• Өнөөдөр 2024-05-10

Д.ЦЭЦГЭЭ: Гаднын аялагчид хөдөө очоод “Жинхэнэ эрх чөлөө” гэж дуу алдацгаадаг

2023-11-22,   1162

       Гадныхан морь, тэмээ, сарлаг, цаатай Монгол аяллыг ихэд сонирхох болжээ. Тус аяллыг санаачлан зохион байгуулагч нь Д.Цэцгээ юм. Монгол уламжлалтын их эмч, докторант,  “Big Blue Flower “ аяллын компанийн захирал, “Бадамлянхуа” иог төвийн багш Дамдины Цэцгээтэй ярилцлаа.

-Гадаадын хүмүүст танай аяллын чухам юу нь онцгой сэтгэгдэл түрүүлдэг вэ?

    -Монголчууд дэлхий дээр үлдсэн сүүлчийн жинхэнэ нүүдэлчид мөн.  Бидний өв соёл гадны хүмүүст их сонин содон байдаг. Нүүдлийн мал аж ахуй, байгалийн хуулинд захирагдан зохицон амьдарч буй хөдөөгийн ард түмний амьдрал гадны аялагчдад онцгой нандин сэтгэгдэл төрүүлдэг юм билээ.

-Гадны аялагчид ая тухтай байдлыг бодож машинаар биш, чухам яагаад хүнд, бэрхшээл, эрсдэл ихтэй морь, тэмээгээр аялахыг илүүд үзээд байна вэ?

   -Гадны аялагчдад зүгээр машинтай аялах нь тийм сонин биш. Тэд Монголын говь, тал хээр, ойт хээр, хангайн бүс нутгийг сарын турш тэмээ, морь, сарлаг , цаа унан байгальтай илүү ойр аялахыг чухалчилдаг. Тийм болохоор бид говийн бүсээс, хангай тайгын бүс хүртэл их нүүдэл хийх аяллыг хоёр жил дараалан зохион байгуулж нийт 22 аялагчдыг хүлээн аваад байна. Тэмээ, морь, сарлаг, цаа дагасан Монголчуудын нүүдлийн байгальтайгаа холбогдсон ахуй соёл гадны аялагчдад маш сонин, өвөрмөц мэдрэмж төрүүлдэг юм. Тэмээ, морь, цаа, сарлаг унаж аялах нь нүүдлийн соёлын ахуйн өөр өөр  өвөрмөц, онцгой соёлыг мэдрэх боломжийг олгодгоороо онцлогтой.

-Монголын хүн амын тал хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Бид ахуй соёлоосоо алсарч холдоод байна уу?

     -Дэлхий дээр одоогоор цор ганцаар үлдсэн нүүдлийн соёл иргэншлийг Монголчуудынх гэж харьяалуулдаг. Гэтэл энэ соёлоо бид өдрөөс өдөрт мартаж алсарч байгаа.  Бид залуу үеийнхэнд энэхүү аяллаа хүргэхийн тулд цуврал телевизийн нэвтрүүлэг болгон гаргасан байгаа.

-“Монгол брэнд морин өртөө”-г хэд дэх жилээ зохион байгуулж байна вэ?

   -Бид “Монгол брэнд морин өртөө”  1000 км-ийн холын зайн өртөөчилсөн уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж, морь дагасан соёлоо түгээхийг хичээн ажиллаж байна.

-Аяллын талаарх мэдээллийг гадны хүмүүст хэрхэн хүргэдэг вэ?

     -Одоогоор бид аяллын мэдээллийг social network, youtube ашиглан хүргэж байгаа.

-Аяллын үеэр хөгжилтэй, сонирхолтой зүйл тохиолдоно биз?

      -Аяллын үеэр хөгжилтэй зүйл их гарна. Адуучин залууст минь сэтгэл алдрах гадны бүсгүйчүүд олон байдаг. Гадаад бүсгүй шууд айлын эзнээс “Та гадаад бэртэй болвол яах уу” гэж асуулгаж байсан  ч удаа бий.

-Аяллын аюулгүй байдал, хоол, ундыг хэрхэн зохион байгуулдаг вэ. Гэнэтийн болзошгүй эрсдлээс яаж хамгаалдаг вэ?

     -Бидний аялалд гадаадын эмч, зураглаач, мэргэжлийн тогооч , явуулын рестораны ажилчид, явуулын кемпынхэн гээд 15 орчим ажилчид ажилладаг.

-Танай аялалд ихэвчлэн Европ, Америк, Австрали тивийн хүмүүс харагддаг. Япон, Хятад, Солонгос, Тайланд гээд Ази тивийн улс орнуудын аялагчид яагаад байдаггүй юм бэ?

         -Тийм ээ, манай аялал одоохондоо зөвхөн Европын аялагчдыг авч байгаа.

-Энэ их том аяллыг зохион байгуулахад чамгүй зардал гарах байх. Аяллын төсөв, зардлыг ямар эх үүсвэрээс босгож байна вэ?

   -Аялагчдын төлбөрөөс л гаргана. Тэдэнд Монголд хөл тавьсан цагаас нь эхлэн Монгол соёлыг мэдрүүлж, найрсаг зочломтгой зангаар үйлчлэхийг хичээдэг. Монгол дээл, цамцыг хүн бүрт , өвлийн аялалд бол үстэй дээл, хүрэм, үнэгэн малгай , өвлийн гутлыг зориулан хийлгэж бэлэглэдэг.

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг үү?

-Үгүй ээ. Ямар дэмжлэг байхгүй.

-Ямар сонин юм бэ. БОАЖЯ аялагчдыг татах олон ажил, санаачлан, хийж, хэрэгжүүлж байгаа гээд байдаг. Та нар БОАЖЯ-д хандаж үзсэн үү?

-Бид БОАЖЯ-д хандсан ч үзсэн. Ямар ч амжилт олоогүй.

-Нэг аялалд хэдэн гадаадын иргэн хамрагддаг вэ?

     -Бид нэг аяллыг 10-15 хүнтэй байхаар хязгаарладаг . Хүн бүрт жинхэнэ соёлын мэдрэмж өгөхийн тулд олноор нь авахаас аль болох зайлс хийдэг. Бидэнтэй хамтран ажилладаг малчид мал сүргээ өвөлд онд, мэнд оруулах гэж хүнд, хүчир ажил эрхэлдэг хүмүүс. Аяллын морь, тэмээгээ тэжээх, шинэ морьд сургах гээд их ажилтай . Тийм ч учраас бид малчдад зах зээлийг үнээс аль болох дээгүүр үнээр морь, тэмээг нь түрээслэн, дэмжихийг хичээдэг.

-Морь, тэмээнээс унаж, бэртэх эрсдлээс хэрхэн сэргийлдэг вэ?

     -Аялалд хоёр хөтөч ямар ч үед хамт явдаг. Аяллын цувааны эхний болон сүүлийг хэсгийн аюулгүй байдлыг  хариуцан явна.  Хөтөч нар аялагчдыг хараа салгалгүй хянаж явна. Шаардлагатай бол аюулгүй байдлыг хангаад хөтөлж явдаг.

-Сүүлийн үеийн малчид машин, мотоцикль унаад морь, тэмээгээ эдэлж, унахгүй болчихоод байна уу?

    -Тийм л учраас бид аяллыг байнга зохион байгуулж, таван хошуу малыг адгуулж эдлүүлэхийг уриалж байгаа юм. Малчин гэдгээрээ бахархаж, хийж буй зүйлээрээ нэмэлт орлого олох боломжийг нь бүрдүүлэх гэж л хичээж байгаа.

-Цаатай аялал их сонирхолтой, өвөрмөц байсан шүү?

     -Цаатан ард түмний хувьд жил бүр цааны бэлчээрлэх газрын асуудал хүндрэлтэй болж байгаа. Цааны бэлчээрийг нь дархан цаазтай газар болгон хязгаарлаж, хумьсан. Цаатангууд цаатан чигээрээ үлдэх эсэх нь эргэлзээтэй болж байгаа. Өнөө үед энэ соёлыг түгээж, ойлгуулах нь нэн чухал болоод байгаа юм.

-Та бүхэн хэдэн удаагийн аяллыг зохион байгуулаад байна вэ?

     -Одоогоор 15 орчим аялал зохион байгуулан явуулсан. Манайх өвлийн “Тэмээн аялал”, “Их нүүдэл”, “Цаан нүүдэл”, Сарлагийн аялал”-ыг хийгээд байна. Ирэх жилээс “Бүргэдийн аялал” хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Жилийн дөрвөн улирлын аяллыг хөгжүүлэх зорилт тавьж ажиллаж байна. Бид Монголын соёлыг хариуцлагатай, жинхэнэ утгаар нь хүргэж амьд мэдрэмж үлдээхийг чин сэтгэлээсээ хичээж байгаа. Тийм болохоор ирсэн аялагч нэг бүр үнэ цэнэтэй байдаг.

-Анх морь, тэмээн аялал хийх санаа хэзээ төрөв?

