• Өнөөдөр 2024-05-06

СҮМОГИЙН ЕРТӨНЦИЙГ ДОРГИОСОН “МАЛЧИН СҮМОЧ” ИЧИНОЖЁО

2024-02-19,   617

        “Монголын үлэмж биет”, “Малчин сүмоч” хэмээн мэргэжлийн сүмогийн ертөнцөд алдаршсан сэкивакэ Ичиножёо А.Ичинноровын зодог тайлах, магэ үстэйгээ салах ёслол саяхан болсон. Ирээдүйн озэки, ёкозүна гэгдэж байсан тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард нурууны бэртлийн улмаас гэнэт зодог тайлах шийдвэр гаргасан нь сүмо сонирхогчдыг цочроосон. Түүний энэ шийдвэрээс болж багш нь тангараг тасарсан бөгөөд зодог тайлах ёслолд Минато ояката болон тус дэвжээнээс нэг ч хүн ирээгүй аж. Ичиножёогийн үсэнд 400 хүн хайч хүргэсэн, Монголоос аав ээж, дүү нар нь ирж, монгол сүмочид олноор цугларсан байна.

            Хамгийн сүүлд ояката нь хайчлах ёстой магэ үсийг энэ удаад “Тоттори Жёохокү” сургуульд анх сүмо заасан багш Ишиүра нь гүйцэтгэлээ. Ичиножёо нулимс асгаруулан “Янз бүрийн бодол толгойд орж ирээд тэссэнгүй уйллаа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна лээ. Зодог тайлснаасаа хойш есөн сар өнгөрч байгаа ч магэ үсээ авхуулах хүртэл дараагийн амьдралаа бодох зав байгаагүй гэнэ. 2014 оны хацү башёд макүшитагийн 15-аас барилдаж, тэр жилийнхээ намрын тэмцээнд дээд зиндаанд ёкозүна Какүрюүг унагааж олныг гайхшруулсан бөх тэрбээр ердөө есөн жил сүмод барилджээ. Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд нэг, жюүрёод хоёр түрүүлснээс гадна тусгай шагналыг зургаан удаа хүртсэн юм. 

             Японы мэргэжлийн сүмо бөхөд Монголын хүчтнүүдээс 2002 оны 11-р сарын Кюүшюү башёд улсын заан Долгорсүрэнгийн хүү Дагвадорж анх түрүүлж байсан билээ. Түүнээс хойш их аварга ёкозүна Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, Кёкүтэнхо Цэвэгням, Тамаваши Мөнх-Оргил, Хошёорюү Бямбасүрэн, Кришима Лхагвасүрэн, Ичиножёо нар Японы мэргэжлийн сүмо бөхийн тэмцээнд түрүүлээд байгаа билээ. Монгол их аваргуудын залгамж халаа хэмээн нэрлэгдэж байсан Ичиножёо Ичинноров зодог тайллаа . Японы сүмо бөх сонирхогчид болон сүмогийн мэргэжилтнүүдийн  анхаарлыг татаж олныг шуугиулах явсан бөх бол яах аргагүй Ичиножёо байв. Түүнд япончууд “Монголын малчин сүмоч”, “Монгол Барүто”, “Монголын үлэмж биет”, “Монгол мангас”  зэрэг олон янзын хоч өгч байв.

            Энэхүү олны анхаарлыг татаж, телевиз, радио, сонин, сэтгүүлийн “гол баатар” болсон Ичиножёо Архангай аймгийн Батцэнгэл сумын жирийн малчин Алтанхуягийн хүү. Тэрбээр 1993 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр мэндэлжээ. Одоо 31 настай. Биеийн өндөр 192 см. Биеийн жин 200 кг. Минато дэвжээний бөх . Дэвжээний нэрийг нь Ичиножёо Такаши гэдэг.  Японы мэргэжлийн сүмогийн дэвжээнд барилдаж байгаа манай  бөхчүүд хот, суурин газар төрж өссөн байдаг бол А. Ичинноров эсрэгээр 17 нас хүртлээ хөдөө аав, ээжтэйгээ мал маллаж байгаад Японыг зорьжээ. Тийм болохоор япончууд түүнийг “ Малчин сүмоч” гэх болсон . Багаасаа адуу малтай ноцолдож, хүнд хүчир хөдөлмөр хийж байсан нь түүнийг өсгөлүүн том бие бялдартай болоход нөлөөлсөн байж магадгүй.

