Тэрбээр өмнө нь “Луйвар”, “Ороолон”, “Бэрүүд”, Зура II “Цурам ажиллагаа”, “Харанхуй хад” зэрэг киноны гол болон туслах дүрийг бүтээсэн билээ.
-Сайн байна уу, та. Шинэхэн уран бүтээлээ нээсэнд мөн Соёлын тэргүүний ажилтан хэмээн цол хүртсэнд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа, энэхүү ярилцлагын минь уншиж буй та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Зура III “Цэвэрлэгээ” уран сайхны кино маань амжилттай сайхан нээж, үзэгчид маань бидэнд магтаалын үгээ харамгүй илгээж байна. Мөн энэ үеэр Соёлын тэргүүний ажилтан гэх эрхэм цолыг хүртсэндээ баяртай байгаа.
-Зура III “Цэвэрлэгээ” уран сайхны кино таны зургийн даргаар ажилласан хэд дэх бүтээл вэ. Киноны зураг авалт, план, баг бүрэлдэхүүн нүсэр болсон харагдаж байсан, хүндрэлтэй зүйл их байв уу?
-Миний зургийн даргаар ажилласан дөрөв дэх уран бүтээл байлаа. “Фантастик” продакшны уран бүтээлчид багаар ажиллах чадвар сайтай, өндөр хариуцлага шаарддаг хамт олон байдаг. Бид кино зурагт эхлэхээс гурван сарын өмнөөс бэлтгэл ажилдаа орсон. Маш том баг бүрэлдэхүүн гар нийлж, чадварлагаар энэ том бүтээлийн ард гарч чадсан. Намайг мөн уран бүтээлчийн хувьд ахиулсан гайхалтай бүтээл байлаа. Зургын даргын баг болон нийт хамт олондоо баярлалаа. Миний хувьд зургийн даргын хажуугаар ТЕГ-ын ажилтан Орхоны дүрийг бүтээлээ. Өмнөх бүлгүүдтэй уялдаа холбоотой сайхан бүтээл болсон байгаа. Бусдыг нь уншигчид кино театр очоод мэдэх биз ээ.
-Та багаасаа урлагтай ойр хүүхэд байв уу. Танай гэр бүлд танаас өөр урлагийн хүн бий юү?
-Ардын уран зохиолч Т.Галсан гуай манай эмээгийн төрсөн дүү. Өөр урлагийн хүн байхгүй ээ. Би хүүхэд байхаасаа л өөрийгөө урлагийн хүн гэж боддог байсан. Даруухан хүүхэд ч гэлээ сургуулийнхаа урлагийн наадамд дажгүй сайн оролцдог хүүхэд байлаа. Тэгээд арван жилээ төгсөхдөө Цагдаагийн академи, урлагийн сургуульд хоёрт аль нэгийг нь сонгоно гээд шалгалт өгөөд хоёуланд тэнцсэн. Тэгээд тогтмол цалинтай, ажлын байр бэлэн гэдэг утгаар нь цагдаагийн мэргэжлийг сонгож, цөөнгүй жил ажилласан. Миний ажиллаж байх үед манай улс одоогийнхоос их архидалт, зодоон, гэмт хэрэг ихтэй атаман гэх нэртэй хүмүүсээр дүүрэн байсан. Тэгээд үнэнээ хэлэхэд тийм орчинд удаан ажиллаад ирэхээр зан ааш минь ширүүн болоод, нэлээн стресстэй амьдрах болсон. Манай Монголчууд бүхний түрүүнд цагдаагаа нохой барьдаг мод шиг үзэж, ядаж “Баярлалаа” гэж хэлдэггүй шүү дээ.Тэгээд нэг өдөр ах минь “Чи ийм хүүхэд биш шүү, Баярхүү” гээд загнаж байсан. Өмнө нь намайг нэг ч удаа цохих нь битгий хэл загнаж ч байгаагүй юм. Тэрний дараа би удалгүй ажлаа өгч үсчний мэргэжлээр сурсан.

-Яагаад урлагийн салбар биш үсчний мэргэжлийг сонгож байсан юм бэ?
-Цагдаагийн ажлаа өгөөд, “За юу хийх вэ” гээд зурагт үзээд сууж байсан чинь “Үсчин сургана” гээд зар гарсан юм. Тэгээд “Сураад үзье” гээд сураад, гайгүй нэг салонд уригдаад, ажилласан даа. Тэгээд дараа нь бас БНСУ-д …. Мэргэжлээр суралцаж байгаад, төгсөлгүй ирээд, “Зохиомж” дээд сургуулийг Б.Мөнхдорж багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж байна. Ер нь хүүхэд насныхаа мөрөөдлийнхөө мэргэжлээр ажиллах гэж олон зүйлд өөрийгөө сорьж, гурван ч мэргэжлээр сурсан даа. Аливаа зүйлд зөв цаг хугацаа гэж байдагт би итгэдэг. Тиймдээ ч би өөрийгөө яг л зөв үедээ жүжигчин болсон гэж боддог доо.
-Та тайзны дүрд өөрийгөө сорьж үзнэ гэж боддог уу?
