• Өнөөдөр 2025-05-05

Мартахын аргагүй дурсамж үлдээсэн 1983 оны наадам

2023-07-15,   1214

Миний хүүхэд насанд үзсэн наадмууд хамгийн сайхан санагддаг. Тэр дундаас 1983 оны Дархан хотын баяр наадам хэзээ ч мартахын аргагүй, дурсамж, дурдатгалыг амьдралд маань үлдээсэн.

Манайх наадмын талбайн хажууд Деревенгийн Цэнгэлдэхийн гудамжны нүүрэн талын айл байлаа. Жил бүрийн  хавар манайх дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар эхээр Ноёнхонгорын  Их булан руу малаа аваад зусландаа гарна. Харин би авга ах, төрсөн ах нарын хамт үлддэг ч ах нар цахилгаан шугам сүлжээний ажил, геологи хайгуулын ажилдаа хавар яваад намар ирнэ. Тийм болохоор  Хүдэр  нэртэй банхар нохойтойгоо хашаагаа манаж үлддэг байв. Аав, ээж хоёр зургадугаар сарын 10- н гээд л хурдан морио уяж, зэлээ татаж унагаа барьж, гүүгээ сааж эхэлнэ. Би өглөө Ноёнхонгор руу 22 км замыг  дугуйгаар туулан  гэртээ очиж, гүү сааж, унага татаж, өдрийг өнгөрөөгөөд орой  Деревенгийнхээ хашаа, байшин руугаа  буцаж ирдэг байлаа.

Манай Цэнгэлдэхийн хашаа наадмын талбайгаас 200-300 метрийн зайтай. Наадмын талбайн урд талд хуушуур, зайрмаг, ундааны модон арав гаруй мухлагууд байна. Хойд талд нь тоосгон худалдааны барилгатай. Түүний ойр орчимд үйлдвэр албан байгууллагууд гэр барина. Наадмын талбай дотор бөхийн барилдаанаас гадна дугуйн уралдаан, галын техник спортын үзүүлэх тоглолт, хөл бөмбөг, хөнгөн атлетикийн уралдаан тэмцээнд явагдана. Наадамчдад зориулсан үзвэр үйлчилгээ олон болохоор талбайд суух сандал олддоггүй байлаа. Талбайд багтаж ороогүй хүмүүст зориулан үйлдвэр, албан байгууллагын хамтлаг, дуучид, уран сайханчид авто машины тэвшин дээр урлагийн тоглолт хийнэ.  Мөн сургуулийн хүүхдийн урлагийн тоглолт болно. Үнэхээр тэр үед наадаж цэнгэх гэдгийн  утга, учрыг  бүх нийтээр мэдэрдэг байжээ.  Наадмын баярын жагсаалд байгууллагуудын ажилчид заавал жагсдаг байв.  Харин хуушуур, ундаа, зайрмаг дээр урт дараалал үүсгэн дугаарладаг байлаа. Наадамчид өнгө, өнгийн шүхэр барьж талбайн сандалд битүү суух нь өнгийн цэцэг дэлгэрсэн юм шиг харагдана. Тэр нь наадмын өнгийг тодотгож өгнө. Улаан, цэнхэр, хөх, өнгийн туг, далбаа, шар, ногоон өнгийн дарцагаар талбайг  тойруулан чимэглэнэ.

Баяр наадам, уралдаан тэмцээн явагдахгүй үед талбайн үүд хаалгыг түгжиж хүн оруулахгүй. Би гудамжныхаа хүүхдүүдтэй наадмын талбай руу авирч ороод хөл бөмбөг тоглоно. Талбайн манаач Дорж гэдэг хүн байх.  Тэр хүн байнга биднийг хөөж, тууна. Зарим нэг хүүхдийг барьж аваад эцэг, эхийг нь  дуудаж, улсын өмч хөрөнгө руу дураараа нэвтэрч орсон гээд бөөн асуудал дэгдээдэгсэн. Дорж гуайгаас зугтаж наадмын талбайн өндөр хананаас мөн ч олон удаа үсэрч байсан.

