• Өнөөдөр 2024-05-17

Б.МӨНГӨНЧИМЭГ: ДЭЛХИЙН МЕДАЛЬ ХҮН БҮХЭНД ОЛДДОГГҮЙ БОЛОХООР "ЯЛАХ ЁСТОЙ" ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЗОРИГЖУУЛААД ДЭВЖЭЭН ДЭЭР ГАРСАН

2023-10-02,   2538

Монгол Улсын гавьяат тамирчин, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин Б.Мөнгөнчимэгтэй ярилцлаа. Манай улсын төдийгүй дэлхийн жүдо бөхийн нэгэн үеийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын шилдэг тамирчдын нэг нь Балдоржийн Мөнгөнчимэг байв.

- Хэзээ дэвжээндээ эргэн ирэх вэ. Бэлтгэл хийж байгаа юу?

-Би дахин барилдахгүй ээ. Зодог тайлсан. Сая гурван сарын өмнө нурууны хагалгаанд орсон. Дахиж барилдахгүй гэж ам, өчиг өгөөд хагалгаанд орлоо. Олон жилийн бэлтгэл, сургууль, ачааллаас хамаараад тамирчид их бага харилцан адилгүй бэртэл авчихдаг. Миний хувьд нэлээн олон хагалгаанд ороод байгаа. Дуртай зүйл жүдо бөх болохоор бэлтгэл хиймээр, барилдмаар л санагдаад байдаг.

 -Унгарын Будапештын дэлхийн аваргаас хойш барилдаагүй байх аа?

-Унгарын ДАШТ-ий дараа аав маань бурхан болсон. Би хагалгаанд орсон, бэртэлтэй мөрөө дахин мулталж урт хугацааны эмчилгээ хийлгэсэн. Хүнд бэртэл овоо эдгээд буцаад бэлтгэлдээ орсон. Мөн өвдөгний чагтан холбоос тасарсан. Түүнийг орлуулж хиймэл холбоос суулгуулсан.

 -Будапештийн дэлхийн аваргад үнэхээр сайн барилдсан. Хятадын Ян Жу Шуа-тай барилдаан таардаггүй юу?

-Хятадын тамирчин их бяртай, хэвтээ барилдаанд маш сайн. Би дэлхийн аваргаас өмнө анх түүнтэй таарч барилдахдаа хожиж байлаа. Түүнээс хойш гурав дараалан хэвтээд барилдаанд хожигдсон. Жүдо бөх сонирхогчид санаж байгаа байх. Ц.Мөнхзаяа гавьяат эгч маань “РИО-2016” олимпоор юко үнэлгээгээр хожиж яваад даралтаар харамсалтай хожигдож байсан. Түүний дараа жил би  2017 оны ДАШТ-д Ян Жу Шуа-г хожиход, Ц.Мөнхзаяа эгч” Ингэж нэг санаа амрах гэж, миний үргэлжлэл шүү дээ” гэсэн пост бичиж байлаа.

-ДАШТ-ий өмнө нь Ян Жу Шуа-тай дөрөв барилдаж, нэг ялж, гурав ялагдсан санагдана. Дэлхийн аваргын хүрэл медальд хүргэсэн тэр мэхийг Ян Жу Шуа-д зориулан бэлтгэсэн мэх үү. Барилдааны явцад барьц, байрлал таараад хийсэн үү?

-Би жингийнхээ бүх тамирчид дээр судалгаа хийж, бэлдсэн. Мөн Ш.Цэвэлмаа багш миний сэтгэл зүйн бэлтгэлийг өргөх тал дээр хичээнгүйлэн ажилласан. Бэлтгэл дээр дэлхийн аваргад зориулж бэлдсэн, давтсан мэхнүүд тэр өдрийн чухал, чухал ялалтыг авчирсан. Дэлхийн аваргын нэгдүгээр тойргийн барилдаанд Энэтхэгийн Сунибала Дэви Хуидромыг, хоёрдугаар тойрогт Финландын Эмила Канерваг, гуравдугаар тойрогт Францын Маргауш Пинотыг ялсан. Тэгээд “D” хэсгийн аваргын төлөө Францын хоёр дахь тамирчин олимп, дэлхийн аварга Кларинс Агбененутай барилдаж ялагдсан. Дагах тойргийн барилдаанд Бразилийн Кетлеян Куадросыг буулган авч медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.  Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөөх барилдаанд Ш.Цэвэлмаа багшийн захиж хэлснээр Ян Жу Шуад зориулан бэлтгэсэн мэхээ, ямар ч эргэлзэх зүйлгүй шийдэмгий, зоригтой хийгээд ялалтыг авсан даа.

 -2014 онд ОХУ-ын Челябинск хотод болсон ДАШТ-д барилдсан. Багийн барилдаанд Францын алдарт бөх олимп, дэлхийн аварга Кларинс Агбененутай барилдсан. Тэр мундаг аваргыг их хямрааж, сайн барилдсан.  Агбенену аварга үнэхээр аргаа барьж байсныг тод санаж байна. Тэр анх оролцсон ДАШТ чинь байсан уу?

-Миний оролцсон анхны дэлхийн аварга бол 2013 оны Риогийн ДАШТ байсан. Тэр жилийн ДАШТ-д нэг ялаад, хоёрдугаар тойрогт ялагдаж байлаа.  Харин би 2014 оны Челябинскийн дэлхийн аварга болохоос 14 хоногийн өмнө хамраа хугалчихсан. Эмч нар барилдаж болохгүй. “Хамраа юманд шүргэх төдий л цаашаа чихэгдэж орно шүү” гэж хэлсэн. Багш нар “Мөнгөө минь хамар яах вэ. Дараа янзалж, эмчилээд болно.  Харин эх орныхоо төлөө шүү дээ. Шүдээ зуугаад л үзээрэй” гэсэн.

Би “За гээд” барилдсан. Тэр үед жаахан хүүхэд байсан болохоор зоригтой, хор шартай байж. Кларинс Агбенену аваргыг торгуулиар хожиж явсан юм. Тэгсэн түүний үүрэх мэхэнд үнэлгээ алдаагүй ч, тэр эрчээрээ дэвжээ мөргөөд улаан нүүрээрээ унасан. Хоёр хамарнаас цус гоожоод тогтохгүй эмчийн тусламж авсан. Эмч хөвөнгөөр хоёр хамрыг амьсгал авч болохгүйгээр таг бөглөсөн. Барилдааны цаг дуусахад 40 секунд л үлдсэн байв. Дэвжээнд гараад хамраараа амьсгал авч чадахгүй болохоор толгой эргээд, үзэгчдийн дуу чимээг нэг ойртож, нэг холдоод нэг л сонин байлаа. Тэгээд юу болсныг ч мэдээгүй. Нэг л мэдсэн чинь үнэлгээ алдсан байв. Босоод ирсэн цаг дууссан. Юу болоод байгааг ч мэдрэхгүй байсан нь гэмтлээс л болсон байх. Тэр өдөр хүнд, хүнд барилдаан хийж ялалт авсан байж, торгуулиар хожиж яваад ялагдсандаа их гэмшээд хүний нүүр ч харж чадахгүй байлаа. Харин дараа нь багийн мөнгөн медаль авах үед хүмүүс зооны барилдаан дээр чухал ялалт авсан шүү гээд урам хайрлахад их баярласан.

 -ДАШТ-ий багийн хоёр медальтай санагдах юм. Дэлхийн аваргын багийн барилдааны хэдэн медальтай вэ?

-ДАШТ-ий багийн барилдааны ганц л мөнгөн медальтай. Харин залуучуудын дэлхийн аваргын нэг хүрэл, насанд хүрэгчдийн ДАШТ нэг хүрэл гээд дэлхийн аваргын гурван медальтай.

 -Дотоодын тэмцээнд Б.Ганхайчид ялагдаад байдаг. Харин гадаадын бөхчүүдтэй Б.Ганхайчаас арай илүү барилдах юм аа?

-Хэ хэ хэ. Яах нь уу. Манай Хайч чинь их бяртай шүү дээ. Би мэх хийсээр байгаад хялаагаад уначихдаг. Манай хүн болохоор бяр, хүчээр бариад л зогссоор байдаг. Тэгээд цагийн төгсгөлд нэг мэх хийж байгаа юм л даа. Манай дотоодын тэмцээнд ер нь л  бол торгохгүй. 2016 улсын аваргаар хожигдсон. Гадаадын тэмцээний шүүлт тэс өөр, цаг тухайд нь торгоод идэвхтэй барилдахыг сануулна. 2016 оны “Чингис хаан” гран при тэмцээнээр торгуулиар Хайчийг хожих жишээний. Гадаад  шүүгч байсан болохоор аргагүй л дээ. Би тийм тамиртай биш л дээ. Ер нь арга эвээр л барилддаг.

Би дотоодын нэг шүүгчийн занаанд орж байсан. Дэвжээнд гарч ирээд гурав торгоод буулгачихдаг байгаа.  “Багшаа намайг яаж байгаа юм бол” гэж асуусан. Багш” Чамайг буруугаар ойлгосон юм шиг байна лээ” гэсэн. Жаахан хүүхэд байсан болохоор уйлаад л өнгөрч байсан үе бий. Одоо юуг нь нуух вэ.

-Өөрийг чинь уран нугаралтаар хичээллэж байгаад жүдо бөх рүү орж ирсэн гэдэг. Яагаад жүдо бөхийн спортыг сонгох болов?

-Тийм ээ. Найман настайгаасаа 13 нас хүртлээ таван жил нугарч байлаа. Эгэмээ хугалж завсарлаад, тэр хооронд нэлээн жин нэмсэн. Буцаж нугарахад хүндрэлтэй болсон. Аав маань бөх сонирхдог, дэмждэг хүн байв. Аавын найзууд гэвэл Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандах, шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ  П.Нямлхагва гээд бөхчүүд бий. Тэр бүхэн надад нөлөөлсөн. Манай шигшээ багийн эмч хүртэл бага байхад миний үсний найранд ирж байв. Магадгүй энэ бүхэн тамирчин болох замыг минь зурчихсан юм болов уу.

-Бага нас нь хаана өнгөрөв. Аль нутгийн хүүхэд вэ?

-Аав Архангай аймгийн Өгийнуур  сумын харъяат Долгорын Балдорж гэдэг хүн байсан. Би хүүхэд насаа Төв аймгийн Баянхангай суманд эмээ дээрээ өнгөрүүлсэн. Ээж мөн энэ нутгийнх. Би тэнд өссөн болохоор Төв аймгийн Баянхангай сумын харъяат гэж явдаг.

 -Жүдо бөхөөр гаргасан амжилтуудаа сонирхуулаач. Самбо, жүдо бөхөөр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангиллын ДАШТ-ээс медаль хүртсэн юм уу?

-Самбо бөхөөр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж байсан. Самбо, жүдо бөхийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д арав гаруй удаа түрүүлсэн байх.  Самбо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга, жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргын хүрэл, мөн насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальтай. Азийн аваргын хүрэл медаль гээд амжилтууд бий. Анх Абу Даби гран при тэмцээнд 18 настай байх даа орж хүрэл медаль хүртэж байв. Өсвөр, залуучуудын дотоодын бараг л бүх тэмцээнд түрүүлдэг хүүхэд байсан даа.

-Өөрийгөө хэр сэтгэл зүй өндөртэй гэж боддог вэ. Ян Жу Шуа-тай их шийдэмгий гарч барилдаад ялж,  ДАШТ-ий хүрэл медалийг авсан шүү?

- Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахдаа, хүрэл медаль над дээр ирлээ. Ийм том боломжийг алдаж болохгүй. Дэлхийн медаль хэн хүнд олдоод байдаг боломж биш. Ялах л ёстой гэсэн бодолтой дэвжээнд гарсан. Тамирчин хүний замналд  цөөн тохиох боломжийг алдахыг хүсээгүй. Дэлхийн медалийг авахыг хүссэн. Ш.Цэвэлмаа багш маань “Одоо хоёулаа яаж барилдах билээ. Миний охин” гээд.  Харин би “Болно багшаа гээд өөдөөс нь инээж” байлаа.

Ер нь бол  өрсөлдөгч бөхөөс айж, бэргэж үзээгүй. Ямар цол гуншинтай байх нь хамаагүй. Адилхан хоёр гар, хоёр хөлтэй хүн шүү дээ гээд л үздэг байсан даа. Би юуны төлөө бэлтгэл хийж байгаа билээ. Ялахын төлөө барилдах ёстой. Ялагдвал, гаргасан алдаагаа дахиж гаргахгүй, давтахгүй байх юмсан гэж хичээдэг байсан. Завсар зай гарвал илүү чанартай бэлтгэл хийж, сайжрах юмсан гэсэн хүсэл тэмүүлэлтэйгээр хичээж байсан.  Олон хүнд бэртэл аваагүй бол миний мөрөөдөл хүсэл тэмүүлэл, олны итгэл, хайр, Монгол Улсынхаа нэрийг чадахаараа гаргах байсан даа гэж харамсдаг л юм.

-Дасгалжуулагчаар ажиллах уу. Өөр ажил, бизнес хийх төлөвлөгөө байна уу. Амжилт гаргахад чинь тусалж, дэмждэг хүн цөөнгүй байсан биз?

-Одоогоор дасгалжуулагчаар ажиллах төлөвлөгөө байхгүй. Хамаг анхаарлаа гэр бүлдээ тавьж байгаа. Мөн ээж, ахын маань бизнес бий. Тэд аяллын хэрэгсэл зардаг юм. Тэдэндээ чадах чинээгээрээ тусалж байгаа.Тамирчин хүн амжилт гаргахад “Ганцхан би” гэсэн үзэл баримтлал байж болохгүй. Тэр тамирчны ард ар гэрийн дэмжлэг, мөн хамт олон, бэлтгэл хангагч, багш, дасгалжуулагч, дэмжигч ард түмэн бий. Тэд ялж, ялагдахад хамт байдаг. Хамгийн чухал нь эх орны минь нэр хүнд ”Монгол” гэж гарна. Тэрнээс Б.Мөнгөнчимэг гэж тамирчныг биш . Монгол гэж эхэлж дууддаг шүү дээ.

Баярлаж талархаж явдаг хүмүүс зөндөө бий. Бэртэл, гэмтлээс эргэж ирэх үед тусалж дэмжиж байсан хүмүүс, жүдогийн хамт олондоо баярлаж явдаг. 2015 онд мөрний хүнд хагалгаанд ороод барилдах, үгүйгээ мэдэхгүй байхад МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга ах өглөө болгон бэлтгэл хамт хийж байлаа. Өөрөө урд гарч дагуулж хийлгэнэ. Шигшээ багийн бэлтгэлд гар чинь бэртсэн болохоос хөл чинь бэртээгүй гээд хөл дээр ажиллах дасгал, хөдөлгөөн хийлгэдэг байсан. О.Балжинням багш шигшээгийн бэлтгэлдээ авч гарна. Багшаа “Би энд олигтой бэлтгэл хийж чадахгүй. Миний оронд бэлтгэл хангах өөр тамирчин ав “ гэж хэлэхэд, “Тамирчин хүн бие сэтгэлээрээ бэлтгэл хийдэг юм. Дэвжээтэйгээ ойрхон байх ёстой шүү” гээд дэмжиж тусалдаг байлаа. Намайг дэмждэг Монголын ард түмэн,  жүдо бөхийн хамт олон, багш, дасгалжуулагчид, ар гэр бүл, “Женко” клубийн бэлтгэл хангагч дүү нартаа маш их баярлаж явдаг шүү.


 

 


Б.МӨНГӨНЧИМЭГ: ДЭЛХИЙН МЕДАЛЬ ХҮН БҮХЭНД ОЛДДОГГҮЙ БОЛОХООР "ЯЛАХ ЁСТОЙ" ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЗОРИГЖУУЛААД ДЭВЖЭЭН ДЭЭР ГАРСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-03 11:05:04
    Баатараа: Монголын нэг супер жудочин охин байлаа даан ч барилдахгүй байгаад байсан юм. Бэртэл гэмтэл гэж тамирчин хүний том дайсан юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-03 09:03:35
    Багш: Сэтгэл зүй бол 200 хувьтай тамирчин даа миний охин чинь
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188