• Өнөөдөр 2024-05-03

МӨРӨН ХОТЫН ЗАСАГ ДАРГА АСАН Д.ТӨМӨРИЙН ОХИН МӨНХГЭРЭЛ: Миний аав бүх амьдралаа Мөрөн хотын төлөө зориулсан. Үүнийг нь хотынхон бүгд мэдэж байгаа, бүгд бахархдаг

2023-06-25,   6938

      Цэргүүд жагссан мэт Мөрөн хотын эмх цэгцтэйг яана. Тэр “цэргүүд”-ээс бүрээн дуу хангинах мэт аялгуут салхи хүлээх нь хэчнээн сонсголонтой. Хөх тэнгэрт алтан наран зурайж, Мөрөн голын мөс толиотон байна. Саяхан орсон цасны талст бүхэн гялалзаад, Хөвсгөл аймгийн Мөрөн хот тайван амгалан налайна. Энэ хотын гудамж, талбайн төлөвлөлт, зохион байгуулалт хэчнээн эмх цэгцтэйг мэдэхгүй монгол хүн ховор. Амьдран суугаа хотынхоо иргэдийн ая тух, тавтай байдлыг ханган зөв төлөвлөлт хийсэн Мөрөн хотын Засаг дарга асан Д.Төмөрийн охин Т.Мөнхгэрэлтэй энэ удаагийн “Үргэлжлэл” булангаараа ярилцахаар бид Мөрөн хотод ирээд буй нь энэ.

  Энгийн хэрнээ эгэлгүй гавьяа байгуулсан түүний “Өгсөх тусам хараа гүйцдэг л юм бол харагдах юм төчнөөн нэмэгддэг шиг хийх тутам ажил булгийн ус шиг ундардаг жамтай. Өгсөж байж л уулсын өндөр, намыг, хийж байж л ажлын цар хэмжээг мэдэж, үр шимийг хүртдэг билээ” гэх үг номын шаргал хуудаснаа мөнхрөн байгаа бол тархи оюун, зүрх сэтгэлээ шингээсэн их бүтээн байгуулалт нь өнөөдрийн Мөрөн хотыг бий болгожээ. Мөн ирээдүйн хөгжил цэцэглэлтийн гүүр, залгамж халаа болж буй. Энэ л эгэлгүй эрхмийн охин Д.Мөнхгэрэл гэрийнхээ хаалгыг тайлан биднийг дотогш орохыг урилаа. Тэрбээр мэнд мэдээд, “Хот газрын хүмүүс ямар кофе уух вэ” хэмээн элгэмсэг дотноор инээмсэглэв. Кофе чанах зууртаа “Аав минь хэрвээ амьд байсан бол 95 настай сайхан буурай байх байлаа. Хэдийгээр аав минь бурхан болсон ч гэлээ аавынхаа 95 насны ойг өргөн дэлгэр тэмдэглэе гэж бодож байгаа. Аавтай нэгэн насны амьдралаа холбосон ээж минь хажуу өрөөнд бий. Бие нь чилээрхүү байгаа. Тиймээс эгч нь ээжийгээ сахиж байгаа ухаантай. Би чинь айлын ганц эрх охин шүү дээ. Тиймээс хүмүүс намайг “Даргын ганц охин юу ч хийж чадахгүй, амьдрал мэдэхгүй” гэх нь олон. Яах вэ, удирдах ажил хийж байгаа хүний хүүхдийг хүмүүс жаахан ад үздэгийн жишээ л дээ. Хүмүүсийг ингэж хэлээд байхаар нь ааваасаа зөрж, амьдрал үзэхээр хувийн бизнес хийнэ гэж төрийн ажлаасаа гараад, наймаа хүртэл хийж байв. Мөн ч олон удаа Ханхын боомтоор орж, гарсан даа. Аав эхэндээ дургүй байсан ч сүүлд “Охин минь чиний зөв байж” хэмээн хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа “Амьдрал мэдэхгүй даргын охин” гээд байсан хүмүүс дахиж энэ үгийг хэлэхээ больсон. Яагаад гэхээр яг л бусадтай адил жолоочтойгоо хамжаад л бараагаа ачаад явдаг байсан болохоор тэр биз” хэмээн инээвхийлэв. Хэсэг хугацааны дараа Т.Мөнхгэрэл гэр бүлийнхээ зургийн цомгийг дэргэд авчран дэлгэснээр бидний хөөрөлдөөн албан ёсоор эхэллээ.

-Та бидний хөөрөлдөн суугаа Хөвсгөл аймгийн Мөрөн хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гаргасан Д.Төмөр, таны аавын бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бол. Энэ талаарх түүхээр хоёулаа яриагаа эхлэх үү? 

  -Аав минь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхан уулын Түжиг гэх газар төрсөн. Ээж, хоёр дүүгийнхээ хамт мал дээр бага насаа өнгөрүүлсэн хүн. Цас, бороо, салхи, шуурга сүлэлдсэн жилийн дөрвөн улиралд малын бэлчээрт тоглож, бусдын адил бага насаа өнгөрүүлсэн гэдэг. Хүүхдүүдээ юмны наад, цаадахыг ойлгодог болсны дараа ээж нь “Хөдөө, мал дээр бүгд байгаад яах вэ. Нэг нь ч болтугай боловсролтой бол. Эрдэм номын мөр хөөж, Хүрээ хот ор” гэсэн юм билээ. Тэгээд аав минь нутгаасаа урлагийн сургуульд сурахаар нийслэлийг зорьжээ. 1945 оны чөлөөлөх дайн эд хүчээ авч байсан, хаа сайгүй гашуудалтай байсан цагт тийн эрдмийн мөр хөөхөөр явж байсан гэж аав ярьдаг. Тэр үед 14 хоног явж нийслэлд очоод урлагийн сургуульд сурах гэж байсан хүн чинь Худалдааны сургуульд элссэн гэдэг. Үүнийгээ аав “Сохорсон биш завшив” гэдэг болсон гэж билээ. Сургуулиа төгсөөд цэрэгт явж, бага даргын албан тушаал хашиж байгаад тэндээсээ Намын дээд сургуульд сурч, лектор болоод нутагтаа ирсэн түүхтэй. Аав минь Мөрөн хотод 50 гаруй жил  амьдрахдаа  17 жил нь тасралтгүй Мөрөн хотын дарга хийсэн хүн дээ.

-Аавыг тань Мөрөн хотынхон андахгүй байх. Хотынхоо бахархал, хүндэт Д.Төмөр гуай ямар зан араншинтай хүн байсан бэ?

      -Шударга хэлэхэд эелдэг даруу, сайхан ааштай хүн бол байгаагүй. Яагаад гэхээр, тэтгэвэртээ гарсан хойноо аймгийн ИТХ-д сууж, дарга, даамлуудаас элдэв асуулт асуудаг байсан шиг байна лээ. Нэг үгээр бол өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг, бусдын төлөө үнэнчээр зүтгэдэг шулуун шударга хүн байсан гэж ойлгож болно. Хамт ажиллаж байсан үеийн нөхөд нь аавд их хайртай байдаг. Би аавыгаа бурхан болоход “Ингээд амьдралгүй болчихлоо” л гэж бодсон. Одоо бодоход үнэхээр айхтар ухаантай хүн байжээ, аав минь. Энгийн даруу, бүх хүнд элгэмсэг, хүмүүсийг чин үнэнчээр хүндэлдэг. Аав надад “Би Мөрөн хотод 50 гаруй жил амьдарсан. Намайг энэ хотын нохой ч андахгүй. Сүүлийн үеийн залуус их соёлгүй болж байгаа. Тухайлбал, хүнтэй мэндлэхээ больжээ. Тиймээс би өөрөө түрүүлж мэндэлж, ичээдэг болсон. Аяндаа хүнтэй мэндэлдэг болох байх гэж найдаж байна” гэж билээ. Аав минь эд хөрөнгө овоорсон амьдралын төлөө зүтгэж, удирдлагын суудалд суучихаад эрх мэдлээ давуулан ашигладаг хүн байгаагүй. Үүнд би 100 хувь итгэлтэй байна. Харин хүний төлөө сэтгэлээ тэнцүү өгдөг хүн байсан даа. Намайг 1990 онд наймаа хийгээд, олсон хэдэн төгрөгөөрөө өөрийгөө болгоод амьдарч байхад “Мөнхгэрэл ээ, хүмүүс тарваганы тосоор боорцог хайрч байна. Та арай л тансаг байгаа юм биш үү” гэж загнаж байв. Тухайн үедээ би залуу байсан болохоор “Яагаад болохгүй гэж, би чадаж байхад” гэдэг хандлагаар жаахан уурлаж л байлаа, аавдаа.

-Та айлын ганц охин болохоор эрх дураараа өссөн байх. Нас биед хүрээд аавтайгаа хэр зөвлөлддөг байсан бэ. Эсвэл багын эрх зангаараа “Би энийг хийнэ” гээд дайрдаг байв уу?

       -Би 20 гаруй жил Улаанбаатар хотод ажиллаж, амьдарсан. Энэ хугацаанд асар олон зүйл хувьсан өөрчлөгдсөн. Би аливаа шийдвэр гаргахдаа аав, ээжтэйгээ заавал зөвлөдөг байсан. Гэхдээ нэг л зүйл дээр аавынхаа үгээр яваагүй. Тэр юу вэ гэхээр улс төрийн шийдэл. Би юуг, яг баримталж амьдрах вэ гэдэг өөрийн үзэл бодлоор 1995 онд одоогийн МАН маш хэцүү байсан үед намын гишүүн болж байсан. Хүмүүс бол намайг аавыгаа дагаад намд орсон л гэж боддог байх. Ингэж л миний төрийн албан хаагч болох үндэс суурь эхэлсэн дээ.

-Аав, ээж хоёр нь хаана хэрхэн танилцаж байсан бол. Энэ тухай таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж найдаж байна?

      -Аав Мөрөн хотын хариуцлагатай дарга байхдаа ээжтэй танилцсан юм билээ. Тухайн үед ээж аймгийн Соёлын ордонд бүжигчин байсан гэдэг. Мөрөн хотод соёлын арга хэмжээ зохион байгуулж, бүжгэн цэнгүүн болох үеэр тэд минь танилцаж, үерхэж нөхөрлөөд гэр бүл болсон түүхтэй юм билээ. Нэг гэрт 50 гаруй жил хамт амьдарна гэдэг том буян шүү. Ээжийг минь Д.Надмид гэдэг. Ээж минь эхээс хоёулаа, хань, үр хүүхдүүддээ маш их хайртай, халамжтай хүн бий.

-Д.Төмөр гуайг сайн загасчин байсан гэж сонссон. Энэ хэр үнэний ортой вэ. Хэрвээ тийм бол гэр бүлээрээ салхинд гарч, голын эргээр зугаалангаа загас барьж явсан сайхан дурсамж бишгүй бий байх. Та энэ тухай сайхан хууч дэлгээч?

       -Аав минь Мөрөн хотдоо нэлээд дээгүүрт орох сайн загасчин байлаа. Ер нь загас барих хоббитой. Үүнээс гадна эрүүл мэндээ их дэмждэг хүн байсан. Тиймээс өглөө босоод л гүйнэ. Гүйж орж ирээд цайгаа уучихаад, ажилдаа явдаг байв. Бас эрүүл мэнд, бие физиологийн номыг бараг эмч шиг л их уншсан хүн.

      Аав загасанд явахдаа намайг байнга дагуулж явна. Загас барьж байхад нь би галыг нь манаад үлддэг байлаа. Заримдаа гэр бүлээрээ явна. Аав загас барихаар ээж шараад, би идээд голын эрэг дээр сайхан налайна. Хэчнээн ч сайхан байсан юм дээ. Одоо тэр орон зай, цаг хугацааг их үгүйлдэг. Үүнээс гадна аав загасаа хөөгөөд голын урсгал дагаад холоо явчихна. Намайг таг марчихна шүү дээ. Явж, явж ирэхэд нь би галынхаа дэргэд унтчихсан байж байдаг гэсэн. Тэгээд л аав аргал овоолж, асаагаад загасаа шарж дуусаад намайг сэрээнэ. Ямар гоё амттай загас иддэг байсан гэж бодно. Загасны мах идчихээд аавынхаа чанасан хар цайг уухад үнэн тасархай даа, тасархай.

 

-Аавтайгаа өнгөрүүлсэн цаг хугацаа бүхэн юу юунаас үнэтэй орон зайг эзэлдэг нь мэдээж. Тэр нөхөж болшгүй цаг хугацааг хамтдаа бүтээсэн дурсамж бага ч болов дүүргэдэг шүү дээ. Тиймээс аавтайгаа өнгөрүүлсэн мартагдашгүй  сайхан дурсамжаасаа хуваалцаж болох уу?

-Намайг найзууд маань их эршүүд гэдэг. Аргагүй шүү дээ, аавын эрх охин юм чинь. Аав юу л хийнэ би хамт хийдэг байсан. Сайхан дурсамж гэх юм бол эгч нь аавтайгаа хамт бөх үздэг байлаа. Жил бүрийн улсын баяр наадмаар Булган аймгийн Засаг дарга манайх руу, аавд зориулж 10 литр айраг явуулна. Айргаа уугаад л бөх үзээд суучихна шүү дээ. Тухайн үед манай нутгийн дархан аварга Д.Дамдин аварга хүү Баяраагийн хамт зодоглодог байсан. Баярааг давахаар би хашхирч босоод л,  Д.Дамдин аваргыг давахаар аав “Уухайс, уухайс” гээд л ээж “Төмөрөөгийн бөх нь давчихав уу” хэмээн инээмсэглэнгээ хуушуур хайрч зогсдог сон. Өргөө гэрийнхээ хойморт хэчнээн сайхан наадаж байсан юм дээ гэж боддог. Хэрвээ цаг хугацааг эргүүлж болдог бол тэр үедээ нэг очих юм сан.

 

-Таны үеийнхэн аав, ээжийнхээ ажил дээр л бага насаа өнгөрүүлсэн байх нь олонтаа байдаг. Та аавынхаа ажил дээр хэр их очдог байсан бэ?

-Би багадаа хотын дарга гэж ямар ажил, албан тушаал гэдгийг мэддэггүй байлаа. Бага ангийн сурч байхдаа аавын ажлаар чихэр горьдож л очдог байсан. Аав ганц, нэг чихэр тавган дээрээс авч өгөөд л гаргадаг байсан даа. Заримдаа орохоор нүдний шилнийхээ дээгүүр өнгийж хараад “Яах гэж яваа байгаа юм” гэнэ. Тэгэхээр нь би яах гэж байгаагаа хэлж чадахгүй дүмбийтэл номхон зогсоно.  Аав “Миний охин эртхэн гэртээ харь” гэхээр нь “Чихэр өгөөч” гэж хэлж чадахгүй үг дуугүй гараад явчихдаг байсан даа. Аавыг ажлынхаа өрөөнд ном уншаад, харандаагаар тэмдэглээд сууж байхтай цөөнгүй таарч байлаа.

 

-Мөрөн хотынхон жагсаалын цэрэг шиг тэгшхэн гудамж талбайтай, зохион байгуулалт сайтай хотод амьдарч байна. Энэ эмх цэгцтэй төлөвлөгөөг гаргах гэж хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан тухайгаа танд хуучилж байсан уу?

-Мөрөн хотын захиргаа иргэддээ газар олгож байхад энэ ажлыг хариуцсан таван хүн байсан юм билээ. Түүний нэг нь аав. Тухайн үед 20 мянга гаруй хүн амтай жижигхэн хот байсан гэдэг. Хөдөөнөөс айл суурьшихаар нүүж ирэхэд аав “А” үсгэн мод, метр бариад л хашаа хэмжиж өгдөг байсан. Үүнийг би сайн санаж байна. Аав мод, метр хоёроо сугандаа хавчуулаад явдаг байлаа. Мөн цагаан хоолой хүзүүнээсээ зүүчихнэ шүү дээ. Үүнээс гадна манай байрны ойролцоох бүх модыг аав тарьж, усалж ургуулсан. Одоо бараг л ногоон төгөл болоод байгаа. Анх тарьж байхад нь би ангийнхантайгаа усалж өгдөг байв. Харин хотын гудамж талбай ийм зайтай, эмх цэгцтэй байх ёстой гэдгийг аав хаанаас мэдсэн юм бүү мэд. Энэ ухааныг нь бишрээд, бахархаад баршгүй. Мөн Мөрөн хотыг бүтээн байгуулах ажлыг аав ганцаараа хийсэн юм биш. Аавтай хамт ажиллаж байсан баг хамт олны гавьяа юм шүү дээ. Аав би ганцаараа энэ ажлыг хийсэн гэдэггүй байсан. Харин манай хамт олны зүтгэл гэдэг байлаа.

Хотын иргэд аавыг нохой Төмөр гэдэг байсан юм билээ. Үүнийг би дурсамж номон дээрээс нь уншсан. Яагаад ийнхүү хочилдог байсан гэхээр тухайн үед хөдөөнөөс иргэд суурьшихаар малтайгаа ирдэг байж. Тэр үед нь аав “Энэ хотын бүтээн байгуулалтад мал нийцэхгүй” гээд  малаа хотоос гаргахыг шаардаж, зарим тохиолдолд өөрөө хөөдөг байсан юм билээ. Тэгээд л ажлаа яс хийдэг болохоор нь нохой гэдэг хоч өгсөн байдаг. 

 

-Ярилцлагаа энэ хүрээд дуусгая гэж бодож байна. Ярилцлагын төгсгөлд та ааваараа бахархах, хайрлуулахын сайхныг ярьж өгч болох уу?

-Ааваараа бахархдаг, хайрлуулж явсан тэр үеэ би яаж үгээр илэрхийлж чадах билээ. Харин нэг зүйлд их гомдож явдаг. Учир юу вэ гэхээр 90 насны ойгоор нь аймгийн удирдлагууд аавд “Сүхбаатарын одон өгнө” гээд ярьж байсан юм билээ. Энэ шагналыг аав гурван жил хүлээсэн. Аав энэ тухайгаа надад хэлж байсан. 90 наснаасаа хойш хүлээгээд аав минь гурван жилийн дараа бурхан болсон. Хөөрхий минь, их горьдож хүлээсэн шагнал нь сураг гараад л тасарсан. Бурхан болсных нь дараа би аавд яагаад энэ шагналыг нь өгөөгүй юм бол гэж бодоод аймгийн Архивын ерөнхий газраас шүүлгэж үзсэн. Гэтэл аавыг шагналд тодорхойлсон бичиг Ерөнхийлөгчийн Тамгын газарт очоогүй байсан. Нэг үгээр бол аавд шагнал өгнө гээд байсан аймгийн удирдах албан тушаалтнууд шийдэх газар руу нь тэр бичгийг нь явуулаагүй гэсэн үг. Яах гэж хөгшин настай хүнд худлаа хэлж, найдлага төрүүлсэн юм бүү мэд. Бодохоор гомдоод байдаг юм. Үүнээс гадна аавыг энэ шагналыг хүлээж байхад нь би “Танд энэ шагналыг заавал зүүж өгөх албагүй. Тэртээ тэргүй хийсэн зүйл, нэр хүнд нь танд байна” гэж сэтгэлийг нь тайтгаруулах санаатай хэлж байсан. Тэгж хэлсэнд минь тайтгараагүй, харин ч гомдсон байж мэднэ гэж одоо харамсан боддог. Миний аав бүх амьдралаа Мөрөн хотын төлөө зориулсан. Үүнийг нь би бүү хэл хотынхон бүгд мэдэж байгаа, бүгд бахархдаг. Энэ хүндлэл нь ямар ч шагналаас үнэ цэнтэйг аав минь мэддэг байсан нь сайхан ч захын хүнд тараагаад өгчихдөг тэр тэмдгээ миний муу аавд зүүгээд өгчихгүй гэж бодохоос сэтгэл тавгүйрхдэг. Та бүхнийг аавыг минь дурсан санаж, хаа байгаа хотоос зориод ирсэнд аавтайгаа уулзсан юм шиг л баярлаж байна, баярлалаа.

Бидний хөөрөлдөөн ийнхүү өндөрлөсөн юм. Цэлийсэн гудамтай Мөрөн хотын гудмаар алхаж явна. Энэ хотыг зөв төлөвлөн цогцлоон  бүтээсэн Д.Төмөр гэдэг хүнийг биширч байна. Салхины аясад мөн л түүний тарьсан модод мөчрөө сэгсрээд цасан талст бужигнууланхан тэнгэр өөдөө тэмүүлэн тэмүүлэн ургасаар л байна. Мөрөн хотын гудам анир гүмхэн өвлийг давж буй нь энэ бололтой.

 


МӨРӨН ХОТЫН ЗАСАГ ДАРГА АСАН Д.ТӨМӨРИЙН ОХИН МӨНХГЭРЭЛ: Миний аав бүх амьдралаа Мөрөн хотын төлөө зориулсан. Үүнийг нь хотынхон бүгд мэдэж байгаа, бүгд бахархдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-25 18:53:16
    Egiin gol: Mundag hun shvv. Iim setgeltei humuus Mongold olon bval ene uls hugjihud asuudalgui.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-22 00:01:09
    Мөрөнчүүдийн бахархалт хүн дээ.: Манай найз аавынхаа тухай сайхан дурсамж яриа өгчээ. Үнэхээр хүн бүрт урам хайр бэлэглэсэн үлгэр дууриалал болсон хүн бол Төмөр дарга байлаа. Мөрөн сумын эмх цэгц иргэдийн амьдрах орчинг алсын хараатай шийдэж чадсан шүү. Мөнхгэрэлдээ ээжид нь эрүүл энх сайн сайхныг хүсьe.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-21 18:43:39
    Urnaa : Төмөр даргын багт олон хүн байсан шүү..гомөосүрэн,Зундуй,Лүндэг,Шарав гуай гээд л. Бүгд л Мөрөн хотын төлөө ухамёарт амьдралаа кориулж өнөөдрийн МӨРӨН хотыг байгуулсаан..Би ч хүүхэд байхдаа 3 литрийн битонд хар цайгаа хийгээд талх боорцгоо торонд хийгээд модон метр бариад гудамж хойш урагш татан шугамдан татуулж хэмжиж байгаа аавыгаа дагаад бас л явж байлаа....бусад олон хүний хөдөлмөр байгааг ч онцолж байгаа шүү зөв ойлгоорой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-21 12:15:46
    Н.Наранбаатар: Төмөр дарга агсаны Мөрөн хотод хийсэн ухамсарт амьдралын түүхийг хүн бүр сайн мэддэг. Хүн бүр мэднэ гэдэг нь хийсэн бүтээсэн күйлийн үр дүнгийн илэрхийлэл. Уулзаад ярилцаад сууж байхад их энгийн мөртлөө, ихийг уншсан зүйлтэй, амьдралын болон, төрийн албаны мэдлэг, туршлагын цар хүрээ ихтэй, эелдэг, зөөлөн ярилцаад суугаад баймаар ийм эрхэм байлаа. 2018 онд гэрт зочилж уулзаж олон сайхан зүйлийг сонсож явлаа. Өөрийнхөө бичсэн номыг надад бэлэглэж, тэрхүү номын мөрийг хаяа эргүүлж суухад сайхан туршлагыг нь авч үлдэх, суралцах нэгэнд хэрэг болохоор энгийн бичвэртэй ойлгомжтой ном байдаг. Хөвсгөлчүүдийн яах аргагүй дурсагдах бахархалтай Эрхэм хүн гэж бодож явдаг. Хайртай хань, охинд нь эрүүл энх сайн сайхан, аз жаргалыг хүсье. Жаргаж амьдрах болтугай гэсэн ерөөл өргөе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-21 00:42:18
    Н.Отгонбаяр:: Төрж өссөн Мөрөн хот минь үнэхээр цэгцтэй сайхан шүү.Энэ нь Төмөр даргын ажлын үр дүн .Хөвсгөлчүүдийн бахархал болсон сайхан сайн хүн байлаа .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-19 17:32:32
    Д Батсайхан: Төмөр дарга их энгийн даруухан хүн байсан Би 30 гаран жил Мөрөн суманд төрийн захиргааны байгууллагад ажиллахдаа дарга нарыг их ажигладаг дотроо харьцуулдаг байлаа Ихэнх дарга нар албан тушаалдаа хувь араншингаа өөрчилдөг Аль нэг тушаалд очингуутаа ааш араншин гаргаж байгаа гадаад төрх байдал нь өөрчлөгдөөд л инээд хүрмээр хүмүүс бхйдаг Төмөр дарга бол бүх зүй нь нэг л янзаараа Мөрөнгийнхөө голыг өгсөж уруудаад л явган алхаж л явдаг хэнтэй ч нэг л зангаараа амгалан тайван налайгаад л явж байдаг сонин сайхан байлаадаа Даргаасаа их зүйлийг ажиглаж үлгэрлэсэндээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-19 13:06:37
    Түвшинжаргал: Сайн дарга, сайн аав хүн байсан. Эгчдээ эрүүл энх, аз жаргал ажлын амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-19 10:14:02
    Ш.Баатар: Мөрөн хотоо харахад аргагүй л Төмөр гэдэг нэр санаанд буудаг шүү мундаг зохион байгуулагч
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188