-Монголын түүх, зохиолууд маш сайн шүү дээ. Миний дотор тайзны дүр бүтээх юм сан гэх бодол бий. Монголын театрын урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ардын жүжигчин, БНМАУ-ын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Улсын Драмын Эрдмийн театрын найруулагч, Соёл Урлагийн их сургуулийн багш Бирваагийн Мөнхдорж багш маань надад “Г.Баярхүү чи театрт заавал байх ёстой хүүхэд шүү. Шалгалт заавал өгөөрэй” гэж олон удаа захиж байсан. Даан ч би багшийнхаа үгэнд оролгүй дэлгэцийн урлагаар явсан.
-Танд зөөлөн дүр их зохидог шүү дээ. Харин таны дотор өөр төрлийн дүр бүтээх юм сан гэх бодол байдаг уу?
-Миний царай, зан ааш зөөлөн талдаа болохоор найруулагчид сайн аав, хүү, ханийн дүр оноодог. Бас дүрэмт хувцас гоё зохидог болохоор тэр талын дүрийн санал ирдэг. Гэхдээ би зэвүүн өөрийгөө “эвдсэн” эсрэг дүр бүтээхийг хүсдэг. Ер нь хүний мууг тултал харуулмаар байна. Бас Мухулайн дүр бүтээх миний туйлын зорилго, мөрөөдөл байдаг даа. Харин хамгийн ур чадвар шаардсан дүр гэвэл “Харанхуй хад” киноны их найрагч Д.Нацагдоржийн дүр.
-Яагаад Мухалай гэж?
-Зүгээр л нэг босгоны боол Их эзэн Чингис хааны есөн өрлөгийн нэг болж чадсан шүү дээ. Тэр л гоё, үүнийг нь харуулмаар байна.
-Өөрийн гэсэн продакшн байгуулах, бие даасан уран бүтээл хийх төлөвлөгөө байгаа юу?
-Би сургуулиа төгссөн цагаасаа л чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Аль нэг байгууллагад харьяалагдахаар ар гэр хоцрогдох гээд байдаг юм. Би сайн аав, хань байхыг хичээдэг юм л даа. Мөн уран бүтээл, гэр хоёрынхоо аль нэгийг хоёрдугаарт тавьж болохгүй.
-Уран бүтээлийн яриагаа орхиод хувь хүн талаас нь ярилцах уу, та аль нутгийнх вэ?
-Аав маань Сэлэнгэ аймаг, ээж Баянхонгор аймгийн гаралтай. Харин би Улаанбаатар хотод төрсөн, айлын дунд хүүхэд. Хань минь жүжигчин Х.Отгонтунгалаг, бид одоо гурав дах хүүхдээ өлгийдөж авах гээд баяртай байцгааж байна даа. Би багадаа даруухан, гэрийнхээ хамгийн өнгөтэй өөдтэй нь хэрэглэдэг байсан даа.
-Эхнэртэйгээ анх танилцаж байсан түүхээсээ хуваалцаж болох уу?
-Оюутан байхдаа киноны туслахаар ажиллаж яваад, “Шинэ үе” продакшн дээр кран авах гээд очсон. Тэгтэл тэнд нэг үнэхээр үзэсгэлэнтэй, сайхан эмэгтэй байсан. Тэгээд би чинь ”Яаж танилцах вэ, ямар хөөрхөн охин бэ” гээд л бодож байсан чинь хамт ажиллаж байсан жүжигчин Б.Одгэрэл найз мань нэг анги байж таарсан. Найзаасаа дугаарыг нь аваад, хоёр сар гаруй мессеж бичлээ, хариу өгдөггүй ээ. Тэгээл нэг өдөр хариу ирээд л одоо хамтдаа сайхан амьдарч байна.
-Зарим хүмүүс уран бүтээлч хүмүүсийг бусдаас өөр гэж харах үе байдаг шүү дээ. Та үүнийг юу гэж хардаг вэ?
-Олны өмнө амьдарч байгаа болохоор хүмүүс биднийг илүүтэй анхаарч хардаг байх. Бидэнд сөрөг гэхээсээ илүү эерэг сэтгэгдэл их ирдэг. Тэр бүхэнд баярлаж, хичээж амьдардаг даа.
-Ярилцлагын төгсгөлд урлагийн мэргэжлээр сурах бодолтой байгаа дүү нартаа зөвлөгөө өгөөч?
-Өөрийнхөө ур чадварыг харж, гэр бүлээ бас сонсоорой. Мөн хайртай зүйлээ хийгээд үзээрэй. Хүн алдаж болно, тэр үедээ түших сайн найзтай байгаарай Хэрвээ урлагийн мэргэжлээр сурах гэж байгаа бол сургууль чамайг зөвхөн чиглүүлнэ. Харин чиний хичээл зүтгэл л уран бүтээлч болгодог шүү.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.


| Г.БАЯРХҮҮ: ШИМТЭН ҮЗДЭГ “ФАНТАСТИК” ПРОДАКШТАЙГАА ХАМТАРЧ АЖИЛЛАХ САЙХАН БАЙЛАА |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |