• Өнөөдөр 2025-02-25

ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙ ГУНААЖАВЫН ЭРХЭМБАЯР АВАРГА

2023-07-10,   2066

           Бөхөд хайртай монгол түмэн шинэ аварга төрөх бүрд магнай тэнийн баярладаг. Дараа жилийн наадам хүртэл баяр, бахдал болон хуучилна. Ард түмэн бидэндээ цэнгэлийн дээдийг эдлүүлдэг аваргуудын нэг нь Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр билээ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1978 оны морин жилийн өвөл Гунаажавын долоон хүүхдийн тав дахь хүү болон мэндэлжээ. Г.Эрхэмбаяр аварга багадаа морь, малтай ноцолдож, хурдны морь унаж өсжээ. Дунд сургуулийн гуравдугаар ангиасаа Увс аймгийн Малчин сумын харьяат, улсын начин М.Мижиддорж багшийн удирдлага дор бэлтгэл хийснээр бөх болох сонирхол, эхлэл нь тавигджээ.

         М.Мижиддорж начин Г.Эрхэмбаярт “Чи бөх болохыг хүсэж байгаа бол гэр орныхоо хар бор хамаг ажлыг л сайн хийж, ээж, аавдаа тус нэмэр болж байгаарай. Тэр ажлууд чамд хамгийн сайн хүчний бэлтгэл, сургуулилалт болно” гэж захидаг байжээ. Наадмын үеэр Г.Эрхэмбаяр аавыгаа эмнэлэгт сахиж байв. Наадмын талбай ойрхон болохоор гүйж очиж барилдчихаад, дараагийн давааны хооронд буцаад эмнэлэг рүүгээ гүйж байсан гэдэг. Аав нь эмнэлгийн телевизээр хүүгийнхээ барилдааныг харна гээд л үлдэж байсан гэнэ билээ. Багшийнхаа захиж хэлсний дагуу Г.Эрхэмбаяр гэр орныхоо хамаг хүнд хүчир ажлыг ажрахгүй хийдэг байсан гэдэг. Мөн хашаандаа лоомны хоёр үзүүрт түлээний том хэрчим углаад, туухай болгон өргөдөг байж. Хоёр шуундаа бяртай, цээжиндээ тэнхээтэй болсон нь тэр гар хийцийн штангаас эхлэлтэй байж магадгүй.

Дунд сургуулийн 9-10 дугаар ангийн сурагч байхдаа 40-ийн бидонтой усыг хоёроор нь хоёр мөрөн дээрээ тавиад зөөдөг байж.

     Ээж нь “Миний хүү бага саваар усаа зөөж бай. Амьтан хүн хүүхдээ зовоолоо гэж муу хэлнэ” гэхэд нь Г.Эрхэмбаяр инээгээд “Ээж ээ, намайг бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа юм аа гээд хэлчихэж бай” гэсэн гэдэг. Түүний аав, ээжийн хоёр тал хоёулаа бөхийн удамтай. Аавын талд нь Завхан аймгийн Баянхайрхан сумын “Ээж Нанзад” хэмээх даншиг наадмын арслан хүн бий. Мөн “Босоо Шагдар” гэх бөх байсан аж. Харин ээжийнх нь төрсөн дүү, аймгийн арслан цолтой хүн байдаг бөгөөд улсын заан Ц.Баярсайхан тэр хоёр үеэл. Харин аав Гунаажав нь залуудаа жүдо, самбо бөхөөр барилдаж явсан сумын заан цолтой. Тийм ч учраас Гунаажав гуай Эрхэмбаярыг “Миний хүү бөх болно” хэмээн багаас нь л ярьдаг байж.

Аавынх нь хүсэл мөрөөдөл талаар болсонгүй. Г.Эрхэмбаяр бөх болсон. Болох болохдоо Монгол Улсын баяр наадмын цэнгэлийн манлай аварга болж чадсан билээ.

"ИХ ШАВЬ"-ИЙН Г.ЭРХЭМБАЯР

         “Г.Эрхэмбаяр 1997 онд “Их шавь” БТДС-ийн чөлөөт бөхийн багш, дасгалжуулагчийн ангийн оюутан болж, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Бямбаринчингийн Баяраагийн шавь болж, бөхийн түүхээ эхлүүлсэн байдаг. Түүний багш Б.Баяраа “Рио-2016” олимпын дэвжээнд чөлөөт бөхийн луйврыг хувцсаа тайлж эсэргүүцсэн дасгалжуулагч юм. Харин Г.Элбэг харцага бол Г.Эрхэмбаярыг үндэсний бөхийн эрдэм, мэдлэгт хөтөлсөн хүн билээ. Тэрбээр 2001 онд Монгол Улсын харцага Г.Элбэг багшийн албан ёсны шавь болсон. Г.Эрхэмбаяр аварга баруун гараараа сугадангуут тонгорох, бусгаж зайлах, эсрэг бөхөө хутгах хавирах, эсвэл шуудагдан татаж өргөөд тавихдаа хааш нь л бол хааш нь мушгиад хаядаг мэхтэй. Энэ мэхийг нь улам бүр бататгасан хүн нь Г.Элбэг харцага билээ. Гэхдээ Г.Эрхэмбаяр аваргын багшийг ганц Г.Элбэг харцагаар төсөөлж болохгүй. Энэ тухайгаа аварга “Монгол Улсын үндэсний бөхийн аварга хэмээх эрхэм цол хүртэхэд “Их шавь” БТДС-ийн багш, самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, ОУХМ О.Нарангэрэл, хүндийн өргөлтийн багш, МУГД Ц.Хосбаяр, Д.Энхтөр, Энхбат, “Ноёд” группийн захирал Г.Буяндорж нарын хичээл зүтгэл их бий” хэмээн ярьсан байдаг.

БӨХ БОЛОХ ГАРААГАА НУТГААСАА ЭХЛҮҮЛЭВ

        2001 онд залуу бөх Г.Эрхэмбаяр төрийн наадамд гурав давж, дөрвийн даваанд улсын заан Д.Бумбаярт өвдөг шороодов. Тэр жилээ Г.Элбэг багштайгаа цуг Хөвсгөл аймгийн 70 жилийн ойд очиж, улсын начин Б.Бадралаар зургаа давж, аймгийн өсөх идэр начин цол хүртжээ. Түүний дараа жил буюу 2002 онд улсын цолонд хүрэх бөхийн тааварт хүүгийнх нь нэр багтсаныг олж уншчихаад Гунаажав гуай их баярлаж, горьдож байсан гэдэг. Бүр “Хүүгээ улсын начин цол авах үед нь өгнө” гээд мөнгөн аяга авч хадгалаад хүлээж байсан тухай нь хожим дурссан байдаг. Уг нь 2002 онд Г.Эрхэмбаярын бэлтгэл, сургуулилалт тэгширсэн сайхан жил байсан. Аатай бяртай ч байв. Гэтэл начны даваанд Ч.Даваадорж харцагад уначихав. Тэр барилдааныхаа тухай сүүлд “Ерөөсөө больё. Би улсын цолонд хүрч чадахгүй юм байна. Аавыгаа баярлуулж чадаагүй, арчаагүй амьтан. Одоо аавынхаа эмчилгээний зардалд тус нэмэр болж, ажил олж хийе” гээд шийдчихсэн байсан. Тэр шөнөө нойргүй шахуу хонож, өөртөө уур хүрээд, гомдоод л байсан. Аавд хоёр сарын нас үлдсэн гэсэн эмнэлгийн дүгнэлт гарчихсан байв. Түүнд нь дотроо их шаналж байсан. Яг тэр хүнд үед Г.Элбэг харцага намайг ятган, сэтгэлийн урам дэм хайрлан, уяачдын наадамд дагуулж явсан. Уяачдын наадамд амжилттай барилдаж үзүүрлэснээр сэтгэл овоо засагдсан. Тэгээд л дахин улсын цол руу зүтгэхээр сэтгэл шулуудсан даа” гэсэн байдаг. Түүний дараахан нэг их удалгүй Зүүнхараа хот байгуулагдсаны 50 жилийн ой болжээ. Г.Эрхэмбаяр өсөж төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн САА-н 50 жилийн ой баярт зодоглов. Энэ удаа төрсөн нутгийнх нь уул, ус, зон олны итгэл, сэтгэл түшин түрүүлж чаджээ. Тус наадамд И.Доржсамбуу гарьд, Д.Бумбаяр заан гээд улсын цолтой 20 гаруй бөх зодоглосон байна. Наадмын үеэр Г.Эрхэмбаяр аавыгаа эмнэлэгт сахиж байв. Наадмын талбай ойрхон болохоор гүйж очиж барилдчихаад, дараагийн давааны хооронд буцаад эмнэлэг рүүгээ гүйж байсан гэдэг. Аав нь эмнэлгийн телевизээр хүүгийнхээ барилдааныг харна гээд л үлдэж байсан гэнэ билээ.

      Мандал сум Зүүнхараагийн наадамд түрүүлсэн хүүгээ хараад Гунаажав гуай магнай тэнийтэл баярлаж, хүүгээрээ бахархаж суусан гэдэг. Харин Г.Эрхэмбаяр аварга аавыгаа амьд сэрүүнд улсын цолонд хүрч чадаагүйдээ хааяа хөнгөн гунигладаг гэсэн. Гэхдээ тэрбээр аавыгаа энх тунх байхад нь сэтгэлийг нь дэвтээж, сумынхаа ойдоо түрүүлж чадсандаа баярлаж явдаг гэсэн шүү. Г.Эрхэмбаяр аварга ийнхүү сумын заан цол хүртэж, үндэсний бөхийн гараагаа амжилттай эхлүүлж чадсан юм. Түүнээс жилийн дараа 2003 онд Дархан-Уул аймгийн 42 жилийн ойгоор найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртээд, тэр жилийн улсын баяр наадмаар дархан аварга Ж.Мөнхбат аваргаар тав давж, Монгол Улсын начин хэмээх эрхэм хүндэт цолыг 25-хан настайдаа авч, улсын цолтны эгнээнд хүч түрэн орж ирсэн юм. Ж.Мөнхбат аварга улсын цолны даваанд Г.Эрхэмбаярыг тунаанаас гарган, нэгийг бодож, холыг харж ам авсан юм билээ. Мөөеө аварга тухайн үед Г.Элбэг харцагад “Энэ хүүхдийн формыг тааруулаад, зөв бэлдвэл улсын том цолонд хүрэх бололцоотой шүү” гэж захисан гэдэг.

МӨРӨӨДЛӨӨ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЖ, АРСЛАН БОЛОВ

      Үндэсний бөх гэдэг монгол эрчүүдийг эр бяртай, төлөв түвшин, эр хүн болгон төлөвшүүлэн хөгжүүлж өгдөг олон мянган жилийн үүх түүх, өв соёлтой дэг сургууль билээ. Үндэсний бөхийн аваргуудын биеэ авч яваа байдал төрхөөр нь үндэсний бөхчүүдийг үнэлж дүгнэх нь бий. Тэгвэл Г.Эрхэмбаяр аварга шударга сайхан барилддаг, элдэв янзын аархуу зан гаргадаггүй, ноён нуруутай, түвшин сайхан аварга гэдэгтэй бөх сонирхогчид дуу нэгтэй санал нийлнэ. Монгол бөхийн дэг жаягийг хаана ч сахидаг, үзэгч олон түмнээ хүндэтгэдэг, олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан аварга гэвэл түүнийг нэрлэх нь дамжиггүй. Тэрбээр дээд, доод үеийн бөхчүүдээ хүндэтгэн эрхэмлэж явдаг нэгэн. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням аваргын үед барилдаж байсан. Түүний дараа зургаан залуу зааны үе буюу А.Сүхбат, Г.Өсөхбаяр аваргууд ид шуугиулж байсан үед ч барилдаж л байсан. Мөн түүнчлэн А.Санжаадамба, С.Мөнхбат аваргатай барилдаж явав. Одоо 1990-ээс 2000 оныхонтой буюу О.Хангай, Б.Орхонбаяр, Э.Оюунболдын үеийнхэнтэй ч сайхан барилдаад л явж байна. Г.Эрхэмбаяр аварга өөрийгөө “Би чинь дээд үеийнхээ аварга, арслан, заануудаас үлгэр дуурайлал авдаг. Дээшээ хоёр үе, доошоо хоёр үеийнхэнтэйгээ барилдчихсан азтай хүн” гэдэг. 2011 оны наадам Г.Эрхэмбаяр аваргын хувьд баярлаж, бахархсан сайхан наадам болсон. Улсын харцага, заан цол мөрөөдөж явсан түүний мөрөөдөл даван биелсэн нь зүүд, зэрэглээ мэт санагдсан гэдэг. Улсын заан Б.Сайнбаяр, улсын гарди М.Баяржавхлан, Н.Ганбаатар нарын нэг үеийнхэнтэйгээ сайхан барилдаж, 33 настайдаа улсын арслан цолтон болсон юм.

Олон жил доогуур даваанд унасан тэрбээр начин болсноосоо найман жилийн дараа цолоо ахиулсан нь тэр байлаа.

СЭЛЭНГЭ АЙМГААС ТӨРСӨН ХОЁР ДАХЬ АВАРГА

     Тулгар төр, Хүннү гүрний 2222 жилийн тэгш ой, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 807 жил, Ардын хувьсгал ялсны 92 жилийн тэмдэглэлт ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр ес даван түрүүлсэн билээ. Г.Эрхэмбаяр аварга бол Сэлэнгэ нутгаас төрөн гарсан хоёр дахь аварга бөх юм. Түүнээс өмнө “Тулгат” цолтой Гэндэнгийн Чойдориг аварга 1818 оны Даншиг долоон хошуу наадам, 1825 оны Арван засгийн наадамд тус тус түрүүлж байжээ. Тэрбээр тухайн үеийн Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хүн юм. Харин Сэлэнгэ аймгаас “Боохой” хэмээх Данзан гуай 1933 онд “Урт гарт” Маамын Лхагватай үзүүр түрүүнд үлдэж, ес даван үзүүрлэснээр улсын арслан цолтой болж байж. Түүнээс хойш Сэлэнгэ аймгаас улсын заан, улсын начин төрж байсан болохоос түрүүлж, үзүүрлэсэн удаагүй. Харин 78 жилийн дараа Г.Эрхэмбаяр үзүүрлэж, хоёр дахь арслан болсон нь энэ юм.

Г.ЭРХЭМБАЯР АВАРГЫН АМЖИЛТУУД

      Бөх хүнд ганцхан биеийн хүч, бяр хангалтгүй. Бяр, хүчээ сорихоос гадна ухаанаа уралдуулж, тэвчээрээ шавхаж, жудгаа сахиж барилддаг учиртай юм. Г.Эрхэмбаяр аварга монгол бөх Гиннесийн номд бүртгүүлэхэд зориулсан хүчит 6016 бөхийн барилдаанд 11 давж, сүүлчийн гурван бөхөд үлдэж байв. Мөн сар шинийн барилдаанд 2013 онд түрүүлсэн. Жюү-жицү бөхийн Ази тивийн аварга, 2013 оны аравдугаар сард АНУ-ын Лонг-Бич хотноо зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сениор ангиллын хөх бүсний +100 кг-д түрүүлж, алтан медаль хүртэж байлаа. Амжилтууд: 2001 онд Хөвсгөл аймгийн наадамд тав давж, аймгийн начин цол. 2003 онд Дархан-Уул аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол. 2003 онд улсын наадамд тав давж, улсын начин цол. 2006 онд улсын наадамд тав давж, өсөх идэр чимэг. 2011 онд улсын наадамд ес давж, үзүүрлэн улсын арслан цол. 2012 онд улсын наадамд долоо давж, саруул сайжрах чимэг. 2013 онд улсын наадамд ес давж, түрүүлэн улсын аварга цол тус тус хүртсэн. 2016 онд Улсын наадамд найм даван дөрөвт үлджээ.


ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙ ГУНААЖАВЫН ЭРХЭМБАЯР АВАРГА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-10 08:37:44
    Зочин: Одоо найрааны манлай л болж дээ. Хөл муутай хөгшин бөх зодогдлоод ч дэмий биз ээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188