Цахиур Төмөрийн дүрд нягтлан бодогч мэргэжилтэй, СТА, Тогтохын Сандуйжав хэмээх хүн тоглосон юм. Тэрбээр 1936 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Намнан уулын өвөрт төрсөн гэдэг. Багаасаа нутгаас гарч сургуульд орсон. Бага сургуулиа нутагтаа дүүргээд Худалдааны техниккумыг 17 насандаа түүхий эдийн эдийн засагч мэргэжлээр төгсөж, Могод сумаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүхтэй. 1956 оноос эхлэн Налайхын уурхайд тасралтгүй 36 жил ажиллахдаа тооцооны нягтлан бодогч, орлогч нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн даргаар дэвшин ажилласан аж. Гэргий Г.Чимэддэлгэр нь Налайх дүүргийн уугуул иргэн. Тэд 1958 онд гэр бүл болж, дараа жил нь ууган хүүгээ өлгийдэн авч, дөрвөн хүү, хоёр охинтой өнөр бүл болсон юм билээ. 20 дугаар зууны монголын кино урлагт дахин давтагдашгүй дүр төрхөө бүтээж, үзэгч олны хайр хүндлэлийг хүлээсэн дүрийг тэрбээр “амилуулсан” юм.
Тэрбээр Засаг ханы цахиур Төмөрийн дүрд санамсаргүйгээр сонгогдож, тоглосон тухай хүүрнэхдээ “Тэр чинь 1969 он юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Р.Доржпалам, Ч.Лодойдамба гуайн гэргий ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, зураглаач Баттулга нар манай Налайх дүүрэгт ирж сонгууль авч байгаа байдалтай танилцсан. Гол нь Цахиур Төмөрөө л хайгаад байсан хэрэг. Өмнө нь Х.Баянмөнх аварга тэргүүтэй олон хүнийг шалгаад бүгд тэнцээгүй юм билээ. Сонгуулийн цаг бараг шувтрах үед би ажлаа тараад санал өгөхөөр очлоо. Тэгтэл энд, тэндээс зураг аваад инээлгэж, уурлуулж, дуулуулж үзэх гэж оролдов. Надад мэдэж байгаа юм алга. Огт танихгүй нэг хүн "Чи улсаас 25 төгрөг идсэнээ мартаагүй биз" гэв. Гэнэт уур хүрсэн гэж жигтэйхэн. Гэтэл өнөө хүмүүс чинь боллоо, олчихлоо гээд баярлаад явчихав. Байгаа байдал хийгээд уурласан минь өнөө Цахиур Төмөр дүрээрээ байж. Ингэж л Засагт ханы сайн эрийн дүрийг бүтээсэн түүхтэй. Төд удалгүй хот орж Итгэлт баян, Эрдэнэ ах, дүү Хонгортойгоо танилцаад Архангай аймгийн Их Тамир сум руу зураг авалтад гарлаа. Ажлын зав зай, мөн урлаг уран сайханд тааруухан болохоор дургүйхэн л байлаа. Гэвч "Чи минь хичээж л үзээрэй. Энэ олон хүн чамд итгэж байна. Олны итгэлийг алдалгүй тэр сайхан хүний дүрийг дэлгэцэнд бүтээж чадах юм бол хожим үр хүүхдэд чинь хүртэл хэрэгтэй шүү" гэж аминчлан захисан ханийн минь үг санаанд ороод болдоггүй. Мөн зураг авалтын үед ширлүүлж эргэн дээрээс усанд унах. Толгойгоороо, эсвэл босоогоороо уначихаад нэг л болж өгөхгүй есөн удаа дахисан юм даг. Тамирын голын түргэн урсгалд ширлүүлээстэйгээ хөвж бусдыгаа сандаргасан. Кино хийх гэж хүний аминд хүрэх нь гээд Ч.Долгорсүрэн гуай уйлж байсныг санаж байна. Ер нь Ч.Долгорсүрэн гуай надад их хайртай байсан. "Цахиур Төмөрөө би өөрөө олсон юм" гээд өмчирхдөг байлаа. Зураг авалтын үед хамгийн их зааж зөвлөж, тулж түшиж байсан хүн маань Долгорсүрэн гуай байв. Эр хүн шиг нуруулаг, ховор заяах эмэгтэй байсан даа. Миний бие эхэндээ бараг чадахгүй байх гэж боддог байсан. Нуулгүй хэлэхэд, дүрээсээ халшрах үе ч байлаа. Гэвч чадварлаг уран бүтээлчдийн нөмөр нөөлгөнд дүрээ мөнхөлсөн” тухайгаа 2008 онд өөрөө ярьсан байдаг.
Засагт ханы цахиур Төмөр гэж чухам ямар хүн байсан талаар түүний том хүү С.Батдоржтой аавынх нь тухай хөөрөлдлөө. Тэрбээр Налайхын уурхайн хамгийн сүүлчийн дарга буюу 33 дахь даргаар дөрвөн жил ажилласан гэнэ. "Миний аав нягтлан бодогч мэргэжилтэй болохоор хятад сампинг өөр тийшээ харж, дуу аялаж байгаад тооцоо хийдэг байсан. Яг л хөгжим тоглож байгаа юм шиг сампингаа цохидог хүн байлаа шүү дээ. Налайхын уурхайн 1400 ажилтны цалин, техник хэрэгсэл, нүүрс, модны тооцоог хариуцдаг, даргаас илүү хүн байлаа" хэмээн аавынхаа үндсэн мэргэжлийнх нь талаар яриа дэлгэлээ. Мөн "Миний аав кинонд тоглох нь битгий хэл урлагийн үзлэгт ордоггүй хүүхэд байсан гэдэг. Дуу дуулж ч үзээгүй юм билээ" гэсээр бидний яриа эхэлсэн юм.
-Та аавыгаа “Тунгалаг тамир” кинонд тоглоход нь хэдэн настай байв. Аав нь кинонд тоглоно гэхээр ихэд баярлаж байсан байх?
-Би айлын том хүүхэд. Таван дүүтэй хүн шүү дээ. Тухайн үед би 11 настай байсан. Миний үүрэг бол аав, ээжийг эзгүйд дүү нараа сайн харж үлдэх байлаа. Миний доод талын гурван хүү гэр буулгаж өгнө шүү дээ. Тэгээд л бүгдээрээ ноцолдоод л гадаа сагс тоглож байна гэж шороотой хутгалддаг байсан юм. Тэгээд ээжид “Боорцог дуусгачихлаа, хичээлээ хийсэнгүй” гэж загнуулдаг байлаа.
Мөн аав минь “Тунгалаг тамир” киноны хоёрдугаар ангид тоглочихоод гэртээ хивс авч байсан. Тэр нь их сонин, сайхан санагддаг байж дээ.
-Та аавыгаа ямар хүн байсан талаараа дурсахгүй юу. Өөрийгөө үг, дуу цөөтэй нэгэн гэж хэлсэн байсан санагдаж байна?
-Бид нарыг яаж ч үймүүлсэн гар хүрч үзээгүй хүн дээ. “Хөөе, яаж байна аа, юу болж байна л” гэдэг байсан. Өөрийнхөө санхүүгийн ажилд бүх амьдралаа зарцуулсан хүн. Харин манай ээж бол биднийг жинхэнэ хүмүүжүүлсэн шүү. Одоо аавынхаа тухай эргэн дурсахад миний аав өөрийгөө боддогүй л хүн байж дээ.
Миний аав 1987 онд гэнэт бүтэн харвасан. Түүнээс өмнө “Бие өвдөж байна” гэж огт хэлдэггүй байсан. Харваснаас хойш тураад сонин болсон. Харвасан хүн буцаад хэвийн байдалдаа ордоггүй юм билээ. Хөл, гар нь сул яриа нь ээдэрнэ. Харвасан хүний дотор эрхтэн бүгд харвадаг юм гэнэ лээ.Тэгээд сүүлдээ элэг нь өвдөөд бурхан болсон доо. Ээж минь мөн ч сайн асарч, тойглосон. Би бас аавыгаа дуурайгаад гэнэт тал харвасан. Удам болов уу гэж боддог.
-Таны аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн сайхан мөч хэзээ юм шиг санагддаг вэ?