              Ер нь Архангай аймгийн Батцэнгэл сумын бөхчүүд өсгөлүүн том биетэй байх нь бий. А.Ичинноровыг анх 2010 онд Тоттари мужийн ерөнхий боловсролын дунд сургуулийн багш  Гантөгс Жёохоку ахлах сургуульд оруулсан аж. А.Ичинноров дунд сургуульд гурван жил сурах хугацаандаа сонирхогчийн сүмогоор хичээллэж таван ч тэмцээнд түрүүлсэн байна. Улмаар 2013 онд Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцон түрүүлж, сонирхогчийн сүмогийн ёкозүна цол хүртжээ. Дээрх амжилтаараа мэргэжлийн сүмод шууд макүшита зиндааны 15-аас барилдах эрхтэй болсон байна. Өмнө нь сонирхогчдын сүмод гадаадын ямар ч бөх ийм амжилт үзүүлж байсангүй. Ийнхүү 2014 оны нэгдүгээр сард А.Ичинноров “Минато” дэвжээний нэрийн өмнөөс Ичиножёо Такаши хэмээх нэрээр барилдаж эхэлсэн юм.

                Ичиножёо гэдэг нэрийн эхний үеийг өөрийнх нэрнээс авсан бол хоёр дахь үеийг “Жёохоку” ахлах сургуулийнх нь жёо-г авч Ичиножёо хэмээх нэрийг үүсгэжээ. Энэхүү нэр нь гайхалтай авьяас билэгтэй гэсэн утгыг илэрхийлдэг аж. Сүмогийн хамгийн хүнд хэцүү зиндаа гэгддэг макүшитад түрүүлэхэд түүнд ердөө хоёрхон башё шаардагдсан бөгөөд тавдугаар сард жюүрёод дэвшин барилдаад анхны башёдоо 11 даваа, дөрвөн унасан амжилтаар аваргалжээ. Түүнтэй ижил 11 даваатай дөрвөн бөх гарсан бөгөөд Ичиножёо нэмэлт барилдаанд өнөөх дөрвөн өрсөлдөгчөө бүгдийг нь цувруулан хаяж түрүүлсэн юм. Гэвч энэ ялалт нь дээд зиндаанд дэвшихэд хангалтгүй байлаа. Улмаар долдугаар сарын тэмцээнд жюүрёогийн гурваас босч барилдсан Ичиножёо 13 давж, нэмэлт барилдаанд Точиношинд ялагдсан учир түрүүлж чадалгүй үзүүрлэсэн  ч жюүрёогийн гурваас чансаа ахин есдүгээр сарын намрын Аки башёд  макүүчи буюу дээд зиндаанд дэвшин барилдах эрхийг авч байлаа.

             Дээд зиндаанд есдүгээр сарын Аки башёд анх удаа маэгаширагийн араваас босон зодоглож  озэки  Кисэносато, озэки Гоэйдо, ёкозүна Какүрюү зэрэг аварга, арслан цолтой бөхчүүдийг өвдөг шороодуулан, их аварга Хакүхо, Икиой нарт унаж 13 даваа авч чадсан нь гайхалтай бахдам амжилт байлаа.  Энэ үзүүлэлтээр Ичиножёо Ичинноров “Гарамгай барилдаан” болон “Дайчин барилдаан”-ын, их аваргыг унагасан бөхийн “Кинбоши” буюу “Алтан дуулга” хэмээх гурван шагналыг нэг дор авсныг нь дурдахад л хангалттай байх.  Японы алдарт их аварга Китаноүми “ Бусад бөхчүүд хичээхгүй бол удахгүй Ичиножёог ялах бөх байхгүй болно байх шүү” гэж хэлж байв. Мэргэжлийн сүмод хөл тавиад дөрвөн башё барилдахад А. Ичинноровын  Үс нь ургаж ч амжаагүй байлаа.  Макүүчи буюу дээд зиндаанд анх барилдсан түүнийг сүмогийн мэргэжилтнүүд монголоос төрөх ирээдүйн ёкозүна гэдгийг хэдийнэ хүлээн зөвшөөрөөд эхэлчихсэн байв.

            Ичиножёо ч олны итгэлийг алдсангүй урамтай сайхан барилдаж, макүүчи зиндаанд хүч үзсэн анхны тэмцээндээ 13 давсан амжилт гаргасан юм. Тэгэхдээ тэр цагийг эзэлсэн их аварга Хакүхотой сүүлийн өдрийг хүртэл аваргын төлөө өрсөлдсөн. Уг нь дээд зиндаанд анх удаагаа барилдаж буй бөхийг саньякү буюу өндөр цолтнуудтай тэр бүр тааруулдаггүй. Харин манай бөхийг хийгүй, өөртөө итгэлтэй барилдсаар эхний арван өдрийн дараах байдлаар 9:1-ийн амжилт үзүүлээд ирэхэд холбооны шүүгчдийн зөвлөл хуралдаж, арга буюу барилдааны хуваарьтаа өөрчлөлт оруулсан юм. Гэсэн ч залуу хүчтэн озэки Гоэйдо, Кисэносато, ёкозүна Какүрюү нарын томчуудыг өвдөглүүлж, тэмцээний 14 дэх өдөр Хакүхо аваргатай тулсан юм. Башёд хэн нь түрүүлэхээ шийдвэрлэх уг барилдаанд их аварга туршлага заан давж, улмаар эзэн хааны цомыг 31 дэх удаагаа хүртсэн билээ. Хэрвээ Ичиножёо энэ барилдаанд давсан бол зуун жилийн дараах шинэ амжилтын эзэн болоход ойрхон байсан юм. Өөрөөр хэлбэл 1914 оны тавдугаар сарын тэмцээнд “Дэваноүми” дэвжээний сүмоч Риогокү дээд зиндаанд анх удаагаа барилдаад түрүүлсэн амжилтыг давтах байв. Хэдий түрүүлж чадаагүй ч дээд зиндаанд анх удаа барилдахдаа 13  даваа авч чадсан нь гайхалтай байлаа.

             Мэргэжлийн сүмод дөрвөн башё зарцуулж дээд зиндаанд гарч ирсэн бөх түүнээс өөр байхгүй билээ. Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд  анх удаа барилдахдаа 13 давж олны анхаарлын төвд орсон Ичиножёо намрын тэмцээн дууссанаас хойш элдэв ярилцлага, телевизийн нэвтрүүлэгт уригдан, амрах завгүй явсаар мэдрэлийн гаралтай өвчин туссан юм. Энэ ядаргаа өвчнөөс болж  дутуу бэлтгэлтэйгээр 11-сарын Кюүшюү башёд зодоглосон. Тэрбээр ёкозүна Харүмафүжи, ёкозүна Какүрюү, озэки Гоэйдо нарт унасан. Мэдээж таван башё барилдсан түүнд туршлага хуримтлуулах цаг байсангүй. Суралцах, туршлага хуримтлуулах, хурдан босож өөрийн барьцаа олж авах гээд олон зүйлийг зайлшгүй сурах хэрэгтэй байв.

                 Мэдээж түүнд илүү амжилт амжилт гаргах нөөц боломж байсан. Гэвч түүний дэвжээнд Ичиножёогоос өөр цолтой, туршлагатай бөх байхгүй, бэлтгэл хангагч дутагдалтай байсан, удаа дараа бэртэл, гэмтэл авч байсан нь түүний амжилт гаргах боломжийг хаачихсан.  Монгол сүмоч Ичиножёо буюу А.Ичинноров нурууны архаг гэмтлийн улмаас зодог тайлж буйгаа зарлажээ. Харин Японы зарим хэвлэлд дэвжээний багшийнхаа эхнэртэй таагүй харьцаатай байсан нь түүнийг зодог тайлах шахаанд орох нөхцөл боллоо хэмээн бичиж байна. “Үлэмж биет” хэмээн нэрлэгддэг Өдгөө 31 настай түүний хувьд хамгийн дээд цол нь сэкивакэ. Нийт 55 башёд барилдахдаа 408 удаа давж, 328 удаа унасан үзүүлэлттэй.

А.Ичинноров дээд зиндаанд нэг, жюүрёо зиндаанд хоёр удаа түрүүлж, зургаан тусгай шагнал хүртснээс гадна өдгөө барилдаж буй сүмочдоос хамгийн их буюу есөн удаа аварга цолтой бөхийг давж, кинбоши шагнал гардсан амжилт үзүүлж байлаа.


 

 


СҮМОГИЙН ЕРТӨНЦИЙГ ДОРГИОСОН “МАЛЧИН СҮМОЧ” ИЧИНОЖЁО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188