• Өнөөдөр 2025-12-18

МУГЖ Н.АШИД: Морин хуур, хөөмийгөөр хөглөгдсөн он жилүүдийг минь мялааж, Гавьяат цолоор шагнасанд талархал дүүрэн байна

2025-12-11,   409

  Улсын филармонийн Морин хуур, найрал хөгжмийн морин хуурч, хөөмийч Н.Ашидтай ярилцлаа. Тэрбээр энэ жил улс тунхагласны баяраар МУГЖ цол хүртсэн юм.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, гэр бүл, хайртай дотны хүмүүсээ баярлуулсан баяр жаргалтай өдрүүд өнгөрч байгаа болов уу. Шагнал авахаа дуулсан мөч мөн хамгийн сайхан байсан байх?
 
      -Баярлалаа. Үнэхээр сайхан байна. Морин хуур, хөөмийгөөр хөглөгдсөн он жилүүдийг минь мялааж, Гавьяат цолоор шагнасанд талархал дүүрэн байна. 1998 оноос Улсын филармонид морин хуурч, хөөмийчөөр ажиллаж байна. Энэ хугацаанд дэлхийн 50 гаруй орны хамгийн нэр хүндтэй тайзан дээр гоцлон өнгөлж морин хуураа тоглосон байна. Саяхан гэхэд манай хамт олон Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Италийн Ром хотод тоглоод ирсэн байгаа. Өнгөрсөн онд гэхэд их олон орноор тоглолоо. Ер нь дэлхийн хамгийн том тайзыг тодотгоод хэлэх юм бол АНУ, НҮБ-ын танхим, ОХУ-ын Большой театр, Кремлийн ордон, Санкт петербург хотын Марийнский театр, Капелла театр,  Берлиний филармонийн танхим, Австрийн Вена хотын алтан танхим, Японы эзэн хааны ордон, Токио хотын танхим, Хятадын Сувдан театр, Австралийн Седней театрын Седней опра хаус, Парис хотын Юнескогийн танхим, Парис хотын хааны ордны дуурийн театр гээд дэлхийн томоохон тайзан дээр тоглосноороо онцлогтой. Миний хувьд Морин хуур, найрал хөгжимдөө тоглохоос гадна олон улсын оюутнуудад өв соёлын тухай хичээл ордог. Тэгээд хичээлээ орох гээд явж байхдаа шагнал авахаа мэдсэн. Санамсаргүй мөртлөө их бэлгэшээн хүлээж авсан.
 
 
-Гэр бүлийнхэн нь таниас дутахгүй баярласан байх. Ямар сайхан үгийг танд хэлэв?
 
     -Намайг анх урлагт оруулсан хүн бол манай эмээ. Жаргал гэж дуурийн туслах найруулагч хийж байсан хүн. Эмээ маань намайг анх 1996 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн хийл хөгжмийн ангид оруулж, би хийл хөгжмөөр хичээллэж байгаад сүүлд морин хуураар хичээллэдэг болсон. Тэгэхээр төрийн энэ сайхан өндөр цолыг хүртэж байгааг эмээ минь харсан бол их баярлаж, бахдах байсан даа гэж бодогдсон. Манай гэр бүлийн хүн урлагийн хүн биш ч урлагийн удамтай улс. Эхнэрийн маань аав Монгол Улсын Гавтяат багш Л.Галмандах. Мөн эхнэрийн дүү ОХУ-ын Буриадын Төрийн соёрхолт, ерөнхий удирдаач Г.Баттулга гэж хүн байдаг. Аавын маань бага дүү Морин хуурын чуулгад үлээвэр, лимбэ хөгжимчин хийж байгаад тэтгэвэртээ гарсан.
 
-Урлагийн олон төрөл дотроос яагаад морин хуур, хөөмийгөөр сонгож хичээллэсэн бэ?
 
       -Анх надад морин хуур заасан хүн бол Монголын алдарт морин хуурч, Соёлын тэргүүний ажилтан Баатархүү багш. Морин хуураар хичээллэж байгаад МУГЖ, Монголын хөөмийний ноён оргилуудын нэг Д.Сундуй гэж хүнд шавь орж, давхар хөөмийд суралцсан. Энэ сайхан багш нартаа шавь болж орсон минь гайхамшигтай хувь тохиол гэж талархаж явдаг. Сүүлд Морин хуур чуулгад ороод, Ардын жүжигчин Ц.Батчулуун багшаасаа мөн их зүйл сурсан. Дараа нь алдарт хөөмийч Т.Ганболд гэж алдартай хүнээр Монголын язгуур урлагийн эрдмийг заалгаж, тэр хязгааргүй далайн зах зухаас нь суралцан, мэдэж, түүнийгээ өөрийнхөө шавь нарт түгээн дэлгэрүүлж, гадаадын олон тайзнаа монгол язгуур урлаг, түүгээр дамжуулан Монголынхоо өв соёл, эх орноо сурталчилж байгаадаа их баярлаж явдаг аа.
 
-Морин хуурч, хөөмийч гэхээр ардын урлагийн их чухал хүмүүс боловч бусад уран бүтээлчийг бодоход хүмүүст төдийлөн танил байх нь бага шиг санагддаг?
 
        -Харьцангуй хөгжимчин улс дуучдынхаа хойно, багаараа нийлж тоглолт үзүүлдэг улс. Оркестр, найрал хөгжим нийлж байж тэр сайхан ая, аялгууг хөгжмөөр цуурайтуулж эгшиглүүлдэг. Хөгжмөөр илэрхийлж болохгүй зүйл байхгүй. Хөгжим бол бүх зүйл илэрхийлж чадах хүнтөрөлхтний бүтээсэн гайхамшигтай өв соёл. Энэ ч утгаараа хөгжмийн соёлыг ойлгож, мэдэрч сонсох хүнээс их тэвчээр, хөгжмийн боловсрол шаарддаг. Тиймээс хүний нүдэнд дуучид шиг хүрэх нь бага. 


-Энэ байдал нэг талаараа хувь уран бүтээлчийн хувьд сул тал биш үү?
 
     -Мэдээж нэг сул тал мөн. Харьцангуй хөгжимчид өөрсдийгөө дөвийлгөх дургүй байдаг. Энэ нь хөгжимчин хүний хүмүүжилтэй их холбоотой. Их урлаг бол хүнийг их хүмүүжүүлдэг. Агуу том урлаг учир хэн ч оргилд нь хүрчихлээ гэж байдаггүй. Байнга суралцаж, хөгжиж байдаг. Шинэ үе гарч ирэхээр шинэ урсгал хөгжинө. Тэгэхээр энд бол би гэх утга байхгүй. Ц.Батчулуун багш маань бидэнд "Их хурдан мандсан юм нурах нь амархан" гэж хэлдэг байсан. Тэгээд биднийг ямар ч байсан ухарч болохгүй. Аливаа юм байнгын урагшилж байх ёстой. Ингэж явсан зүйл нурна гэж байхгүй. Нэг ёсондоо суурь сайтай, олон мянган жилийн түүхтэй өв соёлоос үүсэлтэй урлаг. Цаашид ч олон мянган жил өвлөгдөөд явах учир зарим талаараа бусад урлагаас өөр.
 
-Тайзнаа гарах бүрдээ хамгийн сайхан мэдрэмжийг авдаг байх?
     -Тайз, үзэгч их, бага гэсэн ойлголт уран бүтээлчдэд байхгүй. Бүх л уран бүтээлч бусдад сайн сайхан уран бүтээлээ толилуулах үүрэгтэй. Харьцангуй ардын урлаг өөрөө өвөрмөц, давтагдашгүй урлаг учраас Морин хуурын найрал хөгжим маань монголчуудаас гадна дэлхийн олон тивд хүрч, үзэгчидтэй байгаад баярладаг.
-Та бүхний очиж тоглосон орнуудаас аль улсын үзэгчид манай ардын урлагийг үзээд бүр нэг мартагдашгүйгээр гайхан биширч, сэтгэгдлээ илэрхийлж байсан бол?
 
            -ОХУ-ын Марийнский театр, Францын дуурийн театрын үзэгчид харьцангуй өөр. Тэдний ямар үед нь алга таших вэ, ямар үед нь зогсох вэ гэдэг нь удирдаач нь өөрөө удирдаж байгаа юм шиг л байдаг. Тэгээд бүгд чимээгүй болдог, алга ташихаараа аадар бороо орж байгаа мэт байдаг. Ийм сайхан үзэгчдэд тоглоход сайхан байхаас гадна өөр орчин, өөр сэтгэлгээгээр хүлээн авч байгаа нь мэдрэгддэг. 
 
-Морин хуур, найрал хөгжим хэчнээн хүний бүрдэлдэхүүнтэй байна вэ. Танай хамт олонд Чингис хаан одон хүртээсэн их том үйл явдал болсон шүү дээ?
 
           -Морин хуурын чуулга маань Ерөнхийлөгчийн зарлигаар Морин хуур, найрал хөгжим болсон. Ингэснээр илүү өргөн цараатай болж эхэлсэн. Энэ утгаараа илүү том тайзан дээр том хэлбэрийн бүтээл тоглоход хөг, дуу дуугаралтын хувьд дутуу зүйл үгүй болсноороо онцлог. Дээрээс нь ямар ч том хэлбэрийн бүтээл найруулаад тоглосон ямар дуугаралт байдаг уу, тэр хэмжээгээр бүрэн дуугарах боломж бүрдсэн. Тэгээд Морин хуур, найрал хөгжимд Чингис хаан одон гардуулсан нь Монгол төр маань Монголынхоо язгуур урлаг, түүн дотроо морин хуураа хэрхэн хүндэтгэн хандаж байгаа хамгийн том хэлбэр шүү дээ. Төр маань аль өв соёлоо эрхэмлэн дээдлэх, юугаа мандуулан бадраах, бахархалт зүйлээ илүү тодруулсан, томруулсан үйл явдал болсон гэж хардаг. 
 
-Гол төлөв залуучууд энэ багийг бүрдүүлж байна уу?
 

  -Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан. Харьцангуй бусад чуулга, театр дотроо хамгийн залууд орж байгаа. Анх чуулга байгуулагдсан үе бол дөнгөж зах зээл рүү шилжиж байсан цаг хугацаа. Ийм үед л манай Ц.Батчулуун багш, Н.Жанцанноров гуай нарын хүмүүс зориглон энэ сайхан байгууллагыг үүсгэн байгуулсан байдаг. Тухайн үед Ц.Батчулуун багш маань Хөгжим бүжигт мөн багшилдаг байсан болохоор залуучуудаар багаа бүрдүүлэн эхэлж байсан юм билээ. Тэгэхэд чуулгад ажиллаж байсан залуус одоо хэдийнэ 40, 50 хүрээд, түрүүчээсээ тэтгэвэртээ гараад явж байна. Мэдээж түүнээс хойш олон сайхан залуучууд орж ирж, өнөөдөр ч залуус голчлон ажиллаж байна. Ц.Батчулуун багш "Морин хуурын чуулгад ахмад, залуу гэж байхгүй. Би бүгдтэй нь адилхан харилцана. Уран бүтээлчид л гэж байгаа" гэж хэлж байсан. Бид ч мөн тэр зарчмаар явдаг.

 
-Таны хадам аав Л.Галмандах хөгжмийн зохиолчийн тухай багахан яриад яриагаа өндөрлөе?
 
      -Тийм ээ. Миний эхнэрийн аав, ард түмний хайртай уран бүтээлч. Би энэ сайхан айлын хүргэн болоод 25 жил болж байна. Би Монголын нэртэй энэ сайхан айлын нэгэнэ гишүүн болсондоо баяртай байдаг. Урлагийн хүнд ажлыг нь ойлгодог сайн ар тал их чухал. Уран бүтээлч бид чинь зөвхөн ажил дээрээ байхаас гадна хувь уран бүтээлчийн бэлтгэл, давтлага их байдаг. Мөн бид чинь хүмүүс амарч байхад ид ажлаа хийж байдаг улс. Дээрээс нь урлагийн ажил дан ганц биеэр үйлдэгдэхээс гадна сэтгэл, сэтгэхүйгээр хийж байж урагшилдаг. Юмаа төвлөрч, сэтгэл, оюунаа зориулж хийхийн тулд орчин их чухал. Тэр орныг, амар тайван уран бүтээлээ хийх нөхцлийг мэдээж гэр бүл л бүрдүүлж өгдөг. Энэ ч үүднээс эхнэр маань миний ажлыг ойлгож, ар гэрээ авч явдаг болохоор өнөөдөр би амжилттай яваа юм. Тиймээс эхнэртээ, гэр бүлийнхэндээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
    -Баярлалаа.
 

МУГЖ Н.АШИД: Морин хуур, хөөмийгөөр хөглөгдсөн он жилүүдийг минь мялааж, Гавьяат цолоор шагнасанд талархал дүүрэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188