    -Би “Монгол Дерби” гэх 1000 км монгол мориор өртөөлөн уралддаг Англичуудын зохион байгуулдаг уралдаанд 10 жил ажилласан. Тэндээс Монголд дуртай хамтрагчаа олж авч эдгээр аяллын санаагаа ажил болгож хэрэгжүүлсэн.Би хөдөө өссөн болохоор хөдөө нутгийн сайхныг үзүүлж, Монгол хүний халуун нинжин сэтгэл, уналганы мал болон морь, тэмээний хүч тэнхээ, үнэн ч байдал, монгол морины тэсвэр тэвчээрийг аялагчиддаа мэдрүүлэх дуртай.

-Гаднын аялагчдад морь, тэмээ, сарлаг, цаатай аяллын чухам юу нь хамгийн сайхан байдаг вэ?

    -Аялагчдад тээглэх хашаагүй цэлгэр уудам талаар салхи татуулан давхих хамгийн сайхан байдаг.  Гадны аялагчид хөдөө очоод “Жинхэнэ эрх чөлөө” гэж дуу алдацгаадаг. Гадаадын улс оронд морьтой  дураараа давхих газар ховор шүү дээ. Тэдэнд уул усаа шүтсэн, зан үйл , овоо тахилга, лус цэнгүүлэх наадам, хурдан морины уралдаан үнэхээр үлгэрийн мэт санагддаг. Бид чинь гадны хүмүүсийн хайгаад байгаа минималист, эко амьдралын анхдагч үндэстэн шүү дээ.

-Та түрүүн хөдөө өссөн хүүхэд гэсэн. Аль аймгийн уугуул вэ?

    -Би Улаанбаатар хотод төрж өссөн . Харин зун бүр Хэнтий аймгийн Биндэр суманд эмээ дээрээ мал дээр байдаг байсан. Наймдугаар ангидаа Америк яваад, Монголоо санаад хоёр жил болоод буцаад ирсэн гайхал шүү дээ.

-Гадаадад сургууль соёлд явсан хүүхдүүд, монгол хэл соёлдоо дургүй болох нь бий. Хөдөөний хүүхдүүд хот руу хошуураад байхад, хотод өссөн та хөдөөд дуртай байх нь сонин байна шүү?

      -Гадаад хэлтэй байна гэдэг нэг зүйл . Гэхдээ монгол соёлыг мэддэг түүгээрээ бахархдаг байх нь чухал. Монгол хэлээрээ уран яруу ярьдаг байх нь бас чадвар. Гадаад хэлтэй ч Монгол соёл мэдэхгүй бол  гадаадын хүмүүст тэр гайхамшгийг хүргэж чадахгүй. Монгол өв уламжлал, монгол соёлоо үгүйсгэх нь харамсалтай.

-Та яаж яваад иогтой холбогдсон юм бэ?

     -Манай гэр бүл ховорхон спортлог гэр бүл . Аав маань Москвагийн олимпын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Ардын багш Цэндийн Дамдин гэдэг хүн. Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга. Монгол Улсын өсөх идэр начин цолтой хүн байсан. Харин ээж хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Хөнгөн атлетикийг тамирчин. Хоёр ах маань хүндийн өргөлт, жүдогийн тамирчид. Би уран гимнастикаар хичээллэж байгаад ээжийгээ дагаад иогчин болсон түүхтэй. 2012 оноос хойш иогоор хичээллэж байгаа. Агаарын иог, “Power” иогийг багшаар арван дахь жилдээ ажиллаж байна.

-Та бас уламжлалын эмч мэргэжилтэй. Хэдэн онд эмч болов. Ямар сургуулийг төгссөн бэ?

    -Тийм ээ, Анагаахыг ЭМШУИС гэх нэртэй байх үед нь 2009 онд төгссөн.

-Эмч, иогийн багш, аяллын менежер, телевизийн нэвтрүүлэг гээд энэ олон ажлыг яаж амжуулаад байна вэ?

     -Эмчээ хийгээгүй ээ. Бусдыг нь бол хийж байна. Гол нь дуртай зүйл маань юм. Аяллаа хийгээд, нэвтрүүлэг кино хийнэ, иог заана, сургалт хийгээд л явж байна.

-Дараагийн аяллаа хэзээ хийхээр төлөвлөж байна вэ?

     -Дараагийн аяллаа 2024 он гаргаад нэгдүгээр сард өвлийн тэмээн аялалдаа явна. Тэгээд 6-11 сар хүртэл хөдөөгүүр л байна даа.


Д.ЦЭЦГЭЭ: Гаднын аялагчид хөдөө очоод “Жинхэнэ эрх чөлөө” гэж дуу алдацгаадаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188