• Өнөөдөр 2025-07-02

М.НАНДИНЦЭЦЭГ: ЭЭЖ МИНЬ “ЭМЭГТЭЙ ХҮҮХДЭД ТУЛААНЫ СПОРТ ЗОХИХГҮЙ” ГЭДЭГ БАЙЛАА

2024-06-04,   611

Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт, Ази тивийн аваргын болон дэлхийн цомын мөнгөн медальт  Мягмардуламын Нандинцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр “Бөртэ чоно” наадмын “Шилдгийн шилдэг тамирчин”, Азийн аваргын мөнгө (2010), хошой хүрэл (2015, 2017), Азийн наадмын хүрэл (2014) медальтай, УАШТ-ий 11 түрүүтэй билээ.

-Боксын спортыг сонгон хичээллэх болсон шалтгаан юу байв?

         -Өөрийгөө гадны гэнэтийн довтолгооноос хамгаалж сурах зорилгоор боксын спортоор сонирхож хичээллэсэн. Анх боксоор хичээллэхэд гэрийнхэн маань тийм ч дуртай байгаагүй. Ээж “Зодоонч охин надад хэрэггүй. Олон спортын төрөл байхад очиж, очиж бокс, зодооны спорт байх даа, яах вэ дээ” гэж дургүйцдэг байсан. Анхны медаль хүртсэнээс хойш харин дэмждэг болж, өөрчлөгдсөн.

-Биеэ хамгаалж сурах гэсэн юм бол бусад тулааны урлагийг сонгон хичээллэхгүй яасан юм. Яагаад боксыг сонгосон юм бэ?

        -Тулааны урлагаар хичээллэх нь бэртэл, гэмтэл авах эрсдэл ихтэй. Хамгийн эрсдэл багатай цэвэрхэн хөнгөн тулаан нь бокс гэж бодоод хичээллэсэн. Манай “Шавь” цогцолбор, 69 дүгээр сургуулийн биеийн тамирын  Хүдэрбаатар багш анх надад боксоор хичээллэх санал тавьсан юм. Тэгээд л Хүдэрбаатар багш намайг дагуулан Энхбаатар багш дээр очиж боксчин болох замыг минь зааж өгсөн.

 -Манай улсын хөнгөн жингийн боксчид дэлхийд алдартай, Олимп, дэлхийн медальтан МУГТ П.Сэрдамба, МУГТ Н.Төгсцогт нартаа тулаан хийдэг байсан уу?

      -ДАШТ-ий бэлтгэлд Эрдэнэт хотод хийх үед, бэлтгэл дээр эрэгтэй хөнгөн жингийн хоёр шилдэг боксчинтой анх удаа тулаан хийж үзсэн. Эрчүүд техник сайтай. Маш их хурдтай байдаг болохоор тэдэнтэй тулаан хийж үзэх хүсэл сонирхол их байдаг байлаа.  Дэлхийн шилдгүүд болох П.Сэрдамба, Н.Төгсцогт хоёртой гар зөрүүлэн тулаан хийж үзсэндээ их баяртай байдаг.

Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Тэр үеийн тулааныхаа талаар сонирхуулахгүй?

         -Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай 51 кг-ын жинд 12 боксчин тулалдсан. Эхний нэгдүгээр тойрогт Шри Ланка Улсын боксчинг онооны давуугаар хожсон. Дараа нь Киргизстаны тамирчин Шахриза Халиловатай тулалдаж эхний раундад 4:0-ийн харьцаатай оноогоор давамгайлсан. Хоёрдугаар  раундад Шахриза Халиловаг хүнд цохилтод оруулсан. Дараагийн гуравдугаар раундад дахин таван оноо авч,  цаг дуусахын өмнө хүнд цохилтод оруулахад шүүгч тулааныг зогсоож надад ялалтыг өгч байлаа. Гуравдугаар тойрогт мөнгөн медалийн төлөөх тулаанд Японы Аяа Шинмотог ялж финалд үлдсэн. Азийн аваргын алтан медалийн төлөөх тулааныг Энэтхэгийн боксчин, дэлхийн аварга Лайшрам Сарита Девитэй тулалдсан.  Би Сарита аваргад 12:6-ийн харьцаатай оноогоор ялагдаж Азийн аваргаас мөнгөн медаль хүртэж байлаа.

-Тэр үед дэлхийн аварга Энэтхэгийн Лайшрам Сарита Девиг ялах боломж байсан уу?

        -Мэдээж боломж байсан л байх. Гэхдээ тухайн тулааны үед тэр боломжийг ашиглаж чадаагүй нь миний буруу болсон. Энэтхэгийн Сарита олон тулаан үзчихсэн дэлхийн аварга боксчин болохоор туршлага, арга барил, тактикаар надаас илүү байсан болов уу.  Би түүний дэлхийн аварга гэсэн нэр хүндээс нь айж бэргэлгүй сайхан л тулаан хийсэн. Надаас илүү гараад байх тасархай зүйл байхгүй юм шиг санагдаж байсан шүү.   Саритагийн цохилтын хүч бага юм шиг мөртлөө хөнгөн тоншиж хатгаж тулдаг онцлогтой юм билээ. Тэр нь шүүгчдэд идэвхтэй цохилт хийсэн харагддаг байх. Ер нь их ажиллагаатай урагш сайн явдаг юм билээ. Барагтай бол ухраад байдаггүй, дайчин боксчин юм шиг санагдсан шүү.  Би тэр үед Саритагийн цохилтыг гаргаад угтуулж ажиллах тактикаар тулалдсан юм.  Гэтэл тэр тактик маань  шүүгчдэд жаахан идэвхгүй,  цөөн цохилт хийж байгаа юм шиг харагдсан  буруу тактик байсан байж магадгүй.

-Гудамжинд, амьдрал дээр бусдыг хүнд цохилтоор унагах тохиолдол гарч байсан уу?

      -Багш маань “ Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу” гэдэг үгийг байнга санаж яв гэж захидаг байлаа. Ер нь тулааны тамирчид онгирч, сагсуураад гудамжинд зодолдоод байдаггүй. Аль болох л эв зүйгээр маргаан зөрчилдөөнийг зохицуулахыг хичээдэг л дээ. Надад нэг удаа гудамжинд санамсаргүй зүйл тохиолдсон юм байна шүү . Шөнө харанхуй гудамжаар явж байсан чинь араас гэнэт нэг хүн бариад авсан. Мөрнөөс минь бариад  татахаар нь өөрийн мэдэлгүй рефлексээрээ шанаа руу огцом хүчтэй цохиж унагасан. Ерөөсөө  тэр хүнийг цохино гэж бодоогүй, гэнэтийн зүйл болчихсон. Цочсон болохоор санамсаргүй цохилт хийсэн байсан. Тэр хүнийг  ухаан алдаад унахад нь их айж билээ.

- Тэмцээн дээр өрсөлдөгчөө хүнд цохилтоор ухаан алдуулан унагаж байв уу?

        - Тэмцээн дээр олон удаа өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулан тоолуулж байсан. Харин бүтэн хүнд цохилтод оруулж ухаан алдуулж байгаагүй юм байна. Манай сонирхогчдын боксын бээлий хагас атгалттай зөөлөн байдаг. Тийм учраас цохилтын хүчийг сааруулаад байдаг юм. Тэгээд ч өрсөлдөгч тамирчдын ур чадвар жигд нэгэн ижил өндөр түвшинд хүрчихсэн болохоор хүнд цохилтод оногдож орох нь ховор л доо.


 

 


М.НАНДИНЦЭЦЭГ: ЭЭЖ МИНЬ “ЭМЭГТЭЙ ХҮҮХДЭД ТУЛААНЫ СПОРТ ЗОХИХГҮЙ” ГЭДЭГ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188