• Өнөөдөр 2024-05-16

"Ахмад үеийн туршлага" эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 8-нд боллоо

2023-12-11,   242

          Улсын драмын эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийнхээ алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор Соёл урлагийн их сургууль, Монголын театрын музейтэй хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд жил бүр зохион байгуулагддаг театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурлыг арванхоёрдугаар сарын 8-нд Соёл урлагийн их сургуулийн "Оюутан театрт" зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлыг нээж УДЭТ-ын Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар, СУИС-ийн Хөгжлийн хорооны дарга, доктор (Ph.d) Ж.Эрхэмтөгс нар үг хэллээ. 
Тус хурлыг Монгол улсын Ардын багш, УГЗ, доктор (Ph.d), профессор Найдангийн Ганхуяг, СУИС-ийн ТУС-ийн захирал, доктор (Ph.d), профессор Дамдинсүрэнгийн Даваасүрэн, удирдан явуулсан бөгөөд Ардын зураач Л.Намхайцэрэн, Ардын зураач Ц.Доржпалам, зураач Я.Шийтэр нарын бүтээлийн дээжээс болон уран бүтээлчдийн танилцуулгыг дэлгэн үзүүллээ.
      Эрдэм шинжилгээний хуралд, Ши.Аюушийн “Театрын уран сайхан” номын агуулга, ач холбогдол сэдвээр ТУС-ийн Тэргүүлэх профессор, доктор (Ph.d), С.Болормаа, “Бөмбөгөр ногоон” театрын дарга, найруулагч Цэцэний Гомбожав сэдвээр ТУС-ийн багш, магистр Ц.Батнайрамдал, Монголын театрын нэрт зураачдын бүтээл туурвилыг шинжлэн дүгнэхүй (Л.Намхайцэрэн, Ц.Доржпалам, Я.Шийтэр нарын жишээнд) сэдвээр Урлаг судлаач, доктор (Sc.d), профессор Ц.Эрдэнэцог, Ө.Рэнцэнноровын жүжиглэх, багшлах арга барил сэдвээр Ардын жүжигчин, зөвлөх профессор Ж.Лхамхүү, Зундуйн Пүрэвийн жүжиглэхүйн онцлог сэдвээр УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн дарга, найруулагч Б.Хишигзаяа илтгэл хэлэлцүүлсэн юм. Мөн жүжгийн зохиол дахь соёл иргэншлийн шилжилт сэдвээр Дэмбээгийн Мягмар сэдвээр Утга зохиол судлаач, доктор (Ph.d), дэд профессор А.Мөнх-Оргил, Конструктор зураачийн театрт гүйцэтгэх үүрэг (Зураач Я.Шийтэрийн бүтээлийн жишээнд) сэдвээр Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, А.Нарантуяагийн үлгэрлэх чанар, жүжиглэхүйн арга барил сэдвээр МУАХ-ны Ерөнхийлөгч, УГЖ Б.Тунгалаг хэлэлцүүллээ.
 
         Харин хүүхдийн дүрийн нэрт жүжигчин Надмидын Мягмар сэдвээр СУИС-ийн ТУС-ийн багш, магистр, УГЖ Г.Амгаланбаатар, Жүжигчин С.Дамдины дүр бүтээх арга барилын онцлог сэдвээр Ардын жүжигчин Г.Равдан, Монгол жүжигчин Жанцангийн Ж.Дорлигжав сэдвээр Ардын багш, УГЗ, Доктор (Ph.d), профессор Н.Ганхуяг, Жүжигчин М.Рэнцэнхандын бүтээсэн амьтдын болон хүүхдийн дүрүүд сэдвээр СУИС-ийн ТУС-ийн багш, магистр Ж.Болор-Эрдэнэ, Жүжигчин Б.Ганхүүгийн жүжиглэх, багшлах арга барил сэдвээр УДЭТ-ын жүжигчин, магистр Г.Отгонцэцэг нар амжилттай илтгэл хэлцүүлсэн юм.
 
 
 

"Ахмад үеийн туршлага" эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 8-нд боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188