Архи, тамхичин, хорчин, ядарсан, зүдэрсэн, дорой буурай, хүчирхийлсэн, зодсон, нүдсэн гээд улсынхаа хамаг муу муухай бүхнийг харагдуулах кино хийдэг боллоо, уран бүтээлчид.
Хэдий бидэнд сайн, муу зүйл олон байгаа ч уран бүтээлчид гэдэг сайхныг үзүүлж, гэрэл гэгээ рүү хөтлөх учиртай. Кино урлаг бол толь. Аливаа улсын уран бүтээлчдийн хийж байгаа киног үзээд улсынх нь соёл, уламжлал, үүх, түүх, ахуй орчин, хөгжлийг тольдон харах бүрэн боломжтой. Гэтэл манайх сайн сайхан зүйл үгүй улс болчихсон мэт муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг хамаг муу муухайгаа түүж үзүүлээд, “Өнөөдрийн бидний нийгмийн бодит төрх л энэ шүү дээ” гэсэн үгээр хаацайлж, нэг л их бодит байдлыг хачир давсгүй үзүүлсэн улс боллоо. Хуучин цагт муугүй, үргэлж сайн сайхан байдаг байсан гэвэл үгүй шүү дээ.
Тэд харин сайнаа давамгайлан үзүүлж, мууг дунд нь хавчуулан, далдаар үзүүлж, жигшүүлдэг байсан.
Гэтэл өнөөдөр бол архичин дээрээ арчаагүй, бүтэлгүй, бүр хүн биш мэтээр үзүүлж, түүнийгээ өнөөгийн нийгмийн бодит төрх гэж барьж очоод дэлхий даяар нь тунхаглан үзүүлдэг нь ямар учиртай юм бэ. Хэдэн жилийн өмнө байна, UBS телевизийн бүтээл “Содура” кинонд цаатан улсын амьдрал ахуй, жаргал, зовлонг үзүүлж байгаа гээд жирэмсэн эмэгтэйд Хүдэрийн мах идүүлдэг. Тийм муухай цээр хориогоо зөрчсөн, эмэгтэй хүн, эмэгтэй хүндээ хорссон, муухайг харуулж байгаа юм. Энэ мэт ёс зүйгүй, адаг бүхнийг үзүүлж, түүнийгээ тэгээд зөвхөн улсынхаа үзэгчдэд ч биш, гадны кино наадам руу очиж үзүүлдэг байх аа болих хэрэгтэй байна аа. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг.
Муу муухай бүхнээ өөрсдөө засаж залруулж, сайжруулж, ёс зүйгүй, бүдүүлэг байдлаасаа салахыг уриалах ёстой байтал тэр чигт нь дордуулж, тавлаж байгаа аятай үзүүлэх нь уран бүтээлчдийн хувьд зохимжгүй, мөн ёс зүйгүй биш гэж үү. Уран бүтээлчид гадагшаа бүтээлээ гаргаж байгаа нь сайн хэрэг, мэдээж гадаадын кино наадамд сойх нь ч зөв. Гэхдээ заавал улсаа муухай харагдуулсан бүтээл хийгээд очдогт л учир байгаа юм.