Цэнгэлдэхийн гудамжны хүүхдүүд дэггүй, сахилгагүй гэдгээрээ алдартай байв. Деревенгийн “Морьт арми” гэгчийн атаман ах нар манай гудамжинд олон. Гэхдээ бидний үеийнхэн ах нар шиг морь, мал хулгай хийж, зодоон цохион хийгээд хэл ам татлан, хэрэг төвөгт ороод байдаггүй. Хавар, зуныг Хараа голын эрэг дээр усанд сэлж, загас барьж өдрийг  өнгөрөөнө. Намар дугуйгаар Булагтай руу жимсэнд явна. Местны орос хүүхдүүдтэй хөл бөмбөг өшиглөнө.   Өвөл Хараа гол, Хар-Усан дээр хоккей тоглоно, цана, тэшүүрээр гулгана. Зуны оройн сэрүүнд гудамж хэсээд хаана гитар тоглож байж тэнд очоод дуулж, хөгжимдөөд сууна. Шөнө нь ямар ч зорилгогүй шахам вокзал орно. Түүнээс өөр очих, олон хөлийн газар байхгүй байсан болохоор тэр байх.  Үүр, шөнийн суудал өнгөрөөгөөд үүрээр гэртээ ирнэ. Цагийг зугаатай, адал явдалтай  өнгөрөөж байгаа нэг хэлбэр байж дээ. Деревенгийн атаманууд гээд биднийг хэн ч тоож дээрэлхэхгүй.

Харин би хөдөө гэртээ өглөө очоод, орой ирнэ. Манайх алба амины нийлсэн 30 гаруй гүү саана. Үйлдвэрийн айрагны тогтоосон нормыг тасалдуулбал торгууль ногдуулдаг хатуу журамтай.  Торгуулийн мөнгийг цалингаас нь шууд суутгаад авчихдаг болохоор өглөөний сүүний машинд тогтмол 40 л айраг өгөх үүрэг хүлээнэ. Нормоо тасалдуулахгүйн тулд гүүгээ саах ёстой. Албан газрын гүүнийн саам, сааль тааруухан. Тийм болохоор аав, ээж хоёр өөрийн сүүтэй  гүүгээр алдагдлыг нөхнө.

Хоёр хүн, хоёр захаас нь зэрэг сааж эхлэхгүй бол дараагийн гүү саах хугацаа ойртчихно. Хоёр цаг тутамд наранд шарагдан, ялаа, шумуулд хазуулан өдөржин  унага татаж, гүү саах тийм амар хялбар ажил биш. Халширч, шантармаар санагддаг байж билээ. Гурван зэл дүүрэн унага уяна. Нэг сар зэлэнд халуун наранд уягдсан унаганууд дороо л цагааширч номхорно. Тэр үед нь  унагануудаа тугал шиг саравчтай хашаанд сүүдэр газар хийдэг байлаа.  Хүмүүс танай адуу үнэхээр номхон удам, угшилтай юм аа, “Унаганууд чинь тугал шиг хөтлүүлээд явах юм” гэж их гайхдаг байж билээ. Харин аав “Адуу гэдэг харьцаж байгаа хүнийхээ ааш, араншингаар байдаг ухаантай амьтан. Ширүүн дориун гараар хандаж, хашхирч гуйгчаад байвал үргэж, хулжаад ааштай болдог” гэдэгсэн.

Аав наадам хүртэл хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулах гол ажилдаа анхаарал хандуулна. Тийм болохоор гүү саах, унага татах, айраг бүлэх ажил надад оногдоно. Манайх 1976 онд  Дарханы Гурил тэжээлийн үйлдвэрийн туслах аж ахуйг анх байгуулагдахад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас сементал үүлдэрийн 60 гаруй үхэр авчирч малчин болж байлаа. Харин  Алтанбулагийнхан хамгийн сүү муутай, ааштай үнээгээ өгсөн байж билээ. Тэр үед Дарханд бороо хур их орно. Өвс өндөр, дөрөө шүргэм ургана. Зарим газар голын тохойд морьтой хүн үзэгдэхгүй шахам өндөр өвстэй.  Их булан, Ноёнхонгорт  мал битгий хэл, айл ховор байсан үе. Ялаа шумуул ихтэй.  Ямар сайндаа манай хоёр ихэр дүү тууварчинд “Энэ манай гэр биш. Шумуулын гэр. Манай гэр Дархан байгаа” гэж хэлж байхав дээ. Шинэ Дарханы “Дархан” зочид буудал, одоогийн Олон улсын худалдааны төв, 16 давхрын зүүн хойд талд Дундговь аймгийнхан ирж хадлан хаддаг байсан санагдана. Тариа, ногоо ч их сайн ургадаг байж, Төмс, байцаа, лууван, манжинг шуудай, шуудайгаар нь үйлдвэрүүд ажилчдадаа хүчээр шахна. Будаа хадгалах элеваторын силос дүүрсэн гээд Дархан  хоёроос Хүнсний үйлдвэр хүртэлх замын нэг урсгалыг хааж битүү будаа асгасан байж билээ. Өвс сайн ургахын хэмжээгээр шумуул их гарна.

Өглөө, орой үхэр саах гэж бөөн асуудал дэгдэнэ. Утаа, май тавьж саахгүй бол ааштай үнээнүүд саалгахгүй. Ээж маань ааштай үнээнд тийрүүлж, хөлөө гэмтээгээд үхэр сааж чадахгүй болов. Ингээд, ах, эгч бид аргагүйн эрхэнд үхэр сааж сурсан билээ. Тийм болохоор надад гүү саах, үхэр саахаас амар, хялбар санагддаг байлаа.

Гэхдээ тухайн үед хүмүүс намайг маш  их шүүмжилдэг байж билээ. “Адуучин хүний хүүхэд байж  хурдан морь сонирхдоггүй, морь унахгүй, төмөр дугуй унаад, охин хүүхэд шиг гүү саагаад” гэж хатуу үг чулуудна. Би тэр бүхний өөдөөс өрвөлзөж, тайлбар тавиад байдаггүй байв. Намайг бага байхад хурдан морь унуулж, сургах гэж моринд чиргүүлж, гарыг минь бэртээсэн юм. Тэр цагаас хойш, зүрх зориг мохсон юм уу, яасан юм бүү мэд. Морь унах хүсэл сонирхол төрдөггүй болчихсон. Морин дээр удаан явахаар гарын бэртэл өвдөнө. Гар өвдөөд байна гэхээр хэн ч тоохгүй. “Зүгээр, зүгээр, эр хүн тэр зэргийн өвдөлтийг давж туулдаг юм” гэнэ. 

Наадам дөхөхөөр морь унах гэсэн Дарханы таних, танихгүй айлын хүүхдүүд манайхаар дүүрнэ. Майхан, амбаар дүүрэн хүүхдүүд хонож өнжөөд салахгүй. Тэр олон хүүхдийг аав, ээж хоёр хөөж туухгүй, өөрийн хүүхэд шиг хооллож ундална. Тийм ч болохоор манайхаас хүүхдүүд салдаггүй байлаа. Харин наадам өнгөрөнгүүт тэр олон хүүхэд алга болно. Зургадугаар сарын сүүлээс наадмын бэлтгэл ажил эхэлнэ. Наадмын гоёлын дээлээ оёулж, эмээлээ төхөөрч, хазаар, ногтоо зангидаж бэлтгэнэ. Манайх зургаан насны хүний өөрийн нийлсэн  20 гаруй морь уяна.  Наадмын өмнө долдугаар сарын 2-нд Ширээ нуруу, Халгайт дов дээр их сунгаа болно. Их сунгаанд сайн уралдсан морьд наадамд дээгүүр давхидаг байлаа.

Дархан хотын наадамд Сэлэнгэ аймгийн Номгон, Баруун, Зүүнбүрэн,  Хушаат, Зэлтэр, Цагаан нуур, Баруунхараа, Баянхараат, Алтанбулаг, Ерөө, Бугантын  хурдан хүлгүүд ирж уралдана. Сэлэнгийн сумдын морьд бие томтой, эрлийз адуунууд байна. Тухайн үед одоогийнх шиг эрлийз, монгол адуу гэж ялгаж, салгалгүй хольж уралдуулна. Хүчит тэжээл, амин дэм, витамин, хүч тамир оруулагч  эм, тариа гэдгийг мэдэхгүй. Тийм зүйл ч байгаагүй. Будаа, овьёос, хорголжин тэжээлээс хэтрэхгүй. Жинхэнэ уяачийн авьяас чадвар, хөдөлмөр, зүтгэл, ур ухаан, хурдан хүлгийн шандсыг сорьсон шударга уралдаан болно. Их насны морьд Орхон гол хүрч байж эргэнэ. Хурдан морины зам өгсүүр элс  ихтэй, морьдын хүч тамирыг ёстой нэг шалгадаг байв.

Би 1983 онд тавдугаар ангийн сурагч байлаа.  Дархан хотын баяр наадмын үндэсний бөхийн өсвөр үеийн 32 хүүхдийн барилдаанд барилдлаа. Аав маань дээл, хүрэмний эсгүүр гаргадаг, зодог, шуудаг захиалгаар оёж, ширдэг, нарийн мужаан мэргэжилтэй, адуучин хүн байсан. Аав миний наадамд өмсөх зодог, шуудгийг эсгэж, оёж, ширж өгсөн юм. Тэр зодог, шуудгийг, ээжийнхээ авч өгсөн берзентен түрийтэй орос  бакалан гутлын хамт өмсөөд Дарханы төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэвжээд дэвэн гарч билээ. Тухайн үед сэтгэл хөөрч догдлоод сайхан мэдрэмж төрж байсан нь одоо ч санаанаас гардаггүй.  Тэр жилийн наадмын өмнө зургадугаар 1-ний хүүхдийн баяраар би 12-13 насны хүүхдийн барилдаанд түрүүлсэн болохоор наадмын барилдаанд түрүүлнэ гэж сэтгэл зүйн хувьд их өөдрөг, хүсэл тэмүүлэлтэй байв. Гэхдээ наадмын хүүхдийн барилдаанд 12-16 насны өсвөрийн бөх барилдах заавартай байлаа. 

Би нэг, хоёрын  даваанд 5-6 дугаар ангийн,  үе тэнгийн хүүхдүүдтэй таарч барилдаад давлаа. Гурвын даваанд өөрөөсөө өндөр  биетэй  ахлах ангийн сурагчтай таарав.  Манай сургуулийн “Маажиг”  хэмээх Мийгаа ах надад “Наадах чинь жүдо бөхийн секцний хүүхэд, хөлөө хамгаалж чадахгүй. Чи шууд давхар хамаад дайраарай” гэж захиад гаргасан юм. Мийгаа ахын хэлж захиснаар давхар хамаад дайрчихлаа. Босоо өрдөг, өндөр биетэй хүүхдийн хөлийг давхар хамах нь надад хялбар байв. Тэгсэн нөгөө хүүхэд гараараа газар тулах гэж чийгтэй зүлгэн дээр гар нь гулгаж, тохой нь мултарч хугарчихдаг байгаа. Миний айсан гэж яана. Зүрх хүчтэй цохилж, цээжээ дэлдээд дэлбэрэх шахав. Тэгсэн засуул, багш нар гүйлдэж ирээд ямар мэх хийсэн бэ. Яагаад гар нь хугарав гээд бөөн үймээн дэгдлээ.

Миний нөгөө наадамд түрүүлнэ гэж хөөрч, сагсуураад байсан сэтгэлийн хөөрөл, оргүй хийсэн алга болж, ёстой нэг номхон хонь шиг болж билээ.  Харин засуулууд “Айх хэрэггүй, чиний буруу байхгүй ээ. Тугаа тойр, чи давсан” гэв. Сэтгэл жаахан тайвширсан ч тэр хүүхдийн хугарч, мултарсан гар нүдэнд харагдаад болдоггүй. Тэгсэн шөвгийн дөрөвт үлдээд сургуулийнхаа  Мийгаа ахтай барилдахаар болов. Надад ямар ч барилдах хүсэл, тэмүүлэл байхгүй болчихсон юм. Би ”Мийгаа ахаа намайг зөөлөн хаяарай” гэж хэлээд амжив. Мийгаа ах намайг зөөлөн өргөөд тавьсан. Би ч эсэргүүцэл үзүүлэлгүй унасан. Тэр наадамд Мийгаа ах түрүүлж, нэгдүгээр сургуулийн Гантөмөр гэдэг хүүхэд үзүүрлэсэн. Шөвгийн дөрвийн бай шагнал гэж дугуй булантай 10 төгрөгийн үнэтэй Гүрж ногоон цайгаар шагнуулав. Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Пунцаг, чөлөөт бөхийн  багш  Ц..Жигдэн нар надтай ирж уулзав. ”Чи их уян, үетэй хүүхэд байна. Бөх болох сонирхолтой бол намар манай бөхийн секцэнд заавал ирж орооорой” гэж захиж билээ. Яг үнэндээ тэр үед би чөлөөт бөх, самбо, жүдо бөхийн алийг нь сонгохоо мэдэхгүй байлаа.

Байны шагналаа сугавчилаад гэртээ ирсэн чинь манай гэрийхэн бөөн баяр хөөр болчихсон сууж байна. Амьхандаа би онгирч, магтуулах гэсэн чинь  намайг тоож харах хүн алга. Тэгсэн ашгүй  ээж “Юун цай аваад ирэв” гэлээ. Бөхийн шагнал гэсэн чинь “Тийм үү баяр хүргэе. Ямар гоё бэлгэ дэмбэрэлтэй юм бэ. Манай хул хязаалан наадамд түрүүлсэн” гээд инээд, хөөр болов.

Би олон сайхан  наадмаас  онцлон 1983 оны Дарханы баяр наадмыг ердөө мартдаггүй. Тэр хүүхдийн гар хугалсан айдас, наадмын  шөвгийн дөрөвт үлдэж шагнуулсан баярт мөч. Хул хязаалан маань түрүүлсэн баяр баясгалан хамгийн дурсамжтай сайхан, хэзээ ч мартахын аргагүй байдаг. 1983 оны  наадмаас хойш аав минь Дархан хотын наадмаас гурван түрүү, 10 гаруй айраг хүртэж, Дархан-Уул аймгийн “Алдарт уяач” цол хүртсэн билээ.  Аавыг Дулааны цахилгаан станцын ууган ажилтан, Гурил тэжээлийн үйлдвэрийн адуучин Т.Нацагдорж гэдгээр нь Дарханчууд андахгүй.

Би тэр жилийн намар  бөхийн секцэнд ороод долоо ч хонолгүй гарынхаа хуучин бэртлээ сэдрээж бөх болох хувь заяа дутсан юм. Хүний амьдралын нэг хаалга хаагдавч дараагийн  өөр олон хаалгыг сонгох боломжууд үргэлж нээлттэй байдаг юм билээ. Миний дараагийн сонголт амьдралыг маань орвонгоор эргүүлсэн. Гэхдээ би спортоор хичээллэж, тамирчин болоогүй ч, их спорттой одоо хүртэл холбоотой яваа хувь заяандаа баярладаг. Мартахын аргагүй 1983 оны Дархан хотын наадам, аав бид хоёрын, манай гэр бүлийн сэтгэлд мөнхрөн үлдсэн сайхан наадам байсан.

 

 


Мартахын аргагүй дурсамж үлдээсэн 1983 оны наадам
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188