Ази тивийн аваргаас анхны хүрэл медалийг ОУХМ Ц.Цэрэнчимэг хүртсэн юм. Тэрбээр Энэтхэг Улсад болсон боксын эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээний 52 кг-ын жинд тулалдаж хүрэл медаль хүртэж байлаа. Ц.Цэрэнчимэг Монголын эмэгтэй боксдоос анх түрүүн Азийн аваргын медалийг эх орондоо авчирсан гэдгээрээ анхдагч болж байлаа. Ц.Цэрэнчимэгтэй цөөн хором ярилцлаа.
-Та Монголын эмэгтэй боксчдоос анх түрүүн Азийн аваргаас медаль хүртсэн. Тухайн үед Азийн аваргаас медаль хүртэнэ гэдэгтэй хэр итгэлтэй байсан бэ?
-Медаль хүртэнэ гэдэгтэй итгэлтэй байлгүй яах вэ. Өөрийн бэлтгэлжилт, хүч нөөц боломжиндоо итгэл муутай байгаа тамирчин амжилт гаргахгүй. Миний бэлтгэл сайн хангагдсан байсан болохоор өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байсан. Ямар ч байсан медальт байрт шалгарах юм шүү гэсэн зорилго тавьсан. Тэр зорилго, зорилтондоо хүрсэндээ баяртай байдаг.
-Гол төлөв ямар үндсэн тактикаар тулалддаг байсан бэ?
-Тогтсон нэг тактикаар байнга тулалдаад байж болохгүй л дээ. Өрсөлдөгчид судалж мэддэг болно. Боксчин бүхэн өөр өөр тулалдах арга барилттай байдаг боловч тактик нь байнга хувирч өөрчлөгдөж байдаг. Харин би өрсөлдөгчийн арга барилд ойртуулсан тохирох тактикаар тулалдахыг боддог. Рингэнд багшийнхаа боловсруулж, хэлж өгсөн тактикаар тулаан хийдэг байлаа. Тулааны үед багшийн хэлж байгаа зөвлөгөөг сайн сонсож, хурдан тусган авч гүйцэтгэхийг хичээдэг байсан.
-Азийн аваргын тэмцээнд хамгийн ширүүн өрсөлдөгч аль улсын боксчид байсан бэ?
-Сул муу боксчин байгаагүй. Өрсөлдөгч бүхэн ширүүн хүчтэй байсан. Бүгд л тэнцүүхэн ойролцоо ур чадвартай. Хэн нь ч хэнийгээ ялж мэдэх тэнцүүхэн олон тулаан гарсан. Ганц нэг онооны зөрүү, шүүгчдийн шүүлтээс шалтгаалж ялалт, ялагдлыг хүлээж байсан. Азийн бусад орны эмэгтэй боксчид тэмцээний арвин туршлага, ар барилтай, их хурдтай, өндөр ур чадвартай тамирчид байсан л даа. Гэхдээ тэдний цохилтын хүч нь тийм сайн биш, их сул юм билээ. Бие бялдрын хөгжил, цохилт даах чадвар, хүчээр манай боксчин охид арай илүү юм шиг санагдсан.
-Тэмцээнийг шүүгчид хэр шударга шүүсэн бэ?
-Тухайн үеийн Азийн аваргад манай улс шүүгчгүй явсан. Тийм болохоор тэмцээн зохион байгуулж буй Энэтхэг Улсын боксчдын талд арай илүү, тал зассан шүүлтийг хийж байгаа нь ажиглагдсан. Гэхдээ Энэтхэгийн боксчид сайн юм билээ. Энэтхэг, Хятад улсууд Кубаас дасгалжуулагч авч ажиллуусны хүчинд боксчдынх нь ур чадвар дээшилж сайжирсан байв. Тэдний тулааны арга барил нь яг л Кубын боксчидтой адилхан санагдсан. Манай улсер нь аливаа тэмцээнд өөрийн гэсэн шүүгчтэйгээ явах хэрэгтэй. Шүүгчгүй улсын боксчид тэнцүүхэн тулаан хийчихээд ялагдал хүлээж байгаа нь харамсалтай санагдсан.
-Тухайн үед медалийнхаа өнгийг хувиргах боломж байсан уу?
-Байсан. Байлгүй яах вэ. Ямарч цохилт ороогүй байхад шүүгч цохиолт орсон гэж худлаа тоолоод байх нь их хэцүү юм билээ. Тэрнээс нь болоод хэт улааран дайрч шатсан тулаан гаргасан байж магадгүй. Олон улсын боксын холбооны дүрэмд рингэнд тулалдаж байгаа боксчин шүүгчтэй маргалдаж болохгүй гэж заасан байдаг. Тийм болохоор цохилт аваагүй. Би зүгээр байна шүү дээ гэж хэлж маргах боломжгүй байсан. Бидэнд тэмцээний туршлага жаахан дутагдсан тал бий. Тэрнээс биш. Бусад талаараа гадны тамирчдаас дутах зүйл байгаагүй юм. Бид тэдэнтэй адил, нэг ижил түвшинд хүрсэн байсан.
-Манай эмэгтэй тамирчид тэр үед жилд гадаадын хэдэн тэмцээнд оролцдог байсан бэ?
