• Өнөөдөр 2024-04-20

Мөнх цаст хайрхан, мөсөн голууд минь “мөхөж” байна

2021-07-29,   3328

            XXI зууны эхэн үеэс дэлхийн хэмжээнд агаарын температур нэмэгдэж, уулын болон эх газрын мөстлөг нимгэрэх, хайлах, газар нутаг цөлжих, ус гол ширгэх үзэгдэл ажиглагдах болсон. Эдгээр үзэгдэл Монгол орны газар нутагт харилцан адилгүй илэрч байна. Тухайлбал, цэвдгийн тархалт хумигдах, ой мод хомстох, мөстлөг хайлах, цөлжих, ган зуд болох зэрэг сөрөг үзэгдлүүд манай орны өнцөг булан бүрт ажиглагдах болжээ. Цаашид ч энэ хандлага үргэлжлэх нь илэрхий байгааг судлаачид тогтоосон аж. Тухайлбал, ойрын хэдэн арван жилийн дотор Мөнх Сарьдаг, Хар хадны хяр, Дэрст нуурын эхэн, Отгонтэнгэр хайрхан, Сар гэх мэт уулст байгаа мөстлөг хайлж дуусах төлөвтэй байгаа гэнэ. Ингэснээр тухайн уулс орчмын экосистем өөрчлөгдөх ба энэ өөрчлөлтөд дасан зохицох явцад олон бэрхшээл тулгарах нь ойлгомжтой. Иймд “Мөнх цаст хайрхан, мөсөн голууд минь “мөхөж” байна” цуврал ярилцлагын эхэнд мөстлөг гэж юу болох, түүний оршин байхын ач холбогдол, мөстлөггүй болохын сөрөг нөлөө болоод Монгол орны мөстлөгийн хэмжээ, судалгаа, ирээдүйн хандлагын талаар Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын дарга, доктор А.Дашцэрэнтэй ярилцлаа.


Монгол орны газар нутаг дээр дэлхийн дунджаас гурав дахин их дулааралт ажиглагдаж байгаа нь тогтоогдсон. Энэхүү уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр мөстлөг хайлж байна 

-Мөнх цас, мөстлөг гэж юу вэ. Төв Азийн нутагт хэзээнээс үүссэн бэ?

      -Манай ард түмэн мөнх цас гэж нэрлэж буй уулын орой хэсгээр тархсан их хэмжээний цас, мөсийг судлаачид “мөстлөг” гэдэг. Мөстлөг нь өндөр уулархаг бүс нутгуудад орж буй хур тунадасны нөлөөгөөр үүсдэг, байгалийн чухал ач холбогдол бүхий бүрэлдэхүүн хэсэг юм. Чухал гэдгийн учир нь мөстлөг усны эх үүсвэр болж, тухайн газар нутагт байгаа экосистемээ дэмжиж, бүрэн бүтэн байх нөхцөлийг бүрдүүлдэг. Дотоодын болон гаднын судлаачдын хийсэн судалгааны үр дүнд Монгол оронд үүссэн мөстлөг одоогоос 12 мянга орчим жилийн өмнө болсон хүйтрэлтийн үр дүнд бий болсон байх магадлалтай. Манай дэлхий дээр эх газрын буюу Антарктид, Гренландын, уулын буюу Альпын гэсэн хоёр төрлийн мөстлөг байдаг. Монгол орны хувьд зөвхөн уулын мөстлөг байх ба энэ нь Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутагт оршино. Манай орны мөстлөг ихэнхдээ уулсын орой хэсгээр тархах бөгөөд ихэнх хувь нь ар хажуудаа байдаг онцлогтой. Мөстлөгийн доод хил Монгол оронд дунджаар далайн түвшнээс дээш 2700 метр орчимд ажиглагддаг.

-Монгол гэлтгүй дэлхийн хэмжээнд мөстлөг зөвхөн дэлхийн дулаарлын нөлөөгөөр хайлж байна уу?

     -Монгол орны газар нутаг дээр дэлхийн дунджаас гурав дахин их дулааралт ажиглагдаж байгаа нь тогтоогдсон. Энэхүү уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр мөстлөг хайлж байна. Манай үндэсний эрдэмтэн судлаачид ч агаарын температур ихсэж буй нь мөстлөгийг хайлуулах гол хүчин зүйл болж байгааг илрүүлсэн. Харин хур тунадасны олон жилийн өөрчлөлт, хэлбэлзэл бага байгаа тул үүнийг мөстлөгийн алдралтай шууд холбох нь учир дутагдалтай. Учир нь, мөстлөг тэг болон түүнээс бага хэмийн хүйтэнд тогтвортой оршдог байгалийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэг. Харин дулааны улиралд өндөр уулын бүслүүр ч нэмэх хэмийн дулаантай болох учраас мөстлөг хайлж алдардаг зүй тогтолтой. Гэхдээ хайлж дээш шуугдсан мөстлөгийг хүйтний улиралд орох хур тунадас нөхдөг.

-Тэгэхээр жил ирэх тусам мөстлөгийн хайлах хэмжээ ихсэж байна. Өндөр уулсын мөстлөг хайлах нь байгаль орчинд ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж бодож буй хүн байж магад. Мөстлөгийн ач холбогдол юу вэ?

      -Эрдэмтэн судлаачдын олж тогтоосноор Монгол орны мөстлөгт 19 орчим км.куб ус агуулагдах ба энэ нь манай орны газар доорх усны нөөцөөс их болно. Нөгөө талаас мөстлөг нь тухайн газар нутагтаа байгаа гол, горхи, нуурын үндсэн эх болж байдаг. Тухайлбал, Алтайн нурууны мөстлөгтэй уулсын орой хэсгээр хэдэн зуун жижиг нуур оршдог бол Хангай, Хэнтий, Хөвсгөлийн  уулсын орой хэсгээр цөөн тооны нуур тогтжээ. Ганц жишээ дурдвал, Хархираа уулын мөстлөгийн ойролцоо 100 гаруй нуур байдаг. Мөстлөг нь оршин буй газрынхаа экосистемд эерэг нөлөөтэй байхаас гадна алс хол байгаа газар нутагт ч бас сайн нөлөө үзүүлнэ. Их нууруудын хотгорт буй ихэнх нуур, гол, горхи мөстлөгөөс эх авсан байдаг. Мэдээж эдгээр нуур, гол горхины орчимд ургамал сайн ургаж, нутгийн иргэд мал аж ахуй, газар тариалан эрхэлж амьдардаг нь илэрхий. Тэгэхээр мөстлөг нь зөвхөн өндөр уулсын төдийгүй нам дор, хотгор газрын экосистемийн тогтвортой байдал, тухайн газар нутгуудад амьдрах иргэдийн  амьжиргаанд чухал нөлөөтэй.

-Мөстлөг хайлах үйл явц нь байгаль орчин, нийгэмд хэрхэн нөлөөлөх вэ?

      -Мөстлөг хайлах нь байгаль орчин болон хүний амьдралын хэв маягт ихээхэн нөлөө үзүүлнэ. Мөстлөг хайлж багассанаар тухайн газрын экосистем өөрчлөгдөж өөр төлөвт шилжинэ. Ингэснээр хөрсний чийг, ургамалын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж улмаар тухайн газар амьдрах ан амьтдын тоо толгой, тархац нутаг өөрчлөгдөх боломжтой. Нөгөө талаас мөстлөгөөс эх авсан нуур, гол горхины усны хэмжээ татарч, ард иргэдийн амьдралд ч тодорхой сөрөг нөлөө үзүүлнэ. Судлаачид одоо өрнөж буй уур амьсгалын нөхцөл энэ хэвээрээ үргэлжилсэн тохиолдолд манай орны томоохон уулсын мөстлөг энэ зууны төгсгөл орчимд хайлж дуусахыг тогтоосон байдаг.

-Монгол орны мөстлөг хэр хурдан алдарч байна вэ?

        -Монгол орны уур амьсгал хэт хурдтай дулаарч байгаатай холбоотойгоор мөстлөг хурдацтай алдарч, хайлж байна. Тухайлбал, манай үндэсний эрдэмтэд болох Ж.Цэрэнсодном 1981 онд 702 км.кв, П.Бааст 1998 онд 655 км.кв, Г.Даваа 2012 онд 450 км.кв талбайг тус тус хамарч байсан бол манай багийн 2019 онд хийсэн судалгааны үр дүнгээр 360 км.кв болтлоо буураад байна. Эдгээр баримт нь мөстлөгийн хайлалт, доройтлын хэмжээг шууд харуулна гэж бодож байна. Цаашид ч энэ хандлага үргэлжлэх нь тодорхой.

Мөнх цаст Отгонтэнгэр хайрхан мөдхөн мөнгөн цагаан тэргүүнгүй болох нь

-Тэгэхээр 2100 оны үед мөстлөг маш бага болно гэсэн тооцоолол үнэн хэрэг үү?

      -Энэ байдлаараа мөстлөг хайлсаар байвал зарим уулс мөстлөггүй болно гэсэн судалгаа бий. Тухайлбал, Мөнххайрхан уулын мөстлөг 2100 он гэхэд багасч, жижиг талбайд үлдэнэ гэсэн судалгааны үр дүн гарсан. Одоогийн байдлаар Мөнххайрхан ууланд 26 орчим км.кв талбайд мөстлөг тархсан байгаа. Харин 2100 он гэхэд 2-3 км.кв болно гэж үзэж байгаа. Мөн Мөнх сарьдаг, Сар уул, Хөх сэрхийн нуруу, Хотон уул, Отгонтэнгэр зэрэг уулс маш бага мөстлөгтэй. Отгонтэнгэр хайрханы одоо байгаа мөстлөгийн талбай 0.6 км.кв ба энэ нь ойрын жилүүдэд тус уул мөстлөггүй болохыг илтгэж болох юм. Бусад бага мөстлөгтэй уулс ч үүнтэй адил цас мөсөн малгайгаа удахгүй тайлах боломжтой.

-Алтай таван богдын мөстлөг эдгээр уултай харьцуулахад хайлж алдрах нь бага байх уу?

        -Монгол орны хамгийн их мөстлөгтэй уул Алтай таван Богд  бөгөөд одоо байгаа мөстлөгийн талбайн хэмжээ 77 орчим км.кв хүрнэ. Нэгэнт их хэмжээний мөстлөг агуулсан нөгөө талаас, хойд зүгт шахаж байрласан тул мөстлөг хайлж дуусах нь хялбар үйл явц биш гэж бодож байна.

Мөстлөгийг хамгаалахын тулд уур амьсгалын дулааралтай тэмцэх хэрэгтэй.

-Мөстлөгийг хамгаалж үлдэх боломж байгаа юу?

        -Мөстлөг бол уур амьсгалын бүтээгдэхүүн. Тийм учраас мөстлөгийг хамгаалах, хэвээр нь хадгалахын тулд уур амьсгалын дулааралтыг багасгах шаардлагатай. Дээр дурдсанаар дэлхийн дулаарал Монгол оронд эрчимтэй байгаа бөгөөд ялангуяа өндөр уулын бүслүүрт дулааралтын  эрчим бусад газруудынхаас илүү их илэрч байна. Тиймээс мөстлөгийг хамгаалахын тулд уур амьсгалын дулааралтай тэмцэх хэрэгтэй. Манай орны мөстлөг төв суурин газраас алс хол, хүн хүрч очиход төвөгтэй нөхцөлд оршдог тул нутгийн болон явуулын хүний нөлөө мөстлөгийн алдралд байхгүй гэж үзэж болно. Аливаа зүйлийг хамгаалах, хэвээр хадгалахын тулд түүний төлөв байдал, онцлог шинж чанарыг сайн танин мэдэх ёстой. Үүний нэгэн адил мөстлөгийг хамгаалахын тулд  чанартай судалгаа шинжилгээний ажил олныг хийх хэрэгтэй гэж бодож байна.

Мөстлөг нь оршин буй газрынхаа экосистемд эерэг нөлөөтэй байхаас гадна алс хол байгаа газар нутагт ч бас сайн нөлөө үзүүлнэ. Их нууруудын хотгорт буй ихэнх нуур, гол, горхи мөстлөгөөс эх авсан байдаг.

-Танай судалгааны баг мөстлөгтэй холбоотой ямар судалгаа хийж байна вэ?

          -Сүүлийн дөрвөн жил монгол орны мөстлөгтэй нэр бүхий таван уулын уур амьсгалын нөхцөлийг нь байнга хэмжиж, судалгааны ажил гүйцэтгэж байна. Үүнд, Хархираа, Отгонтэнгэр, Сутай, Мөнх Сарьдаг, Мөнххайрхан уул орно. Үүнээс өмнө бид бүхэн Америк, Германы эрдэмтдийн хамт мөстлөгийн тархалт өөрчлөлтийн судалгааг хээрийн болон суурин судалгааны аргаар гүйцэтгэж байсан. Одоо бид бүхэн зайнаас тандан судлах болон хээрийн судалгааны материалдаа тулгуурлаж мөстлөгийн мониторинг судалгааг гүйцэтгэж байна. Мөн ойрын үед мөстлөг хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг харуулах зорилготой баримтат кино хийхээр ажиллаж байна.

-Гаднын эрдэмтэд Монголын мөстлөгийг судлахаар хэр их ирдэг вэ?

      -19-р зууны төгсгөл үеэс Монгол орны мөстлөгийн судалгааг гаднын эрдэмтэн судлаач аялагч нар хийж эхэлсэн байдаг. Тухайлбал, Г.Н.Потанин (1893), В.В.Сапожников (1911), И.Г.Гране (1910), Д. Каррутерс (1910), М.В.Певцов (1951), Э.М.Мурзаев (1952), Е.И.Селиванов (1972) нар тухайн үеийн монгол орны мөстлөгийн төлөв байдал, тархалтын талаарх мэдээ материалын тэмдэглэж үлдээсэн нь одоо чухал баримт болж байна. Жишээлбэл, 1910 онд Английн хатан хааны нийгэмлэгийн судлаач Д. Каррутерс Хархираа, Түргэний уулсын мөстлөгийн зургийг анх авсан байсан. Үүнээс 100-н жилийн дараа буюу 2010 онд АНУ-ын Монтана их сургууль, Германы эрдэмтэдтэй хамт давтан зургийг нь авч харьцуулсан судалгаа хийсэн. Үр дүнд нь Түргэний уулсын мөстлөг 800 метрээр дээш шилжсэнийг тогтоосон байдаг. Сүүлийн жилүүдэд манай орны мөстлөгийн судалгааг Япон, Герман, Америк, Оросын эрдэмтэд түлхүү хийж эхлээд байгаа.

-Манай улс шинжлэх ухаандаа тун бага хөрөнгө зарцуулдаг. Мөстлөгийг судлахад Засгийн газраас төсөв мөнгө хуваарилж байна уу?

          -Бага хэмжээгээр бол байгаа байх. Харин тогтвортой байнгын санхүүжүүлэлт бол байхгүй. Сүүлийн үед гол төлөв гаднын байгууллагын дэмжлэгтэй судалгаа хийж байна.

                     “Мөнх цаст хайрхан, мөсөн голууд минь “мөхөж” байна” хэмээх эхний ярилцлагаа ийн Монгол орны уулын мөстлөг алдарч байгаа талаар сэдвийг хөндөж мэргэжлийн эрдэмтэн судлаачтай ярилцлаа. Цувралын дараагийн ярилцлагаас уур амьсгалын өөрчлөлтөд мөсөн голууд хэрхэн өртөж буй талаар уншаарай.

Б.БАДАМЗУЛ


Мөнх цаст хайрхан, мөсөн голууд минь “мөхөж” байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188