• Өнөөдөр 2026-09-21

Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ

   Монгол Улс, АНУ-ын хоорондын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, гамшгийн үеийн харилцан ажиллагааг бодит нөхцөлд турших зорилгоор “Увс-2026” гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний сургалт, дадлагыг зохион байгуулж байна.

   Сургалт, дадлагыг Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, АНУ-ын Аляскийн үндэсний гвард, Увс аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран энэ сарын 21-25-ны өдрүүдэд Увс аймагт зохион байгуулж байгаа юм. Сургалт, дадлагыг нээж ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлэхдээ Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэлхий нийтийн бодлого, стратегийн чиг хандлага, сайн туршлага, ололт амжилтаас суралцаж, олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй  хэрэгжүүлж байгааг онцолжээ.

   Тэрбээр “Гамшгаас хамгаалах дадлага сургууль нь орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн улс орон, бүсийн түвшинд гамшгийн үед хариу арга хэмжээ авах, сэргээн босгох бүх шатны чадварыг сайжруулах, бэлэн    байдлыг хангах үйл ажиллагааны үндэс болно” гэв.

   Энэ удаагийн сургалт, дадлага нь бүсийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүнийг чадавхжуулах нэгдсэн зохион байгуулалт, штабын дадлага болон цахим өгөгдөл ашигласан технологид суурилсан байдлаар зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. АНУ-ын Аляскийн үндэсний гвардын хурандаа Жон Бостон “Бидний зорилго бол олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх явдал. Дэлхий дахинд цаг уурын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа энэ үед бидний хамтын ажиллагааны төлөвлөгөөнд ч өөрчлөлт орж байна. Харилцан бие биенээсээ суралцаж, хамтдаа бэлтгэгдэн, ур чадвараа дээшлүүлэх зорилгоо хэрэгжүүлэхээр бид энд цуглаад байна” хэмээн хэлжээ.

   Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга энэхүү хамтарсан дадлага сургууль нь орон нутгийн мэргэжлийн анги, байгууллага болон төрийн байгууллагуудын гамшгийн нөхцөлд хариу арга хэмжээ авах, бэлэн байдлаа хангах мэдлэг, чадавхыг дээшлүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагаа, харилцааг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтойг онцолсон байна. Тус сургалт, дадлагад Монгол, АНУ-ын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүнээс нийт 200 гаруй ажилтан, алба хаагч оролцож байна.

   “Увс-2026” сургалт, дадлага нь бүсийн аймгуудын Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүнийг чадавхжуулах зорилгоор танхимын сургалт болон тактикийн үзүүлэх сургуулийн хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

   Мөн Монгол, АНУ-ын аврагчид хамтран гал түймэр унтраах, хот дотор эрэн хайх, өндрөөс аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх, химийн ослын үеийн ажиллагаа, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн дадлага сургуулийг хийж, харилцан туршлага солилцох аж.

 


Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188