Шуудан зөөгч охин: Сайн байна уу, Дамба гуай. Юу урлаж сууна даа.
Дамба: Сайн, сайн байна уу. Урлахаа ч хатдаа. Хүүгээ эзгүйд гэрийн мухарт уйдаад байх юм. Модны үндсийг сайн ажиглавал янз бүрийн амьтны дүрстэй байдаг юм шүү дээ. Тэгээд жаахан засчихаар л энэ.
Шуудан зөөгч охин: Буудуулсан шувуу шиг.
Дамба: Хөвсгөлийн нэгэн домогт гардаг хун шувуутай төстэй байгаа биз.
Шуудан зөөгч охин: Нээрээ, Дэлгэрт захиа ирж.
Дамба: Өө юу нь сайн юм бэ... гэж “Би чамд хайртай” киноны хэсэгт Хөвсгөл нуурын эрэг дээр суугаа Дамба дээр бор торгон дээл өмсөж, ягаан алчуур зүүсэн богино үстэй шуудан зөөгч охин ирээд явдаг даа. Тэр бол бидний энэ удаагийн ярилцлагын зочин Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Балжиннямын охин Амаржаргал. “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Үзэхийн хязгаар” хэсгээр найруулагч Б.Балжиннямын “Сүүдэр”, “Тань руу нүүж явна” гэх хоёр бүтээл нь өнгөрсөн бямба гарагт өргөн дэлгэцээр үзэгчдэд хүрсэн. Энэ үеэр бид түүний охинтой ярилцсан юм. Охин нь хэрхэн энэхүү киноны хэсэгт тоглох болсныг үүнийг уншигч та тун удахгүй мэдэх болно.
-Сайн байна уу. “Улаанбаатар” олон улсын ХVI кино наадам болж буй эдгээр өдрүүдэд таны аавын хоёр ч бүтээлийг бид өргөн дэлгэцээр үзлээ. Таны хувьд аавынхаа кинонуудыг үзэх бүрдээ дэргэд тань байгаа мэт санагдаж, олон сайхан дурсамж санаанд нь буудаг болов уу?
-Тийм ээ. “Улаанбаатар” кино наадмын хүрээнд Монголын сор болсон уран бүтээлчдийн кинонуудыг үзэгч олондоо өргөн дэлгэцээр хүргэж, залуу хойч үеэ монгол кинондоо хайртай болгох зорилгоор “Үзэхийн хязгаар” гэх хэсгийг хөтөлбөртөө тусгасан юм байна. Үүнийг нь бид талархалтайгаар хүлээн авч аавынхаа бүтээлүүдийг хүргэсэндээ баяртай байна. Миний хувьд аавынхаа зургийг нь авч, зохиолыг нь бичиж, найруулсан кинонуудыг үзэх тоолондоо өөртөө нэгэн шинэ зүйлийг нээдэг. Мөн аавтайгаа уулзсан юм шиг л сайхан болдог.
-Б.Балжинням найруулагчийн бүтээлийг үзэхээр хүний сэтгэл рүү өнгийж, дотор орших бүхнийг уудлан дэлгэдгээрээ онцлог санагддаг. Кинонуудынх нь бүтсэн түүхийнх нь талаар та хэр мэдэх вэ?
-Мэдээж уран бүтээлчид киногоо бүтээж байх явцдаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах зүйл бишгүй. Аав киноныхоо зохиолыг нь бичихээс эхлээд гэрийнхэндээ ярьдаг байсан. Тэр дундаа ээжтэй минь байнга л санал бодлоо хуваалцдаг байлаа. Хүүхдүүдтэйгээ ч их илэн далангүй. Тухайлбал, аав намайг есдүгээр ангид байхад И.Нямгаваа найруулагчийн бичсэн “Би чамд хайртай” киноны зохиолыг уншуулж, ямар сэтгэгдэл төрснийг асууж байсан.
-Та юу гэж хариулж байсан юм бэ. Зохиолын гол дүрүүд нь тухай үед таны насны хүүхдүүд болохоор аавд тань магадгүй таны хариулт их сонирхолтой байсан байх аа?
-Би ч бас тэгж бодсон л доо.1985 оны эхээр аав И.Нямгаваа найруулагчийн зохиолоор бичсэн найруулагчийн зохиолыг авчирч уншуулж байсан. Гэхдээ тэр үеийн хүүхдүүдийн хүмүүжил одооныхоос ондоо байсан болохоор би зохиолыг уншаад нэрнээс нь эхлээд л аавад хэлэхээс ичээд байсан. Тиймдээч “Яагаад заавал "Би чамд хайртай” гэж нэртэй юм аав аа” гээд асуучихаж билээ. Харин тухайн үед яагаад ч юм тэр кинонд тогломоор хорхой хүрээд болдоггүй, есдүгээр ангиа төгсөх жил киноны зургийг нь авахаар Хөвсгөл явахад нь би аавтай хамт явж байлаа. Тэгэхдээ кинонд тоглож үзмээр байгаагаа аавд хэлэхэд, аав надад зориудаар шуудан зөөгчийн охины хэсгийг гаргаж өгсөн байгаа юм. Тэр нь өнөө “Сайн байна уу, Дамба гуай. Дэлгэрт захиа ирсэн байна” гэдэг хэсэг шүү дээ. Гэхдээ кинонд тоглох бодсоноос минь амаргүй зүйл байсныг тэгэхэд л би ойлгож билээ. Дараа нь кино гарахад өөрийнхөө хэсгийг харж чадахгүй ичээд байсан шүү.
