Дэлхий дэлгэнүүлж, дэнж хотойлгох монгол наадам айсуй. Нар хуртай зун тэгширч, найраг, эгшиг хосолсон монгол наадам айлсаж ирлээ. Нар хүртэл инээж манддаг наадмын өглөө ойртож байна. Уяан дээр хүлэг морьд эргэцэж, унасан хүүхдийн гийнгоо талд хадаж, эр бяр тэгширсэн эрчүүд ид хаваа гайхуулах энэ өдрийг монголчууд бүтэн жил хүлээдэг. Жил жилийн наадмын өглөө нар өөрөөр мандаж, жил жилийн наадам шимтэй яриагаар өрнөдөг. Монгол түмний түүх, уламжлал, ёс заншил, соёлын цогц гайхамшиг болсон бахархалт Монгол наадам айсуй. Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой энэ жил тохиож байна.
Дэлхийд ганцхан Монгол Улсын үндэсний их баяр наадам нь олон зууны тэртээгээс уламжлалтай. Баяр цэнгэлийн манлай Монгол наадмын түүхэн товчоо нь одоогоос 4000 орчим жилийн өмнө Монгол нутагт бэлчээрийн мал аж ахуй үүсэн бий болсон цагаас эхэлдэг гэж түүхийн сурвалжид тэмдэглэсэн байдаг. Хүннүгийн түүхийн тухай хятад сурвалжид ч наадмыг өнө эртний түүхтэйг бичиж үлдээсэн нь бий. 1206 онд Их Монгол Улсыг тунхаглаж, Тэмүүжинг их эзэн Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна.
ХХ зууны эхэн үед Богдын даншиг наадам жил тутам зохиогддог уламжлалтай байв. Энэхүү наадам нь өнгөн дээрээ Богд гэгээнтэнд бат оршил өргөх нэрийн дор болж буй наадам мэт боловч угтаа үндэсний хэмжээний тэмцлийн асуудлыг ярилцахын тулд ноёдыг нэгэн дор цуглуулах арга байжээ. 1911 оны зун Хүрээнд болсон Богдын даншиг наадмын үеэр ноёдын нууц зөвлөлгөөн хийх Богд гэгээнтний лүндэн бууж, үндэстний тусгаар тогтнол, төр улсаа сэргээхээр нэгэн дуугаар шийдвэрлэж байжээ.
1925 онд Засгийн газраас ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж жил бүрийн долоодугаар сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ. 1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулахад ихэд анхаарч, нэрийг нь Ардын хувьсгал ялсны ой гэж өөрчилсөн түүхтэй. Улмаар 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой болгон өргөн дэлгэр тэмдэглэсэн бөгөөд улсын баяр наадмыг Тулгар төрийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ой, Ардын хувьсгалын ой зэрэг тодотголтой хамтатган тэмдэглэх болсон юм.
Монгол наадам асуй энэ өдрүүдэд Хүй долоон худагийн дэнж гоёлын ногоон дээлээ аль хэдийнэ өмссөн харагдана. Хүүхдийн гийнгоо хадаж, хурдан хүлэг нь янцгааж уралдааны их замд тоосоо өргөхөөр уяан дээрээ тогтож ядан байна. Анх удаа төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүлэх гэж буй ажнай үүрсэж, эзнийхээ сэтгэлийг гэгэлзүүлж байна. Түмэн олноо баясгах хүчит бөхчүүдийн бяр нь ханаж, голын цэнгэлдэхэд барилдахад бэлэн болжээ. Цэц мэргэн харваачдийн хараа хурц, онч мэргэн байх биз ээ. Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа дэнж хотолзтол сайхан наадах цаг ойртсоор л байна.
Өнөө жилийн баяр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн дор зохион байгуулах юм. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл одоогоор 90 хувьтай байна. Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан өчигдөр Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг шалгасан. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллаж байгаа. Баяр наадамд 1213 уран бүтээлчид оролцож байна. Нийтдээ долоон мэргэжлийн урлагийн байгууллага уран бүтээлчид болоод ардын армийн цэргүүд баяр наадмын нээлтэд оролцох аж.
Найруулагчийн шинэ санааг тайз, дэлгэцийн шинэ шийдлээр нэгтгэсэн нь энэ жилийн наадмын онцлог байх гэнэ. Байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археологийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж олон нийтэд хүргэх юм байна. Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлажээ.
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалангийн өгсөн мэдээллээр тус байгууламжийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, авто машингүй бүс болгох аж. Мөн баяр наадмын өдрүүдэд хүрээлэнгийн чанх ард 7000 ам метр талбайг авто зогсоол хэлбэрээр тохижуулан, асфальт бетоноор хучиж, тэмдэг тэмдэглэгээг хийжээ. Зогсоолд нийт 220 автомашин зогсох боломжтой. Үүний найм нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бол тав нь том оврын автобусны зогсоол байхаар төлөвлөсөн байна. Уг зогсоолыг томоохон арга хэмжээ болох үед л авто зогсоол хэлбэрээр ашиглана. Бусад үед 80 хувьд нь автомашингүй бүс байхаар зохицуулалт хийх аж. Мөн хүрээлэнгийн чанх ард 40 гаруй машины авто зогсоол шийдэж өгсөн бөгөөд баяр наадмын үеэр эл зогсоолд хүнс үйлдвэрлэл чиглэлээр асар худалдаа байршуулах гэнэ.
Мөн шинээр барьсан 16 цамхагт гэрэл нь хүрээлэнг бүхэлд нь гэрэлтүүлэх боломжтой болох гэнэ. Нэмээд есөн жил болсон хиймэл зүлгийг сур, шагайн талбайд шилжүүлэн дэвссэн байна. Төв талбайд шинээр тоглолт хийх болон спортын тэмцээнд ашиглах боломжтой “FIFA”-ийн шаардлага хангасан зүлэг тавьж, гүйлтийн замыг шинэчилжээ. Баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан олон улсын жишгийн дагуу хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байршуулан, наадмын шууд дамжуулалтыг хүргэх гэнэ.
Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглох юм. Энэ жил сэргээш хэрэглэсэн гэх түрүү бөхтэй, даваа үнэлэн зардаг цолны найраатай наадам болохгүй гэж амлаж байгаа юм. Ард түмэн бид үндэсний бөхчүүдээ эрхлүүлэхийн дээдээр эрхлүүлж, хүндлэн шүтдэг байсан. Харин тэд олон түмнийхээ хайр хүндэтгэлийг даагаагүй. Болохгүй муу бүхэн бөхчүүдээс гардаг болсон. Хүүхэд, залууст сайнаар үлгэр дуурайлал болох ёстой байтал муу бүхний туйл бөхчүүд болох нь холгүй байгаа билээ. Монголчуудын өв уламжлал, соёлыг тээгч болсон бөхчүүд маань нэг л биш болчихоод байгаа. Гүндүүгүй монгол эрчүүдийн төлөөлөл болсон бөхчүүд хэрүүл тэмцэл, зодоон цохион, допинг, сэргээш, цолны найраа хийх болсон нь монгол бөхийн нэр хүндийг унагаж, үзэгч, сонирхогчгүй болгох аюултай нүүр тулгараад байна.
Үзэгчдээ хүндэтгэж хурдан шаламгай, хурц дайчин, уран гоё барилдаан үзүүлдэг байсан бөхчүүд жин массаар тулж зогсдог, унтаа, уйтгартай барилдаан хийж, шахааны барьц хүлээдэг болсон. Масс жингээ нэмэхийн тулд уураг, амин дэм, хориотой эм бэлдмэлийг хэрэглэж, хөөсөн мантуу шиг хэлбэр галбиргүй эрчүүд болж хувирсан. “Даахгүй нохой булуу цуглуулна” гэгчээр олны хүндэтгэл хүлээсэн аваргууд маань улстөрч болон УИХ-д суудал бөглөн, нойрмоглон суусан эмгэнэлтэй жилүүдийг бид туулсан. Халхын ханагар сайхан эрчүүд минь уламжлалаа сэргээж, ухаан бодлоо цэгцэлж, уур омгоо дарж, ууж, идэхээ зохицуулж, улс төрөөс хол явах болтугай. Энэ жилийн наадам хаяанд ирчихлээ. Дараа жилийн наадам хол биш ээ, ойрхон. Эрүүл явбал ирэх жилийн наадмыг үзэх л болно. Хотол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай.
УЛСЫН БАЯР НААДАМ АЙСУЙ |
|
2025-05-10 15:01:00
2025-05-10 14:50:01
2025-05-10 13:56:57
2025-05-10 12:23:53
2025-05-10 11:55:31
2025-05-10 11:25:33
2025-05-10 10:40:53
2025-05-10 10:32:08
2025-05-10 09:59:22
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-09 23:18:16
2025-05-09 18:11:07
2025-05-09 17:56:16
2025-05-09 17:43:29
2025-05-09 17:36:05
2025-05-09 17:14:18
2025-05-09 14:58:38
2025-05-09 13:23:32
2025-05-09 12:32:44
2025-05-09 11:52:36
2025-05-09 11:32:56
2025-05-09 11:25:22
2025-05-09 09:50:17
2025-05-09 09:40:55
2025-05-09 09:35:48
2025-05-09 09:32:37
2025-05-09 09:15:36
2025-05-09 07:37:33
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |