-Сайн байна уу. Аавын тань орчуулгаар Уильям Шекспирийн “Ромео Жульетта хоёр” ном хэвлэлтэд гарч байгаа юм байна. Энэхүү бүтээлийн талаар яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?
-Сайн, сайн байна уу. Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Аавын минь орчуулсан “Ромео Жульетта хоёр” жүжгийн орчуулга 2001 онд Монголын зохиолчдын эвлэлийн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын утга зохиолын орчуулгын шилдэг бүтээлээр шалгарч байсан түүхтэй. Хүмүүс аавын орчуулсан жүжгүүдээс унших юм сан гэдэг байсан. Энэ ч утгаар бид аавынхаа орчуулгыг уншигч олонд хүргэх, орчуулагч дуун хөрвүүлэгчдийг дэмжих зорилгоор аавынхаа нэрэмжит “Мэргэн зон” Төрийн бус байгууллагыг байгуулаад хоёр жил болж байна. Энэ хүрээнд аавынхаа бүтээлүүдийг шинээр эрхлэн гаргах ажлыг эхлүүлээд байгаа юм. Үүний эхний ажил нь Уильям Шекспирийн "Ромео, Жульетта хоёр" орчуулгын бүтээл юм.
-Аав тань ямар, ямар орчуулгын бүтээлийг уншигч олондоо хүргэсэн байдаг билээ?
-Аав минь 1980 онд Москвагийн А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн орчуулгын ангийг төгссөн. Хүмүүс орчуулагч гэдгээр нь мэдэхээс утга зохиолын мэргэжилтэн гэдгийг нь бараг мэдэхгүй болов уу. Амьдралынхаа ихэнх хугацааг орчуулгын ажилд зориулж, МҮОНРТ-д гадаадын олон кино, нэвтрүүлэг орчуулснаас гадна дэлхийн сонгодог бүтээл болох У.Шекспирийн жүжгүүд, В.Распутины “Иваны охин, Иваны эх” тууж, өгүүллэгийн ном, Л.Шинкаревын “Цэдэнбал, Филатова хоёр”, “Цэдэнбал, Филатова хоёрын цаг үе”, А.Азимовын “Эхлэлийн эхлэл” зэрэг бүтээлийг хэвлүүлсэн. 2010 онд “Степные были и небылицы” (Тал нутгийн домог хууч) номыг эмхэтгэн орос хэлнээ орчуулж, Улаан-Үд хотод хэвлүүлсэн. Мөн Төрийн шагналт зохиолч Б.Догмидын “Бүргэд тэнгэртээ халина” романыг орос хэлнээ орчуулсныг Б.Догмид гуай өөрөө хэвлүүлсэн юм билээ.
Хамгийн сүүлд “Эртний грек, эртний Ромын домог туульс”-ийг орчуулан хэвлүүлж, уншигч олондоо өргөн барьсан.
-Таны аав бол бидний хайртай орчуулагч. Олон ч сайхан бүтээлийг бидэнд унших эрх олгож, аялгуут сайхан монгол хэлээр “урласан" гэдгийг хэн бүхэн мэдэх байх. Аав тань орчуулагчийнхаа хувьд, хувь хүнийхээ хувьд ямар хүн байсан тухай ярьж өгч болох уу?
-Баярлалаа. Тийм ээ, аав минь эгэл даруу, ямар ч хүнтэй сайхан харилцдаг, хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, ном их уншдаг, олон зүйлд сонирхолтой хүн байсан. Байгаль дэлхийдээ хайртай, өсөж төрсөн газар нутаг, уул ус, өвөг дээдсээ шүтэж явдаг хүн байлаа. Харин орчуулагчийн хувьд надаар хэлүүлэлтгүй уншигч түмэн, мэргэжил нэгт хамт олон, найз нөхөд нь сайн мэдэх байх. 2003 онд аавын минь хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан.
-Хамгийн сүүлд “Эртний Грек, Ромын домог туульс” номыг орчуулан, хэвлүүлсэн. Монгол хэлний аялгуут үг хэллэгт нь үнэхээр автаж байсан шүү. Энэхүү бүтээлийг аав тань хэдий хугацаанд орчуулсан бол. Орчуулагчийн ажлыг чөмөг дундалсан хөдөлмөр гэдэг. Тэр хэрээр хамаг цаг хугацаагаа, бүхий л зүйлээ өгч байж, сайн бүтээл төрдөг болов уу гэж бодож байна?
-Аав маань "Эртний Грек, Ромын домог туульс" номыг жил гаруй хугацаанд орчуулж хэвлүүлсэн. Орчуулгын ажил их тэвчээр шаардсан, харь хэлнээс гадна монгол хэлээ маш сайн мэддэг байх хэрэгтэй гэж боддог. Энэ байдлыг би аавынхаа орчуулгын бүтээлээс олж, мэдэж, суралцсан. Аавыг маань А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж байхад нь Тахо Годи хэмээх сонгодог хэл судлаач багш нь эртний Грек, Ромын уран зохиолд дуртай болгосон гэдэг. Аав ч энэ тухай ярих их дуртай. Хүн бүрд хүнийг хөтөлж, алив нэг зүйлд дурлуулдаг нөлөөлөл байдаг шүү дээ. Тухайн үед тэр багш аавд минь Одиссей, Илиадын туульсыг эртний грек хэлээр уншиж өгдөг байсан юм билээ. Тэгээд хагас жилийн шалгалтад билетээ сугалаад асуугдахад нь багш нь “Эхлээд нэг юм лавлая. Эртний грекчүүд Дионис тэнгэртэй хэрхэн мэндчилдэг байсан бэ” гэхэд нь “Хайра Адонис” гэж хоёрхон үгээр хариулаад онц авч байсан гэж ярьдаг байсан. Аав минь улсын нь хөрөнгөөр таван жил суралцаад, оронд нь ямар нэгэн юм хийх ёстой гэж үргэлж бодож явдаг байсан учраас энэ номыг уншигч олны хүртээл болгожээ. Аавын минь энэ хүсэл, хөдөлмөр талаар болоогүй, их сайхан орчуулгаар эл домгийг бидэнд хүргэсэн гэж боддог. Энэ тухай сүүлд номыг нь уншсан хүмүүс ч ярьж байхыг сонсоод, өөрөө ч мөн баярлаж байгаа байх гэж боддог юм.
-Таны өвөө бол Соёлын гавьяат зүтгэлтэн, шүүмж судлаач, орчуулагч Ц.Хасбаатар. Аав тань, аавынхаа тухай яриа дэлгэж байсан болов уу. Таны хувьд өвөө тань ямар хүн байв. Аавыгаа харж байхад аль зан чанар нь өвөөтэй нь адилхан байсан бол?
-Мэдээж аавыг минь утга зохиол, орчуулгын салбарт хөтөлсөн, нөлөөлсөн хүн бол миний өвөө. Аав, хүү хоёрт ижил төстэй зүйл мэдээж хэрэг олон байлгүй яах вэ. Өвөө, аав хоёр олон зүйлээрээ ижил. Тухайлбал, Москва хотод их сургуулиа төгссөн. Өвөө минь насаараа л утга зохиол, орчуулгын ажилд бие, сэтгэлээ зориулсан. Аав мөн дурлаж, сэтгэл зүрхээ энэ салбарт өгсөн. Нэг зүйлд сэтгэл зүрхээ өгсөн л бол тэр замаар тууштай явж, ард нь гардаг зан чанар хоёуланд нь байдаг.
Түүнээс гадна алиа хошин, эелдэг зөөлөн байдлаараа адилхан санагддаг юм.
-“Х.Мэргэн шиг орчуулагч дахин мэндэлтэл зуун жил шаардагдана” хэмээн нэгэн анд нөхөр нь дурсан аавын тань тухай бичсэн байсан. Тэгэхдээ мэргэжилдээ хачин дуртай байсныг нь онцгойлон өгүүлсэн байна. Охиных нь хувьд аавынхаа мэргэжлийн болон хийж байгаа зүйлдээ дуртай зан чанарыг илүү мэдэх болов уу. Энэ тухайд та дэлгэрүүлж ярьж өгөөч?
-Тийм ээ, аав минь ажил мэргэжилдээ их дуртай, ажлаа жаргаж хийдэг байлаа. Барьж авсан орчуулгаа үүр цайтал суугаад, дуусгаж байсан үе олон. Ихэвчлэн шөнөөр суугаад орчуулгаа дуусгана. Дотор нь орж, автаж, нэг бүрчлэн үг өгүүлбэр, утга найруулгад нь анхаарч, сэтгэл зүрхээ өрж суудаг. Бидний бага нас аавын минь орчуулгын бичгийн машины чимээн дунд өнгөрсөн. Өглөө сэрэхэд аав минь сууж л байдаг, орой унтахад бичгийн ширээнийхээ ард сууж л байдаг байсан. Ер он жилүүдийг бичиг, цаасан дундаа л өнгөрүүлсэн дээ.
-Та эхээс хэдүүлээ вэ. Таны хувьд аавынхаа бүтээл, туурвилаас ингээд үргэлжлүүлж байгаад уншигчдынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Цаашид ч үргэлжлүүлэх бодол бий болов уу?
-Баярлалаа. Бид эхээс гурвуулаа. Би дороо хоёр дүүтэй, айлын том нь. Би хоёр дүүтэй, том охин нь. Дүү М.Эрдэнэ маань аавынхаа ажлыг үргэлжлүүлэн МҮОНРТ-ийн киноны албанд орчуулагчаар ажиллаж байгаа. Бид “Мэргэн зон” ТББ-ынхаа хүрээнд олон ажил хийж, аавынхаа бүтээл, туурвилыг уншигчдад хүргэхийг зорьдог.
-Аав тань орчуулгаа хийж байх үедээ ч юм уу айхтар автан шаналж, эсвэл даган гуниглаж, бүр үгүй бол хачин их баярлаж байсан тохиолдол байдаг болов уу. Та энэ тал дээр дурсамж дэлгэж болох уу?
-Та яг мэдэж асуулаа. Орчуулгын ажил бол тухайн бүтээлдээ нэвт орж, дүр болгоныг нь мэдэрч, хамтдаа уйлж, инээж, баярлаж, гуньж бас шаналдаг юм. Тиймээс ч ямар их хүч хөдөлмөр шаардасан, чимхлүүр нарийн ажил болохыг багаасаа мэдэрсэн. Аав минь тэр бүрд огт ядрахгүйгээр, харин улам нягталж хийдэг байсан. Зохиолынхоо дүр бүрд амьдарч, ертөнцөөс тасарч, зохиол бүтээлдээ орж, орчуулгаа хийдэг.
-Мэдээж орчуулсан бүтээл бүхнээ хайрладаг байсан байх. Хамгийн хайртай бүтээл нь аль байсан бол?
-Аав минь бидэнд энэ орчуулга маань сайн болсон, энэ бүтээлдээ хайртай гэж онцгойлон хэлж байгаагүй. Орчуулга бүрдээ л сэтгэл зүрхээ шингээж чармайж орчуулдаг байсан. Миний бодлоор дан ганц гадаад хэлнээс эх хэл рүүгээ биш монголоос орос хэл рүү хөрвүүлсэн орчуулгууд нь сайхан болсон санагддаг. Үүнд миний дээр дурдсанчлан “Степные были и небылицы” (Тал нутгийн домог хууч) ном, Монголын Төрийн шагналт зохиолч Б.Догмидын “Бүргэд тэнгэртээ халина” роман орно. Эдгээр бүтээлийг нь уншихаар харийн орныхонд сайхан монгол хэлээ ёстой л нэг угт нь тулгаж, ясанд мэдрүүлье гэж хичээсэн байх даа гэж боддог юм.
-Та татгалзахгүй бол өөд болохоос өмнөх үеийнх нь тухай яриа дэлгэж болох уу. Хүнд өвчнөөр хорвоог орхисон гэж бид сонссон. Аав тань сүүлийн өдөр хоногуудад ямар байсан бол. Үр хүүхдүүддээ юу захиж, хэлж байсан бэ?
-Их хүнд асуулт байна. Аав маань хэдий хүнд өвчтэй байсан ч ойр дотны хүмүүсээ зовоохгүй гэсэн сэтгэлтэй, хүний төлөө хүн байсан. Тэр сэтгэл нь өвчтэй байх тэр хугацаанд бидэнд хамгийн ихээр мэдрэгдсэн. Мөн аав минь бидэнд олон зүйлийг үлгэрлэж, үлдээсэн хүн.
Миний аав хамгийн сүүлд хүнд өвчтэй, бие нь сул байсан ч гэсэн эхэлсэн ажлаа заавал дуусгана гээд “Цагаан Гварди” киног орчуулж дуусгасан.
-Уншигчид сайхан орчуулагчаараа дутаж, эзгүйрч байгаа. Яг энэ нөхцөл байдалд та аавынхаа орчуулсан номоор уншигчдад том бэлэг барилаа. Энэ тухайд юу хэлэх бол?
-Аав минь орчуулаад үлдээсэн бүтээл юм аа. Хэвлүүлж амжаагүй байсныг үр хүүхдүүд нь гүйцэлдүүлж, олны хүртээл болгож байгаа юм шүү.
-Та аавыгаа ямар үед хамгийн их санадаг вэ. Мөн ямар үед танд хамгийн их үгүйлэгддэг вэ?
-Бүхий л үед санаж үгүйлнэ дээ. Ажлынхаа заваар аав ээжийнхээ гэрт очоод сонсож мэдсэн сонин сайхан зүйлсээ, болж тохиолдсон явдлаа яриад аавынхаа гарын хоолыг идээд сууж байсан өдөр, цаг мөчүүд сэтгэлд минь хамгийн тод байна даа.
СГЗ Х.МЭРГЭНИЙ ОХИН М.УНДРАМ: Аав минь бүтээл бүрдээ сэтгэлээ шингээн орчуулдаг байсан |
|
2025-04-07 12:56:58
2025-04-07 12:45:24
2025-04-07 12:27:40
2025-04-07 11:52:59
2025-04-07 11:50:12
2025-04-07 11:34:37
2025-04-07 11:09:11
2025-04-07 10:49:21
2025-04-07 10:45:29
2025-04-07 10:26:11
2025-04-07 10:11:57
2025-04-07 10:06:42
2025-04-07 09:58:37
2025-04-07 09:37:24
2025-04-07 09:08:59
2025-04-07 08:50:45
2025-04-07 08:34:26
2025-04-07 08:18:54
2025-04-07 07:00:00
2025-04-07 07:00:00
2025-04-07 07:00:00
2025-04-07 07:00:00
2025-04-07 07:00:00
2025-04-07 07:00:00
2025-04-07 06:00:00
2025-04-07 06:00:00
2025-04-06 14:51:55
2025-04-06 13:19:25
2025-04-06 12:42:05
2025-04-06 12:39:12
2025-04-06 12:38:10
2025-04-06 12:36:19
2025-04-06 12:34:47
2025-04-06 12:31:19
2025-04-06 11:41:11
2025-04-06 10:53:44
2025-04-06 10:19:29
2025-04-06 10:04:18
2025-04-06 09:55:44
2025-04-06 09:45:05
2025-04-06 09:26:55