-Аав тань дүрүүдээ бас их эрж хайж сонгодог байсан юм шиг ээ?
-Тийм ээ. Энэ тухайд нэгэн жишээ өгүүлье. Аав нэг удаа “Тань руу нүүж явна” киноны Дулам хөгшинд тоглох жүжигчнийг хэрхэн олох тухай ээжтэй ярьж байгааг нь би сонссон юм. Тэр өнөө жүжигчин Д.Дуламжав гуай. Тэгээд л аав “Тэр жүжигчин энэ ойрхон байдаг гэж байна” гээд л хайж байв. Гэтэл нэг өдөр ээж улсын 50 дугаар дэлгүүрт явж байгаад өнөө жүжигчинтэй таарч л дээ. Тэр тухай аавд “Би жаахан зайтай явж байгаад амжсангүй. Ер нь энэ хавьд байдаг юм байна шүү” гэж ярьж байсан. Тэгж гэр бүлээрээ уран бүтээлд нь санаа тавьж, дүрийн эрэл хайгуул хийдэг байлаа. Аав минь их энгийн, гэртээ байхдаа хоол хийх дуртай, их амттай ч хоол хийдэг. Алиа хошин яриа өрнүүлж, бидний санаа, оноог их сонсох дуртай хүн байлаа. Мөн үзэгчдэд санаагаа бэлэн өгөх биш тэднээр бодуулах ёстой гэж ярьдаг, уран бүтээлдээ тийм зарчим барьдаг байсан. Аавын мөн нэг онцгой чанар нь жүжигчнээ сонгох сонголт, жүжигчинтэйгээ тулж ажиллах ажиллагаанд нарийн нягт ханддаг байсанд бий.
-“Тань руу нүүж явна” киног үзээд сэтгэл уясаж, бүр үзэх бүрдээ уйлдаг үзэгчид ч бий. Тэгвэл Б.Балжинням найруулагч өөрөө кинонуудынхаа хэсэг дээр сэтгэл нь хөдөлж, нулимс унагаж байсан тохиолдол байдаг уу?
-Аав, ээжээсээ хэдүүлээ вэ. Та бүхнээс аавынхаа мэргэжлийг өвлөж авсан хүн бий юү?
-Бид аав, ээжээсээ дөрвүүлээ. Би нэг ах, хоёр дүүтэй. Б.Амарсанаа ах маань найруулагчаар ажилладаг. Уг нь бол электроникийн инженер мэргэжилтэй. Бидний дунд киноны чиглэлээр яг суралцаж, мэргэжил эзэмшсэн хүн байхгүй. Би багш, орчуулагч, дунд дүү Энхжаргал маань мэргэжлийн фото зурагчин, продюсер гээд олон талын мэргэжилтэй. Харин бага дүү минь бизнесийн удирдлага чиглэлээр Америкад сургуульд төгссөн. Гэхдээ бидэнд өөрийн эрхгүй урлагт татагдаж ордог зүйл байдаг юм болов уу гэж бодогддог. Урлагийн чиглэлээр мэргэжилтэй болоогүй ч ах маань өөрийн гэсэн олон сайхан кинотой. Ер нь аав биднийг урлагийн хүн бол гэж шахаагүй. Нэг их дэмждэггүй байсан. Хэрэв урлагийн хүн болбол амаргүй гэдгийг хэлж байв. Тэр ч үүднээс бид өөр мэргэжил эзэмшсэн байдаг байх. Харин цэвэр урлагийн хүн гэвэл Японд кино зураглаачийн мэргэжлээр төгсөөд ирсэн манай хүү Б.Амар л байна даа. Хүү минь МУИС-д сурч байгаад ерөөсөө би “Өвөө шиг ээ мэргэжилтэй болно” гээд сургуулиа орхисон. Тэгээд л гадагшаа суралцаад ирсэн. Одоо дөнгөж ажиллаж эхэлж байна. Цаашид өөрийн гэсэн уран бүтээлүүдтэй болох байх.
/Найруулагч Б.Балжиннямын гэргий Ц.Надмид, охин Б.Амаржаргалын хамт/
-Хүү нь "Өвөөгийнхөө мэргэжлийг өвлөж, үргэлжлүүлье” гэхэд танд их сайхан санагдсан уу?
-Сургуулиа орхиод, өөр сургуульд явна гэхэд мэдээж тухайн үед жаахан хэцүү байсан. Гэхдээ ер хориогүй, хүүгийнхээ сонголтыг хүндэтгэсэн. Дотроо бол баярласан. Гэхдээ өвөө шиг ээ агуу мундаг бол гэхээс илүү хүнээрээ байгаасай гэж боддог. Аав минь ч “Хүн ямар ч тохиолдолд хүнээрээ байх сайхан. Залуу байхад хүнд онгирох үе байдаг. Тэр үеэ л даван туулах чадвартай, өөрөө өөртөө дүгнэлт хийдэг байгаасай” гэж хэлдэг байсан. Хүүдээ ч би тэгж захидаг.
-Аавыг тань Ч.Лодойдамба гуай анх Монгол Кино үйлдвэрт туслах оператороор авсан гэдэг. Тэнд ажиллаж байгаад Москвад сурахаар явсан юм билээ?
-Аав минь олон ахтай. Тэгээд багад нь нэг ах нь киномеханикч байсан юм билээ. Аав хотын Хоёрдугаар арван жилийг төгссөн. Сургуулиа төгсөөд Польшийн кино урлагийн дээд сургуульд явах хувиар авсан боловч өөр хүн оронд нь явахаар болсон гэсэн. Тэгэхэд нь “Үнэн” сонинд ажиллаж байсан Д.Шагдарсүрэн ах нь Кино үйлдвэрт албан тушаал хашиж байсан Ч.Лодойдамба гуай дээр хөтлөн очсоноор Кино үйлдвэрт туслах оператороор орсон байдаг. 1963 онд “Энэ хүүхнүүд үү” кинонд туслах оператороор ажлаад, киноны эхлэлийн жижигхэн хэсэгт гардаг юм. Дараа жил нь харин Москвагийн БХКУ дээд сургуульд кино оператор мэргэжлээр сурахаар явсан.
-Д.Бэгз өвөөгийнхөө тухай та дэлгэрэнгүй өгүүлж өгөөч. Прокурорын жолооч байсан гэдгээс өөр мэдээлэл бидэнд байдаггүй шүү дээ?
-Аав минь энэ түүхээ номондоо их дэлгэрэнгүй бичсэн байдаг юм. Д.Бэгз өвөө бол аавын минь дээрээсээ хоёр дахь ах нь. Аав Ховд аймгийн Чандмань сумандаа сургуульд элсээд, хоёрдугаар ангидаа хэлмэгдсэн тухай та бүхэн мэдэх байх. Тэгэхэд нь Д.Бэгз ах нь аавыг аваад Ховд аймгаасаа гарч, Говь-Алтай аймагт очиж ажилласан юм билээ. Дараа нь харин Өвөрхангай аймагт очсон байдаг. Д.Бэгз өвөө маань их сайхан сэтгэлтэй. Хөдөө байхад нь багадаа л хэд очиж байлаа. Шавилхан биетэй, их эрчимтэй хөдөлгөөнтэй хүн байсан санагддаг. Нээрээ авга ах нар маань их авьяастай хүмүүс. Хамгийн том ахын ач хүү нь “Хү” хамтлагийн дуучин Б.Дашдондог ах. Харин яг дээдэх ах нь урлаг судлаач Д.Батсүрэн гэж хүн байсан. Түүний бичсэн олон сайхан дууны үг байдгаас дурдвал, “Мичид шүргэх Алтай”, “Дөрвөн улирал хоёр амраг”, “Гэгээн өглөө сайн байна уу” гээд ард түмний сонорт хэдийнэ хүрсэн олон сайхан дуу бий. Ер нь манай хамаатнууд дотор урлагийн авьяастай, морин хуур, товшуур хөгжмөөр тоглодог, хөөмийлдөг хүмүүс их байдаг. Аав өөрөө ч мөн мөр холбодог, тэмдэглэл хөтөлдөг байв. Аавынхаа тэмдэглэлийн дэвтрүүдийг хадгалж байгаа.
-Ээжтэй нь хэрхэн танилцсан гэж ярьдаг байсан бэ. Аав, ээж хоёрынхоо хайрын түүхээс та бидэнд ярьж өгөөч?
-Аав хотод Хоёрдугаар арван жилд сурч байхдаа ээжтэй минь нэг ангид ороод, танилцсан гэдэг. Тэр тухай ээж “Их яриасаг, их ч уншдаг, хөдөлгөөнтэй залуу манай ангид хөдөөнөөс орж ирсэн” гэж ярьдаг. Найруулагч И.Нямдаваа ах, эхнэрнь болох жүжигчин, найруулагч Цэцгээ эгч хоёр мөн аав, ээжтэй минь нэг анги. Арван жилээ төгсөөд аав сургуульд явж чадаагүй ч ээж Москва хотын Плехановын нэрэмжит эдийн засгийн дээд сургуульд шилжин суралцах үеэр аав бас Москва руу киноны хүн болохоор суралцахаар очсон. 1966 оны өвөл ах минь Москвад мэндэлсэн байдаг.
-Б.Балжинням найруулагчийг их шулуун шударга зантай хүн байсан талаар нь хүмүүс ярьдаг. Гэхдээ зохиолыг нь бичиж, зургийг нь авч, найруулсан бүтээлийг нь үзэхээр их уян зөөлөн сэтгэлтэй хүн шиг мэдрэгдээд байдаг. Аав нь зан чанартай хүн байсан бэ?
-Тийм ээ. Аав минь их илэн далангүй мөртлөө уян зөөлөн зантай хүн байсан. Нэг тийм нялцгай, тойруу юманд дургүй. Энэ нь магадгүй найруулагч мэргэжилтэй нь холбоотой байж ч магадгүй. Мөн хүн ялгаж харилцдаггүй. Ээж ч тийм хүн. Манайх ер нь гэр бүлээрээ шулуун шударга зантай улс. Аав, ээж хоёр бидэнд ном их уншихыг зөвлөдөг. Манай гэрт юу л байна, ном л байдаг байлаа. Гэхдээ унш гэж хэнийг ч албадахгүй. Зүгээр л ширээн дээр ном авчраад тавьчихдаг байх жишээтэй. Ялангуяа, аав "Миний охин энэ номыг уншвал чамд их хэрэгтэй юм шиг байна", эсвэл "Чи энэ номыг нэг сонирхоод үзээрэй" гэж хэлээд л өнгөрдөг байв. Харин аавынхаа дэндүү уян зөөлөн байдгийг нь эрт ээжээсээ өнчирч, эхийн хайрыг гүн гүнзгий мэдэрч чадаагүйтэй холбоотой болов уу гэж боддог юм. Тэгээд л бүтээлүүддээ эхийн хайрыг шингээхийг их оролддог байж дээ гэж кинонуудыг нь үзэх бүрдээ мэдэрдэг.
Үргэлжлүүлэн түүний охин "Харин аав, ээжийн минь ээж болох эмээтэй минь төрсөн хүү шиг нь, найз шиг нь байдаг байсан. Ээжийг Эрхүүд сурч байхад аав гэрт нь оччихсон байсан гэсэн дээ. Одоо бодоход, аав минь тэгэхэд "Ээжтэй боллоо" гэж их баярласан байх даа гэж боддог" гэсэн юм.
Цааш "Та бүхэн аавынхаа нэрэмжит санг байгуулсан шүү дээ. Сангийн хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ" гэхэд "Бид сангийнхаа хүрээнд аавынхаа кинонуудыг түгээх, хүргэх ажлаас гадна уран бүтээлчдэд хэрэгтэй болов уу гэх үүднээс судалгаа хийж, ном бүтээлийг хэвлүүлж, хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн гаргах ажлыг өрнүүлж байна. Мөн аавынхаа бүтээлүүдэд тоглосон уран бүтээлчдийн үгийг сонсож, цаасан дээр буулгах, хадгалан авч үлдэх ажил ч бий" гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.
Үүнийг уншигч бээр та санаж байгаа бол "Тань руу нүүж явна" кино эхлэхэд,
"Эрхэс тэнгэрийн дор хүмүүн гэгч төрөөд
Эдүгээ хүртэл мянга мянган жил нүүж явна
Хүрэхүй еэ бэрх сэтгэл гэгч өндөр оргил
Хүн хүн рүүгээ нүүж орчлонг туулна..." гэх мөртүүдийг уншдагийг энд төгсгөл болгоё. Б.Балжинням найруулагч бол хүний сэтгэл гэх өндөр оргилд олон сайхан бүтээлээрээ хэдийнэ хүрч чадсан уран бүтээлч билээ.
НЭРТ НАЙРУУЛАГЧ Б.БАЛЖИННЯМЫН ОХИН АМАРЖАРГАЛ: Аавынхаа зургийг нь авч, зохиолыг нь бичиж, найруулсан кинонуудыг үзэхээр аавтайгаа уулзсан юм шиг л сайхан болдог |
|
2024-12-11 13:15:32
2024-12-11 11:38:18
2024-12-11 11:16:58
2024-12-11 11:16:53
2024-12-11 10:57:24
2024-12-11 10:35:47
2024-12-11 09:49:34
2024-12-11 09:02:28
2024-12-11 09:00:00
2024-12-11 08:36:26
2024-12-11 08:14:14
2024-12-11 07:00:05
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 06:00:00
2024-12-11 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |