ОЛИМПЫН МЕДАЛЬТАН ТӨМӨРИЙН АРТАГИЙН ТҮҮХЭН АМЖИЛТ АРИЛШГҮЙ
Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, Монгол Улсын начин, Төмөрийн Артаг их сонин тохиолдлоор олимпын наадамд оролцож, медаль хүртсэн байдаг. Мексик Улсын Мехико хотод 1968 оны зуны олимпын наадам болсон. Монголын баг тамирчдын хувьд хоёр дахь олимпын наадамдаа оролцсон. Тус олимпын наадамд улсын арслан П.Дагвасүрэн явах боломжгүй болж, улмаар түүнийг орлон Т.Артаг гуай барилдахаар болсон юм билээ. Тэрээр орлон тамирчныхаа үүргийг онцгой сайн биелүүлж, Монгол Улсдаа олимпын наадмын анхны медалийг авчирсан түүхтэй.
“Мехико 1968” олимпын наадмын хүрэл медальт, МУГТ Т.Артаг 1943 онд Увс аймгийн Тэс сумын нутагт алдар эмээлчин, уран гарт Төмөрийн гэрт төржээ. Т.Артаг 1962 онд цэрэгт татагдаж, “Алдар” нийгэмлэгийн тамирчин болжээ. Удалгүй чөлөөт бөхийн Улсын шигшээ багт орсон гэдэг Тэрээр 1976-1996 он хүртэл ардын армийн 065-р ангид биеийн тамир хариуцсан орлогч, дасгалжуулагчаар ажилласан. Тэр олимпын найдвар тэмцээнээс алт, олимпын долоо хоног тэмцээнээс мөнгө, Азийн аваргаас алт, олон улсын “Интернационал” тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль, дэлхийн цомоос хүрэл медаль хүртэж байжээ.
Мөн чөлөөт бөхийн УАШТ-д таван удаа, МБАТ-ий спартакиадын аваргаар хоёр удаа, армийн аваргаар найман удаа шалгарсан бөгөөд 1968 оны Мехикогийн олимпын хүрэл медаль хүртэж, дэлхийд данстай тамирчин болсон юм. 1972, 1973 оны улсын баяр наадамд тав давж, Монгол Улсын өсөх идэр начин цол, чимэг хүртжээ. Т.Артаг агсныг бусдын оронд орлон олимпоос медаль хүртсэн гэдэг шалтгаанаар МАХН-ын Төв хорооноос тухайн үед гавьяат тамирчин цол хүртэх боломжгүй гэсэн гэдэг. Харин 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1990 оны долдугаар сарын 5-ны өдрийн 157 тоот зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн.
ЛО. ЭРХБАЯР ИХЭРИЙГЭЭ ОРЛОН ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Чөлөөт бөхийн 1989 оны ДАШТ Швейцарь Улсын Мартиний хотод болжээ. Тус ДАШТ-ий 74 кг-ын жинд Лодойн Энхбаяр барилдах байсан гэдэг. Гэтэл тэр мөрөндөө хүнд бэртэл авсны улмаас түүнийг орлон ихэр Лодойн Эрхбаяр зургаан тойрог амжилттай барилдаж ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн түүхийг бүтээжээ.
Ховд аймгийн Дарви сумын харъяат Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын начин Лодойн Эрхбаяр ДАШТ-ээс хүрэл медаль хүртсний дараа жил, 1990 оны улсын баяр наадмын тавын даваанд улсын начин (өөрийн ихэр) О.Энхбаяраараа тав давж, улсын цолтой бөх болсон байна.
Харин түүний ихэр Ховд аймгийн Дарви сумын харъяат Лодойн Энхбаяр, чөлөөт бөхийн ОУХМ, улсын начин цолтой. 1990 онд Хятадын Бээжин хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд барилдаж мөнгө, 1991 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд түрүүлж, Ази тивийн аварга болсон. Чөлөөт бөхийн Монгол Улсын зургаан удаагийн аварга юм. 1989 оны улсын баяр наадмын тавын даваанд дархан аварга Д.Дамдиныг давж улсын цолтны их гэр бүлд багтсан юм.
С.БАТЦЭЦЭГ, О.НАСАНБУРМААГ ОРЛОН ОЛИМПООС ХҮРЭЛ МЕДАЛЬ АВСАН
Дэлхийн аваргын нэг мөнгө, гурван хүрэл медальт, МУГТ, Очирбатын Насанбурмаа ДАШТ-д амжилттай барилдаж, “Лондон 2012” олимпод барилдах эрхийг хүртсэн юм. Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд түүний оронд 59 кг-ын жингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Батцэцэгийг жин өгсүүлэн, ямар ч сорилт тэмцээн хийхгүйгээр 63 кг-ын жинд “Лондон 2012” олимпын наадамд оролцуулах хачирхалтай нэгэн шийдвэр гаргаж байлаа. Энэ хачин шийдвэр нь О.Насанбурмаад маш хүнд туссан. Олон жилийн хүсэл мөрөөдөл, хөдөлмөр нь “Салхинд хийсэх” шиг л болсон гэсэн. Эд амжилт гаргах боломжтой бэлтэлжилт нь жигдэрсэн оргил үед нь түүний урмыг хугалж, хүсэл тэмүүлэл, мөрөөдлийг нь МЧБА-ны удирдлагууд үгүй хийжээ.
О.Насанбурмаагийн өмнөөс дэлхийн хошой аварга, МУГТ, Соронзонболдын.Батцэцэг “Лондон 2012” олимпын наадамд амжилттай барилдаж, хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр Лондонгийн олимпын дэвжээнд жин өгсөн 63 кг-ын жингийн хэсгийн аваргын төлөө Японы алдарт бөх, олимп, дэлхийн аварга Каори Ичотой таарч барилдсан. С.Батцэцэг аварга залуу насны ааг, хөлдөө оноо алдахгүй гэж дэндүү итгэлтэй, бардам байсан нь түүний алдаа болсон юм. Каори Ичо аварга туршлага, тактикаар ялимгүй илүү гэдгээ харуулж ялалт авч байсан билээ.
Олимпоос хүрэл медаль хүртсэн МУГТ С.Батцэцэг “Москва 2010” ДАШТ-ий аварга болохдоо 59 кг-д түрүүлсэн. Харин дэлхийн хошой аварга болохдоо “Лас Вегас 2015” ДАШТ-ий 62 кг-д түрүүлсэн юм. Тэрбээр “Лас Вегасын 2015” ДАШТ-ий алтан медалийн төлөөх барилдаанд Японы тамирчин дэлхийн аварга Рисако Кавайг арав ч хүрэхгүй секундын дотор цэвэр дарж, дэлхийн хошой аварга болж байлаа. Харин “Будапешт 2013” ДАШТ-ий 63 кг-д мөнгө, “Нур Султан 2019” ДАШТ-ий 68 кг-д хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг гаргасан. Мөн “Шинэ Дели 2010” Азийн аваргаас 59 кг-д мөнгө,” Шинэ Дели 2015” Азийн аваргаас алтан медаль хүртсэн хосгүй гайхамшигтай амжилтуудыг гаргасан билээ.
Ц.ЦОГТБААТАРЫГ ОРЛОСОН Л.АНХЗАЯА ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛЬТАН БОЛСОН
2024 оны АНЭУ-ын Абу Даби хотод болох жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, МУГТ Цэнд-Очирын Цогтбаатар барилдах гэж байв. Гэтэл түүний бэртэл сэдэрч барилдах боломжгүй болсон. Ингээд Ц.Цогтбаатарыг орлон дэлхийн чансааны 98-д эрэмбэлэгдсэн ОУХМ Лавжаргалын Анхзаяаг барилдуулах гэнэтийн шийдвэрийг МЖБХ-оос гаргасан юм.
Гэнэтийн шийдвэрээр ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан Үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Лавжаргалын.Анхзаяа 73 кг-ын жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаанд Живоутын Aden-Alexandre HOUSSEIN ялсан. Хоёрдугаар тойрогт Гүржийн олимп, дэлхийн аварга Lasha SHAVDATUASHVILI-ийг, гуравдугаар тойрогт Румыны Alexandru RAICU-г буулган авсан. Улмаар “D” хэсгийн аваргын төлөө 2023 оны отгон дэлхийн аварга Швейцарийн Nils STUMP-ийг цэвэр ялсан. Хоёрны нэгийн финальд Японы Tatsuki ISHIHARA-д хожигдсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн олимп, дэлхийн медальтан Daniel CARGNIN-ыг ялж ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Дэлхийн шинэхэн медальтан болсон Л.Анхзаяа жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 29 дэх медаль, 18 дахь хүрэл медалийг хүртсэн юм.
ОРЛОН ТОГЛОГЧДЫН ОНЦГОЙ АМЖИЛТУУД |
|
2025-05-10 15:01:00
2025-05-10 14:50:01
2025-05-10 13:56:57
2025-05-10 12:23:53
2025-05-10 11:55:31
2025-05-10 11:25:33
2025-05-10 10:40:53
2025-05-10 10:32:08
2025-05-10 09:59:22
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-09 23:18:16
2025-05-09 18:11:07
2025-05-09 17:56:16
2025-05-09 17:43:29
2025-05-09 17:36:05
2025-05-09 17:14:18
2025-05-09 14:58:38
2025-05-09 13:23:32
2025-05-09 12:32:44
2025-05-09 11:52:36
2025-05-09 11:32:56
2025-05-09 11:25:22
2025-05-09 09:50:17
2025-05-09 09:40:55
2025-05-09 09:35:48
2025-05-09 09:32:37
2025-05-09 09:15:36
2025-05-09 07:37:33
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |