• Өнөөдөр 2024-05-10

Н.Бүргэдаа: Зодог тайлах насандаа шигшээ багийн тамирчин болж байлаа

2023-11-07,   1325

    Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, самбо бөхийн дэлхийн аварга Нанзадын Бүргэдаа гуайтай ярилцлаа.

-Таны бага нас хаана өнгөрөв.  Та аль нутгийн хүн бэ?

         -Би Говь-Алтай аймгийн Дэлгэр сумынх. Хуучнаар бол Засагт Хан аймгийн  Засагт Хан хошууны хүн. Хар багаасаа л хөдөө мал дээр өссөн. Дэлгэр сумын Сэрэхийн нурууны өвөрт тоглож өссөн, яг тэр  Сэрэхийн нуруундаа төрсөн хүүхэд байгаа юм. Бага, залуу байхаасаа айлын эмнэг, хангал тэмээ, адууг сургаж өгдөг байв. Дэлгэрийн “Халтар” Бааст гэдэг тэмээчин, Чандманийн “Хулгар” Нацаг гэдэг адуучин хүмүүсийг дагаж, сайн дурын туслах адуучин, тэмээчин хийж явлаа.  Тэр үед ямар цалин хөлс гэж байх биш. Адуучин, тэмээчин хоёр ах, надад өвлийн идэшний адуу, тэмээ л зүсэлж өгдөг байсан.

-Хэдэн нас хүртлээ хөдөө мал дээр байв?

       -Аав намайг тавдугаар ангид орох жил сургуулиас гаргаж хөдөө гаргасан юм. Би 1966 оны зудны жил хөдөө мал маллаж байв. Тэр жилийн зуднаар манай сумын аварга малчид хотоо харлуулан нэг ч малгүй болж сүйрсэн. Харин би Сэрэхийн нуруундаа Авхаалжтай хаданд хэдэн ямаатайгаа аргаль, янгиртай холилдон байж өвлийн зудыг давж, туулан гарсан. Хээрийн амьтад зуданд идэх юмгүй болохоор мал бараадаад ирдэг юм билээ. Аргаль, янгир намайг жаахан хүүхэд болохоор тэр ч юм уу, айж үргэхгүй, малтай нийлээд идээшлэнэ.

         -Тэр жилийн намар нагац ах Чадраабал, аавд “Хүүхдээ сургууль завсардуулж, ямар ч боловсрол, соёлгүй болголоо” гээд намайг аймгийн төв рүү татаж аваад ажилд оруулан,оройн сургуульд суулгасан. Төрөл бүрийн л ажил хийж үзлээ. Хийгээгүй ажил гэж байхгүй. Хаана ямар ажил гарна түүнийг нь хийдэг байв. Тэр үед эхлээд спортын гимнастикаар хичээллэж үзлээ. Тэгсэн Янсанжав гэдэг Өвөрхангайн гаралтай мундаг багшийн чөлөөт бөхийн секц байгааг олж мэдлээ. Тухайн үед Говь-Алтайн бөхчүүд өсвөр, залуудын УАШТ-ээс Давааням заан, Хишигхүү, одоо НҮБ-д ажиллаж байгаа Батболд орж мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм.

-Улаанбаатар хотод хэзээ орж ирэв ээ?

          -Би чөлөөт бөхийн секцэнд яваад аймгийн аварга болчихлоо. Баянхонгор аймагт болсон баруун бүсийн тэмцээнд явлаа. Надтай цуг аймгийн арслан Чонохүү, Дүгэрсүрэн нар цуг орсон.  Бүсийн аваргын төлөөх барилдаанд Адъяахүү гэдэг бөхөд хожигдсон. Харин манай аймгийн волейболын баг түрүүлсэн. Түүний дараахан 1974 онд  Улаанбаатар хот руу цэргийн албанд татагдаж шүхэр десант, тагнуулын 084 дүгээр ангид хуваарилагдсан.

         Тэгсэн онгоцноос хүмүүсийг шидээд, тэд нар нь чулуу шиг явж байгаад бөмбөрцөг шиг том юм задлаад дүүжлэгдэн бууж ирэх юм. Хөдөөний юм үзээгүй бид их гайхаад энэ одоо юу юм бол гээд алмаарч байж билээ. Батлан хамгаалах яамны сайд Моломжамц  хурандаа Говь-Алтайгаас татагдан ирсэн 400 гаруй цэргүүд дээр ирсэн. Тэр хүн бөхөд их дур сонирхолтой хүн. Говь-Алтайгаас ирсэн шинэ цэргүүдийн дунд бөхийн тэмцээн явууллаа. Тэр барилдаанд нь би түрүүлсэн. Моломжамц гуай “Чамайг би “Алдар” нийгэмлэгт өгнө. Чам руу би нэг хүн явуулна” гэлээ. Тэр үеийн “Алдар” нийгэмлэгийн дарга  Даш гээд буурал толгойтой хүн ирэв. “Моломжамц гуайн захиж хэлсэн Бүргэдаа гэдэг хүүхэд хаана байна” гэв. Би байна гэсэн чинь над руу  үл тоосон, тоомжиргүй байдлаар голонгуу харснаа. Утасны дугаар өглөө. “За чи надтай энэ утасны дугаараар залгаарай” гээд яваад өгөв. 

         Маргааш өдөр нь Моломжамц гуай хүрээд ирлээ. “За яав, миний дүү” гэж байна. Надад утасны дугаар өгсөн гэв. “Өө хөөрхий. Даш голчихож. Жижиг биетэй гээд хүүгийг минь голчихсон байна. Шинэ цэрэгт утасны дугаар өгөөд байх даа, яах вэ дээ” гээд инээсэн. Тэгсэн аймаг бүрээс ирсэн шинэ цэргүүдийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэр барилдаанд би бас л түрүүлчихлээ. Тэгээд л намайг “Алдар” нийгэмлэг рүү татаж авсан даа.

-Та хэдэн онд УШБ-ийн тамирчин болсон бэ?

            -1974 онд “Алдар”-т ирсэн хэрнээ УАШТ-д ордоггүй ээ. Миний жинд дэлхийн аваргын хүрэл медальт Энхтайван, “Жойвон” Мягмаржав нар л УАШТ-д орно. Харин би бүр хожуу 1979 онд 28-29 нас хүрээд л улсын шигшээ багийн тамирчин болсон. Одоогоор бол зодог тайлж, дасгалжуулагчийн ажилд шилжих насан дээрээ УАШТ-д орж байлаа. Дэлхийн хошой аварга З.Ойдов гуайн нэрэмжит тэмцээн Өвөрхангай аймагт болсон юм. Тэр тэмцээнд би Улсын шигшээ багийн нөгөө алдарт Энхтайван, Мийгаа хоёрыг хожчихлоо. Тэгсэн чөлөөт бөхийн мэргэжилтэн Орос багш их гайхаж байна. Намайг дуудаж уулзлаа. Энэ бөхийг яагаад УШБ-т авдаггүй юм гэлээ. Тэгсэн УШБ дасгалжуулагч “Өө наадах чинь хулигаан, гадуур тэнэж явдаг тэнэмэл” гэдэг байгаа.  Аргагүй л дээ. “Алдар”-ын тамирчин нэртэй ч намайг огт УАШТ-д оруулдаггүй байсан юм л даа. Ямар сайндаа “Алдар”-т байх даа. Оролцох тэмцээн байхгүй болохоор Говь-Алтайгаас аавтайгаа туувар туугаад явж байа вэ дээ.

-Шигшээ багт таныг тэгээд авсан уу?