Асуудал дэвшүүлж болох ч яагаад үлгэр сайхан төгсдөг шиг, сайхнаар төгсгөж, сайхнаар зүйрлэн харуулж, төсөөлөн хийж болохгүй гэж. Уран бүтээлчдийнхээ хийсэн киног үзээд нэгийг шинээр сэрж боддог, сэдэл авдаг, нээрээ ч бид ийм болвол гэж итгэл оч авдаг баймаар байна. Түүнээс дүр нь зовж, зовж эцэстээ л нэг зүйлд хүрээд, тэр нь өнөө л нэг аав, ээж, ядуу амьдралаас нь болсон мэт болгож харагдуулах нь муухай биш гэж үү. Хамгийн сүүлийн бүтээлийн жишээ гэхэд “Баавгай болох сон” гэх кино. Утаа, архичин, арчаагүй ээж. Түлш нүүрсгүйн улмаас зовж, ханиад томуу тусаж байгаа хүүхдүүд. Азаар гэх юм уу хичээлдээ сайн, хичээлээ л хийж байж сайхан амьдрал руу тэмүүлж байгаа хүү. Мэдээж асуудал дэвшүүлж, шийдлийг нь хамт өгч байгаа нь сайн хэрэг ч яагаад заавал арван жилийн хүүхдийг тэмцүүлээд, ээжийг нь архичин, арчаагүй, бүтэлгүйгээр үзүүлж, тэгээд болоогүй гэр ахуй нь тиймээс үеийнхэнтэйгээ архи ууж, тамхи татаж байгаагаар үзүүлээд түүнийгээ гадны үзэгчдэд үзүүлдэг юм бэ. Түүнээс ч гомдмоор нь ээжийгээ уншиж чаддаггүй, боловсролгүй гэж хүүхэд нь чичилж, элдвээр хэлж байгаа нь. Амьдралд ханиа алдаад, эвээ олохгүй дөрвөн хүүхэдтэйгээ өнчирч үлдсэн ээж. Шаналал, гэнэтийн цочролын улмаас цаашид яаж амьдрах учраа олохгүй байгаа л үе нь. Гэтэл тэр чигт нь арчаагүй, ажил нь бүтэхгүй болгоод дуусгачихаж байгаа юм. Яагаад тэр ээж үр хүүхдийнхээ төлөө нэг зүйл хийгээд, ээжээрээ бахархаад, хайрлаад дуусаж болохгүй гэж. Өнөөдөр гэр хорооллын гудамжаар явахаар архичин, тамхичин аав, ээж олон ч эцсийн дүндээ хүн үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй л байдаг. Үр хүүхдээ бүр хөсөр хаясан нь байдаг ч ихэнх нь үр хүүхдийнхээ төлөө амьдарч байгаа. Гэтэл дэлхийд заавал тиймээр нь л харуулаад ирсэн байх жишээтэй. Ингэж бодит байдал гээд муухайг харах, угаасаа ийм гээд муухай дээр нь дэвслэх ямар хэрэг байгаа юм бэ.
Үнэндээ хүнлэг, хүн чанартайг, сайхныг, гэрэлтэйг, амьдралынхаа төлөө тэмцэж байгаад амжилтад хүрдэг, хөдөлмөрлөж байгаад болгодог эерэг бүхнийг үзүүлмээр байна. Бидэнд сайхан, болж байгаа зүйл байгаа шүү дээ. Сайхнаа, бүтээснээ, хөгжсөнөө, болж байгаагаа үзүүлж чаддаггүй юм бол кино хийж үзүүлж, үнэнийг үзүүлсэн гэж хэлээд баатар аятай зогсмооргүй байна.
УЛСАА МУУХАЙ ХАРАГДУУЛДАГ КИНО ХИЙХЭЭ БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ |
|
2025-02-12 11:08:19
2025-02-12 08:29:15
2025-02-12 08:21:32
2025-02-12 07:46:26
2025-02-12 07:25:11
2025-02-12 07:00:00
2025-02-12 07:00:00
2025-02-12 07:00:00
2025-02-12 07:00:00
2025-02-11 16:29:02
2025-02-11 16:04:16
2025-02-11 15:30:00
2025-02-11 15:18:41
2025-02-11 14:49:32
2025-02-11 14:06:15
2025-02-11 13:47:22
2025-02-11 13:32:51
2025-02-11 11:55:54
2025-02-11 11:40:31
2025-02-11 10:56:24
2025-02-11 10:00:50
2025-02-11 09:49:15
2025-02-11 09:22:23
2025-02-11 09:00:00
2025-02-11 08:47:02
2025-02-11 07:29:35
2025-02-11 07:00:00
2025-02-11 07:00:00
2025-02-11 07:00:00
2025-02-11 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |