-Сайн байна уу. Юуны өмнө танай хамт олонд “Тод хувцастай эмэгтэй” жүжгээ үзэгчдэд амжилттай хүргэж байгаад баяр хүргэе. Манай сайтын үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн. Сайн байна уу. Баярлалаа. “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Х.Намуун байна. 2015 онд Соёл урлагийн их сургуулийг Ж.Лхамхүү багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн.
-Таны хүүхэд насны дурсамжаар яриагаа эхлэх үү. Бага нас нь хаана өнгөрөөсөн бэ. Ямар хүүхэд байсан бэ?
-Бага насаа “Нисэх”-д өнгөрөөсөн. Нэг эгчтэй, айлын бага. Гэхдээ айлын ганц хүүхэд шиг эрх өссөн. Хөлд эрт орсон ч хэлд нэлээд удаж байж орсон гэж гэрийнхэн минь ярьдаг юм. Гэхдээ сайн ярьж өөрийгөө илэрхийлж чадахгүй хэр нь хоёр настай байхдаа сохор хүн болж гэрийнхнийгээ айлгадаг байсан гэдэг. Ер нь адтай, сэргэлэн, бас шооч хүүхэд байсан гэж ээж, аав минь хэлсэн. Юм л бол эцэг эхийгээ чаддаг хүүхэд байсан гэдэг. Харин би халимаг үстэй, нэлээн хөдөлгөөнтэй эршүүд хүүхэд байснаа их санадаг. Гэхдээ хүмүүстэй харилцах харилцаа,өөрийгөө ойлгуулах тал дээр ичимхий байсан. Сониуч байсан болохоор элдэв зүйл туршиж үзэх, оролдох сонирхолтой байсан. Ахлах ангидаа жүжигчин мэргэжлийг сонгох шийдвэр гаргасан учраас ичимхий зангаа хойш орхиод, хүмүүстэй харилцаж сурсан.

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ. Таныг урлагийн хүн болоход нөлөөлсөн зүйл юу вэ?
-Урлагийн хүн болоход аав минь л хамгийн их нөлөөлсөн дөө. Урлагийн хүн биш хэдий ч урлагт хайртай, урлагийн өндөр мэдрэмжтэй хүмүүс. Тийм учраас бага наснаас минь эхлээд урлагийг ойлгуулсан. Аав бид хоёр хамт үзсэн жүжиг, дууныхаа талаар ярилцаад суучихдаг, кино их үздэг байлаа. Одоо бодоход тэр бүхэн нөлөөлж урлагт дуртай болсондоо. Анх жүжигчин болохоор шийдээд, гэрийнхэндээ хэлэхэд их гайхаж хүлээж авсан. Тэгээд аав минь “Жүжигчний мэргэжил хатуу хүнд шүү дээ. Миний охин чинь эрх, ааштай байж чадах уу” гэж байсан. Би шийдчихсэн байсан болохоор “Би чадна аа” гээд л жүжигчин мэргэжлийг сонгосон юм. Дэлгэцийн уран бүтээлээс тайзны уран бүтээл илүү таалагддаг. Учир нь амьд мэдрэмж өгдөг.

-Мөрөөдлийн театрт хэрхэн орсон бэ. Хамт олныхоо талаар ярьж өгөхгүй юү?
-2017 онд хоёрдугаар дамжааны оюутан байхдаа Мөрөөдлийн театрын жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Оюутан байхад “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид шинэ тоглолт хийх гэж байгаа гээд СУИС-иас пробод орох хүүхэд авах гэж ирсэн. Тухайн үед манай ангийнхан бүгд шалгаруултанд орсон. Анх тэр тоглолтод бүжиглэх гэж ирсэн хүн чинь жүжгийн бэлтгэлд нь ороод одоог хүртэл ажиллаж байна. Ажиллаж эхлэснээсээ хойш хоёр шоу тоглолт, дөрвөн драмын жүжигт орсон байна. Миний сонгосон хоёр дахь гэр бүл гэж хэлж болно. Бүхэл бүтэн долоон жилийн турш ах, эгч нараасаа их зүйлс сурч, хөгжсөөр байна. Тэд минь надад итгэл хүлээлгэдэг учир итгэлийг нь алдахгүйг хичээдэг.
-“Тод хувцастай эмэгтэй” жүжгийн гурван хүүхэдтэй айлын бага охин Ариунаагийн дүрд тоглож байна. “Мөрөөдлийн театр”-ын тоглолтоос Намууныг харж байсан ч энэ удаа дүр нь яах аргагүй онцлог, голлон тоглож байна шүү дээ. Үүгээрээ өөрт чинь ч том хичээл болж байгаа байх. Нөгөө талаар тухайн дүр таны хувь хүн талаас хэр ойр санагдсан бэ?
-Тийм ээ. “Тод хувцастай эмэгтэй” жүжгийн Цолмон гэх айлын бага охин Ариунаагийн дүрд тоглож байна. Ариунаа надтай хувь хүнийхээ мөн зан чанарын хувьд, шийдэмгий байдлаараа төстэй. Мэдээж энэ дүрийг авсан минь том хариуцлага, итгэл. Энэ ч утгаар хичээн ажиллаж байгаа.

-Жүжгийн бэлтгэлд хэдий хугацааг зарцуулсан бэ. Олон жил урлагийн салбарт ажилласан туршлагатай хүмүүстэй хамтрахад ямар байсан бэ?
-“Тод хувцастай эмэгтэй” жүжгийг хоёр сарын хугацаанд бэлдэж, энэ сарын 1-нд нээлтээ хийсэн. Өнөө цагийн акулуудтай ажиллаж байгаа нь жүжигчин хүний хувьд аз завшаан гэж хэлж болно. Жүжигчин О.Энхтуул эгчээс их үлгэр дуурайлал авдаг. Тэр ч утгаар нэг тайзнаа ээж, охины дүрд тоглож байгаа минь том завшаан. Мундаг уран бүтээлч ах, эгч нараасаа их зүйлс сурч байгаа учраас би өөрийгөө их азтай хүн гэж боддог.
-Жүжгийн бэлтгэлийн үеэр болж байсан хөгжилтэй, дурсамжтай үеэ хуваалцахгүй юу?
-Өглөө эрт цуглаад шөнө орой болтлоо бэлдэх, хонож өнжих тохиолдлууд байсан. Хөгжилтэй явдлаа мартталаа бэлдсэн байна.
-Жүжгээ үзэгчдийн өмнө анх удаагаа тавихад ямар мэдрэмж төрсөн бэ. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?
-Нээлтийн өдөр бол маш чухал өдөр учраас сандрал бол нэлээд байсан. Тэр үед жүжигчин О.Энхтуул эгч минь бид нарыг тайвшруулсан. Тийм болохоор өмнөх тоглолтуудаасаа илүү тайван байж үзэгчдийнхээ өмнө тоглож чадсан. Үзэгчдийн сэтгэгдэл өндөр харагдсан. Хүмүүсийн хүлээж авч байгаа эмоци, мэдрэмжийг хараад маш их баяртай байна. “Тод хувцастай эмэгтэй” бол эх хүн ямар агуу байдаг талаар ойлгуулж өгсөн уран бүтээл. Жүжгийг маань үзсэн хэн бүхэн шууд ээж рүү гээ залгах байх.
-Мөрөөдлийн театрын отгон нь гэж хэлж болох байх, Ах эгч нар нь юу гэж зөвлөдөг вэ?
-Долоон жил болсон ч хамгийн бага нь хэвээрээ байгаа. Тийм болохоор ах, эгч нар минь эрхлүүлэх үедээ эрхлүүлнэ. Буруу зүйл хийсэн үед минь зэмлэнэ. Тэглээ гээд хүндээр тусгаж авдаггүй. Харин би юун дээр алдсан бэ гэдгээ бодоод засах гэж хичээдэг. Зөвхөн энэ газар ажиллаж байгаа гээд өөрийгөө блоклоод энд үлдэх албагүй. Тиймээс өөрийгөө хөгжүүл, эрэл хайгуул хий, шинэ юм турш гэж их зөвлөдөг.
-Цаашдын зорилго, мөрөөдлөө хуваалцаж болох уу?
-Тайзны уран бүтээлд хайртай учраас үүнийгээ орхихгүй. Цаашлаад дэлхийн хэмжээний тайзан дээр гарч жүжиглэхийг хүсдэг. Тэр тусмаа Английн театрт жүжиг үзэхээс гадна жүжиглэхийг мөрөөддөг.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Б.ХОНГОРЗУЛ
| ЖҮЖИГЧИН Х.НАМУУН: ХАЙРЛАЖ ХҮНДЭЛДЭГ О.ЭНХТУУЛ ЭГЧТЭЙГЭЭ ХАМТ НЭГ ТАЙЗАН ДЭЭР ТОГЛОНО ГЭДЭГ ТОМ АЗ ЗАВШААН БАЙЛАА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |