• Өнөөдөр 2024-05-05

Б.АМАРБАЯСГАЛАН: БИ УЙТГАРТАЙ УЛААНБААТАРЫГ СОДОН СТИЛИЭРЭЭ ЧИМЭХИЙГ ХҮСДЭГ

2023-07-30,   5425

     Урин хавар ирж, их хотын ганган залуус гудамжаар нааш цааш алхална. Тэдний дундаас хар савхи, улаан гуталтай, жижиг хар шил зүүж, үсээ этгээд зассан залуу содон харагдаж байлаа. Түүнийг “Залуус” буландаа урьж, ярилцлаа. Баасандоржийн Амарбаясгалан нь тод өнгийн этгээд зурагтай “Амар брэнд”-ийн үүсгэн байгуулагч юм байна. 

-Таны хувцаслалт, стиль сонирхолтой харагдаж байна. Өнөөдөр өмссөн хувцаслалт, үс засалтынхаа тухай манай уншигчдад танилцуулж болох уу?

      -Би урьд нь үсээ ургуулж байгаад цэрэгт явахдаа хусуулсан юм. Дунд ангид байхдаа “Taxi driver” гэдэг кино үзэж байсан. Уг киноны гол дүр киноныхоо төгсгөл хэсэгт минийх шиг үснийхээ хоёр талыг хусаж, ийм үсний засалттай болдог. Багаасаа л үсээ ингэж өөрчилж үзэхийг хүсдэг байсан. 18 насандаа хамартаа цоолбор хийлгэсэн. Чихээ гурав цоолсон. Би ер нь ямар нэг загвар, өнгө төрхөнд баригдахыг хүсдэггүй. Өөрийн санаанд буусан, тухайн өдрийн сэтгэл зүйд нийцсэн тийм л хувцаслалтаар хувцасладаг. Амьдрал тэр тусмаа залуу нас  богинохон. Тиймээс хүссэн зүйлээ өмсөж, уйтгартай Улаанбаатарыг өөрийн өнгөөр чимж явахыг  хүсдэг.

-Та ямар төрлийн хөгжим сонсох дуртай вэ?                                         

          -Амьд хөгжим сонсох дуртай. Гэхдээ нас ахиад ирэхээрээ дуу гэхээсээ илүүтэй ая сонсох байх гэж боддог. Хүн аянаас тайвшрал мэдэрдэг байх.

-Хувцаслалт, стилийг тань хүмүүс сөргөөр хүлээж авч байсан тохиолдол бий юү?

          -Долдугаар ангидаа чихээ цоолж байсан. Гэр бүл, хамаатнууд маань эхэндээ бага зэрэг дургүй байсан ч одоо тоодоггүй. Урт үстэй байхад согтуу хүмүүс “Чи ижил хүйстэн юм уу” гэж асуух, эмэгтэй хүн байна гэж андуурах үе  гарч байсан. Тэр үед миний дотоод ертөнцөд надад урт үс минь таалагдаж л байвал бусад хүн юу гэх нь хамаагүй гэж боддог байлаа.

   Бид хотын гудамжаар алхаж, ярилцсаар гандангийн хашаанд очлоо.  Нар ээсэн дулаахан өдөр байсан учир гандангийн сандал дээр суун түүний үүсгэсэн брэндийн талаар үргэлжлүүлэн  ярилцлаа. Тэр “Би шивээс хийлгэхийг хүсдэг. Өлзий хээ ч юм уу, нэг тийм монгол хэв маягтай шивээс хийлгэнэ. Ер нь би монгол хэв загвартай зүйлд дуртай” гээд инээмсэглэн цааш ярив.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ М.БАТ-ЭРДЭНЭ

-“Амар брэнд”-ийг үүсгэн байгуулах болсон түүхээсээ яриач?

      -Би Ирээдүй цогцолбор нэгдүгээр ахлах сургуулийг төгссөн. Нэрийн брэндээ ахлах сургуульд байхдаа бодож, төлөвлөж, төсөөлж, мөрөөдөж байгаад л төгсөнгүүтээ ажил хэрэг болгосон доо. Багаасаа л зураг зурах дуртай, үргэлж л харандаа, цаас барьчихсан сууж байдаг  байлаа. Айлын том болохоор харандаа миний сайн найз байлаа. Аав, ээж хоёр минь намайг илүү мэргэжлийн сайн зурдаг болгохын тулд сургуулийг минь сольж, зургийн ангид оруулж байсан.

   Брэндийг маань найзууд, гэр бүлийнхэн дэмжээд, анхны бүтээгдэхүүнээ  цахим хуудастаа тавихад  БНСУ-аас нэг залуу холбогдож, хоёр футболк захиалж байлаа. Тэр захиалга надад “Би чадах юм байна” гэх итгэл өгсөн гэх үү дээ. Одоогоор 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

     Тэр савхиныхаа халааснаас гар утсаа гаргаж ирээд, энэ миний бүтээлүүд гээд өөрийн зурсан зургуудаа харуулав. Түүний @Amar_brand цахим хуудсыг сонирхоход зураг авалтаа махны зах, байшингийн хонгилд хийсэн нь өвөрмөц байв.

 Энгийн хүний нүдэнд адилхан санагдах ч зураач хүнд бүх өнгө, зураас бүр нь ялгаатай  байдаг. 

-Та зургаараа юу илэрхийлэхийг хүсдэг вэ?

      -Зураг бүхэн минь утга учиртай, утга учрыг нь би тайлбарлаж чадна. Учир нь миний зураг бол миний дотоод ертөнц. Тухайн зургийг зурж байх үеийн бүх л зүйл тэнд шингэдэг. Тэр чигтээ миний дотоод орон зай, бодол, тухайн үеийн сэтгэл хөдлөлийг илтгэдэг. Би улаан өнгөнд дуртай. Эрх чөлөө, эрч хүчийг илтгэх үүднээс бүтээлүүддээ улаан өнгөө ямар нэгэн байдлаар шингээж өгөхийг хүсдэг.

-Таны зураг бусдынхаас юугаараа ялгаатай вэ?

        -Энгийн хүний нүдэнд адилхан санагдах ч зураач хүнд бүх өнгө, зураас бүр нь ялгаатай  байдаг. Мөн зурах арга барилаараа үргэлж ялгарч байдаг.

-Таван жилийн хугацаанд гаргасан бүтээлүүд дундаас хамгийн сонирхолтой зураг нь аль байсан бэ?

             -Миний 60 гартай хатны зураг байсан байх. Тухайн үед хүмүүс нэлээд сонирхож, бас шүүмжилж байсан.

-Яагаад 60 гартай хатан зурсан юм бэ? 

         -Гүнзгий утга санаа агуулж зураагүй. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө л зурсан. Заримдаа хүмүүс “Зураг чинь хэтэрхий этгээд байна” гэдэг. Үүнийг нь би шүүмжлэл бус магтаал гэж хүлээж авдаг. Магад энэ миний сул тал ч байж мэднэ.

-Тэгвэл таны ертөнц дэх Амарбаясгалан ямар зан ааштай хүн бэ?          

         -Хааяа асар их бодолд автдаг. Заримдаа бодлогогүй үйл хийдэг, өөрийнхөөрөө л хүн.

-“Амар брэнд”-ийн зураг авалтын санааг хэн гаргадаг вэ. Нэлээд сонирхолтой харагдаж байна?

       -Анхны зургаа найзаараа даруулж байлаа. Моделиудаараа олонд танигдаагүй, содон сонин стильтэй хүмүүс сонгохыг эрмэлздэг. Бас зураг авалтаа аль болох сонирхолтой газар хийхийг зорьдог.

"Амар" брэндийн зургуудаас хүргэж байна.

-60 гартай хатан


Б.АМАРБАЯСГАЛАН: БИ УЙТГАРТАЙ УЛААНБААТАРЫГ СОДОН СТИЛИЭРЭЭ ЧИМЭХИЙГ ХҮСДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-30 11:23:59
    Гоё: Нүд хужирласан сайхан залуучууд олон болоосой хамгийн гол нь залуу насанд галзуу гоё стил супер шд!!Бараан хотод өнгө нэмсэн залуучууд л чимэг болно.Жуулчид хүртэл залуучууд үнэхээр сак гэж бодтол нь онцгой бай л гэж хэлий даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-13 12:40:02
    SEKSY: 80955877DYYDLGN SEXSY
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-13 12:39:01
    SEXSY: 80955877SEXSDN
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-13 09:29:06
    Адъяабат: Үнэхээр өвөрмөц стилтэй брэнд үүсгэн байгуулагдсан үеэс нь дэмжиж байгаа.Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй хүмүүсэээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188