• Өнөөдөр 2025-02-05

О.БУРМАА: БИ ИХ ХОЖУУ, 20 НАСТАЙДАА ЧӨЛӨӨТ БӨХӨӨР ХИЧЭЭЛЛЭСЭН

2023-08-13,   1999

            Монголын чөлөөт бөхийн эмэгтэй хүнд жингийн нэр хүндийг олон жил тахалж яваа нэгэн бол Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа билээ. Тэрбээр ДАШТ-ий мөнгө, хүрэл, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Азийн наадмын хошой хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. Түүнд олимпын наадмаас бусад бүх тэмцээний медаль бий. Саяхан ОХУ-д болсон “Бага дэлхийн аварга” хэмээн яригддаг Иван Ярыгиний гран при тэмцээнээс 41 насандаа алтан медаль хүртсэн юм. Энэхүү гайхамшигт амжилтын эзэн Гавьяат тамирчин О.Бурмаатай ярилцлаа.

-Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний аварга болсонд баяр хүргэе. Та Красноярскийн тэмцээнд анх удаа түрүүлж байна уу?

           -Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе, баярлалаа. Би ОХУ-д жил бүр болдог Иван Ярыгиний гран при тэмцээнд анх 2014 онд оролцож, 76 кг-ын жинд аварга болж байсан. Түүний дараа  2023 онд дахин түрүүлж, хошой аварга боллоо. Иван Ярыгиний гран при тэмцээнээс нийт хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан.

    -Жингийнхээ залгамж халаа, нутгийн дүү ОУХМ Э.Даваанасанг 6:4-өөр ялж түрүүлжээ. Оросын бөхчүүд олимп, дэлхийн дэвжээнд ноёрхдог. Гэтэл та Оросын Лилиана Рожина, Лейла Муталимова нарыг нутгийн дэвжээн дээр нь дараалан цэвэр ялж, хагас шигшээд шалгарчээ. Иван Ярыгиний “Бага дэлхийн аварга” гэгддэг тэмцээнд түрүүлнэ гэдэг бахархалтай зүйл. Энэ удаа таны бэлтгэл, сургуулилалт  сайн таарчээ?

       -Бэлтгэлээ хувиараа хийсэн. Нутгийн дүүтэйгээ финалдаж, аварга болсондоо баяртай байна.

 -Шинэ оны өмнө Дэлхийн цомд барилдсан. Дэлхийн цомоос хэд дэх медалиа хүртэв ээ?

       -Өмнө нь Дэлхийн цомоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан. Шинэ оны өмнө буюу 2022 оны арванхоёрдугаар сард АНУ-д болсон Дэлхийн цомын тэмцээнд барилдаж, хошой хүрэл медальтай боллоо. Дэлхийн цомын гурван медальтай болсондоо баяртай байгаа.

 -Та гурван жил завсарлаад дэвжээндээ дөнгөж ирснийхээ дараа буюу 2019 оны УАШТ-д Азийн наадмын аварга ОУХМ Г.Наранчимэгийг, 2020 оны УАШТ-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин улсын 11 удаагийн аварга Б.Одончимэгийг ялж, УАШТ-ий ес дэх түрүүгээ авч байсан байх аа?

       -Тийм ээ, 2017 онд хүүгээ төрүүлээд буцаад бэлтгэл сургуулилалтдаа орж  2019 оны УАШТ-д Одноо, Нараа хоёр найзтайгаа барилдаж, Монгол Улсын ес дэх удаагийн аварга болсон.

 -Та “Манай жингийн дүү нар гарч ирэхгүй байна. Дүү нар олимп, дэлхийд сайн барилдах хэмжээнд гараад ирвэл Одноо, Нараа, бид гуравт барилдах шаардлага байхгүй” гэж хэлсэн байдаг. Дүү нар чинь яагаад та гурвыг ялах хэмжээнд сайжрахгүй байна вэ?