-Тэр үед манай улсын эмэгтэй боксчид хоёр дахь жилээ АТАШТ-нд оролцож байсан үе. Миний хувьд анх удаагаа Азийн аваргад оролцож үзсэн маань тэр. Манай улс эрэгтэй боксынхоо багт хамаг анхаарлаа хандуулаад эмэгтэйчүүдээ төдийлөн ойшоож үздэггүй байсан юм. Тийм болохоор олон улс, тив дэлхийн тэмцээнд төдийлөн оролцоод байдаггүй. Зардал мөнгөний боломжгүй гээд байдаг байв. Үүнээс шалтгаалж ОУ-ын “А” зэрэглэлийн тэмцээнд тогтмол оролцох боломж байдаггүй байлаа. Туркийн “Ахмад Камерт” болпдог олон улсын тэмцээн болон ОХУ-ын Улаан-Үдийн тэмцээнд ганц нэг удаа оролцох жишээтэй. Харин олон улсын тэмцээний анхны медалийг БНАСАУ-ын Пехьняны цомын тэмцээнээс хүртэж байв.
-Азийн аваргад явсан манай таван охин бортгон малгайгаар ижилссэн харагдсан. Яагаад “Монгол хатан”-ын малгай өмсөх болсон юм?
-Бид үндэсний малгай өмсөнө гэж ярилцаагүй. Тэгэж ч бодоогүй юм. Нисэх дээр онгоц хүлээж байх даа саваагүйтэж, бортгон малгай өмсөж үзэж байтал УИХ-ын гишүүн асан, Монгол банкны ерөнхийлөгч агсан О.Чулуунбат ахтай таарсан. Гэтэл тэр “Та нар хаашаа ямар тэмцээнд явах гэж байгаа хүүхдүүд вэ” гэж асуусан. Бид боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд явах гэж байгаа юм гэсэн. О.Чулуунбат агсан “ Манай улсад эмэгтэй бокс гэж байдаг юм уу. Би ёстой дуулаагүй юм байна. Та нарт энэ малгай их гоё зохиж байна шүү дээ. Бүгдээрэй ижилсэж өмсвөл гоё харагдана даа” гээд бид тавд худалдан авч өгөөд амжилт хүссэн. Азийн аваргын тэмцээн эхэлсэн өдрөөс эхлээд дуусах хүртэл зогсоо зайгүй хүмүүс шаваад, бидний малгай сонирхоод, бидний зургийг аваад бөөн юм болсон. Тэр үед О.Чулуунбат агсанд их баярласан. Тэр хүний сайхан сэтгэлийн хүчээр тэр хүрэл медалийг бид хүртсэн ч юм билүү. Их л бэлгэ дэмбэрэлтэй малгай шүү.
-Боксоор анх хичээллэх болсон түүхээ яриач?
-Манай ангийн Оюунчимэг гэдэг охин боксоор хичээллэдэг байсан. Түүнийг дагаад боксоор хичээллэсэн юм. Манай гэр бүлийнхэн жилийн дараа намайг боксоор хичээллэж байгааг мэдсэн. Би секцэндээ явлаа гэж хэлэхээс биш, бокс гэж ердөө ярьж байгаагүй л дээ. Бокс гэж мэдсэнээс хойш аав маань эхэндээ их дургүйцдэг байлаа. “Эмэгтэй хүүхэд байж заавал яагаад боксоор хичээллэх гээд байгаа юм. Аав нь сагсны секцэнд оруулж өгье. Тархи толгой руугаа нүдүүлээд салга өвчтэй болж мэднэ” гэдэг байв. Би 2001 оны өсвөр үеийн УАШТ-ийг үзэх гэж очсон юм. Гэтэл багш жин дээр зогс гэсэн. Тэгээд огт санамсаргүйгээр тэмцээнд шууд орсон. Тэр улсын аваргын 51 кг-ын жингийн аварга болж алтан медаль хүртчихсэн. Түүнээс хойш манай гэрийхэн хориглож дургүйцэхгүй болсон.
-Боксоос бусад тулааны урлагийг сонгож болоогүй юм уу?
-Тэр үед өөрийгөө гадны болзошгүй гэнэтийн аюул, довтолгооноос хамгаалж суръя гээд бүх тулааны урлагуудыг сонирхдог байсан л даа. Чухам яг ямар төрлийн тулааны урлагаар нь хичээллэхээ сонгож чадахгүй явсан. Тэгэж яваад ангийнхаа охиныг дагаад бокс руу орчихсон маань тэр.
Ц.Цэрэнчимэг: Рингэнд багшийнхаа хэлсэн тактикаар тулалддаг байлаа |
|
2024-10-06 17:19:42
2024-10-06 16:11:01
2024-10-06 13:59:08
2024-10-06 13:47:21
2024-10-06 11:47:40
2024-10-06 11:40:00
2024-10-06 08:00:00
2024-10-06 08:00:00
2024-10-06 08:00:00
2024-10-06 08:00:00
2024-10-06 08:00:00
2024-10-06 08:00:00
2024-10-06 07:00:00
2024-10-06 07:00:00
2024-10-05 15:50:53
2024-10-05 14:40:00
2024-10-05 14:10:00
2024-10-05 13:09:51
2024-10-05 12:09:46
2024-10-05 10:58:59
2024-10-05 10:10:00
2024-10-05 07:00:00
2024-10-05 07:00:00
2024-10-05 07:00:00
2024-10-05 07:00:00
2024-10-05 07:00:00
2024-10-05 07:00:00
2024-10-05 06:00:00
2024-10-05 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |