• Өнөөдөр 2025-02-05

ОЛИМПЫН ХОС АЛТ ДАГУУЛСАН БУЛГАН СҮҮЛТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР

2023-08-13,   2666

                   Буудлагын спортоор хичээллээд зургаан сарын дотор өндөр амжилт гарган спортын мастер болсон тамирчин гэвэл О.Гүндэгмаагаас өөр байхгүй биз ээ. Олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаатай би 1995 оны гуравдугаар сард Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч байхдаа анх танилцаж байж билээ. Буудлагын залуу тамирчид урт бууны дасгалжуулагч, Ази тивийн аварга ОУХМ С.Адилбиш, гар бууны тамирчин, дасгалжуулагч ОУХМ, Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат нарын удирдлага дор бэлтгэл хийж байлаа. Тэр үед О.Гүндэгмаа 17-18  настай байсан болов уу. Энгийн даруухан, дуу цөөтэй, өндөр бор охин байсан. Түүнийг тэр үед ирээдүйд олимп, дэлхийн медальтан, дэлхийд танигдсан мэргэн бууч болох юм чинээ санаагүй явлаа.  
 
 
         О.Гүндэгмаа 1978 оны тавдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн юм билээ. Түүний аав уулын болон шүхрийн спортын ОУХМ агсан Д.Отряд гуай билээ. Харин ээж нь шүхрийн спортын мастер Ч.Хишигсүрэн гэдгийг монголчууд андахгүй. Д.Отряд гуай гурван хүүхдээ багаас нь спортоор хичээллүүлж байжээ. Хүүхдүүд нь ажил, амьдралаа хөөгөөд, зав чөлөө, сонирхол нь өөрчлөгдөөд спортоос хөндийрчээ. Харин ганцхан спортод үнэнч үлдсэн нь О.Гүндэгмаа байлаа. Гүндэгээд ааваасаа сурсан зориг хатуужил бий. Түүнийг 10 настай байхад Д.Отряд гуай нисдэг тэрэгнээс 60 метр урттай троссоор оосорлон дүүжлээд улсын баяр наадамд үзүүлэх тоглолт хийж байсан гэдэг. Энэ бүхэн Гүндэгээг буудах үедээ зоригтой шийдэмгий,сэтгэл санаа, анхаарлаа төвлөрүүлж чаддаг болоход нь нөлөөлсөн байж болох юм. Мөн Гүндэгээ 11 настай байхдаа аав, ээжийн хамт ханан хадны авиралтын тэмцээнд нэг баг болон оролцож байжээ. Тухайн үед тэднийг харсан хүмүүс “Энэ хүүхдийн эцэг, эх нь ямар тэнэг улсууд вэ, ийм жаахан охин хүүхдийг эрсдэлтэй спортоор хичээллүүлдэг” гэж уулга алдаж байсан гэдэг. Тэр ярианаас Д.Отряд гуай сургамж авсан уу,  эсвэл эрсдэл багатай, арай илүү амжилт гаргах боломжийг нь мэдэрсэн ч байж магадгүй байх, Гүндэгмааг буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллүүлэх болсон байна. Тэгээд ч О.Гүндэгмаагийн өөрийн сонирхол нь буудлагын спорт байжээ. Түүний үндсэн төрөл нь хийн гар бууны 10 метр, спорт гар бууны 25 метрийн дасгалууд юм. 

         Монголын шилдэг мэргэн буудагч, олимпын хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Германы иргэншилтэй болсон. Хүмүүс “Монгол Улс дэлхийд танигдсан ганц мэргэн буудагч бүсгүйгээ германд алдлаа” хэмээн харамсаж байлаа. Тэр үед түүний орон зайг нөхөн гарч ирсэн залуу тамирчин бол яах аргагүй О.Гүндэгмаа байв. Тэрбээр 1998 онд дэлхийн аваргын багийн тэмцээнээс хүрэл, 2002 онд Азийн наадмаас хүрэл, 2006 онд мөн хүрэл, 2006 оны дэлхийн аваргаас хувийн төрөлд хүрэл медаль хүртэж улмаар Ази тивийн аварга, дэлхийн цомын цуврал тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.

           Мэдээж түүний энэ амжилт буудлагын анхны А үсэг заасан Өлзийбаяр, Б.Алтанцэцэг багш нартай салшгүй холбоотой. Монголын буудлагын спортод бүхий л амьдралаа зориулан тив, дэлхий, олимпод нэр алдраа дуурсгасан олон сайн тамирчдыг бэлтгэн гаргахад Б.Алтанцэцэг багш том үүрэг гүйцэтгэсэн. Б.Алтанцэцэг багш мөн олимпын хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр, Азийн наадмын аварга, ОУХМ Ц.Мөнхзул нарын анхны багш. 
 
       Түүний шавь О.Гүндэгмаа анх 18 настайдаа 1996 онд Атлантын олимпод оролцон дэлхийн шилдэг мэргэн буудагчидтай цэц мэргэнээ сорьж шагналт тавдугаар байрт шалгарч байв. Түүний дараа 2000 онд Сиднейн олимпод, 2004 онд Афины олимпод зургадугаар байрт орж байлаа. Харин 2008 онд Бээжингийн олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж ард түмнээ баярлуулж араасаа гурван алт, хоёр мөнгөн медальтан дагуулсан булган сүүлтэй гавьяат билээ.  Ийнхүү тэрбээр “Бээжин-2008” олимпын наадмаас Монголын тамирчдын анхны медалийг хүртэж, 1980 оны Москвагийн олимпын наадмаас хойш тасраад байсан мөнгөн медалийн буухиаг 28 жилийн дараа үргэлжлүүлэн эх орондоо эргүүлэн авчирсан гавьяатай юм. 
 
        Бээжингийн олимпод түүний буу гацаагүй байсан бол олимпын аваргын алтан медалийг хүртэх ч байсан байж магадгүй. Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат сүүлчийн буудлагыг хийхийн өмнө “О.Гүндэгмааг алтан медаль авахуулна, авахдаа бүр рекорд амжилтыг эвдэж авахуулна” гэж өгүүлж байжээ. Энэ бол хэр баргийн дасгалжуулагч хүний амладаг амлалт биш. О.Гүндэгмаагийн чадвар, бэлтгэлжилт, нөөц боломжид дэндүү итгэлтэй байсныг илтгэнэ. Харин Б. Алтанцэцэг багш нь О.Гүндэгмаагийн олимпын мөнгөн медалийг голж, чамлаагүй ч алтан медаль авч чадаагүйд нь харамссандаа уйлсан гэдэг. Булган сүүлтэй гавьяат харин  буу гацсанаас болж алтан медалиа алдлаа гэж шалтаг тоочоогүй. “Хятадын тамирчин сайн буудлаа. Финалд үнэхээр сайн буудсан учраас өндөр амжилт үзүүлэн олимпын аварга боллоо” гэж билээ. Гэхдээ Гүндэгээ дэлхийн дээд амжилтыг тогтоож чадаагүй ч олимпын рекорд амжилтыг давтсан нь үнэхээр гайхалтай юм. 
 
           О.Гүндэгмаа энэ бүх амжилтынхаа суурийг өөрт тусалсан, дэмжсэн хүн бүрийн гавьяа гэж бахархан ярих дуртай юм билээ. Тухайлбал тэрбээр “Хүн болгон өөрийн сонгосон ажил, мэргэжил, зорьсон зорилготой байдаг. Миний хувд спорт гэдэг энэ агуу ертөнцөд хөл тавьж, спортоор хичээллэж амжилт гаргасны хувьд тэр хэрээр олны танил болсон. Намайг дэмждэг, надад итгэл хүлээлгэдэг хүмүүс тэмцээн уралдаанд амжилттай оролцоосой, медаль аваасай гэж хүсэж явдагт нь үргэлж баярладаг.  Мөн миний хань Х.Цагаанбаатар намайг үргэлж хурцалж, урам өгч байдаг” хэмээн ярьсан байдаг. 

ОЛИМПЫН ХОС АЛТ ДАГУУЛСАН БУЛГАН СҮҮЛТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 11:09:55
    irgen: Mundag tamirchin shuu.Battulga EK bhd sportoor olimp.delhiid gylalzaj baijee.Odoo bol deedsuud idehiin dontoi boljee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188