     - Би  шигшээ багийн үндсэн тамирчин биш ч хааяа очиж бэлтгэл хийдэг байсан л даа. УШБ-ийн тамирчид их бөөрөлхүү, нутаг усаараа нэг, нэгнийгээ түшиж, дэмждэг байлаа. Ялих, ялихгүй жижиг зүйлээр намайг гүтгэж, хардаж сэрддэг байв. Аль болохоор намайг шигшээ багаас холдуулах гэдэг байсан.  Монгол Улсын шигшээ багийг Увс, Төв, Өвөрхангай бөхчүүд л бүрдүүлнэ. УШБ-ийн дасгалжуулагч, Чөлөөт бөхийн холбооныхон хүртэл дээрх гурван аймгийн хүмүүс байна. Хоёр Мөнх, Ч.Дамдиншарав, З.Ойдов гээд л байлаа. Би Говь-Алтайгаас ганцаараа. Надаас өмнө Говь-Алтайгаас “Хар” Цэрэндаш гэдэг начин цолтой бөх УШБ байсан. Тэр хүн л ганцхан намайг өмөөрнө.  Цэрэндаш архи их ууна. Уусан үедээ тэмцээн дээр заавал ирнэ. Тэр үедээ “Та нар энэ муу жижигхэн хар хүүхдийг хүчрэхгүй байж, бүлэг бүлгээрээ, аймаг, сумаараа  нийлж дарамтлаад яах вэ дээ. Та нар харж байгаарай. Энэ хүүхэд нэг л өдөр амжилт гаргана” гэж ирээд намайг өмөөрнө. УШБ-ийнхан согтуу ирж, агсан тавьж тэмцээн үймүүлсэн гээд л цагдаа дуудаад өгчихнө. Тэгж яваад хөөрхий УШБ-аас хөөгдсөн. Тэмцээнд орохоор тамирчид нь шүүгч багш нартайгаа нийлээд  хөөрхөн дөнгөчихнө.  Тухайн үед багш нарын болон аваргуудын үг хууль мэт байлаа. Тэдний хэлсэн үг худал  байсан ч хамаагүй зөв л болж хувирна. Намын төв хорооныхон  хүртэл тэдний л үгэнд итгэдэг байв.

     Би УШБ дээр бэлтгэл хийх гээд очихоор Мөөеэ аварга “Энэ гудамжны п... яах гэж яваа юм” гэнэ. Тэгээд бөхчүүд нь элдэв янзын хулгай, зэлгийд сэрдээд аль болохоор шигшээ багаас холдуулах гэж төрөл бүрийн юм сэдэж олоод гүтгэдэг байлаа. Түүнд нь би гомдоод хааяа ууж очоод, багш, дасгалжуулагч, тамирчдад бяцхан агсан тавьчихдэг байв. Халамцуу очоод илүү, дутуу үг хэлчихээр бүр үзэхгүй. Одоо бодож байхад архи ууж агсраад тэдний бэлэн өгөөш болдог байж дээ. Д.Оюунболдын нэг хар трико намайг мөн ч олон удаа хэлмэгдүүлсэн дээ. Бэлтгэлд очихоор тэр нь алга болчихно. Тэмцээн болохоор өнөөх хар трико нь гараад ирнэ. Тэр үед трико, борцовка их ховор байлаа. Тэгэж яваад Орос мэргэжилтэн багшийн ач тусаар УШБ-т 29 настайдаа албан ёсны тамирчин болж 1979 онд орсон. БТСУХ-ны дарга нь Иванов гэж Орос хүн “Би энэ хүүхдийг дааж авна гэж хэлж байж авсан” түүхтэй.

-Таныг жингийнхээ бөхчүүд дотроо их бяртай байсан гэх юм аа?

       -Бяр хүчний хувьд дэлхийн чөлөөт бөх, самбын 52, 57 кг-ын жинд тэр үед тэргүүлдэг байсны гол учир нь морь, малтай ноцолдож өссөний ач тус байсан. Би Анатолий Белоглазов, Айрех, Валинтин, Йорданов нарыг хүчээр илүүрхдэг байв. Тэдэнд босоо барилдаанаас нэг ч оноо алдагдаггүй. Босоо барилдаанаас хамаг хүчээ шавхан зовж, зүдэрч байж 5-6 оноо авчихаад, хэвтээ барилдаанд бөөнд нь нэг дор оноо алдчихна. Тэр үед юм бол партер гээд хэвтээ барилдаанд шилжүүлдэг дүрэмтэй байсан. Нөгөө дэлхий аваргууд чинь хэвтээ барилдаанд накат шахаад хэдхэн секундэд бөөн оноо авчихдаг байлаа. 

-Та 1979 онд УШБ-ийн тамирчин болоод УАШТ-д түрүүлсэн үү?

         -1979 онд УШБ-т ороод Москвагийн олимпын сонгон шалгаруулалт гээд Болгар, Румын, Германы тэмцээнд явлаа. З.Ойдов, Х.Баянмөнх гээд шилдгүүд Москвагийн олимпын сонгон шалгаруулалт тэмцээнд явсан. Германы тэмцээнд З.Ойдов гуай түрүүлээд, би мөнгөн медаль авсан.  З.Ойдов гуай Германы олимп, дэлхийн медальтай бөхийг  2-3 оноогоор илүүрхэн хожсон. Цаг дуусахын өмнө З.Ойдов гуай дөрвөн мөчөө зэрэг хөдөлгөж, зогсоо зайгүй дайрч, “Нүдэж” байгаад хожсон. Тэр үед есөн минут барилддаг байв. Сүүлийн гурван минутын барилдаанд “адуу” шиг тачигнасан. Би үнэхээр З.Ойдов гуайг биширсэн. Тэр үед З.Ойдов гуай үнэхээр сайн байсан шүү. Харин би Румын Улсын тэмцээнд түрүүлж, З.Ойдов гуай мөнгөн медаль авсан.  Тэгээд л З.Ойдов гуай Намын төв хорооноос хатуу үүрэг аваад, олимпын аварга болно гэж амлалт өгсөн юм билээ. Тэр амлалт үүрэг нь Москвагийн 1980 оны олимпод  З.Ойдов гуайд сэтгэл зүйн хүнд дарамт болчихсон байх. Их тааруу барилдсан. Олимпын Тосгонд З.Ойдов гуай, Д.Оюунболдтой нэг өрөөнд, би Баянаа аваргатай нэг өрөөнд байсан.  Би жин хасаж байлаа. Баянаа аварга цүнх дүүрэн жимс авчихсан. Шал, пал гээд идээд байв. Жин хасаж байгаа надад тэр нь их тээртэй. Тэсэж ядаад өрөөнөөс гарна. Гарах бүрд л буудлын хонгилын том толины өмнө З.Ойдов гуай л зогсож байна.  Тэгж шөнөжин  З. Ойдов гуай нойргүй нервитэж байгаад  ядаргаанд орж, хожигдсон. Бидний үеийнхэн жимс, кола ундаа гэдгийг анх удаа харж, идэж үзсэн үе.

        Д.Оюунболд их жин хасна. Тэр нэг гартаа хоосон шил, нөгөө гартаа бүтэн кола ундаа барьчихсан шатаар дээш, доош гүйгээд л байлаа. Колагаа уугаад хоосон шил рүүгээ ходоодоо шахаж ундаагаа гаргаад л байв. Тэр нь түүний маргаашийн барилдаанд нь нэлээдгүй хялааж, тамирдахад нөлөөлсөн гэж боддог. Тэрнээс биш, Д.Оюунболд олимпод түрүүлэх, хэмжээнд  үнэхээр сайн байсан.

-Та 1980 оны Москвагийн олимпод 52 кг-д барилдсан уу?

       -Москвагийн олимпын шигшээ барилдаанд зургаан бөх шалгарч үлдэв. Белгоглазовт оноогоор хожигдсон ганц хүн нь би байсан. Барилдааны эхний үед түүнээс дөрвөн оноо салгасан. Дунд гуравт Белоглазов миний хоолойг шахаж тойрч гарч оноо тэнцээд, сүүлийн гуравт ахиж хоолой шахаж ард гарч 5:6-аар бил үү, 6:4-өөр ч бил үү хожигдсон. Бусад бөхчүүдийг Белоглазов гараад түс, тас гээд  оноогоор болон цэвэр ялаад явчихсан. Би Унгарын Сабог гурван сарын өмнө олон улсын сорил тэмцээнд гурав таарч, гурав хожиж байсан юм.  Олимпод Саботой таарсан гэдгийг сонсоод өглөө жингээ тавьчихлаа. Мөөеө аварга “За чи өнөөдөр Сабогоо хожоод олимпын медаль авна шүү. Түүнийг гурав хожсон хүн юу байх вэ” гэж байна.  Би жингээ тавиад нүдэнд харагдаж, гарт таарсан зүйлийг амсаж, идээд л байлаа. Хаван хөөгдөг лазикс гэдэг тариагаар орой өөрийгөө тариад фуросемид уугаад саунд суугаад хасчихна гэж бодож байв. Тэгсэн орой жингээ үзсэн 58 кг болчихсон байна. Бие халаалт хийв. Сабо ердөө харагдахгүй байв.

      Би шөнөжин саунд суугаад  өглөө жин дээр хөл дээрээ зогсож чадахгүй шахам амьтан гарлаа. Жүдогийн Ц.Дамдинтай өглөөний 06:00 цагт таарав. Ц.Дамдин “Чи чинь шөнөжин саунд суусан юм уу. Ингэж болохгүй шүү дээ. Одоо яаж барилдана даа. Би хүнд хэлэхгүй ээ” гээд л яваад өглөө.  Би жин дээр гарсан чинь 52 кг дээр зааж байна. Тэгээд ЦСКА-ын тэмцээн болж буй заал руу ачигдаад явлаа. Ходоод агшаад халуун оргиод юу ч ордоггүй. Кола ганц нэг балгасан болов. Очсон чинь хамгийн эхний барилдаан 52 кг-аар эхэлнэ гэж зарлав. Би нэг хачин найрчихсан юм дэвжээн дээр гарлаа. Эхний гурван минутад нүдэж барилддаг хүн чинь хялаагаад зуураад явдаггүй. Тэгсэн Унгарууд мэдчихсэн байв. Сабо дунд гурван минутын барилдаанд над руу хоёр хүчтэй дайраад 7:0 болчихлоо. Миний хөлс гараад бие жаахан тавирч байна. Сүүлийн гурван минутын барилдаанд оноогоо хөөж, нөхөн 13:13 болготол ч цаг дуусав.  Ингээд дүрэм ёсоор түрүүлж оноо авсан гэдгээрээ Сабо ялалтыг авч, би 5-6  дугаар байр луу шидэгдсэн.

-1981 оны Югославын ДАШТ-д барилдсан уу?

         -Тийм ээ. Югославын дэлхийн аваргад 52 кг-даа л очсон. Тэгсэн Белоглазовын оронд Шугаев гэдэг дэлхийн залуучуудын аварга,  Европын аварга, ЗХУ-ын спартикадын аварга иржээ. Оросууд түүнийгээ магтаж байна гэж жигтэйхэн “Жинхэнэ Орос танк” гээд л байна.  Манай Москвагийн олимпоос медаль хүртсэн Д.Оюунболд, Ж.Даваажав нар маань хоёр, гуравдугаар тойрогт бүгд мултарчихлаа. Би Оросын Шугаевыг 7:1-ээр ялаад зооны аваргын төлөө гараад ирэв. Москвагийн олимпод 13:1-ээр ялсан Германын Арейхтай таарлаа. Арейх дэлхийн аварга, ДАШТ-ий таван медальтай мундаг бөх байхгүй юу.

            Багш хэлж байна “Маш хянуур барилдаарай. Наадах чинь ДАШТ-ий таван медальтай хашир туршлагатай бөх шүү” гээд захиж байв. Дэвжээнд гараад л дайраад эхний оноог авсан. Тэгсэн чинь Арейх инээмсэглээд байна. “Энэ одоо бараг л бууж өгч байгаа юм байх даа” гэж бодоод амжив. Ч.Дамдиншарав багш хашхираад байна. “Одоо ахиж дайрах хэрэггүй. Сайн хар, хянуур бай. Наадах чинь хариу контор мэхтэй. Эвгүй шүү” гээд байх юм.  Би багш одоо намайг үнэлэхгүй. Надад итгэхгүй байгаа юм байх даа. Эхний оноог авч болсон юм чинь ахиад оноо авч болох байлгүй” гээд баруун тал руу нь дайрлаа. Тэгсэн ганцхан тохой руу цохиод мостонд хийчихдэг байгаа.  Арай чүү гэж мостолж байгаад хүнд байдлаас гарав. Түүндээ шаралхаж шатаж дайраад оноогоор хожигдсон.

          Тэгээд хүрэл медалийн төлөө АНУ-ын Гонзалистай барилдахаар болов. Намын төв хорооны Дамдин дарга тэмцээн үзэхээр ирсэн байлаа. Багш нарт хатуу даалгавар өгч байна. Та нар “Сүүлийн ганц медаль авах найдвартай бөх дээрээ анхаарал хандуул” гэв.  Би Москвагийн олимпод гаргасан алдаагаа давтахгүй байхыг хичээсэн. Дасгалжуулагчид миний жинг тааруулж, сайн амраагаад өглөө Гонзалистай барилдуулав.  Би түүнийг яамны илүүрхэн хожиж дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн.

-1982 оны ДАШТ-д хэр амжилттай барилдав аа?

        -1982 онд Гүржийн Тебелист олон улсын тэмцээн болов. Гүржийн Епиндиевтэй их ороолцолдсон хүнд барилдаан хийчихлээ. Шүүгч нар түүнд ялалтыг заачихдаг байгаа. Би түүнийг хожсон гээд цээжээ дэлдээд давжээнээс буусан. Оросын дасгалжуулагч Иван Ярыгин миний цээж рүү ус цацаад “Би харсан уг нь чи хожсон. Гэхдээ одоо дэлхийн аварга хүлээж байгаа шүү” гээд яваад өгсөн. Дараагийн тойрогт Солонгосын бөхтэй таарав. Түүнийг тэвэрч аваад шидсэн  чинь шүүгч надад биш Солонгосын бөхөд хоёр оноо заадаг байгаа. Тэр Солонгосын бөх надтай их адилхан харагдсан юм байлгүй. Түүнийг шидсэн гээд зүтгэсэн. Шүүгч над руу нэг хараад, Солонгосын бөх рүү нэг хараад их гайхсан байртай эргэлзээд зогссон. Тэгсэн Ч.Дамдиншарав багш уурлаад нойтон алчуураа нөгөө шүүгч рүү шидчихдэг байгаа. Шүүгч уурлаж гүрийгээд тэр чигтэй Солонгосын бөхөд ялалтыг заагаад дуусгасан.

         -Тэр жилийн ДАШТ-ий бэлтгэлд бид гарчихсан байв. Тэгсэн БТСУХ дээр хурал болж байна гээд Орос багш хэллээ. Тэгээд багш гадаа машиндаа чимээгүй суугаад байв. Гаднаас орж  ирэхдээ царай нь бараачихсан ороод ирэв. “Багшаа яасан бэ” гэсэн чинь “ДАШТ байхгүй. Түүнд бүтэн багаараа явахгүй боллоо” гэсэн.  Тэгээд 1982 онд Канадын Эдмонтонд болсон ДАШТ явалгүй өнжсөн юм.  Яав юу болов гэсэн чинь ДАШТ-ий багийн ахлагчаар явна гэж МЧБХ-ны УШБ-ын  удирдлагууд хоорондоо маргалдаад бүтэн хоёр хоног хэрэлдээд  бөөн юм болжээ. Намын төв хорооны Үзэл суртлын хэлтсийн дарга Адъяа гэдэг хүн “Та нар чинь ямар хэцүү юм бэ. Ер нь энэ жил ДАШТ-ээс медаль авах  боломжтой бөх байгаа юу” гэжээ. Ер нь манай “Алтан үе”-ийнхэн гэдэг бөхчүүд бараг л Намын төв хороог удирдах нь холгүй эрх мэдэлтэй байсан үе л дээ. Тэдний үгийг МАХН-ын Төв хорооныхон их сонсдог байсан юм.

         Тэгсэн аваргууд “ДАШТ-ээс медаль хүртэх маш хэцүү” гэж. Би тэр үед ДАШТ-ээс алтан медаль хүртэнэ. Үгүй ядахдаа мөнгө, хүрэл медаль дээр буух магадлалтай гэж бодож байсан юм.  Д.Оюунболд, З.Дүвчин, Ж.Даваажав нарын  ид сайн байсан үе. “Алтан үе”-ийн бөхчүүдийн барилдахгүй болсон үе байв.  Тэдний хувьд мэдээж хүнд үе. Харин шинээр гарч ирсэн залуус бидэнд их чухал үе байсан юм. Гэтэл биднийг ДАШТ-ээс медаль авах боломжгүй гэж үзжээ. Медаль хүртэх боломжийн бөх байхгүй юм бол багаар нь ДАШТ-д оруулахгүй хасаж болох юм байна” гээд шийдвэр гаргасан гэдэг. Ер нь манай “Алтан үе”-ийнхэн гэдэг бөхчүүд их бохир юм хийдэг байсан шүү.

           Би сүүлд З.Ойдов гуайгаас асуусан. “1982 оны ДАШТ-д бидний явуулахгүй гэдэг шийдвэрийг гаргахад  та зөвшөөрч гар өргөсөн үү” гэсэн. З.Ойдов гуай “Би хуралд суусан. Харин шийдвэр гаргаж, гар өргөхөд нь оролцоогүй. Яагаад гэвэл муу дүүгээ, Дүвчингээ  хорлож вэ дээ” гэж байсан.  Харин Мөөеө аварга надаас сүүлд уучлалт гуйсан шүү. Би эрүүлдээ ч хэлдэг. Согтуу даа ч агсардаг байлаа. “Та нараас болоод бид 1982 оны ДАШТ-д оролцоогүй шүү” гэж гомдолдог байсан юм. Баянаа аварга бол юу ч хэлэхгүй, “хар дуугүй” чимээгүй л босоод явчихдаг. 

         Ер нь хөнгөн жингийн бөхчүүд хэцүү шүү дээ. Дэлхийд 2-3 жил л сайн үзэх боломжтой байдаг. Хүнд жингийнхэн бол 5-6 жил болон түүнээс дээш жил амжилттай барилдах боломжтой. Би 1983 оны ДАШТ-д орох үед хурд, хүч буурчихсан, өмнө нь хождог байсан Гонзалист хүртэл оноогоор илүүрхэж яваад накатанд орж 4-5 оноо алдаад хожигдсон. Тэгээд 1983, 1984, 1985 оны ДАШТ нөгөө хэд дээ л хожигдож 4-5 байрт ордог болсон.

-Та самбо бөхийн дэлхийн аварга. Самбо бөхөөр хэдий үеэс эхлэн хичээллэсэн бэ?

     -Би яагаад самбо бөхөөр барилдсан гэхээр чөлөөт бөхийн УШБ-ийн ахлах дасгалжуулагч Ч. Дамдиншарав багшийн дүү Ч.Насантогтох нь самбо бөхийн УШБ-ийн ахлах дасгалжуулагч байсан юм. Тийм болохоор дүү нь ахаасаа намайг гуйж аваад самбын ДАШТ-д барилдуулдаг байв. Самбын УАШТ-д түрүүлсэн. Дарханд болдог олон улсын тэмцээнд түрүүлсэн байх үзүүлэлтийг харгалзан үздэг байсан. Би чөлөөт бөхийн УАШТ-д хоёр удаа л оролцсон. Харин самбын УАШТ-д арав гаруй удаа орсон байдаг. 1982 онд Францын Парис хотод болсон самбо бөхийн ДАШТ-д түрүүлж дэлхийн аварга болсон.

 

 

 

.


 

 


Н.Бүргэдаа: Зодог тайлах насандаа шигшээ багийн тамирчин болж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188