     -Эмэгтэй чөлөөт бөхийн хүнд жингийн тамирчид бэлтгэл сургуулилалтаа улам бүр чамбайруулж байгаа. Тун удахгүй тив, дэлхийн аварга тамирчид болно гэдэгт итгэлтэй байдаг. Боломжийн сайн барилдаж байгаа охин бий.  Би өөрийнхөө зүгээс хуримтлуулсан туршлага, мэдлэгээ дүү нартаа зааж, зөвлөнө гэж бодож явдаг.

 -Та 2009 онд Хернингийн дэлхийн аваргаас мөнгө, 2013 онд Будапештын дэлхийн аваргаас хүрэл, 2014 онд Ташкентын дэлхий аваргаас хүрэл медаль хүртжээ. Дэлхийн аваргын гурван медаль, Азийн аваргын гурван мөнгө, гурван хүрэл, Азийн наадмын хүрэл медаль гэдэг үнэхээр гайхамшигтай амжилт шүү. Дэлхийн аваргаас медаль хүртэж байсан үеэ эргэн нэг дурсахгүй юу?

       -Би 2016 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байлаа. 2005 онд оюутны дэлхийн аварга болсон. Тив дэлхийгээс медаль аваад Монгол Улсынхаа төрийн дууллаа эгшиглүүлэх мөч сайхан байдаг. 2009 онд Хернингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Монголын эмэгтэйчүүдийн анхны мөнгөн медалийг авчирч байсан. Тэр мөчөө дурсахад сайхан байна.

-Танаар үнэхээр бахархаж байна. Дэлхийн цомын тэмцээнээс 40 настайдаа хүрэл медаль хүртэж, 41 насандаа Иван Ярыгины “Алтан гран при”-ийн аварга болно гэдэг үнэхээр мундаг амжилт. Тантай ижил 41 нас хүртлээ барилдсан бөх дэлхийд байдаг юм болов уу?

     -Монгол эмэгтэй хүний 40 нас гэдэг бол хөгшин нас биш ээ. 40 насанд дөнгөж амьдрал эхэлдэг гэж ярьдаг биз дээ. Ер нь 40 нас гэдэг амьдралын байр сууриа олж, туршлага хуримтлуулж, ухаажсан, ид хийж бүтээх оргилуун үеийн идэр нас гэж бодож явдаг. Тив дэлхийд 40 нас гартлаа барилдсан бөх байдаг эсэхийг би сайн мэдэхгүй байна. 

-2023 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдана биз дээ?

         -Одоохондоо төлөвлөөгүй байна.

-Таны амжилтын талаар нэлээд ярилцлаа. Хайртай тамирчных нь хувь хүн талаас асуух нь уншигчдад амттай, сонирхолтой байх болов уу. Та багын мөрөөдлөөсөө хуваалцаач?

          -Аав, ээж хоёр маань Архангай аймгийн уугуул. Гачууртын сангийн аж ахуй гэж байхад манайх тэнд нүүж очсон юм билээ. Одоогийн Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Бага шар хоолой гэх газарт би төрж, тэр хавьдаа өссөн. Би багадаа эмч эсвэл цагдаа болно гэж мөрөөддөг байсан. Одоо би Баянзүрх дүүргийн  Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажилладаг. Тэгэхээр миний цагдаа болох мөрөөдөл биелэсэн гэж болно. Цагдаа мэргэжлээрээ бахархдаг. Би их хожуу, 20 настайдаа чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн юм шүү дээ. Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар болон Т.Дамбарагчаа багш нарын шавь болж, гараагаа эхлүүлж байлаа. Энэ ташрамд, намайг дэмжиж, бэлтгэл сургуулилалт хийх боломжоор үргэлж хангадаг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, хоёрдугаар хэлтсийн хамт олондоо баярлаж явдгаа хэлмээр байна. 

-Танайх бөхийн удамтай юу?

          -Ээжийнхээ талаас бөхийн удамтай.

 -Гэр бүлийн хүн тань бас бөх гэв үү?

         -Тийм ээ, миний хань Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн хурц арслан цолтой хүн байгаа.


О.БУРМАА: БИ ИХ ХОЖУУ, 20 НАСТАЙДАА ЧӨЛӨӨТ БӨХӨӨР ХИЧЭЭЛЛЭСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188