-Би 2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнуулж байсан юм. Тухайн үед Ардын зураач П.Цогзол гуай би даага унаад аав хөтөлчихсөнөөр зурж өгсөн юм. Би “Тунгалаг тамир” киноны гуравдугаар ангид яг ийм хувцастай, лам хүүхэд хийдээс оргоод сургуульд орох гээд Бат, Жаргал хоёр багш дээр ирдэг богинохон хэсэгт тоглосон юм. Бид хааяа зураг авалтын үеэр очдог байсан. Тэгэхээр Р.Доржпалам гуай “Энэ их ажлын хажуугаар хүүхдүүдээ дагуулж ирээд байх юм. Муу, сайн бацаанууд тийш ээ” гээд хөөдөг байсан.Тэгээд л аавынхаа кино зурганд хамт явах хамгийн сайхан мөч байсан гэж боддог.
-Аав нь хэдий үглээд байхгүй ч заримдаа жинтэй үг хэлнэ биз?
-Аав минь бидэнд “Та нар ажил хийж сур. Хэчнээн эрдэм номтой байлаа гээд түлээ хагалж, хоолоо хийж чадахгүй бол яаж амьдрах юм. Одоо сур. Тэгж байж хүмүүний амьдралд амьдарна шүү” гэж хэлдэг байсан.
-Таны аав яг л цахиур Төмөр шиг ханагар сайхан эр байв уу. Дэлгэцийн уран бүтээлд тэгж харагддаг байсан?
-Ч.Лодойдамба зохиолч “Тунгалаг тамир” романыг бичихдээ дүр бүрийг нь тодорхойлж бичсэн юм билээ. Цахиур Төмөр гэдэг бол ....см өндөртэй,.... төрхтэй, ...дуу, хоолойтой гэж нарийн бичсэн гэдэг. Тэр дүрд нь аав яг тохирсон юм билээ. Миний аав кинон дээр гардаг шиг бадируун, өндөр биш. Харин их сайхан үстэй буурал ороогүй, ширүүн, хар үстэй, хөмсөг сайтай хүн байсан.“Тунгалаг тамир” монголын анхны өргөн дэлгэцийн кино шүү дээ. Өндөр, өргөн, нам нь зохисон хүнийг өсгөж болдог юм байна лээ. Харин кино театрын дэлгэцээр үзэхээр хоёр тал руугаа илүү гардаг юм.
-Та аавтайгаа тийм ч төстэй биш юм аа?
-Хүмүүс намайг ээжийгээ дууриасан гэдэг юм. Харин миний удаах дүү яг л аав шүү дээ.
-Аав тань кино зураг авалтын үед болсон хөгжилтэй явдлаа ярих уу?
-Киноны талаар огт ярихгүй. Ээж шалгаагаад л байна. Аав тоохгүй, дуугарч өгөхгүй шүү дээ. Кино багийнхан ийш тийшээ явахдаа манайхаар их ирдэг байсан. Тэднээс л кино зураг авалтын үед болсон сонин сайхан сонсоно шүү дээ.
Уурхайчдын соёлын ордонд аавыг Засагт ханы цахиур Төмөрт тоглосон гээд уурхайчдын уулзалт болсон юм. Хүмүүс киноны талаар ярилцаад л, удалгүй Т.Сандуйжаваар “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулуулъя” гээд л эхэллээ. Тэгсэн аав тайзан дээр гараад микрофон тог, тог гэж нясалаад, хоолойгоо заслаа. Тэгсэн ээж “Үгүй ээ, энэ одоо дуулах юм байх даа. Ямар сонин юм” гээд надад хэллээ. Тэгсэн аав “Уучлаарай, би нэг ч удаа дуулж үзээгүй” гээд суучихдаг юм.
Заал дүүрэн хүн нир хийтэл инээлдэж билээ. Тийм л даруухан хүн байсан даа.
-“Тунгалаг тамир”киноноос гадна өөр уран бүтээлд дүрээ мөнхөлсөн бэ?
-1970-1974 онд “Тунгалаг тамир” киноны Цахиур Төмөр, 1974 он “Нэг ангийн хоёр” Ундрахын аав, 1977он “Зуслангийн найзууд” Аюуш, 1977 он “Хөх ногооны униар” нэгдлийн дарга, 1979 он “Үүрийн цолмон” кинонд тоглосон. 1983 онд “Гарьд магнай” киноны Сандаг аваргын дүрийг мөнхөлж байсан юм.
-Таны ээж ямар хүн байсан талаар бидэнд ярьж өгөөч?
-Миний ээж их идэвхтэй, дайчин эмэгтэй байсан. Дуулж, бүжиглэхдээ чихтэйхэн сайн. Соёлын ордны бүх номерт оролцдог хүн байлаа.
Дөрвөн хүүгээ том охинтойгоо Соёлын ордонд бүжиглүүлж, бүжгийг ээж дэглэж байсан тийм л идэвхтэй хүн шүү дээ. Ээж намайг ёочин, шанз хөгжим тоглуулж сургасан. Би оюутан байхдаа ч бүжиглэдэг байлаа.
Ээжийгээ дагаад урлагт ойр өссөн. Дуулахаас бусдыг нь хийнэ. Ээж бол янзын дуулна шүү дээ.
-Таны аав кинонд тоглохдоо гэртээ бэлтгэл хийдэг байв уу?
-Заримдаа үүрээр сэрэхээр гал тогооны өрөөнд ганцаараа дүнгэр, дүнгэр гээд кино зохиолынхоо үгийг цээжилдэг байсан юм.
Аав минь ой сайтай болохоор амархан ч цээжилдэг байсан байх.
-Киноны найзууд нь танайхаар их ирнэ биз. Тэндий яриаг сонсох ч сайхан байх даа?
-“Тунгалаг тамир” киноны Бадарч тахар, Түгжил киноны ерөнхий оператор Баттулга нар аавтай их найз. Манайхаар ирж дандаа кино ярьдаг байсан. Тэдний яриаг сонсох тун ч сайхан даа. Аав “За за, чи том хүний яриа чагнаад л” гэдэг байсан. Тэгсэн ч би сэмээрхэн орж ирээд л суучихдаг байсан. Тэд “Тунгалаг тамир” киноны гуравдугаар ангийн тухай ярьж байна аа. Тэдний яриаг ч одоо мартаж дээ. Гэхдээ заримдаа гэнэт санагддаг юм.
-Аавыг нь "Тунгалаг тамир" кинонд тоглосон гэхэд хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгдсөн бол?
-“Тунгалаг тамир” киног дэлгэцээр гарахаас өмнө аавыг тоглосон гэхээр хүмүүс итгэдэггүй байсан. Аавыг найз нөхөд, таньдаг хүмүүс нь Сааяа гэж дууддаг байсан юм. Тэгээд “Сааяа яаж тоглож чадах вэ дээ. Тэр кино хөгийн юм болж байгаа байх” гэж хүмүүс ярьдаг байв.
Ер нь олон хүнтэй найр наадам, дуу хууртай газар удаан байх дургүй хүн. Хөдөө морин дэл дээр өссөн хүн дээ.
-Засагт ханы цахиур Төмөрт яг таны аавын төрх байдал, зан араншин илт харагддаг уу?
-“Хөх ногооны униар” киноны нэгдэлийн даргийн дүр яг Т.Сандуйдорж гэдэг хүнийг илтгэдэг. Цахиур Төмөрийн дүр бол хуучин цагийн дүрийг илүүтэй илтгэж байгаа юм. Тэр дүрээс өөрийг нь олж харна гэдэг хэцүү. Хамгийн сүүлд тоглосон “Гарьд магнай” киноны Сандаг аваргын дүрд тоглохдоо нэлээд турчихсан байсан үе шүү. Цагаан сар, наадам болгоноор л "Тунгалаг тамир" киног үздэг юм. Даанч сайхан даа. Зохиол нь тун сайхан шүү.
-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэнд ч бас баярлалаа. Хүмүүний нэг өдрийг аав, ээжийнхээ тухай дурсаж, сэтгэл дотроо байгаа зүйлээ уудлах боломж олдлоо.
С.БАТДОРЖ: Аавыгаа хараад "Засагт Ханы цахиур Төмөр ийм болчих гэж дээ" гэж харамсаж байсан шүү |
|
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |