлыг хийж байхад юу нь хамгийн сайхан санагдсан бэ? 
 
   -Би бага зэрэг цангаж байсан. Гэхдээ л энэ ажлыг хийх нь надад сайхан санагдаж байсан болохоор шантралгүйгээр үргэлжлүүлж, байгаль дэлхийгээ цэвэрхэн байлгахын төлөө бүхнээ шавхсан даа. Харин гэрт очих үед бидэнтэй явсан бага дүү маань их ядарсан байсан. Аргагүй шүү дээ, миний дүү чинь дөнгөж хоёрхон настай юм чинь. Манай аав бол хамгийн мундаг нь. Аав минь бидний төлөө үргэлж бүхнийг хийж, гаргасан санал бүрийг чин сэтгэлээсээ дэмжиж, дандаа хамт байдаг. Тиймээс аавдаа үргэлж баярладаг. Тийм болохоор л бид нар хамтдаа үүнийг хийж дуусгасан. 
 
-Багийн дарга нь та нарт туслах хүн олж өгөөгүй юм уу? 
 
    -Өөр хүмүүс туслалцаа үзүүлээгүй болохоор бид дөрөв шилээ заавал түүж дуусгах ёстой байсан. Дараа нь би өөрөөрөө бахархаж, бас маш их урам зориг орж байлаа. Ойр дотны хүмүүс болон сумын дарга нар ирээд “Баярлалаа, мундаг байна” гэж хэлсэн. Том хүнээс ийм үг сонсоод урам зориг авсан. Гэхдээ манай гэр бүл тэр өдөр түүгээд л больчихоогүй. Түүнээс хойш бага багаар одоог хүртэл хаягдал шил түүж байгаа.
  
-Яагаад вэ, багийн дарга нь “Дахиад шил түүгээрэй” гэсэн юм уу?
 
    -Үгүй ээ. Өмнө нь хийсэн ажлаа амжилттай дуусгаад сайхан байсан болохоор л гэр бүлээрээ ярилцаад дахин хийж байгаа нь энэ. Үүгээр зогсохгүй байгалиа хамгаалж, хайрлаж болох дараагийн ажлыг бодож олоод заавал хийх болно гэж боддог. 
-Архины шил түүж байхдаа хаясан хүмүүсийнх нь талаар бодож байв уу? 
 
    -Бодоогүй ээ, гэхдээ хүмүүст хандаж хогоо битгий зам дээр хаяж байгаарай, ядаж цуглуулаад хогийн цэг дээр хаяж байгаарай гэж хэлмээр байна. 
 
-Хаягдал шил нь хагарсан байдалтай байсан уу, гараа гэмтээгээгүй биз?
 
  -Нээрээ цөөнгүй шил хагарсан байсан шүү.  Гараа эсгэж,  зүсэх вий гэж бодоод болгоомжтой түүсэн. Хаягдал шил хагараад малын маань туурайнд зоогдчихоод байдаг. Энэ нь бас хүндрэлтэй байдаг болохоор хоггүй л байвал сайхан байна.  
 
-Чи ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ? 
 
  -Би ирээдүйд багш болно. Тэгээд олон хүүхдэд эх дэлхийгээ хайрлах талаар зааж сургана гэж мөрөөддөг. Энэ мөрөөдлийхөө эхлэлийг одооноос биелүүлж байгаа юм. Мөн аав ээждээ байнга туслаж, хониндоо морио унаад явхын хажуугаар гэрийнхээ ойр орчмыг хоггүй болгоод цэвэрхэн орчинд амьдарч байна.  Ер нь хүн бүр ойр орчныхоо хогийг түүгээд байвал бүх газар цэвэрхэн болно доо. Найзууддаа ч бас энэ талаар уриалж, өөрийнхөө хийсэн зүйлийг удахгүй харуулна гэж бодож байгаа.
 
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа, сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.
 
  -Баярлалаа.
 

Т.УЯНГА: Замаас хол шидчихсэн архины шил түүх надад амаргүй байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188