Олон улсын монголч эрдэмтний XII их хурал энэ сарын 10-14-ний өдөр болж өндөрлөсөн. Үүнтэй холбоотойгоор Олон улсын монголч эрдэмтний их хуралд оролцож, илтгэл тавьсан Японы монголч эрдэмтэн Казүюки Окадатай өчигдөр болсон “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр цөөн хором ярилцлаа. Өдгөө 69 настай Казүюки Окада эрдэмтэн 40 гаруй жил Монголын утга, уран зохиолыг судалж, шинжилж байгаа бөгөөд дээр дурдсан эрдэм шинжилгээний хуралд "Зохиолч Д.Цэдэвийн "Зун цагийн дурсамж" өгүүллэгийн түүх, утга санаа, уран сайхны онцлог" сэдэвт илтгэлээ тавиад байв.
-Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ амжилттай тавьсанд баяр хүргэе. Таны "Зохиолч Д.Цэдэвийн "Зун цагийн дурсамж" өгүүллэгийн түүх, утга санаа, уран сайхны онцлог" сэдэвт илтгэл олон хүний сонирхлыг татаж байгаа харагдсан. Зохиолч Д.Цэдэв агсан "Зун цагийн дурсам" өгүүллэгээ Японд ажиллаж, амьдарч байхдаа бичсэн гэдэг юм билээ. Тэр ч утгаараа судалж, шинжилж, илтгэл болгож тавихад илүү ойр санагдаж байв уу?
-Баярлалаа, зохиолч Д.Цэдэв багшийн "Зун цагийн дурсамж" өгүүллэгт бичсэн илтгэлээ амжилттай тавилаа. Эрдэм шинжилгээний хуралд ирсэн хүмүүс баяртай хүлээж авч байгаа нь сайхан байна. Зохиолч Д.Цэдэв "Зун цагийн дурсамж" өгүүллэгээ Японд байхдаа Япон Улс, ард түмэн, эх оронд нь зориулж бичсэн гэдэг. Эх орны маань үнэт зүйл, сайн сайхныг харж, бүтээсэн сайхан санагддаг учир илтгэлээ тавьж байхад ч цаанаасаа баяр төрөөд сайхан байлаа.
-Таныг Монгол утга, уран зохиолд амьдралынхаа дийлэнх цаг хугацааг зориулж, судалж, шинжилж яваа гэж дуулж байлаа. Гэхдээ "Сүүлийн хэд жил "сураггүй" байгаад энэ жилээс л ирлээ" гэж зарим эрдэмтэн, судлаач ярьж байна. Монголд ирээгүй хэр удсан байсан юм бэ?
-"Ковид-19" цар тахал гарч, хөл хорио тавигдсаны улмаас л ирж чадсангүй дээ. Түүнээс биш би чинь Монголд сурч, амьдарч байсан. Ажил дээр гарсан ч жил болгон зуны улирлаар Монголд ирж байгалийн сайхан, агаарын цэнгэгт амардаг байсан шүү. Ирж чадалгүй дөрөвхөн жил болоход л Монгол Улс сайхан хөгжиж, цэцэглэжээ. Ялангуяа нийслэл хот илүү өнгө үзэмжтэй болоод сүндэрлэсэн олон барилгатай болсон байна. Нэг бодлын олны хөл болсон нь танил биш юм аа. Хуучин намайг оюутан байхад тэгж ч их барилга байшин, автомашин байдаггүй. Гадаа гараад нүдээ аниад алхсан ч урд тулах юм байдаггүй байсан.
-Монголд ямар мэргэжлээр суралцаж байсан юм бэ. Утга, уран зохиолын салбар чиглэлээр байв уу?
-Би Токиогийн их сургуулийг дорно дахины түүхээр төгссөн түүхч мэргэжилтэй хүн. Харин Монгол, Япон хоёр орон 1972 онд дипломат харилцаа тогтоож, Япон Улс багш нараа Монголд бэлтгэх суурин гэрээ байгуулж, 1975 онд оюутнуудаа илгээж байсан юм. Би тэр суурин гэрээгээр Монголд ирж сурсан анхны япон оюутан болж байлаа.
-Хэзээнээс Монголын утга, уран зохиолыг судалж, шинжилж эхэлсэн юм бэ. Түүхч мэргэжилтэй хүн утга зохиол руу "урваж", бүр мэргэжлийн судлал, шинжлэл хийж эхлэх болсон нь чухал шалтгаантай болов уу?
-Олон хүн яг ингэж гайхаж асуудаг юм аа. Яагаад Монголын утга, уран зохиолыг судлах мэргэжил сонгов, дэлхийн тэр олон хэлээс яагаад монгол хэлийг сонгож, сурч, бусдад заах болов гээд л. Энэ бүхний шалтгаан нь Монголын их зохиолч Д.Нацагдоржтой холбоотой.
Монголд сурч байхдаа 1961 онд хэвлэгдсэн "Д.Нацагдоржийн зохиол, бүтээл" нэртэй ном уншсан. Эхлэн уншиж байхдаа олонх үгийг нь ойлгож, нээж, тайлж чадахгүй ээ. Тэгээд монгол хэлнийхээ хичээл дээр гаргаж ирж, багшаараа уншуулж, заалгасаар байгаад ангийнхныгаа ч Монголын утга зохиолд уруу татсан даа (инээв). Надад үнэхээрийн таалагдаж, дурласан болохоор л өөрийн эрхгүй Монголын утга зохиолд татагдаж, нэг мэдэхэд л мэргэжлийн судалгаа хийдэг болсон байна. Хэрэв тэр үед суурин гэрээгээр Монголд ирж суралцаагүй байсан бол өдийд Японд аль нэг компанийн ажилтан болчихсон, цэлмэг тэнгэр, цэнгэг агаар үзэлгүй явж байхыг үгүйсгэхгүй.
-Таны монгол хэлээр төвөггүй ярьж байхыг бусад монголч эрдэмтэн ч шагшиж, ярьдаг юм билээ. Хаана ингэж сайн сураа вэ?
-Би Монголд сурч байхдаа оюутны дотуур байранд нэг монгол оюутантай хамт амьдардаг байлаа. Тэр бид хоёр чадахаараа нэгэндээ ойлгуулах гэж хичээж, хорвоогийн хачин, сониныг хуваалцах гэж үзнэ. Бас дотуур байрны найзын маань найзууд гэж гаднаас хүмүүс ирнэ. Тэр бүртэй л ярилцаж, ойлголцох гэж оролдсоор монгол хэлээр бага сага ярьж, ойлгодог болж эхэлсэн гэх үү дээ.
Одоо бодоход 1975 онд суурин гэрээгээр ирж байсан анхны япон оюутан би гэлтгүй монгол оюутнуудад ч социализмын үе хэцүү байсан байх. Нам засгийн бодлого нэн тэргүүнд тавигддаг, хүний юу хийх, хийхгүйг нам заадаг байсан үе шүү дээ. Бүр намайг анх Японоос ирчихээд байхад дотуур байрны өнөө найз маань надаас "Чи Япондоо аль нэг намд байдаг уу. Намын гишүүн үү" гэж асууж байлаа шүү дээ.
-Таны Олон улсын монголч эрдэмтний XII их хуралд тавьсан илтгэл ч мөн социализмын үеийн утга, уран зохиолын салбарыг хөндсөн сэдэвтэй байсан байх аа?
-Тийм ээ, Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын II салбар буюу хэл, утга зохиолын салбарт "1989-1990 оны үеийн Монголын зохиолчдын эвлэлийн задрал" сэдэвтэй илтгэл тавьсан. Ердөө жилийн өмнө нь МАХН-аас их хурлаа хийж, шинэчлэлийн ажил эхлүүлэхтэй зэрэгцэн Монголын зохиолчдын эвлэл ч мөн их хурлаа хийж, дарга, орлогч даргаа сонгосон. Харин дахиад нэг жил өнгөрөхөд ардчилал мандаж, Монголын зохиолчдын эвлэл дотроосоо задарсан байдаг.
-Социалист системийг халж, ардчилал гарсан нь Монголын зохиолчдын эвлэл задрахад хүргэсэн гэсэн үг үү?
-1988 оны наймдугаар сард МАХН-ын их хурал болж, тус хурлаар шинэчлэлийн ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Харин уг үйл явдлаас таван сарын дараа буюу 1989 оны нэгдүгээр сард Монголын зохиолчдын эвлэл наймдугаар их хурлаа зохион байгуулж, эвлэлийн дарга, орлогч даргаа сонгосон. Тухайн үед Монголын зохиолчдын эвлэлийн даргаар зохиолч Д.Цэдэв, орлогч даргаар зохиолч Д.Гармаа нар сонгогдсон байдаг. Улмаар 1990 он гарч, ардчилсан хувьсгалаар олон улс төрийн нам үүсэн байгуулагдаж, өөрчлөлт, шинэчлэлтийн ажил, хөдөлгөөн идэвхтэй үргэлжилсэн. Яг тэр үед Монголын зохиолчдын эвлэл дарга, цэргээ халж, солиогүй ч дотроо хоёр задарч, хуваагдсан байх аж.
Тэгэхдээ Монголын зохиолчдын эвлэлийн дарга, орлогч дарга дээрээ задарсан бус зохиолч Д.Маамын бүлэг, зохиолч, шүүмжлэгч Ш.Гаадамбын бүлэг бий болж, хоёр хуваагдсан. Хожмоо задарсан бүлгээс зохиолч Д.Маамын бүлэг ялалт байгуулж, Монголын зохиолчдын эвлэлийг удирдах болсон нь харагдаж байгаа юм. Өнгөц харвал зохиолчдын эвлэл дотроосоо задарч, хуваагдсан нь намын бодлого, ардчилсан хувьсгалтай холбоо хамааралтай харагдаж байгаа ч үнэндээ тийм биш. Миний бодлоор Д.Маам, Ш.Гаадамбын бүлэг өөр өөрсдийн утга зохиолын үзэл бодол, зохиол, бичгийн төрлөөрөө хуваагдсан байж болно.
-Ардчиллын үетэй зэрэгцэн Монголын зохиолчдын эвлэл дотроо задарсан нь Монголын утга, уран зохиолд хэрхэн нөлөөлсөн гэж боддог вэ. Монголд зохиолчдын гэж явдаг ганц байгууллага нь дотроо задарч, хуваагдах нь энэ салбарын хөгжилд ч том нөлөө үзүүлсэн байх?
-Монголын зохиолчдын эвлэл задарч, бутарч, хуваагдсаныг сөргөөр хүлээж авч болохгүй. Саяхан даа, Монголын нэг хэвлэлд гарсан ярилцлага дээр нэгэн зохиолч "Монголын зохиолчдын эвлэлийн задрал ширээ, сандалны асуудлаас болсон" гэж ярьсан байна лээ. Би ч хувьдаа тэгж боддоггүй. Ер нь тэгж ярьсан зохиолчийн буруу байх. Энэ асуудал монголчуудын хэлдгээр "Гээндээ ч бий, гоондоо ч бий" гэмээр зүйл л дээ. Д.Маамын бүлэг, Ш.Гаадамбын бүлэг гэж хуваагдаж, бутарсан ч нэгнээ дайсан, өрсөлдөгч гэж хараагүй. Харин ч уран бүтээлчийнх нь хувьд хүндэтгэж, нэг нь нөгөөгөө өсөн дэмжиж, улам чадварлаг болох түлхэц өгсөн байгаа юм. Тэдний хийсэн үйлдэл Монголын утга, уран зохиолд шинэ хуудас нээсэн.
-Төгсгөлд нь, зөвхөн монголч эрдэмтэн, утга зохиол судлаач, шинжээчийн хувьд бус уншигчийн зүгээс таны Монголын утга, уран зохиолын талаарх бодол юу вэ. Монголын утга зохиол хөгжлийн аль шат дээр явж байгаа бол?
-Социализмын үед улсынхаа урдаа барих яруу найрагч, зохиолчийг юу бичиж, юу хэвлүүлэхийг нам шийддэг. Орчуулгын уран зохиол нь ч социалист сэтгэлгээг дэмжсэн орчуулгууд байлаа. Өөрөөр, социализмын үед Монголын утга, уран зохиол эвгүйтсэн гэж болно. Гэхдээ тэр үед бусдаасаа цойлж, манлайлж, туг болж чадсан гайхалтай гарамгай зохиолчид байсан нь Монголын утга зохиолын үнэ цэнийг хадгалж, авч үлдэж чадсан. Тэр утга зохиол өдгөө арвин түүхтэй болж, хэд дахин илүү хөгжиж, цэцэглэсэн.
Би Монголд сурдаг оюутан байхын л боддог байлаа. Монголчууд эрх чөлөөтэй, эрх чөлөөтэй гэдгээ мэддэг, мэдэрдэг ард түмэн шүү дээ. Одоо ч, социализмын үед ч тэр. Энэ ард түмнээс дэлхийн утга зохиолын дээд шагнал гэгддэг Нобелийн шагналыг хүртэх цаг ойрхон байгаа гэдэгт итгэдэг. Яг нэр цохож, хугацаа хэлнэ гэдэг хэцүү. Гэхдээ тун ойрхон байгааг нь мэдэж байна.
Монголч эрдэмтэн КАЗҮЮКИ ОКАДА: Монгол зохиолчдоос Нобелийн шагнал хүртэх цаг ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна |
|
2024-10-15 17:06:17
2024-10-15 16:05:50
2024-10-15 15:50:39
2024-10-15 15:47:20
2024-10-15 15:02:29
2024-10-15 14:29:29
2024-10-15 14:14:30
2024-10-15 13:08:29
2024-10-15 13:03:21
2024-10-15 12:54:58
2024-10-15 12:40:16
2024-10-15 12:25:20
2024-10-15 12:19:20
2024-10-15 11:28:29
2024-10-15 11:01:41
2024-10-15 10:38:01
2024-10-15 10:00:00
2024-10-15 09:58:41
2024-10-15 09:39:34
2024-10-15 08:51:23
2024-10-15 07:40:05
2024-10-15 07:22:59
2024-10-15 07:00:19
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-14 17:31:13
2024-10-14 15:58:28
2024-10-14 15:47:40
2024-10-14 15:25:23
2024-10-14 15:15:00
2024-10-14 15:08:07
2024-10-14 15:07:05
2024-10-14 14:32:34
2024-10-14 14:03:57
2024-10-14 13:59:03
2024-10-14 13:25:56
2024-10-14 13:08:08
2024-10-14 13:04:51
2024-10-14 12:42:06
2024-10-14 12:39:04
2024-10-14 12:15:06
2024-10-14 11:45:32
2024-10-14 11:23:25
2024-10-14 11:16:02
2024-10-14 11:13:47
2024-10-14 11:10:22
2024-10-14 11:00:00
2024-10-14 10:58:55
2024-10-14 10:58:50
2024-10-14 10:47:34
2024-10-14 10:41:32
2024-10-14 10:40:13
2024-10-14 10:32:17
2024-10-14 10:30:00
2024-10-14 10:28:54
2024-10-14 10:26:52
2024-10-14 10:21:00
2024-10-14 10:18:26
2024-10-14 10:15:27
2024-10-14 10:12:03
2024-10-14 10:07:17
2024-10-14 09:56:14
2024-10-14 09:48:15
2024-10-14 09:38:23
2024-10-14 09:25:05
2024-10-14 09:12:46
2024-10-14 08:39:28
2024-10-14 08:00:00
2024-10-14 07:28:17
2024-10-14 07:00:22
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |