• Өнөөдөр 2025-10-16

ДБЭТ-ЫН ДУУЧИН Ш.НАРАНЧИМЭГ: "Гүн гэрийн гүнж" дуурийн Цай вэн жинийн дүрд 2016 оноос гоцлон дуулж байна

2025-09-26,   624

      Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн "Гүн гэрийн гүнж" дуурийг УДБЭТ-ын уран бүтээлчид тайзнаа ирэх сарын 4, 5-нд тоглохоор бэлдэж байна. Үүнтэй холбоотойгоор бид  тус дуурийн эмэгтэй гол дүрийг бүтээж буй МУГЖ Ш.Наранчимэгтэй ярилцлаа.

  -ДБЭТ-ын 63 дахь улирлын дуурийн нээлтийг үндэсний сонгодог дуурийн нэг болох "Гүн гэрийн гүнж"-ээр эхэлж байгаа юм байна. Энэ улиралд яагаад энэ дуурийг сонгон тавих болов?
 
     -Тийм ээ. Миний хувьд "Гүн гэрийн гүнж" дуурийг 2016 онд анх тоглоход нь гол дүрд дуулж байлаа. Түүнээс хойш нэлээд ч тоглосон. Энэ жилийн тухайд Ц.Нацагдорж гуайн 75 насны ойд хүндэтгэл үзүүлж энэ улирлын тоглолтоо энэхүү дууриар нээх гэж буйгаараа онцлогтой. Ц.Нацагдорж хөгжмийн зохиолч бол ДБЭТ-ын дарга байсан, театртайгаа салшгүй холбоотой хүн. Энэхүү дуурийн өөр нэгэн шинэ зүйл нь удирдаач. Анхны тоглолтыг удирдаж байсан Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх удирдаач энэ жилийн тоглолтод урилгаар ирж удирдана. Мөн манай театрын ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдах юм.
 
-"Гүн гэрийн гүнж" дуурьт бүтээж буй дүрийнхээ тухай ярьвал, таны тоглосон бусад дүрээс юугаараа онцлогтой вэ?
 
     -Цай вэн жинийн гүнж бол бичгийн хүний угсаа гарвалтай эрдэм мэдлэгтэй хүн байсан байгаа юм. Онцлог гэхээс илүү сэтгэл үймрүүлдэг хэсэг нь тавдугаар үзэгдлийн хоёр хүүхэд салгаад авч явдаг хэсэг нь. Тэр хэсэгт бүгдээрээ их эвгүй болдог. Миний хувьд ч аль болох уйлахгүйгээр дуулах гэж их хичээдэг.
-Театртаа 20 гаруй жилийн хугацаанд хэчнээн дуурийн гол болон туслах дүрд тоглосон байна вэ?
 
      -Театрт орж ирээд 23 дүрийн гол болон туслах дүрд тоглосон байна. Ер нь сопрано хоолойд дуулагдаж буй бүх л дүрийн гол дүрд дуулсан байдаг. Анх 1995 онд Хөгжим бүжгийн коллежед элсэн ороод, 1999 онд СУИС-д ороод, 2003 онд төгсөөд театрт орж ирсэн. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна. Дунд нь Италийн Ром хотод очиж мэргэжил дээшлүүлсэн.
-Тайзнаа тавих нэг дуурьд бэлдэхийн тулд хэр хугацаанд бэлддэг вэ?
 
     -Театр жилийн өмнөөс тоглох дууриа төлөвлөгөөнд оруулдаг. Тэр дагуу бид хувийн бэлтгэлээ хийгээд  өөрсдөө юм аа сураад, сурсан зүйлсээ концертмейстертайгаа нийлж, удирдаач маань бидэнтэй нэг нэгээр нь ажлаад явахад жилийн бэлтгэл болдог. Гэхдээ богино хугацаанд бүх зүйлээ сураад орох тохилдол байна. Ер нь үргэлж бэлтгэлтэй, хөрвөх чадвартай байх ёстой байдаг. Нэг дуурьт 60 хөгжимчин, 50 орчим хоор, гол болон туслах дүрийн дуучид гэхчлэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ордог. 
 
-Анх удаа тоглож байгаа дуурьд дуулах, нэг дуурьдаа олон дуулах мэдээж өөр байх. Гэхдээ дуулж буй дуучин энэ ялгааг илүү мэдэрч байдаг байх?
 
     -Миний хувьд 2005 оноос хойш дуурийн гол болон туслах дүрд дуулж байна. Эргээд бодохоор хүн эхний 10 жилдээ суралцаад, дараагийн 10 жилдээ сэтгэл зүй, хоолой гээд бүх зүйлээ туршлагаар илүү гоё амилуулж тухайн дүрийг бүтээж дуулдаг юм шиг санагдсан. Нэг ёсондоо дуулах тусам сайжирч, байнга л суралцаж байдаг.
 
-Багш нь ямар хүн байдаг вэ?
 
      -Би Ардын жүжигчин А.Бүтэд багшийн шавь. Анх 16 настай Хөгжим бүжигт ирэхэд өөрийн охин шигээ хүлээн авч өнөөдрийг хүртэл надад заан, сургаж байгаа. Мөн МУГЖ Б.Солонго багш минь ямагт ард минь байж, хөтөлдөг. Багш нартаа баярлалаа гэдгээ хэлмээр байна.
 
-Гэр бүлийнхэн нь хамгийн сайн дэмжигч байдаг байх?
 
      -Тийм ээ.Мэдээж дуурийн дуучин хүнд ар тал их чухал байдаг. Манай гэр бүлийнхэн намайг үнэхээр сайн дэмжиж, бат байдаг. Одоо ирэх арваннэгдүгээр сард театр дээрээ бие даасан арав дахь тоглолтоо хийх гэж байгаа. Тэр бүхэнд туслаж, бүх юмыг минь гэр бүлийнхэн маань л хариуцаж байдаг. Тэгээд энэ ташрамд аав, ээж, хань, үр хүүхдүүддээ талархаж явдгаа илэрхийлье. 
 
-Ярилцсанд баярлалаа.
 
     -Баярлалаа

ДБЭТ-ЫН ДУУЧИН Ш.НАРАНЧИМЭГ: "Гүн гэрийн гүнж" дуурийн Цай вэн жинийн дүрд 2016 оноос гоцлон дуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188